Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00013

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарт холбогдох

            “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                               

            Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь Татварын хэлтсийн Улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актаараа манай ХХК-ийг 2012 онд “Партизаны нутаг” ХХК-иас 67.839.000 төгрөгийн бараа, материалыг худалдан авснаар 2012-10-21-ний өдөр 0012308654 дугаартай падааныг хий бичүүлэн авч, барааны үнийг НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн тайлангийн үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тайлагнасан гэж буруутгалаа.

            Манай ХХК-ийн санхүүгийн 2012 оны баримтад 2013 онд шалгалт хийж акт тавьсан атлаа дахиад энэ актыг тавиад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

            Иймд Орхон аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч нарын 2015-06-24-ний өдрийн 200015439 дугаартай актыг хууль зөрчиж гарсан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            “Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын гаргасан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай акт үндэслэлгүй. “Партизаны нутаг” ХХК-иас “Сэцэн” ХХК бараа материал аваагүй хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан гэсэн. Хуурамч биш гэдэг нь тайлангаар нотлогдоно. Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа хугацаанд нь гаргасан. “Партизаны нутаг” ХХК хүртэл тайлангаа гаргасан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг  Татварын Ерөнхий газраас л гаргадаг. Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тайлангаа гаргаж, баримтаа бүрдүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч гэдгийг  шалгах ёстой байтал шалгаагүй. Татварын ерөнхий газраас гаргасан падаанаар худалдах худалдан авах ажиллагаа хийгдсэн. Иймээс үндэслэлгүй акт гаргасан учраас 200015439 дугаартай татварын Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар “Сэцэн” ХХК-ийн 2012-2014 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 тоот актаар нийт 11.743.562.70 төгрөгийн төлбөр ногдуулсан.

            ...2012 онд “Партизаны нутаг” ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 дугаар сарын 21-ний 0012308654 тоот падаанаар 67.839.000.00 төгрөгийн худалдан авалтыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасч тайлагнасан нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл “14.1 Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн ..., 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй ...” гэж заасныг зөрчсөн тул 6.783.900.00 төгрөгийн нөхөн татвар, 2.035.170.00 төгрөгийн торгууль, 2.757.966.00 төгрөгийн алданги, нийт 11.577.036.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            Тус компани нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвараар 68.978.788 төгрөгийн зөрчилд  6.897.878.8 төгрөгийн нөхөн татвар, 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүү ногдуулж 200015439 тоот акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж байгаа бөгөөд тус хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар”-аас ТЕГазарт 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгээр “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа “Партизаны нутаг” ХХК-тай холбогдох аж ахуйн нэгжүүдийг шалган хуульд заасны дагуу захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэх“ тухай албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичгийн хүрээнд ТЕГ-с харъяа хэлтэс, газруудад ажлын чиглэлийг хүргүүлсэний дагуу татварын хяналт шалгалтыг зохих хууль, журмын хүрээнд олгогдсон томилолтын дагуу татварын Улсын байцаагчид гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн татвар төлөгчийн гаргасан гомдлын дагуу маргаан хянан хэлэлцээд аймгийн маргаан таслах зөвлөл, ТЕГ-ын маргаан таслах зөвлөлөөс ТУБ-ын актыг хэвээр үлдээн татвар төлөгчийн гомдлыг тус тус хүчингүй болгосон тогтоолууд гарсан байгааг дурьдах нь зүйтэй байна. Иймд “Сэцэн” ХХК-ийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбарыг сонслоо. Буруу ойлгоод байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч биш. Үнэт цаас. Падаан дотор бичигдсэн тоо буруу. Хий бичигдсэн хуурамч тоо. 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлсэн гэж үзсэн. “Партизаны нутаг” ХХК энэ падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй учраас “Сэцэн” ХХК-д байна уу үгүй юу гэдгийг шалга гэсэн Цагдаагийн газрын албан бичгээр нэхэмжлэгч компанийг шалгаж, акт тогтоосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид Татварын газраас өгдөг. Татварын Улсын байцаагч нар удирдамжийн хүрээнд шалгалтаа явуулсан. Зөрчлийн хэмжээ 175 сая төгрөгөөс доош болохоор захиргааны арга хэмжээг удирдамжийн дагуу өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд хийсэн. Томилолт өөрөө 2012-2014 онуудын баримтуудыг шалгахаар гарсан. Энэ хүрээнд шалгалт хийгдсэн.” гэв.

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:  

 

            Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК нь “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татварын Улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд, Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаартай албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаартай албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу Орхон аймгийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нар “Сэцэн” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн нь Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.” гэсэн заалттай нийцсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “татварын Улсын байцаагч нар удирдамжгүй шалгалт хийсэн”  гэсэн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.    

            Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК нэхэмжлэлдээ “манай ХХК-ийн санхүүгийн 2012 оны баримтанд 2013 онд шалгалт хийж акт тавьсан атлаа дахиад энэ актыг тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч байгаа нь тухайн аж ахуйн нэгжийн буруу биш” гэдэг үндэслэлүүдээр татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актыг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг  нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.” гэж тус  тус заасан байна.

            Харин “Сэцэн” ХХК нь 67.839.000 төгрөгийн бараа, материалыг “Партизаны нутаг” ХХК-иас худалдан авсан гэх боловч “Сэцэн” ХХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, “Партизаны нутаг” ХХК-иас “Сэцэн” ХХК-д олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 0012308654 дугаартай падаан, бараа материал худалдсан зарлагын баримтууд нь /дугааргүй/ хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

             Иймээс татварын Улсын байцаагч нар  “Сэцэн” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын Улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байна  гэж  үзэн  акт тогтоосон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбараар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

            Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 3.1.4.2, Сангийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журамд зааснаар санхүүгийн анхан шатны баримтыг хуулийн дагуу үнэн зөв хөтөлж, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон болон хүлээн авсан татвар төлөгч хариуцахаар зохицуулсан байдаг.

            Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ...хөтөлнө” гэж заасны дагуу татвар төлөгч “Сэцэн” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тус тус заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй байна.

            Иймээс “Партизаны нутаг” ХХК-ийн хий бичилттэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн “Сэцэн” ХХК-ийг татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

            Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулжээ.

            Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ.” гэжээ. Тодруулбал хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан өргөн утгаар тайлбарласан байна. Эндээс татварын хууль тогтоомж зөрчигчидөд хүлээлгэх хариуцлага нь өөрөө захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм.

            Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгох нь зүйтэй.

            Иймээс Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 200015439  дугаартай татварын Улсын байцаагчийн актаар 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийг багасгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч “Сэцэн” ХХК  нөхөн татвар 6.897.878.8 төгрөгийг төлөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013 онд шалгалт хийж акт тавиад, дахиад шалгаж акт тавьсан нь хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэснийг, хариуцагч Г.Гүндэгмаад шүүх хуралдааны зарыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийснийг тус тус  дурьдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд тус тус  заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай акт”-ын 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6.897.878.8 төгрөг болгон багасгасугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА