Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 262

 

“Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0222 дугаар магадлалтай, “Сэцэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актаар ногдуулсан нийт 11,743,562 төгрөгийн төлбөрөөс 166,526 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг баталж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 тоот акт”-ын 2,080,761.5 төгрөгийн торгууль, 2,764,751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6,560,523 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0222 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “66 дугаар зүйлийн 66.1” гэснийг “109 дүгээр зүйлийн 109.2” гэж, 2 дахь заалтын “2,080,761.5 төгрөгийн торгууль, 2,764,751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6,560,523 төгрөг болгон багасгасугай” гэснийг “2,035,170 төгрөгийн торгууль, 2,757,966 төгрөгийн алданги төлөхөөс “Сэцэн” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэдэндорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасангүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад хуульд заасан үндэслэл журмын дагуу бодит дүгнэлт хийлгүй шийдвэрлэснээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “Сэцэн” ХХК 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Партизаны нутаг” ХХК-аас 67,839,600 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал буюу барилгын цахилгаан хэрэгсэл худалдаж авахаар зарлагын падаан бичүүлж аваад 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 624 дугаартай орлогын ордероор 74,622,900 төгрөг тушааж, мөн өдрөө нэмэгдсэн өртгийн албан татварын 0012308654 дугаартай падааныг бичүүлж аваад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн болох нь хоёр талын гэрээгээр нотлогдож байхад 2 шатны шүүх үүнд бодит дүгнэлт хийсэнгүй.

2. Хавтаст хэрэгт “Сэцэн” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд болох 2012 онд Орхон аймгийн Татварын хэлтэст гаргаж өгсөн аж ахуйн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд, “Партизаны нутаг” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нэхэмжлэгч “Сэцэн” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёрын хооронд хийгдсэн бараа нийлүүлэх гэрээ, “Партизаны нутаг” ХХК, “Сэцэн” ХХК хоёрын хооронд бэлэн мөнгө өгөлцөж авалцсан кассын зарлагын баримтуудаар давхар давхар нотлогдож байхад шүүх анхан шатны баримтаар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийлээ.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасанчлан “Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийг нөхөн татвар 6,783,937 төлөх үүрэг”-ээс чөлөөлөхгүй гэжээ. Эрүүгийн гэмт хэрэг нь өршөөгдөөд байхад юуны учир хууль зөрчсөн “Партизаны нутаг” ХХК-ийн захирлын үгэнд хөтлөгдөн хууль зөрчөөгүй “Сэцэн” ХХК-ийг төлбөрт унагана вэ.

4. “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж татварын тухай хууль тогтоомж зөрчөөгүй, гэмт хэрэг ч үйлдээгүй бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь битгий хэл ямар нэгэн хуулийн байгууллагаас дуудаж гэрчээр асууж байгаагүй. Харин “Партизаны нутаг” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбатын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаартай албан тоот, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 482 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд ч “Сэцэн” ХХК-ийн тухай огт дурдаагүй байхад “Партизаны нутаг” ХХК-д тухайн дүүргийн татварын улсын байцаагчийн актыг үндэслэн “Сэцэн” ХХК-ийг буруутгаж байгаа явдал нь зүйд нийцэхгүй.

5. Хоёр шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасанчлан татварын улсын байцаагч нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх үүрэгтэй” болохыг тухайлан заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт шалгалтын удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон” байхад шүүх үүнд мөн дүгнэлт хийсэнгүй.

6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэжээ. Гэтэл Татварын ерөнхий газрын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102-ын 1 дүгээр хавсралтыг шүүх үндэслэж байгаа явдал нь хуулийн дээрх заалтуудыг зөрчлөө гэж үзэж байна.

Иймд, хэргийг тал бүрээс нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахаас татгалзлаа.

1. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Сэцэн” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Партизаны нутаг” ХХК-аас 67,839,600 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материал худалдаж авсан гэх зарлагын падаан, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 624 дугаартай орлогын ордер, худалдан авсан бараагаа “Эрдэнэт үйлдвэр”-т зарсан гэх 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бараа нийлүүлэх гэрээ зэрэг нь анхан шатны баримтын бүрдэл дутуу, үнийн дүн зөрүүтэй, гэрээ хэрэгжсэнг нотлох санхүүгийн баримт байхгүй, түүнчлэн “Партизаны нутаг” ХХК нь нэхэмжлэгчид 67,839,000 төгрөгийн хий бичилттэй падаан олгосон нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 24/0000228 дугаар акт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 482 дугаар прокурорын тогтоол зэргээр нотлогдож байгаа учир “нэхэмжлэгч нь бодит худалдан авалт хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна” гэх анхан болон давж заалдах шатны дүгнэлт үндэслэл бүхий тул гомдлын нэг болон хоёр дахь үндэслэлийг хангах боломжгүй.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг уг хуулийн 1 дүгээр зүйлд “...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсноос үзвэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргааны хариуцлагыг өршөөхөд чиглэгдэж байна. Ийм ч учраас энэхүү хуулийг  хэрэгжүүлэх хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 1/3562 тоот “Чиглэл өгөх тухай” тушаал гарч “өршөөлийн тухай хуульд зөвхөн алданги, торгууль хамаарах”-аар, өөрөөр хэлбэл, улсад төлөх ёстой байсан нөхөн татварыг хамруулахгүй байхаар тогтжээ.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн 2015 оны 200015439 дугаар актаар нэхэмжлэгчид ногдуулсан торгууль, алдангиас өршөөж, харин нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан гомдлын 3 болон 4 дэх үндэслэлийг хангах боломжгүй. Тодруулбал, маргаан бүхий акт нь “Партизаны нутаг” ХХК-ийн захирлын үйлдсэн гэмт хэрэгт бус, харин нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ийн татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд хүлээлгэсэн захиргааны хариуцлага юм.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар удирдамжийг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн томилолтоор “Сэцэн” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн нь хууль зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн, тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул “хоёр шатны шүүх энэ талаар дүгнээгүй” гэх утгатай гомдол үндэслэлгүй.  

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв боловч магадлалын Тогтоох хэсгийн 1-д “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн...” хэмээн алдаатай бичсэн байх тул өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0222 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн...” гэснийг “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ