Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00032

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны хороолол 6 дугаар байр 145 тоотод оршин суух, Арвин овогт *******ын *******ийн РД:/ЙЮ95102017/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Мөнх толгой 2 дугаар багт оршин суух, Сантын Дэндэв овогт *******ийн *******ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 465,887,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

/нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******ид холбогдуулан компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 465,887,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Ди Жи Ти Зэт ХХК болон Г.******* нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах гэрээ тухай гэрээний хувьцаа шилжүүлэн авагч буюу Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрхийг бүхэлд нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан тул дараах үндэслэл шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Ди Жи Ти Зэт ХХК болон Г.******* нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар буюу 50:50 хувиар эзэмшдэг байсан. Улмаар Орхон агро комплекс ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст агро ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Эрдэнэт мах маркет ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч Г.******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1.500.000.000 төгрөгийг оруулах боломжгүй болсон.

Иймд 900.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2.100.000.000 төгрөгийг ХААН банкны жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, эргээд уг зээлийн төлбөрийг Эрдэнэт мах маркет ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон. ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн гэрээний барьцаанд Г.******* нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцын өмчлөх эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэн барьцаалуулсан бөгөөд мөн өөрийн гэр бүлийн хүн Ц.Батцэцэгийн нэр дээрх дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан байдаг.

Уг 2,1 тэрбум төгрөгийн зээлийг авсны дараагаар хариуцагч Г.******* нь Орхон агро комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК-нд худалдахаар тохиролцсон. Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон. Үүнд:

Ди Жи Ти Зэт ХХК нь: Г.*******ийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1.365.887.000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум зээлийн төлбөрийг дангаар хариуцаж төлөх,

Г.******* нь: Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсны хариуд зээлийн барьцаанд зориулж шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж хувьцаа худалдаж авсан төлбөрийн урьдчилгаанд тооцуулан бүр мөсөн шилжүүлэх, Ди Жи Ти Зэт ХХК-нд 50,207,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрт хураагдаагүй нөхцөлд 415.680.000 төгрөгийг Ди Жи Ти Зэт ХХК-нд төлөх буюу нийт 1,065,887,000 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Ди Жи Ти Зэт ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг дангаар төлж дуусгасан.

Гэвч хариуцагч нь зөвхөн Сүхбаатар дүүрэг, 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 465,887,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Тус шүүхэд нэхэмжлэгч Б.******* нь Г.*******ид холбогдуулан 465.887,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбоотой хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд:

Иргэн Г.******* /РД:XП72071476/ нь Орхон агро комплекс" ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулж, 100%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болно.

Тухайн үед иргэн Э. нь Орхон агро комплекс ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болж, өөрийнхөө оронд Ди Жи Ти Зэт ХХК-ийг Орхон агро комплекс" ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ зэргийг байгуулан Г.******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлсэн.

Ийнхүү хувьцаа эзэмших эрхийг шилжүүлснээс хойш Ди Жи Ти Зэт ХХК болон Э. нь тохирсон ёсоор хөрөнгө оруулалт оруулаагүй бөгөөд хувьцаа эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотой аливаа төлбөр шилжүүлээгүй.

Энэ хугацаанд Г.******* нь Орхон агро комплекс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба компанийг төлөөлөн Хадгаламж банкны барьцаанд хураагдсан Жаст групп-ын өмчлөлийн Эрдэнэтмах маркет" ХХК-ийг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгт худалдан авахаар Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай харилцан тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон агро комплекс" ХХК нь Эрдэнэтмах маркет ХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмших эрхтэй болсон.

Эрдэнэтмах маркет" ХХК-ийг худалдан авах гэрээний дагуу төлөх урьдчилгаа 900,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч Г.*******, Ди Жи Ти Зэт ХХК нар 50%, 50%-аар хуваан гаргаж, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авах замаар цаашид Эрдэнэтмах маркет ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогоор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Үүнтэй холбоотойгоор Г.******* нь урьдчилгаа төлбөрт 600.000.000/зургаан зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай 1 гудамж, 1-4 тоот хаягт байрлах, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 172.02 м.кв амины орон сууцыг Ди Жи Ти Зэт ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д.Төмөртогоогийн өмчлөлд шилжүүлж, нийт 415,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн хотхон, 102-р байр, 44 тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг дээр дурдсан банкны зээлийн барьцаанд тавих байдлаар хөрөнгө оруулж, Орхон агро комплекс ХХК-д оруулах өөрийн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч Г.******* нь өөрийн гаргах үүрэг бүхий 1,500,000,000 төгрөгийг оруулах боломж байхгүй байсан" гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь өөрийн компанийн нэрээр Хаан банкнаас зээл авах байдлаар үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг босгохоор болж, улмаар Г.******* нь үлдэх 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэхээс өөр аргагүй болсон хэдий ч Орхон агро комплекс ХХК-ийн үйл ажиллагаанд оролцсоор байсан болно.

Ингэхдээ Хаан банк ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч-ээр оролцож, мөн өдөр Хаан банк ХХК-тай Барьцааны гэрээ байгуулахад хамтран үүрэг гүйцэгч-ээр оролцож, эхнэрийнхээ өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн хотхон, 102-р байр, 44 тоот хаягт байрлах 136 м.кв орон сууцыг барьцаалсан.

Дээрх байдлаар Хаан банк ХХК-аас зээл авсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ди Жи Ти Зэт" ХХК нь Г.*******той Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулж, тус гэрээний гурав-т хувьцаа эзэмшигч Г.*******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдах ба хариуд нь Г.*******ийн эзэмшлийн Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцааг Ди Жи Ти Зэт ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон.

Хоёр. Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зүйл, төлбөр, тооцооны тухайд:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Хувьцааг худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дугээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж дараах зүйлсийг тохиролцсон, ...хариуцагч нь зөвхөн Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзайн 1 гудамж, 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 465,887,000 төгрөгийн мөнгөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна" гэж тус тус дурдсан нь үндэслэлгүй байна.

Ди Жи Ти Зэт ХХК болон Г.******* нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой Хувьцаа шилжүүлэгч тал болох Г.*******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоох, төлбөр тооцоог зохицуулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-г байгуулсан болно.

Тус гэрээний Гурав-т талууд хувьцаа шилжүүлэгч Г.*******ийн хувьцааны хэмжээг тодорхойлсон ба 3.1 -д Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай 1 гудамж, 1-4 тоот хаягт орших 172.02 м.кв талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгөөр үнэлж компанид хөрөнгө оруулсан гэж, 3.2-т Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн эзэмшил болох Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдаж авахад оруулсан хувьцаа шилжүүлэгч талын хөдөлмөрийг 300,000,000 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулсанд тооцох гэж, 3.3-т Барьцаалсан байрны үнэ болох 415,680,000 төгрөгөөр тооцон компанид хөрөнгө оруулсан гэж тус тус заасны дагуу Г.*******ийн Орхон агро комплекс ХХК-д оруулсан хөрөнгийн 50%-ийн хувьцааны үнэлгээ нийт 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг байхаар талууд тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний зорилго нь Г.*******ийн хувьцааны үнэлгээг бодитоор тогтоож, төлбөр тооцоог зохицуулах бус, Гэрээний дагуу Г.*******ийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант" ХХК-ийн Ай Си Си ХХК-д төлөх 1,365,887,000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, хариу төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тохиролцсон мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...Г.*******ийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант ХХК гэж дурдсан байх боловч тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Петро сант ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөр хүн байсан болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг.

Гурав. Г.******* болон Ди Жи Ти Зэт ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд:

Дээр дурдсанчлан талууд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ байгуулахаас гадна мөн өдөр Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ" болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г тус тус байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Тус Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-нд Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцааны бодит үнэлгээ болох 1.315.680.000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гэж гэрээнд тусгалгүйгээр нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хувьцааг нийт 500.000 төгрөгөөр худалдсан мэтээр дурдаж, бодит байдлаас өөрөөр тусгасан байдаг.

Хариуцагчийн зүгээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ди Жи Ти Зэт ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.******* болон Ди Жи Ти Зэт ХХК нарын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Орхон агро комплекс ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг Г.*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/Ш32023/00535 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд хувьцаа шилжүүлэх гэрээ, төлбөр тооцооны гэрээ яагаад байгуулах болсон талаар тайлбарлах нь зүйтэй байна. Иргэн Г.******* нь маргаан бүхий Орхон агро комплекс ХХК-ийг 2015 онд өөрөө 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн үүсгэн байгуулсан. Тухайн үед дөнгөж үүсгэн байгуулагдаж байхад нь гэдэг хүн Г.*******той холбоо барьж Жонобаяр нь ДИ ЖИ ТИ ЗЭТ ХХК-ийг төлөөлөн Орхон агро комплекс компанид хөрөнгө оруулаад компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авъя цаашид хамтран үйл ажиллагаа явуулъя гэдэг байдлаар тохиролцсон. Үүний дагуу ДИ ЖИ ТИ ЗЭТ ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхний байдлаар компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бодит байдал дээр гэрээний дагуу бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. Тохиролцсон ёсоор хөрөнгө оруулалт хийж хувьцаагаа шилжүүлээд явъя гэдэг байдлаар 50 хувийн хувьцаа шилжүүлсэн. Үүнээс хойш Г.******* нь Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн гүйцэтгэх захирлаар байсан. Хадгаламж банкны барьцаанд хураасан Жаст группийн өмчлөлийн эрхийг Мах маркет ХХК-ийг худалдан авах тухай тохиролцоог Г.******* захирал өөрөө хийсэн. Тус компанийг 3 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүнийхээ үр дүнд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон агро комплекс ХХК нь Эрдэнэт мах маркет ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болон компанийн хөрөнгийг нэмэгдүүлэн хувьцааны хэмжээгээр нэмэгдүүлсэн байдалтай байгаа юм. Үүний дараагаар компанийн 3 тэрбум төгрөгийн төлбөрийг яаж төлөхөөр тохиролцсон бэ гэхээр 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч дээр хуваагаад төлөхөөр тохиролцсон. Эхний байдлаар гэрээний дагуу 900,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөхөөр тохирсон. 900,000,000 төгрөгт тааруулан Г.*******ийн хувьд өөрийнхөө Санзай хаягт байрлах 04 тоот үл хөдлөх хөрөнгийг ДИ ЖИ ТИ ЗЭТ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Талуудын тохиролцоогоор нөгөө хувьцаа эзэмшигчдээ ямар ч байсан шилжүүлнэ, энэ төлбөр мөнгийг Эрдэнэт мах маркет ХХК-ийн урьдчилгаа төлбөрөөр төлнө гэсэн байдлаар орон сууцыг шилжүүлсэн. Үүний дараагаар дахин Гэгээнтэн хотхон 120 дугаар байранд байрлах орон сууцны Хаан банкнаас авсан банкны зээлийн барьцаанд тавих байдлаар Г.******* хөрөнгө оруулсан. Цаашид банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийг Эрдэнэт мах маркет худалдаж авсан үйлдвэрийнхээ үйл ажиллагаанаас олсон ашгаараа төлөөд явна гэж тохиролцсон. Энэ нь Орхон Агро компанийн 100 хувийн өмчлөл учраас талууд үйл ажиллагааны орлогоороо төлж явахаар тохирсон нөхцөл байдал байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг харахад Г.******* нь нийт Орхон агро комплекс болон 1,315,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт хийж хувьцааны гүйлгээний хэмжээнд үнэлэгдэнэ гэж үзэж байна. Үүнийг баталгаажуулан талууд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үлдсэн 50 хувийн хувьцаа шилжүүлэх нөхцөл байдал үүсээд шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээнүүдийг байгуулсан. Сүүлийн тооцоо хаах тухай гэрээнд юу гэж тохиролцсон бэ гэхээр гэрээний 3 дахь хэсэгт нь Г.*******ийн хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж байна гэдгээ талууд хоорондоо 3 дахь заалтад дурдаж өгсөн. Үүнээс харахад нэгдүгээрт Санзайд байрлах амины орон сууцыг 600,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлснийг нь Г.*******ийн оруулсан хөрөнгө оруулалт гэж үзсэн.

Хоёрдугаарт Эрдэнэт мах маркетыг гардаж авах тохиролцоог хийснийг нь үнэлээд 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэж үзсэн. Гуравдугаарт Хаан банкны барьцаанд тавьсан хөрөнгө болох 415,680,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг барьцаанд тавьж, барьцаалбараар бүртгүүлснээр үүнийг хөрөнгө оруулсанд тооцно гэж гэрээнд тохирсон. Үүний дагуу барьцаа хөрөнгө нь бүртгэгдээд явсан. Нотлох баримтаар гарган өгсөн лавлагаанд харагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл Хаан банканд тавьсан барьцаалах гэрээ хэвээрээ байгаа. Үл хөдлөх хөрөнгөд өөрчлөлт орсон, барьцаалбараас чөлөөлөгдсөн зүйлгүй нь тодорхой харагдаж байгаа. Нийт Г.*******ийн Орхон Агро комплекс ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт нь 1,315,680,000 төгрөг болж байгаа юм. Үүний дагуу зөрүү 50,207,000 төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр 50,000,000 төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд гэрээний дагуу Г.*******ийн хувьцаа эзэмшдэг Петро сант ХХК-ийн АЙ СИ СИ ХХК-д төлөх 1,365,887,000 төгрөгийг өөрийнх нь өмнөөс төлөх, хариу төлбөрийг хэрхэн зарцуулах талаар тохиролцсон гэж дурдсан байна. Гэтэл Г.*******ийн эзэмшлийн Пэтро сант байгаа боловч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Пэтро сант компани Г.******* гэдэг хүн холбоотой байсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, гэхээр хувьцаа эзэмшигч нь ч биш, гүйцэтгэх захирал ч биш, хамааралгүй этгээд байсан нь тодорхой харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж байгаа үндэслэл хамааралгүй байна гэж үзэж байна. Г.******* болон ДИ ЖИ ТИ ЗЭТ ХХК нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 535 дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна. Анхнаасаа талууд гэрээ байгуулсан нь хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, хүчин төгөлдөр бус хэлцлийг бүртгүүлсэн байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болгож өгнө үү гэх.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, шаардах эрх шилжүүлэх гэрээ, Ди жи ти зэт ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000135438 дугаар гэрчилгээ, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №625/2016БЭХА дугаартай Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №648/2016БЭХА дугаартай Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ЗГ/201642686205 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №БГҮ/201642686205 дугаартай барьцааны гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №16/06 дугаартай Компанийн хувьцаа эзэмшигчдийн тохиролцоог баталгаажуулах тухай гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ, Хаан банк ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5176/01/004 дугаар албан бичиг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордерын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг, хариуцагчаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/00535 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Петро сант ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29/1327 болон 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №05176/01/301 дугаар албан бичгүүд, хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Орхон агро комплекс ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Ди жи ти зэт ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Эрдэнэт мах маркет ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Орхон агро комплекс ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №03/16, №04/16 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд, Ди жи ти зэт ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №16/18 дугаартай Компаний хувь эзэмших тухай шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №ЭШГ-02 дугаартай Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №БГ-01 дугаартай Бэлэглэлийн гэрээ, Орхон агро комплекс ХХК-ийн 0000108908 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №01/15 дугаартай Орхон агро комплекс ХХК-ийг үүсгэн байгуулах тухай шийдвэр, Орхон агро комплекс ХХК-ийн дүрэм, Ди жи ти зэт ХХК-ийн 000135438 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №16/06 болон 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №16/05 дугаартай Ди жи ти зэт ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Ди жи ти зэт ХХК-ийн дүрэм, гэрч Ч.Аварзэдийн мэдүүлэг, гэрч Э.ын мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6/10529 дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Ай си ай си ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******ид холбогдуулан компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 465,887,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нь Орхон агро комплекс ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.*******ийн нийт хувьцааны үнэлгээг 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж худалдсан ба хариуд нь Г.*******ийн эзэмшлийн Орхон агро комплекс ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ди жи ти зэт ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон, Г.*******ийн хувьцааг нь эзэмшдэг гэх Петро сант ХХК нь тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Петро сант ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөр хүн байсан, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж тус тус маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Учир нь: Хадгаламж банк ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд, Орхон агро комплекс, гүйцэтгэх захирал Г.******* нар нь Эрдэнэт мах маркет ХХК-ийн нэг бүр нь 33,591 төгрөгийн үнэтэй нийт 157,150 ширхэг энгийн хувьцааг нийт 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулжээ. /1 дүгээр хх-ийн 12-18 дугаар тал/

Улмаар Орхон агро комплекс ХХК, гүйцэтгэх захирал Г.******* нь Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдаж авахын тулд Ди жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал Д.Төмөртогоотой Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдан авсны урьдчилгаа төлбөр 0,9 тэрбум төгрөг, төлбөрийн үлдэгдэл 2,1 тэрбум төгрөгийг гуравдагч этгээдээс авсан зээлээр төлж, зээл, түүний хүүг компанийн болон Эрдэнэт мах маркет ХХК-ийн үйл ажиллагааны орлогоор тэргүүн ээлжид төлж барагдуулахаар тохиролцож, Орхон агро комплекс ХХК, гүйцэтгэх захирал Г.******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзай 1 гудамж, 1-4 тоот хаягт байрлах, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар, 000459751 тоот гэрчилгээтэй, 172.02 м.кв талбайтай амины орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэн, гэрээ байгуулах үед талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, Ди жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал Д.Төмөртогоод шилжүүлэх, Ди жи ти зэт ХХК, гүйцэтгэх захирал Д.Төмөртогоо нь зээл, түүний хүүгийн төлөлт дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг Орхон агро комплекс ХХК, гүйцэтгэх захирал Г.*******ид бүрэн төлж барагдуулахаар гэрээ байгуулжээ. /1 дүгээр хх-ийн 30 дугаар тал/

Мөн Г.******* нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Орхон агро комплекс ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, дахин 50 хувийн хувьцааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ди ти жи зэт ХХК-д тус тус шилжүүлж, Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ди ти жи зэт ХХК болсон болох нь Орхон агро комплекс ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 25-28, 157-158/

Гэхдээ Г.******* нь Орхон агро комплекс ХХК-ийн хувьцааг 100 хувь Ди жи ти зэт ХХК-д шилжүүлэхээс өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээг байгуулж, уг гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн байх тул тус гэрээний хүчин төгөлдөр байдлыг хянавал:

Уг гэрээг хувьцаа шилжүүлэгч- Орхон агро комплекс ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, Г.*******, хувьцаа шилжүүлэн авагч- Орхон агро комплекс ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, Ди жи ти зэт ХХК байх бөгөөд хувьцаа шилжүүлэгч /Г.*******/ нь Орхон агро комплекс ХХК-ийн өөрийн эзэмшдэг нийт хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг уг гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу хувьцаа шилжүүлэн авагч /Ди жи ти зэт ХХК/-д шилжүүлэхтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, хоорондын тооцоог дуусгавар болгох зорилготойгоор байгуулжээ.

Хоёр талын хооронд байгуулагдсан дээрх гэрээний зүйл нь Орхон агро комплекс ХХК-ийн 50 хувь хувьцаа, уг хувьцааг эзэмших эрх байх бөгөөд уг гэрээний зүйлийг шилжүүлэхдээ тус гэрээний 2. хувьцаа эзэмшил, 3. хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, 4. төлбөр хаах тохиролцоо хэсгүүдэд дурдсан шаардлагуудыг харилцан биелүүлэхээр тохиролцсон гэрээний чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлсэн гэрээ байна.

Тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл байх бөгөөд уг гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зуржээ.

Иймд уг Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-гээр Ди жи ти зэт ХХК болон Г.******* нар нь тухайлан ямар үүргүүд хүлээсэн болон хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоох нь зүйтэй байна.

Уг гэрээний 2.Хувьцаа эзэмшил хэсгээр:

Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн охин компани болох Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг худалдан авах гэрээг Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагчтай байгуулахдаа урьдчилгаа төлбөр болох 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийг талууд тэнцүү хуваан хариуцан төлсөн, үлдэгдэл төлбөр болох 2.100.000.000 /хоёр тэрбум нэг зуун сая/ төгрөгийг хувьцаа эзэмшигч талууд Хаан банкнаас жилийн 24%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр барагдуулахаар зээл батлуулсан. Улмаар уг зээлийн барьцаанд хариуцагч Г.*******ийн эхнэр Ц.Батцэцэгийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, 102 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 136 мкв талбайтай, 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцыг өмчлөгчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр барьцаалахаар тохиролцжээ.

Ди жи ти зэт ХХК нь банкны зээлийн эргэн төлөлтийг хийсэн дүнгээр барьцааны хөрөнгүүдийг ээлж дараалан барьцаанаас чөлөөлүүлэх бөгөөд хамгийн түрүүнд Ц.Батцэцэгийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, 102 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 136 мкв талбайтай, 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг үүргийг хүлээжээ.

Ди жи ти зэт ХХК нь Хаан банк ХХК-аас авсан 2.100.000.000 /хоёр тэрбум нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгасан тул Хаан банк ХХК-ийн зүгээс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр гудамж, 1-4 тоот хаягт байрлах, 172.02 м.кв талбайтай, 2 өрөө амины сууц, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн зайсан гудамж, 102 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, зоорины давхрын 2-50 тоот хаягт байршилтай, 136 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, 15 м.кв автомашины зогсоолыг тус зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт байх тул гэрээний энэ хэсгээр хүлээсэн үүргээ Ди жи ти зэт ХХК нь биелүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 135-139, 201-202 дугаар тал/

Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно. гэж заасны дагуу тухайн байрны өмчлөгч, барьцаалагч нарын хүсэлтээр барьцааны хөрөнгийг чөлөөлөх, өмчлөгч өөрөө хүсэлтээ гаргаагүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар өөрчлөлтийг бүртгэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн одоог хүртэл барьцаалбарыг чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрээний 3. Хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэсгээр:

Хариуцагч Г.******* нь тус гэрээний 2.1.1-т заасан хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр гудамж,1-4 тоот хаягт байршилтай, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар, 000459791 тоот гэрчилгээтэй, 172.02 мкв талбайтай амины орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэн, 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, хөрөнгө оруулсан.

Мөн Эрдэнэт мах маркет ХХК-г худалдаж авахад оруулсан Г.*******ийн хөдөлмөрийг 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөр үнэлсэн.

Мөн Ди жи ти зэт ХХК-ийн холбоотой этгээдэд Петросант ХХК-с төлөх 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгөөс барьцаалсан байрны үнэ болох 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зурган зуун наян мянга/ төгрөгийг хасахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл Г.******* нь Эрдэнэт мах маркет ХХК-г худалдан авахын тулд урьдчилгаа 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөнд тооцож, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр гудамж, 1-4 тоот хаягт байршилтай, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар, 000459791 тоот гэрчилгээтэй, 172.02 мкв талбайтай амины орон сууцыг Ди жи ти зэт ХХК-д шилжүүлэх,

мөн Эрдэнэт мах маркет ХХК-г худалдаж авахад оруулсан өөрийн хөдөлмөрийг 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөр Ди жи ти зэт ХХК-д үнэлүүлэх,

мөн өөрийн хувьцаа эзэмшдэг Петросант ХХК-ийн Ди жи ти зэт ХХК-ийн холбоотой этгээдэд төлөх 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгөөс барьцаалсан байрны үнэ болох 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зурган зуун наян мянга/ төгрөгийг хасуулах тус тус үүрэг хүлээснээс

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр гудамж,1-4 тоот хаягт байршилтай, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар, 000459791 тоот гэрчилгээтэй, 172.02 мкв талбайтай амины орон сууцыг Ди жи ти зэт ХХК-д шилжүүлсэн талаар нэхэмжлэлд дурдсан тул дээрх үүргийг хариуцагч Г.******* биелүүлсэн,

Харин Хаан банк ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, 102 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 136 мкв талбайтай, 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцны үнийг Петро сант ХХК-ийн Ди жи ти зэт ХХК-ийн холбоотой этгээдэд төлөх 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгөөс хасуулахаар тохиролцсон боловч Ди жи ти зэт ХХК нь Хаан банк ХХК-иас авсан зээлийг бүрэн төлж, тус орон сууцыг чөлөөлсөн байх тул хариуцагч Г.******* нь гэрээний уг заалтаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Дээрх гэрээний 3. Хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэсгээр тус Орхон агро комплекс ХХК-ийн хувьцааг нийт 1,315,680,000 /нэг тэрбум гурван зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй боловч тус хувьцааны үнийн дүнд багтсан Хаан банк ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулсан 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй орон сууц нь уг барьцаалбараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн, одоо Ц.Батцэцэгийн өмчлөлд хэвээр байх тул уг орон сууцны үнэ 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч Г.******* нь Ди жи ти зэт ХХК-д төлөх ёстой болжээ.

Гэрээний 4. Төлбөр хаах тохиролцоо хэсгээр

Г.*******ийн хувьцаа эзэмшдэг Петросант ХХК нь Ди жи ти зэт ХХК-ийн холбогдолтой этгээд болох Ай си ай си ХХК-д нийт 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгтэйгөөс тус гэрээний 3.1, 3.2, 3.3-т заасан Г.*******ийн хүлээсэн үүрэгт хамаарах үнийн дүнгийн нийлбэрийг хасаж, үлдэгдэл болох нийт 50.207.000 /тавин сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг Г.******* бэлнээр төлөх,

Мөн Хаан банк ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан орон сууцны үнэ болох 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян сая/ төгрөгийг Г.******* төлсөн тохиолдолд Ди жи ти зэт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчид шилжүүлэх, тухайн орон сууц банканд хураагдсан тохиолдолд Ди жи ти зэт ХХК нь гэрээний 3.2-т заасан төлбөрийг буцаан шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөн, суутган авч үлдсэн мөнгийг өөрийн мэдэлд үлдээх харилцан үүрэг хүлээсэн байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ди жи ти зэт ХХК нь Петро сант ХХК-ийн төлөх ёстой 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өглөгийг Ай си ай си ХХК-д бүрэн төлж барагдуулжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 140-141, 221 дүгээр тал/

Ди жи ти зэт ХХК-ийн төлсөн 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгт Хаан банк ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан орон сууцны үнэ болох 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян сая/ төгрөг багтсан, уг орон сууц нь одоо Ц.Батцэцэгийн өмчлөлд хэвээр үлджээ.

Харин Г.******* нь уг өр төлбөрийн үлдэгдэл болох 50.207.000 /тавин сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг төлөх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд дээрх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ээр харилцан хүлээсэн үүргээс Ди жи ти зэт ХХК нь өөрт холбогдох үүргүүдийг зохих ёсоор биелүүлсэн, харин хариуцагч Г.******* нь эхнэр Ц.Батцэцэгийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, 102 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 136 мкв талбайтай, 415.680.000 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн үнэтэй орон сууцны үнийг өөрийн хамаарал бүхий Петросант ХХК-ийн Ди жи ти зэт ХХК-ийн холбоотой этгээдэд төлөх 1.365.887.000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая найман зуун наян долоон мянга/ төгрөгийн өр төлбөрөөс хасуулсан хэрнээ тухайн орон сууцны үнийг Ди жи ти зэт ХХК-д төлөөгүй, мөн уг гэрээний 4.2 дугаар зүйлд заасан өр төлбөрийн үлдэгдэл 50.207.000 /тавин сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг төлөөгүй байх тул Ди жи ти зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч Б.******* нь хариуцагч Г.*******оос шаардах эрхтэй байна.

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний 3.1-т зааснаар ...хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 дүгээр гудамж, 1-4 тоот хаягт байршилтай, Ү-2203024707 тоот улсын бүртгэлийн дугаар, 000459791 тоот гэрчилгээтэй, 172.02 мкв талбайтай амины орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэн, 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, тус гэрээний 4.1-т заасан Петро сант ХХК-ийн өр төлбөрөөс хасуулсан байх тул Эрдэнэт мах маркет ХХК-г худалдан авах хөрөнгө оруулалтын 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтаас 600.000.000/ зургаан зуун сая/ төгрөгийг би хөрөнгө оруулсан тул зөрүү 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг илүү төлсөн гэх хариуцагчийн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Мөн Петро сант ХХК-ийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.*******ийн эхнэр Ц.Батцэцэг нь үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Петро сант ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож, тус компани нь Г.*******ийн хамаарал бүхий компани байх тул тус гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Петро сант ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөр хүн байсан, Г.*******ид хамааралгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. /2 дугаар хх-ийн 97-98 дугаар тал/

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь энэ хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл биш болохыг, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8-д зааснаар Ди жи ти зэт ХХК болон Б.******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хуульд нийцсэн болохыг тус тус дурдав.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзгүйд хийлгэх хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.487.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 2.487.385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Г.*******оос Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний үүргийн 465.887.000 төгрөгийг гаргуулан Ди жи ти зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч Б.*******д олгосугай.

2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/10123 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.487.385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 2.487.385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА