Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Ж.Д-, Н.Э- нарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ж.Д-, Н.Э- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д-, Н.Э- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2016/01049 тоот шийдвэрээр Н.Э-аас 42 000 000 төгрөг гаргуулж Б.Э-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4/2904 тоот албан тоотоор барьцаа хөрөнгө болох Ж.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнжийн 1-7 тоотод байрлах, 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 101.5 м.кв талбайтай хувийн сууцны хамт битүүмжлэн хурааж 42 900 000 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон байгаа. Уг үнэлгээг НШШГГтай гэрээтэй байдаг үнэлгээний байгууллага тогтоосон үнэлгээ юм. Энэ 42 900 000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнээс харьцангуй бага, мөн үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь хотын А зэрэглэлтэй, гэр хороолол дахин төлөвлөлтөд орсон байдаг. Гэр хорооллын төслийн хүрээнд уг үл хөдлөх эд хөрөнгө дээр хоёр талт гэрээ байгуулсан байдаг. Нэг тал Ж.Д-, нөгөө талаас Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нь гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 159 900 000 төгрөгөөр үнэлсэн. 2014 онд ийм хэмжээгээр үнэлэгдэж гэрээ байгуулсан байхад 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн ханш улам өссөн энэ үед 42 900 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшинд нийцэхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг 42 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Мөнх-Оргил трейд” ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2016/01049 тоот шийдвэрээр Н.Э-аас 42 000 000 төгрөг гаргуулж Б.Э-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн барьцаанд Ж.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнжийн 1-7 тоотод байрлах 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 101.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжлээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хураах тогтоолоор хураасан. Иргэний хуульд зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй байсан учраас хөндлөнгийн байгууллага болох “Мөнх-Оргил трейд” ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ гаргаж 42 900 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний мэдэгдлийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа уг хуулийн хугацааг хэтрүүлж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Д-, Н.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Э- давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийнхээ үндэслэлийг: "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаа НШШГГ шинжилгээ томилж үнэлгээ хийсэн ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар маргаангүй, харин зах зээлийн ханшаар хэт багаар үнэлсэн тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан тул шүүхээс нэхэмжлэгч нарын маргаангүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй, мөн нэхэмжлэгч нар 80 000 000 төгрөгөөр үнэлүүлэх санал гаргасан байна. Тиймээс хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарлаж байгаа үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар тодорхой тусгаж, түүнийгээ шүүх хуралдаанд өмнөх байгууллагатай 159 000 000 төгрөгөөр үнэлгээтэй гэрээ байгуулж байсан талаар нотолж мэтгэлцсэн бөгөөд мөн 80 000 000 төгрөгийн үнэлгээний санал ирүүлсэн нь 49 000 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн асуудал огт биш байтал үүнийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон ойлгомжгүй байна. 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлт гаргасан “Мөнх оргил трейд” ХХК үнэлгээ хийхдээ холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн. 2 талыг байлцуулж, баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй буюу манай талыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Д-д мэдэгдээгүй, эрхээр хангаагүй. Зах зээлийн бодит судалгаа дүгнэлт хийгээгүй. Бодит үл хөдлөх хөрөнгөтэй танилцалгүй фото зурагт үндэслэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 00902 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д-, Н.Э- нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.  

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд “Эрэл” ХХК-тай байгуулсан гэрээгээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1-7 тоотод байрлах, Г-2202007173 эрхийн бүртгэлийн дугаартай 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2202013878 эрхийн бүртгэлийн дугаартай 101.5 м.кв талбайтай хувийн сууцыг 159 900 000 төгрөгөөр үнэлсэн байхад 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 42 900 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид нийцээгүй” гэсэн үндэслэл заажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2016/01049 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Н.Э-аас 42 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 367 950 төгрөгийн хамт гаргуулж Б.Э-д төлөх үүргийг хүлээлгэж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд төлбөрт хураагдсан газар болон хувийн сууцыг төлбөр авагч Б.Э- 37 167 950 төгрөгөөр, төлбөр төлөгч Н.Э- 80 000 000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Д- 80 000 000 төгрөгөөр тус тус үнэлэх санал өгсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК 42 900 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан байх бөгөөд “Мөнх оргил трейд” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох газар болон хувийн сууцны бодит боломж, өртгийн үнэ цэнэ, шинж чанар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, орчны хувьд адил төстэй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдагдаж буй үнэ цэнийг нарийвчлан харьцуулж гаргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр гэрээгээр 159 900 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээнээс илт зөрүүтэй болсон байна. 

 

            Анхан шатны шүүх талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр тухай бичгийн гэрээ зэрэг нотлох баримтыг харьцуулан үнэлж дүгнээгүй, илт зөрүүтэй үнийн дүнгийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулснаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Э-ын гомдлыг хангах боломжтой байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Э- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО