Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00663

 

Ж.Д, Н.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1057 дугаар магадлалтай,

Ж.Д, Н.Э нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д, Н.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/01049 тоот шийдвэрээр Н.Эаас 42.000.000 төгрөг гаргуулж Б.Эрдэнэжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 4/2904 албан тоотоор барьцаа хөрөнгө болох Ж.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнжийн 1-7 тоотод байрлах, 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 101.5 м.кв талбайтай хувийн сууцны хамт битүүмжлэн хурааж 42.900.000 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон байгаа. Уг үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээтэй байдаг үнэлгээний байгууллага тогтоосон үнэлгээ юм. Энэ 42.900.000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнээс харьцангуй бага, мөн үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь хотын А зэрэглэлтэй, гэр хороолол дахин төлөвлөлтөд орсон байдаг. Гэр хорооллын төслийн хүрээнд уг үл хөдлөх эд хөрөнгө дээр хоёр талт гэрээ байгуулсан байдаг. Нэг тал Ж.Д, нөгөө талаас Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нь гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 159.900.000 төгрөгөөр үнэлсэн. 2014 онд ийм хэмжээгээр үнэлэгдэж гэрээ байгуулсан байхад 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн ханш улам өссөн энэ үед 42.900.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшинд нийцэхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг 42.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь 2019 оны 01 сарын 11-ний өдрийн Мөнх-Оргил трейд ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мартын шүүхэд гаргасан тайлбарт: ...Төлбөр төлөгчийн барьцаанд Ж.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнжийн 1-7 тоотод байрлах 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 101.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжлээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хураах тогтоолоор хураасан. Иргэний хуульд зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй байсан учраас хөндлөнгийн байгууллага болох Мөнх-Оргил трейд ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ гаргаж 42.900.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний мэдэгдлийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа уг хуулийн хугацааг хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Д, Н.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1057 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мартын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд Эрэл ХХК-тай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, зүүн дэнж 1-7 тоотод байрлах хувийн сууц, гэр бүийн хэрэгцээний зориулалттай газрыг 159.000.000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь Эрэл ХХК-тай байгуулсан эсэх нь тодорхойгүй компанийн тамга тэмдэггүй, тус компани нь үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш, тус гэрээ нь хийгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага дэмжээгүй нотлох баримт гаргаж өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2019 оны 01 сарын 22-ны өдөр Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлснээс хойш шүүхэд гомдол гаргах хугацаа 2019 оны 01 сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу “...албан бичгийн тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд хүргүүлсэнд тооцно” гэж заасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Д, Н.Э нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгохдоо, “...Мөнх-Оргил трейд ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох газар, хувийн сууцны бодит боломж, өртгийн үнэ цэнэ, шинж чанар байршил, орчны хувьд адил төстэй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдаалагдаж буй үнэ цэнийг нарийвчлан харьцуулж гаргаагүй, ...анхан шатны шүүх талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх тухай бичгийн гэрээ зэрэг нотлох баримт зэргийг харьцуулан үнэлж дүгнээгүй, илт зөрүүтэй үнийн дүнгийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүйгээс хэргийн бодит байдал тогтоогдоогүй...” гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр Н.Э 42.000.000 төгрөгийг Б.Эрдэнэжаргалд төлөх үүрэгтэй байна. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх явцдаа шүүхийн шийдвэрт заасны дагуу Ж.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1 дүгээр гудамжны 1-7 тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007173 дугаарт бүртгэлтэй 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013878 дугаарт бүртгэлтэй 101.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж,   анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг хийжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж тус тус заасан байна. Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 42.900.000 төгрөгөөр тогтоосныг 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 4/2904, 4/2902 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт тус тус хүргүүлжээ.

Шинжээчээр ажилласан Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу олон улсын болон үндэсний стандартын дагуу үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж, зах зээлийн  болон өртөгийн хандлагын аргыг харьцуулан, тухайн байрлалд худалдаалагдаж буй ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар судалж үнэлсэн нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна. Иймд Мөнх-Оргил трейд ХХК үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, үнэлгээ хэт бага гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Нэхэмжлэгч нар анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд талууд мэтгэлцсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан 2014 онд үйлдэгдсэн, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэж нэрлэгдсэн Эрэл ХХК болон нэхэмжлэгч Ж.Д нарын хооронд байгуулагдсан гэх хоёр талт гэрээг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд гагцхүү уг баримт нь үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байгааг шийдвэртээ тодорхой тусгажээ. .

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн байх боловч магадлалд дурдсан нөхцөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2.5-ын үндэслэлд хамаарахгүй байна.

Дээр дурдснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1057 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мартын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ