Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2019/00902

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр    

    Дугаар 184/ШШ2019/00902

               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Б- овогт Ж-гийн Д- /РД:.../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Б- овогт Н-гийн Э- /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... өөрийн байр хаягт оршин байрлах, НГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э-, Ж.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/01049 тоот шийдвэрээр Н.Э-аас 42,000,000 төгрөг гаргуулж Б.Э-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. НГ газраас 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 4/2904 тоот албан тоотоор барьцаа хөрөнгө болох Ж.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах, Г-2202007173 эрхийн бүртгэлийн дугаартай, 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2202013878 эрхийн бүртгэлийн дугаартай 101.5 м.кв талбайтай хувийн сууцны хамт битүүмжлэн хурааж 42,900,000 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон байгаа. Уг үнэлгээг НГтай гэрээтэй байдаг үнэлгээний байгууллага тогтоосон үнэлгээ юм. Энэ 42,900,000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнээс харьцангүй бага, мөн үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь хотын А зэрэглэлтэй, гэр хороолол дахин төлөвлөлтөд орсон байдаг. Гэр хорооллын төслийн хүрээнд уг үл хөдлөх эд хөрөнгө дээр хоёр талт гэрээ байгуулсан байдаг. Нэг тал Ж.Д-, нөгөө талаас “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нь гэрээ байгуулсан. Энэ гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 159,900,000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. 2014 онд ийм хэмжээгээр үнэлэгдэж гэрээ байгуулсан байхад 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн ханш улам өссөн энэ үед 42,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшинд нийцэхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг 42,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь 2019 оны 01 сарын 11-ний өдрийн “М-” ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээ байгаа” гэв.

 

Хариуцагч НГ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/01049 тоот шийдвэрээр Н.Э-аас 42,000,000 төгрөг гаргуулж Б.Э-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн барьцаанд Ж.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах, Г-2202007173 эрхийн бүртгэлийн дугаартай 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2202013878 эрхийн бүртгэлийн дугаартай 101.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 11 сарын 20-ны өдөр битүүмжлээд 2018 оны 11 сарын 25-ны өдрийн хураах тогтоолоор хураасан байдаг. Иргэний хуульд зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй байсан учраас хөндлөнгийн байгууллага болох “М-” ХХК гэдэг хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ гаргаж 42,900,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг үнэлгээний мэдэгдлийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа уг хуулийн хугацааг хэтрүүлж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д-, Н.Э- нар нь НГ /цаашид “Н” гэх/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Э-аас зээлийн гэрээний үүрэгт болон алдангид 42,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл гуравдагч этгээд Ж.Д-гийн өмчлөлийн барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007173 дугаарт бүртгэлтэй 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013878 дугаарт бүртгэлтэй 101.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд “Э” ХХК-тай байгуулсан гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 159,900,000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан байдаг. 2014 онд ийм хэмжээгээр үнэлэгдсэн байхад өнөөдөр үнэлгээний байгууллага 42,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид нийцэхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “Н” нь “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа уг хуулийн хугацааг хэтрүүлж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргав.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2017/10184 дугаар захирамж, мөн өдрийн 1146 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “Н” нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр 17271399 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

“Н” нь төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01049 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Ж.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007173 дугаарт бүртгэлтэй 625 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013878 дугаарт бүртгэлтэй 101.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 177/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 177/01 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөд төлбөр авагч Б.Э- 37,167,950 төгрөгөөр, төлбөр төлөгч Н.Э- 80,000,000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Д- 80,000,000 төгрөгөөр тус  тус үнийн санал өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр нотлогдов.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул “Н” 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 20 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “М-” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Н”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг тул шүүхээс нэхэмжлэгч нарын маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Хөрөнгийн үнэлгээний “М-” ХХК 2019 оны 01 сарын 11-ний өдрийн тайлангаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон газрын өнөөгийн зах зээлийн үнийг 42,900,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Хариуцагч “Н” нь Ж.Д-, Н.Э- нарт хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлснээс хойш гомдол гаргах хугацаа 2019 оны 01 сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж тайлбарладаг боловч хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан 2019 оны 01 сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзэхэд Н.Э- нь “шуудангаас сая ярьсан, одоо мэдэгдлээ авна” гэх тайлбарыг гаргаж байсан байх ба нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

 

Хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 08 сарын 15-ны өдрийн 478 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” гэх баримтыг нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж гаргасан ба уг гэрээнд Ж.Д-гийн өмчлөлийн газар, хувийн сууцыг 159,900,900 төгрөгөөр үнэлж, орон сууцаар солихоор тохиролцсон тухай тайлбарладаг.

 

2014 онд үйлдэгдсэн дээрх “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” нь 2 этгээдийн хооронд хийгдсэн тохиролцоо болохоос тухайн эд хөрөнгийн өнөөгийн буюу 2019 оны 01 дүгээр сарын үеийн зах зээлийн үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь 2018 оны 12 сарын 25, 27-ны өдрүүдэд “Н”-т хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлж санал ирүүлж байсан баримт хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч нар нь үүргийн гүйцэтгэлд хураагдсан хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцээгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн  шаардлага үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул “Н”-ын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 20 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Д-, Н.Э- нарын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Д-, Н.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ