Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01092

 

 

ЖХЧ, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖХЧ-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Ж А В” ХХК /А Б ХХК/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 97 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ЖХЧ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Б.Б-гийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, К.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ЖХЧ, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖХЧ, Б.Б нар 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “А Б” ХХК-тай Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “А Б” ХХК нь Б талд Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр итгэмжилсэн. Ажлын агуулга нь хөрс хуулалт, тээвэрлэлт, нөхөн сэргээлт түүний дараа хүлээх хариуцлага, овоолгын нөхөн сэргээлт, борооны улиралд үерээс хамгаалах ажил, барилгын талбай болон байгаль орчинг бохирдуулахаас хамгаалах ажлыг 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаагаар хийж гүйцэтгэх ёстой байсан. “А Б” ХХК-ийн хувьд Дорноговь аймгийн Айраг суманд Цагаан овоо гэх газарт байрлах жоншны уурхайд 100 000 м.куб талбай бүхий газрын хөрсийг хуулуулах ажил хийлгэх, харин Б.Б, Ж Х Ч нарт ажил гүйцэтгэж, ашиг орлого олох хэрэгцээ шаардлагууд байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын үндсэн дээр хэлцэл хийгдсэн. Энэхүү хэлцэлийн үр дүнд бид ажил гүйцэтгэж, ажил гүйцэтгэсэн хөлс авах, харин захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

Дээрх гэрээ бүрэн хэрэгжээгүй шалтгаан нь захиалагч тал ажлын гүйцэтгэх боломжийг хангах үүрэгтэй буюу хадтай газрыг тэсэлгээ хийж, чулууг буталж сулласнаар хөрс хуулалт бүрэн хийгдэх ёстой байсан. Бид 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос трайлер хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өгөөмөрийн уурхайд ажиллаж байсан эксковаторыг ачуулж, Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн уурхайд аваачин байрласан. Биднийг ирэхэд Хятад оператор, тогооч нар ирсэн байсан. Уурхай дээр ирээд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажил хийгдээгүй, сул зогссон. Энэ үед Ж Х Ч нь Ван И Ру захиралтай утсаар ярьж ажлаа хурдан эхлүүл гэхэд, тэсэлгээ хийгдээгүй байгаа, тэсэлгээний ажлыг О.Оргилболд гэдэг Монгол хүн хариуцаж байгаа, тэр хүнтэй утсаар ярь гэсний дагуу ярьж тэсэлгээний ажлыг хурдан хий, түрээсийн техник сул зогсоод байна гэхэд, “би ойлгож байна, Ван И Ру захиралтай яриад эргээд хариу хэлье” гэсэн. Олон хоног сул зогсож, ажил хийгдээгүй учраас Ж Х Ч нь “А Б” ХХК-ийн ерөнхий инженер Ди Баотай ярилцаж тэсэлгээний нүх өрөмдөж бэлдэхээр тохиролцож манай ажилтан Ж.Бишбаяраар өрөмдүүлэхээр болсон. Дээгүүрээ сул шороо ихтэй тул өрөмдсөн нүх буцаж булагдаад байсан болохоор хятад инженер Ди Бао сул шороог ачуулж өрөмдлөг хийе, би Ван И Ру захиралтай ярьсан, та нар бусад техникээ аваад ир, хөрс хуулалтын үед тэсэлгээ хийхээр болсон гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бид бүх техникүүдээ авч ирж, хөрс хуулалтын ажлыг эхэлсэн. Инженер Ди Бао өнөө маргаашгүй тэсэлгээний зөвшөөрөл гарна гэж хэлсэн бөгөөд бид хөрсийг чадах хэмжээндээ хуулаад экскаватор хаданд тулаад ажиллах боломжгүй зогссон. Тэр үед тэсэлгээ хийхгүй, мөнгөө өгөхгүй байгаа учраас манайх ажлаа зогсоолоо гэж О.Оргилболдтой ярихад “Ван И Ру захиралтай өөрсдөө ярь, би мэдэхгүй” гээд утсаа тасалсан. Дахин залгахад утсаа авахгүй, мөнгө ч төлөхгүй, ажил хийх боломжгүй болсон тул техникүүдээ 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хот руу буцаагаад татсан.

Тэр үед Ван И Ру захирал Ж Х Чруу утсаар яриад 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хятадад хүрээд ир, үлдсэн техникүүдээ байлгаж бай, хохирлыг чинь төлнө гэж дуудсан. Ж Х Ч 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хятад руу яваад 9 дүгээр сарын 11-ний өдөр Ван И Ру захирал мөнгө өгсөн, тэсэлгээний ажлын зөвшөөрөл гарсан гэнэ. Одоо А Б ХХК-ийн талаас ямар ч асуудал гаргахгүй гэж байна, танайх сайн ажиллаж байгаа учраас өөр компанитай хамтран ажиллах сонирхолгүй гэж байна. Техникүүдээ буцаагаад уурхай руу тат гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр биднийг уурхай дээр буцаад ирэхэд хуучин байсан Ди Бао нутаг буцаад шинэ инженер Цай ирсэн байсан. Цай инженер ил биш далд уурхай хийхээр болсон гээд өөрөө зураг зурж, гарын үсэг зуруулж ажлаа үргэлжлүүлж хийсэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийх ёстой ажлаа бүгдийг нь хийгээд тэсэлгээ хийгээгүй учраас хаданд тулаад зогссон. Тэгээд аргагүйн эрхэнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр техникүүдээ буцаагаад хот руу татсан.

Тус компани тэсэлгээний зөвшөөрлөө аваагүй байснаас манайх ажлаа бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон. Дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд бид эксковатор, самосвал, ковш, түлшний машин зэргийг бусдаас түрээслэн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Үүнд: автомашин, техникийн түрээсийн гэрээний төлбөрт 224 000 000 төгрөг, түлшний зардалд 23 000 000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 6 000 000 төгрөг, нийт 253 000 000 төгрөг зарцуулснаас “А Б” ХХК нь 155 400 000 төгрөгийг төлсөн. Ийнхүү захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй, хохирол учирсан тул зөвхөн холбогдон гарсан зардлыг шаардаж байгаа болно. Тус шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч “А Б” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэрээ “Д Ж А В” ХХК болгон өөрчилсөн тул тус компаниас 97 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Оргилболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хятад хэл дээр хийгдсэн гэрээг “А Б” ХХК-иас байгуулсан гэх этгээд нь компанийг төлөөлөн аливаа гэрээ, эрх зүйн үр дагаварт хүргэх хэлцэл хийх эрх зүйн чадамжгүй этгээд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаас хэлцэл, гэрээнд төлөөлөх, бие даан гарын үсэг зурах итгэмжлэл аваагүй. Бид энэхүү гэрээ байгуулагдаж, Ж Х Чхөрс хуулалтын ажлыг эхлүүлсний дараа гэрээ байгуулагдсан талаар мэдсэн. Нэгэнт ажил эхэлсэн байсан учраас бид Жан Хай Чунд боломж олгож гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаж өгсөн боловч гэрээнд заагдсан хугацаанд ажлыг хийж амжаагүйн дээр гэрээгээр хүлээгээгүй үүрэг, биднээс хамаарахгүй нөхцөлийг манай компаниас шаардаж байсан учраас гэрээг цуцлах тухай хэлж, хоёр талаасаа мэргэжлийн хэмжилтийн компани авчирч хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийн үр дүнг тулгаж зөвшилцсөний үндсэн дээр хийгдсэн ажлын төлбөрийг төлсөн болно. Ямар ч өөрсдийн гэсэн хөрөнгө, техник байхгүй, авч ирсэн техникүүд нь жоншинд зориулагдаагүй, нүүрсэнд зориулсан техникүүд байсан. Тэдгээр нь өөрсдийнх нь биш болохоор тэсэлгээ хийхгүйгээр хийх боломжтой ажлыг гүйцэтгээгүй. Мөн компанийн хувьцаа эзэмшигч, захиралтай нь гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Би гэрээнд гарын үсэг зураагүй учраас нэхэмжлэлийг татгалзах шалтгаан юм. Мөн гэрээний төлбөр тооцоог дандаа Хятадад хийсэн, тийм болохоор хууль бус гэж үзсэн. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж Монгол улсдаа татвар тооцоогоо хийх ёстой. Би ажлыг хийх чадамжгүй компани байна, гэрээний хугацаанд хийсэн ажлын хөлсийг нь өгөөд гэрээг дуусгавар болгоё гэж санал тавьж байсан. Тухайн үед хөрс хуулалтын ажлын хөлс 1 м.куб нь 8 юань хавьцаа байсан, гэтэл 12 юаниар гэрээг хийсэн байсан нь эсэргүүцэх шалтгаан болсон. Гэрээний хугацаанд хийсэн ажлын хэмжээнд төлбөрийг төлсөн. Нэгэнт талууд зөвшилцөж гэрээг дуусгавар болгосон байхад биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн гэрээнээс үүссэн хохирол шаардаж байна. Нэхэмжлэгч ЖХЧ-тай гэрээ байгуулсан бөгөөд Б.Б ямар учиртай нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид гэдэгт Б.Б- гэж хүн орохгүй. 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “А Б” ХХК-ийг Хун Чен Мин гэдэг хүн төлөөлөөд гарын үсэг зурсан байдаг. Энэ компанийг төлөөлөх эрх 2011 оноос хойш О.Оргилболдод байсан. Мөнгийг ч гэсэн О.Оргилболд шилжүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгөөд байгаа и-мэйлээр итгэмжлэл олгосны дагуу гэрээ байгуулагдсан гэж байна. Тэгэхээр итгэмжлэлийг олгох эрхтэй этгээд олгоогүй, бичгээр байгуулагдсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй. Талууд Иргэний хуульд заасны дагуу харилцан тохиролцож ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад тэсэлгээ хийгээгүй учраас нийт 100 ,000 м.куб ажлыг гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарладаг. Нийт гүйцэтгэсэн ажлыг хоёр талыг байлцуулаад “Гал гэр” ХХК 35 242.96 м.куб гэж тодорхойлсон. Тэгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч тал зөвшөөрөөд 1 м.куб-ыг нь 12 юаниар бодоод хөлсийг нь өгсөн.

Нэхэмжлэгч тэсэлгээ хийх ёстой байсан гэж тайлбарладаг, энэ талаар” А Б” ХХК-д мэдэгдсэн баримтгүй. Мэдэгдээгүй байж тэсэлгээ хийгээгүйгээс хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хуульд зааснаар заавал мэдэгдэх үүрэгтэй. Хийсэн ажилд нь тохирсон үнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч Д Ж А В ХХК-аас 68 600 000 /жаран найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖХЧ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 000 000 /хорин есөн сая/ төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д Ж А В ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 500 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖХЧ--д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д Ж А В ХХК-аас орчуулгын хөлс 140,000 төгрөгийг гаргуулж ПДДБ ХХК-д, нэхэмжлэгч ЖХЧ-, хариуцагч Д Ж А В ХХК нараас орчуулгын хөлс 125 000 төгрөгийг тус тус гаргуулж МУИС-ийн багш, хятад судлаач орчуулагч В.Батмаад тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч К.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагавар байхыг шаардана. Гэрээт ажил буюу 100 000 м.куб талбайн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж түрээслэсэн зардал нь нэхэмжлэгчээс гарсан бодит зардал байх бөгөөд гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж түрээслэхэд гарсан зардал 224 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 155 400 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 68 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэж, мөн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Б.Б- нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан, төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн гэрээ нь ЖХЧ, “А Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан, Б.Б нь гэрээний тал биш байх тул тэрээр уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.” гэж тайлбарлажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлыг хийж гүйцэтгэхдээ бусдын өмчлөлийн техник тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээгээр авч ашигласан тухай нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал техник түрээслэх гэрээг Ж Х Ч болон Б.Б нар өөр хүмүүстэй байгуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б иргэн Б.Батнямсүрэнтэй гэрээ байгуулан гэрээний төлбөрт 27 000 000 төгрөгийг мөн иргэн Ж.Мандахсайхантай гэрээ байгуулан гэрээний төлбөрт 30 000 000 төгрөгийг төлсөн байна. Анхан шатны шүүх гэрээний нэг тал болох Ж Х Ч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.Б гэрээний оролцогч биш учраас гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн боловч Б.Б-гийн байгуулсан  гэрээний төлбөр болох 57 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд ажил гүйцэтгэгч нь өөрийн тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд техникийн түрээсийг ажил гүйцэтгэгч талаас байгуулсан. Гэрээнд ажил гүйцэтгэгч талын техникийн төлбөрийг захиалагчаас төлөхөөр тохиролцоогүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д Ж А В ХХК-иас 68 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж Х Ч-д олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шшүх хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн  нарийвчилсан зохицуулалтыг харьцуулан тайлбарлах аргыг зөв хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байгааг залруулан өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж Х Ч/Z H/, Б.Б нар хариуцагч “А Б” ХХК буюу “Д Ж А В” ХХК /нэр өөрчлөгдсөн/-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний  улмаас  учирсан  хохирол, зардалд 97 600 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “А Б“ ХХК нь нэхэмжлэгч Ж Х Ч /Z H/-тай 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Монгол Улсын Дорноговь аймгийн Айраг суманд орших жоншны ил уурхайн хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2017 оны 07 сарын 09-ний  өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд 100 000 м3 талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, 40 ба түүнээс доош гүн бүхий 1 км2 талбайд тээвэрлэх хөрсний байгууламжийн ажлын хөлсийг 12 юаниар тооцохоор тохиролцож,  хариуцагч нь хийж гүйцэтгэсэн 35 242. 96  м.куб хөрс хуулалтын ажлын хөлсөнд 155 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна. Харин ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнөх цуцлахтай холбоотой талуудын шаардлага гаргах эрхийн талаарх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын үнэлгээнээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэгчийн гэм буруугүйгээр захиалагч талаас шалтгаалан гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байгаа нь талуудын хэн алины тайлбар, ажлыг цаашид гүйцэтгэх бодит боломжгүй болсон нөхцөл байдал зэргээр тодорхойлогдож байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээг цуцлах, учирсан хохирлоо шаардах эрхтэй.  

Цаашид ажил гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцлах болсон нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгчээс хамаарахгүй байгаа учир Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар гэрээг цуцлах, улмаар гэрээ цуцлах хүртэл хугацааны ажлын хөлсөө  шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар ажилтны буруугүйгээр гэрээ цуцлагдсан тохиолдолд ажлын хөлс шаардах эрхийг тодорхойлсон бол, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсгээр уг ажлын хөлс буюу гэрээнээс орж байгаа үр шимээс давсан хохирол учирсан бол гэрээ цуцлахад буруутай байсан захиалагч талаас шаардах эрхийг олгосон байна.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар талуудын хэн аль нь төлөгдсөн мөнгийг 155 400 000 төгрөг болох талаар зөвшөөрсөн тайлбар өгсөн байгааг, гэрээнд 1 м.куб газар, шорооны ажлыг 35 242.96 м.куб гэж заасантай харьцуулан үзэхэд гүйцэтгэсэн ажлын хөлсийг 155 400 000 төгрөг гэж үзэх боломжтой байна. Иймд ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт заасан гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Харин гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлын хэмжээг анхан шатны шүүх тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх журам зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал, техник түрээслэсэнтэй холбоотой гэрээнүүдийн хугацаа нь түрээсийн төлбөр төлсөн гэх нэхэмжлэгчийн гаргасан задаргаа /хүснэгт/ гэх баримт, тайлбарт зааж буй 2 сарын хугацаанаас бага байна. /2 х.х-ийн 1-4 дүгээр тал/ Тодруулбал, ХG-951 маркийн авто ачигч /ковш/ машин, МАЗ маркийн түлшний машин, Howo маркийн13-56 УНЦ өөрөө буулгагч самсвол, FAW маркийн өөрөө буулгагч самсвол, Волва маркийн экскаватор зэргийг 2 сарын хугацаанд түрээслэн ажиллуулсан гэх тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, тооцоо дууссан актад /1 х.х-ийн 172-173, 180-181 дүгээр тал/ 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээслэж эхлэхээр заасан байх бөгөөд тээврийн хэрэгслийг буцаан татсан 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 1 сар 15 хоног байна. 

Талууд гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс, талбайд орж ажиллаж эхлэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон боловч ХG-951 маркийн 88-37 УБ дугаартай автоачигч /ковш/ автомашиныг сарын 15 000 000 төгрөгөөр, HOWO маркийн 13-56 УНЦ дугаартай өөрөө буулгагч /самосвал/ автомашиныг сарын 9 000 000 төгрөгөөр тус тус 1,5 сарын хугацаатай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс  түрээсэлсэн гэх баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү баримттай харьцуулан үзэхэд МАЗ маркийн түлшний машин болон VOLVO маркийн экскаватор, FAW маркийн өөрөө буулгагч самосвалыг 2 сараар түрээслэсэн гэх тайлбарыг эргэлзээгүй нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд бусад техник хэрэгслийг түрээслэсэн байж болох 1 сар 15 хоногтой дүйцүүлэн тооцон үзэхэд нийт 180 000 000 төгрөгийн зардал гарснаас ажлын хөлсөнд төлсөн 155 400 000 төгрөгийг хасч зөрүү 24 600 000 төгрөгийг хохиролд шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар 24 600 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 355.6 дах  хэсэгт заасныг  баримтлан хариуцагч “Д Ж А В” ХХК-иас 24 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖХЧ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 355.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Ж А В” ХХК-иас 24 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖХЧ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 000 000 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “...500 950...” гэснийг “...280 950...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                               Д.БАЙГАЛМАА