Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/00546

 

 

 

 

 

 

 

 

                             2023        01          23

            101/ШШ2023/00546

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б. У /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Д” ТББ /рд:8279713/-д холбогдох,

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч У.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Мөнгөнтуяагийн үүсгэн байгуулсан “Д” ТББ-ийн 2018 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл явагдах "МИНИЙ БИЗНЕС" хөтөлбөрт 2018 оны 8 дугаар сард бүртгүүлж, 5 сая төгрөгийн төлбөрөө Б.Б /Б.М-гийн төрсөн дүү/-гийн Хаан банкны ,, тоот дансанд шилжүүлж, “Д” ТББ буюу Б.М-с хэрэглэгчийн нэр, нууц үг агуулсан майл ирүүлснээр гэрээ байгуулсан болно. Уг хөтөлбөрийг анхнаасаа 5 жилийн 25 сая төгрөгийн төлбөртэй байсныг урамшуулал зарласан хэмээн 5 жилийн 5 сая төгрөгийн төлбөртэй болгосон байдлаар танилцуулсан бөгөөд миний хувьд 2018 оны 9 сараас эхлэн 2019 оны 10 дугаар сар хүртэл хөтөлбөрт хамрагдаж, ажлын ачаалал, шаардлагаар 2019 оны 11 дүгээр сараас хөтөлбөрт оролцохгүй явсаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэвтэрч орох гэсэн боловч орох боломжгүй болсон байсан. Өөрөөр хэлбэл, энэ цаг хугацаанаас өмнө орох эрхийг маань хаасан байж таарсан. “Д” ТББ болон Б.Мөнгөнтуяагийн хэлж, сурталчилснаар бол дээрх хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд 5 сая төгрөгийн төлбөртэйгөөр 5 жилийн дотроо хэдийд ч, ямар ч хичээлээ өөрийн сонголтоор үзээд суралцаад явах боломжтой, уян хатан хөтөлбөр гэсэн болохоор л миний хувьд ажил, амьдралын нөхцөл байдалтайгаа уялдуулан хажуугаар нь оролцоод, хамрагдаад явахад зохимжтой, хүссэн үедээ хараад уншаад, ажил ихтэй үедээ, амрах үедээ хойшлуулаад байх боломжтой юм байна гэж таалагдсан тул 5 сая төгрөгийг төлсөн. Хэрвээ тийм биш байсан бол, хатуу хуваарьтай, хатуу хөтөлбөртэй байсан бол ажил хийдэг хүмүүс түүнд 5 жилийг зарцуулахгүй, бас 5 сая төгрөг зарцуулахгүй нь тодорхой билээ. Миний нэвтрэх эрхийг хааснаас хойш Monica Batsukh хуудас /ажилтан руу нь/ руу мессеж бичиж асуутал өөрийн тань эрхийг нь хаа гэсэн шийдвэр гаргасан гэж мессеж бичээд блоклосон. Monica Batsukh буюу Б.Мөнгөнтуяа руу удаа дараа мэйл бичсэн боловч огт хариу бичээгүй. 2020 оны 7 дугаар сарын 15-нд Дйн ажилтан М.Солонго руу мэйл бичсэн. 2020  оны 7 дугаар сарын 17-нд хариу ирүүлсэн бөгөөд мэйлийн утга нь 2018 онд зарласан хөтөлбөрийн хугацаа, төлбөрийг үгүйсгэсэн утгатай мэйл илгээсэн байсан. Тодруулбал, 5 жилийн 25 сая төгрөгийн хөтөлбөр, 1 жилийг бэлэг болгоод өгсөн, мөн үйлчилгээний нөхцөл зөрчсөн тул эрхийг хаасан гэсэн тайлбар өгсөн юм. Түүнээс хойш надтай харилцах шаардлагагүй гээд миний мөнгөө шаардаж бичсэн мэйлд хариу өгөхгүй болсон. Хэдийгээр би 7 сарын хугацаанд завсарласан ч гэсэн уг хөтөлбөрийн нэг онцлог нь хэзээ ч хамаагүй өөрийн нэвтрэх эрх, нууц үгээрээ ороод шаардлагатай зүйлүүдээ үзээд судлаад явна гэж анхнаасаа ойлгосон байсан бөгөөд ийм онцлогтой хөтөлбөр гэдгийг ч Б.Мөнгөнтуяа нь хэлсэн байдаг. Б.Мөнгөнтуяа нь “Д” ТББ-ийн шугамаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, нэлээд хэмжээний орлого олдог бөгөөд хүмүүсийг хөтөлбөрийн нөхцөлөөрөө эхнээсээ татаж оролцуулаад таалагдахгүй болонгуут өөрийн дураар эрхийг нь хааж, загнаж, доромжилж, оролцоогүй хугацааных нь мөнгийг өгөхгүй байж болохгүй, ингэж хүний эрх ашгийг хохироохыг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Би дээрх хөтөлбөрт хамрагдахын тулд банкнаас тухайн үед зээл авч төлбөрөө төлж байсан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хохирсон. Тиймээс 5 жилийн хугацааны хөтөлбөрт 2 жил хүрэхгүй хугацаанд хамрагдаж, үлдсэн 3 жилд орох эрхийг хаасан учраас нээгдээгүй байсан тул хамрагдаагүй хугацааны 3 жилийн төлбөр болох 3 сая төгрөгийг нэхэмжилж байгаа тул бидний хооронд байгуулсан гэрээг цуцалж, “Д” ТББ-аас гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1-д зааснаар шүүгчээс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Мөн өмнө нь болсон хуралд шүүх оролцогчдод ялгавартай хандсан гэж сонссон. Нэхэмжлэгчийг загнаж, хариуцагчийн төлөөлөгчид тэгж хандаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул танхимыг орхих хүсэлтэй. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б.Уын нэхэмжлэлтэй, Д НҮТББ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс “Гэрээ цуцалж, 3 сая төгрөг гаргуулах тухай” шаардлагыг гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.У нь “Д” ТББ-ийн “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөрт 2018 оны 8 дугаар сард бүртгүүлж, цахимаар гэрээний болон үйлчилгээний нөхцөлтэй танилцан төлбөр болох 5 сая төгрөгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдаж, 2018 оны 9 дүгээр сараас хөтөлбөртөө хамрагдан дуусгасан. Тиймдээ ч нэхэмжлэлдээ “2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хөтөлбөртөө хамрагдсан” гэж зөвшөөрчээ. Учир нь “Д” ТББ- ийн “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөр нь 1 жилийн 5 сая төгрөгийн төлбөртэй сургалтын хөтөлбөр бөгөөд нэхэмжлэгч нь “5 жилийн 25 сая төгрөгийн төлбөртэй байсныг урамшуулал зарласан хэмээн 5 жилийн 5 сая төгрөгийн төлбөртэй болгосон байдлаар танилцуулсан” гэж үндэслэлгүйгээр тайлбарлажээ. Манай байгууллагын аливаа нэг сургалтын хөтөлбөр нь хамгийн дээд хугацаа нь 1 жилийн хугацаатай бөгөөд бакалавр болон ахисан түвшний мэргэжил олгодог их дээд сургуулиуд шиг 5 жилээр сургалт явуулдаг байгууллага манайх биш болно. “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөр нь 5 жилийн хугацаатай хөтөлбөр биш бөгөөд “1 жилийн хугацаатай, 5 сая төгрөгийн төлбөртэй” гэж анхнаасаа нэхэмжлэгчид танилцуулсан болно. Тиймдээ ч нэхэмжлэлдээ 1 жилийн төлбөр нь 5 сая төгрөгийн үнэ өртөгтэй байсныг мэдэж байсныг “5 жилийн 25 сая төгрөгийн төлбөртэй байсныг” гэж бичсэнээс нь харж болно. Б.У нь энэхүү хөтөлбөртөө бүрэн хамрагдаж дуусгасныг өөрийн үр дүнгээ дүгнэж, хүртсэн үр дүнгээ танилцуулдаг видео бичлэг зэргээс тодорхой харагдана. Энэхүү бичлэг болон түүний бичсэн аливаа И-Мэйл зэргийг шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргах бөгөөд энэхүү баримтуудаас энэхүү хөтөлбөртөө бүрэн хамрагдаж дууссан болохыг тодорхой харж болно. 5 жил үргэлжлэх хөтөлбөр байсан бол дээрх хөтөлбөртөө хамрагдаж, үр дүнгээ дүгнэсэн бичлэгийг Д ТББ-ийн эрхлэн хөтөлдөг Youtube.com хуудаст байршуулах боломжгүй болно. Нэхэмжлэгч Б.У нь “Д” ТББ-ийн “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөрт хамрагдсан ба хөтөлбөртөө амжилттай хамрагдсан идэвх зүтгэл зэргийг харгалзан хариуцагч байгууллагад ажилтнаар авсан байдаг. Өөрөөр хэлбэл Б.У нь хөтөлбөрт хамрагдахын хажуугаар тус байгууллагад ажиллаж байсан. Ийнхүү “Миний Бизнес” хөтөлбөрт хамрагдсан болон тус байгууллагад ажиллаж байсан зэргийн урамшуулал болгон “Миний Бизнес” хөтөлбөрийг цахимаар хэдийд ч орж дахин үзэх эрхийг нээлттэйгээр байлгаж байсан. Миний бизнес хөтөлбөрийг амжилттай хамрагдаж дууссантай холоотойгоор төгсөлтийн арга хэмжээг тухайн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс дунд зохион байгуулж байсан. Гэтэл “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөртөө хамрагдаж дууссан атлаа урамшуулал болгож хөтөлбөрийг дахин үзэх урамшууллын цахим эрхийг 2021 онд хаасан асуудалтай холбогдуулан дуусгавар болсон гэрээний үүргийг манайхаас шаардаж буй нь үндэслэлгүй болно. Гэрээгээр авах ёстой байсан сургалтын үйлчилгээгээ авч дууссан ба дуусгавар болсон гэрээг цуцалж, 3 сая төгрөгийг шаардах эрхгүй болно.

Нэхэмжлэлийг татгалзах үндэслэл нь гэрээ дуусгавар болсон. Үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэлд бичсэнээр урамшуулалд хамрагдсан гэдгийг зөвшөөрдөг. Нэвтэрч орох эрх нь хаагдсан байсан гэдэг. Маргаж байгаа зүйл нь 5 жил суралцах байсан гэдэг. Гэтэл эхний 1 жил миний бизнес гэдэг 8 модультай хичээлийг судлаад дууссан. Үлдэх 4 жил нь урамшуулал юм. Энэ хугацаанд орох эсэх нь нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал юм. Миний бизнес нь 5 жил үргэлжлэх хөтөлбөр биш юм. Эхний 1 жил суралцаад төссөн байдаг. Бид энэ талаар үзлэг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч нь суралцах боломжтой байсан зүйлээ суралцаагүй гэдэг. Гэтэл нэвтрэх эрх хаагдсан гэдэг. Ямар хичээлд орж чадаагүй гэдгээ нотлоогүй юм. Учир нь ийм хөтөлбөр байхгүй. Хөтөлбөр хэрэгжээд дууссан. Анхнаасаа 5 жилийн 25 саяын хөтөлбөрийг 5 саяар авч байгаагаа хэлсэн байна. Урамшуулал болох 2-3 жилээ авах эсэх нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарна. Ингэж нэхэмжлэлээ тодорхойлсон бол өөр юм. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид ажиллаж байгаад халагдсан талаарх баримтыг гаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ТББ-н үйл ажиллагааг мэдэж байгааг харуулна. 5 жил гэдэг өмнөх хичээлээ давтан үзэж болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгэнт судалсан зүйлийг нь дахиж үзэх асуудал юм. Үлдэх 3 жилд ямар хичээл үзэх талаар тодорхойлоогүй юм. 2 жил шахуу хичээлээ үзэж байсан бөгөөд ТББ-д ажиллаж байхдаа бусадтай их таарамжгүй байсан. Үйл ажиллагаанд нь саад учруулаад байсан тул сүүлийн 3 жилд ажлаас халаад нэвтрэх эрхийг нь хаасан юм. Харилцааны хувьд ТББ дотооддоо болон үйлчлүүлэгч буюу суралцагч нартай зүй бус харилцсан юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд:Ариг банк дахь өөрийн дансны хуулга /хх4/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбар /хх13-15/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 02770 дугаар захирамжийн хуулбар /хх66-69/, 2 ширхэг гэрэл зураг /хх168/, “Д” ТББ-н захирлын 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 19/31 дугаар тушаал /хх184/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр “Д” НҮТББ-н дэлгэрэнгүй лавлагаа /хх28-30/, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2-4в/122 дугаар албан тоот /хх32/, 02 дугаар сарын 24-ны өдрийн 2-4в/959 дүгээр албан тоот /хх43/, Н.А-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх46/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх47/, Б.А-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх48/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх49/-г нотлох баримтаар гаргуулсан.

2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн. /хх171-176/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.У нь сургалтад хамрагдаагүй хугацааны төлбөр 3,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Д” ТББ нь сургалтад бүрэн хамрагдсан тул төлбөрийн буцаан олгох үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зохион байгуулсан “Миний бизнес” гэх сургалтад 2018 оны 09 дүгээр сараас эхлэн хамрагдсан бөгөөд төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн болох нь Ариг банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх4/

Улмаар зохигчид бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь 5 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрийг нөхөн үзэх буюу давтан суралцах боломжтой байхаар тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч нь сургалт нь нэг удаагийн шинжтэй бөгөөд урамшуулал хэлбэрээр давтан үзэх боломжтой байсан. Улмаар нэхэмжлэгч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөж урамшууллыг зогсоосон гэж маргаж байна.

 

Зохигч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлох зорилгоор Youtube.com цахим хуудас, СиДи болон цахим шууданд үзлэг хийлгэсэн. /хх171-176/

Үзлэгийн тэмдэглэлийн 1, 2 гэж дугаарласан бичлэгээс үзэхэд маргаж буй сургалт нь 5 жилийн турш үргэлжлэхээр ойлгогдож байна. Тодруулбал, 5 жилийн хугацаанд сургалтын материалыг нөхөн үзэх боломжтой байжээ. Цаашлаад, үзлэгийн 4 гэж дугаарласан бичлэгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2 сарын хугацаанд суралцсан бөгөөд сэтгэл хангалуун байгаа талаар тайлбарлаж байна.

 

            Түүнчлэн уг сургалт нь тасралтгүйгээр явагдах бус харин 5 жилийн хугацаанд давтан нөхөж үзэх боломжтой байхаар анх тохиролцсон талаар зохигч хэн аль нь маргахгүй байна.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нь гэрч Г.М-г нэхэмжлэгчтэй хамт сургалтад хамрагдсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хуралдааны танхимыг орхиж гарахаас өмнө буюу шүүх хуралдааны хүсэлт хянан шийдвэрлэх шатанд энэхүү тайлбарыг үгүйсгээгүй.

            Гэрч нь энэхүү сургалт нь 2 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд улмаар 5 жилийн хугацаанд сургалтын материалыг нөхөж үзэх буюу давтан суралцах боломжтой байдаг талаар тайлбарлаж байна.

 

            Эдгээр үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг тодорхой хугацаанд сургалтад хамруулах, улмаар 5 жилийн хугацаанд цахим санд байгаа сургалтад давтан суралцах эрхээр хангах үүрэг хүлээсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ТББ-н болон бусад суралцагчидтай зүй бус харилцсаны улмаас 3 жилийн нөхөн үзэх эрхийг хаасан гэж тайлбарласан.

            Гэвч хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргаан нь өмнө нь хамрагдсан сургалтаас олж авсан эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

            Тодруулбал, байгууллага дотор болон үйлчлүүлэгч нартай зүй бус харилцсанаас хохирол учирсан бол үүнийг Хөдөлмөрийн тухай хууль болон маргааны төрлөөс хамаарч Иргэний хууль заасан зохицуулалтаар шийдвэрлэнэ.

 

            Иймд зохигч хэн нь үлдэх 3 жилийн хугацаанд сургалтын материалыг нөхөн үзэх нэхэмжлэгчийн эрхийг дуусгавар болгосон талаар маргаагүй, өөрөөр хэлбэл энэ хугацаанд хариуцагч нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан байх бөгөөд нийт 5,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар холбогдох хугацаанд дүйцүүлэх замаар 3,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн гэрээг цуцлах гэдэг нь бие даасан шаардлага биш бөгөөд энэ асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураамжийг буцаан олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “Д” ТББ-с 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ут олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД