Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/03007

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны12 сары15 өдөр

181/ШШ2022/03007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.С/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О/РД: /-д холбогдох,

 

Бөмбөлөг цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, нэхэмжлэгч өмгөөлөгч Э.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч Д.Отгонжаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Дашнямын******* нь 2017 оны 8 сарын сүүлээр надтай ирж уулзан 11-р хороололд 389м2 газар худалдах санал тавьсан. Бид уг 389м2 газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол Сургалтын Байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139 000 000/нэг зуун гучин есөн сая/ төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож урьдчилгаанд нь 9 сая төгрөг өгсөн.

Уг газар нь доогуураа 4ш төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон байгаа гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд Дулааны Зүүн Түгээх Төвийн ерөнхий инженер Дэлгэрсайхан гэх хүнийг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулсан.Дэлгэрсайхан ярихдаа Уг газар дээрхи Төвийн шугамуудыг хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81,000,000/наян нэгэн сая/ төгрөг болно, би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийлгэж өгье, санаа зоволтгүй гээд Төгс мандал сутай ХХК-ийн захирал Болдбаатарын Мөнх-ялалтыг/98119545/ дуудан манай компаний инженер Насанбат/94351450/, менежер Ганболд/99101799/, захирал Н.Уранчимэг/99118797/ нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81 сая төгрөгт гүйцэтгэхээр болсон.

Бид Төгс-Мандал сутай ХХК-тай ярилцаж Д.Отгонжаргалд төлөх 139 000 000/нэг зуун гучин есөн сая/ төгрөгөөс дулааны шугамны 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийг Төгс-Мандал сутай ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм.

Ингээд Э.******* миний бие нь Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонжаргалтай 2017 оны 09 сарын 10-ний өдөр Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г, 2017 оны 09-р сарын 14-нд Боловсрол Сургалтын Байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, Газар эззмших эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг харилцан тохиролцон хийж 366 тоот нотариатаар батлуулсан. Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139 000 000/нэг сая гучин есөн мянган/төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон.

Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардалын үнэ 81 000 000/наян нэгэн сая /төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор Төгс-Мандал Сутай-д олгохоор хасаж тооцон үлдэгдэл төлбөр болох 59 000 000/дөчин ес сая/ төгрөгнөөс 9,000,000 төгрөгийг бэлнээр*******д өгсөн,40 000 000/дөчин сая/ төгрөгийг Д.Отгонжаргалын ХААН БАНК-д байрлах Бөмбөлөг цэцэрлэгийн 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9,000,000/есөн сая/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч******* хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна.

Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч гэрээний дагуу талууд харилцан баталгаажуулсан албан ёсны баримттай учир иргэний шүүхэд ханд гэсэн хариуг мөрдөгч Батсайхан хэлсэн.

Иймд Д.Отгонжаргалын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964-тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Д.Солонгын өмгөөлөгч Э.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газрын эрх шилжүүлэх гэрээ, Бөмбөлөг цэцэрлэгийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан шаардлагад нийцэж байгаа учраас ноцтой төөрөгдөл юм уу, хуурч мэхэлсэн зүйл тогтоогдохгүй. Гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 189.1-т заасны дагуу талууд өөрсдийнхөө хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж агуулгыг тодорхойлж гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ Э.******* биелүүлсэн. Хавтаст хэргийн 29, 83 дугаар хуудсанд авагдсан баримтаар нийт 49,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч Д.Отгонжаргал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний нөхцөл, шаардлагыг хангасан учраас нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй гэсэн саналыг оруулж байна. Хариуцагч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Энэ тайлбар гэрч н.Уранчимэг, н.Төмөрбаатар нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. Тийм учраас Э.******* шаардах эрхтэй. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Бөмбөлөг цэцэрлэгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээний эх хувийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч Д.Отгонжаргал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа биечлэн ирж оролцоод явж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл нөхцөл байдал бий болсон учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгөөч ээ. гэв

 

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэбилэг овогтой Солонгын нэхэмжлэлийг хүлээн аваад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Миний хувьд ******* гэдэг хүнийг огт таньдаггүй бөгөөд Төмөрбаатар гэж надтай компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт бэлэн болсон байна.

Нэгэнт ийм сайхан гэгээлэг, бэлэн ажилд хөрөнгө оруулж туслахад урамтай таатай байна гэдгээ амлаж, манай охины нэрээр ийм ийм гэрээ хийчих, тэгээд дараа нь цэцэрлэгээ бариулаад буцааж бичиг баримтаа аваарай, энэ олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж, өрөвдөж, танайд туслахаар шийдлээ гэж намайг төөрөгдүүлж, эдийн засгийн зовлонтой байдалд орсныг далимдуулж ийм нэхэмжлэл гаргасанд маш их гомдож, харамсаж байна.

Анхнаасаа Уранчимэг надад Чи миний хэлснээр гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр рүү шилжүүлнэ, чамд туслах ийм л боломж надад байна, чи тэгээд цэцэрлэгт гарсан хөрөнгө оруулалтын мөнгө дээр 10 хувь ч юмуу сэтгэлээрээ нэмж өгнө биз гэж байсан юм. Мөн би танай бичиг баримтыг шилжүүлэхгүйгээр тусалмаар байна, гэвч би өөрөө хуулийн байгууллагаар олон асуудалтай учраас ингэж шилжүүлж байж л манайхан надад итгэж, танай цэцэрлэгийн барилгыг барьж өгч чадна. Төмөрөө чамайг надад хамт ажилладаг байсан, маш сайн хүн гэж магтдаг байсан учраас л би чамтай уулзаж бүх юм чинь үнэхээр жин тан байсан учраас ийм аргаар тусалъя гэж шийдсэн гэж надад маш их итгэл найдвар төрүүлчихээд ийм муухай зан гаргаж залилан мэхлэх, луйврын шинж агуулж байгаад нь итгэж чадахгүй байна.

Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0003000964 дугаар Аж ахуй, нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хяналт баталгааны дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Бөмбөлөг цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0002154 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/03 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Бөмбөлөг цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 17.03 дугаар Тооцоонын үлдэгдлийн баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/03 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан Нас барсны гэрчилгээ, шүүхийн журмаар бүрдүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10 Аюурвэйд ХХК-ийн эмнэлэгийн тодорхойлолт, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14/1408 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичгийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №02-06/7246 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2-46/782 Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №01-08/5541 Газар зохион байгуулалтын албаны албан бичгийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0000120249 дугаар Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Кадастрын зургийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1189 дугаар Нийслэлийн засаг даргын захирамжийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/420 дугаар Бөмбөлөг цэцэрлэгийн хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/120 дугаар Бөмбөлөг цэцэрлэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хуудасны хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актын хуулбар, Газрын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Бөмбөлөг цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын дүрмийн хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0003000964 дугаар Аж ахуй, нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хяналт баталгааны дүгнэлтийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0002944 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гэрчилгээний хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/190 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/189 дугаар Албан бичгийн хариу авах тухай албан бичгийн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 661 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0755 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар захирамжийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар захирамжийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан хууль бус өмчлөлөөс 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Искорка ХХК-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөлөг цэцэрлэг БСБ-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Боловсрол сургалтын байгууллагын эрх шижлүүлэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р Искорка ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшилд Сүхбаатар дүүрэг, 7-р хороо хаягт байрлах 389 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй, газар эзэмших эрхээ 139,000,000/нэг зуун гучин есөн сая/ төгрөгөөр үнэлж шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ-р Искорка ХХК-ийн захирал Д.Отгонжаргал нь 0/тэг/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй Бөмбөлөг цэцэрлэг-ийн өөрт ногдох 100 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь нэхэмжлэгчийн эзэмшилд Сүхбаатар дүүрэг, 7-р хороо хаягт байрлах 389 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй, газар эзэмших эрхээ 139,000,000/нэг зуун гучин есөн сая/ төгрөгөөр үнэлж шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ-р Д.Отгонжаргал нь 0/тэг/ төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй Бөмбөлөг цэцэрлэг-ийн өөрт ногдох 100 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь Сүхбаатар дүүрэг, 7-р хороонд байрлах нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг 5/тав/ жилийн хугацаатай цэцэрлэгийн зориулалтаар эзэмших эрхээр эзэмшдэг байсан болох нь 2013 оны 9-р сарын 23-ны өдрийн 000300964 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 9-р сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бөмбөлөг цэцэрлэг БСБ-ын Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Ж.Батмөнхийн гудамж-1, 27 хаягт байрлах, нэгж талбарын 1461300436 дугаар бүхий 389 м.кв газрын газар эзэмших эрхийг Тоглоомын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай сунгасан болох нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/1189 дугаар Захирамжийн болон 0000120249 дугаар Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь 0002154 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний болон 0002944 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөлөг цэцэрлэг БСБ-тай байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Нэрлэгдээгүй гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөлөг цэцэрлэг БСБ-тай байгуулсан дээрх Нэрлэгдээгүй гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Искорка ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байх боловч Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь нэгж талбарын 1461300436 дугаар бүхий 389 м.кв газрыг газар эзэмших эрхээр эзэмшдэг, Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Бөмбөлөг цэцэрлэг БСБ-с дээрх Нэрлэгдээгүй гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т ... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ..., 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг ... үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Нэрлэгдээгүй гэрээнүүдэд хариуцагч Д.Отгонжаргал гарын үсэг зурсан байх боловч Нэрлэгдээгүй гэрээнүүдийг Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь хуулийн этгээдийн хувьд байгуулжээ.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонжаргал нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх ба Бөмбөлөг цэцэрлэг БСБ нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Бөмбөлөг цэцэрлэг БСБ-ын өмнөөс хариуцлага хүлээхгүй тул нэхэмжлэгч нь Бөмбөлөг цэцэрлэг БСБ-с Нэрлэгдээгүй гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн болон 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дээрх гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-д зааснаар Бөмбөлөг цэцэрлэг БСБ-д 49,000,000/дөчин есөн сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, №17-03 Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалын хууль бус өмчлөлөөс 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалын хууль бус өмчлөлөөс 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ