Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00050

 

 2021 01 19 001/ХТ2021/00050

Э.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00976 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1315 дугаар магадлалтай,

 Э.Солонгын нэхэмжлэлтэй,

Д.Отгонжаргалд холбогдох,

Д.Отгонжаргалын хууль бус өмчлөлөөс Бөмбөлөг цэцэрлэг БСБ-ын Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний эх хувийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн төлөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч тал тайлбартаа:******* нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзан 11 дүгээр хороололд 389 м.кв газар худалдах санал тавьсан. Бид уг 389 м.кв газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол сургалтын байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож, урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Уг газар нь доогуураа 4 ширхэг төвийн магистрал шугам татагдсан, барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон байгаа, гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд дулааны зүүн түгээх төвийн ерөнхий инженер н.Дэлгэрсайхан гэх хүнийг бидэнтэй уулзуулсан. н.Дэлгэрсайхан ярихдаа Уг газар доорх төвийн шугамуудыг хажуугийн авто замын талбайг эвдэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81 000 000 төгрөг болно. Би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийж өгье гээд Төгс мандал сутай ХХК-ийн захирал Б.Мөнх-Ялалтыг дуудан манай компанийн инженер н.Насанбат, менежер н.Ганболд, захирал Н.Уранчимэг нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81 000 000 төгрөгт гүйцэтгэхээр болсон. Бид Төгс мандал сутай ХХК-тай ярилцаж*******д төлөх 139 000 000 төгрөгөөс дулааны шугамын 81 000 000 төгрөгийг Төгс мандал сутай ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд ******* миний бие Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч*******тай 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг харилцан тохиролцон нотариатчаар батлуулсан. Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамын зардлын үнэ 81 000 000 төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор Төгс мандал сутай ХХК-д олгохоор хасаж тооцон, үлдэгдэл төлбөр болох 59 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг бэлнээр*******д өгсөн, 40 000 000 төгрөгийг*******ын Хаан банкинд байрлах Бөмбөлөг цэцэрлэгийн 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч******* дээрх баримт бичиг, тамга тэмдгийг хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна. Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч иргэний шүүхэд ханд гэсэн хариуг хэлсэн. Иймд*******ын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд ******* гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд н.Төмөрбаатар гэж надтай нэг компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт бэлэн болсон байна, чи миний хэлснээр ийм гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр лүү шилжүүлнэ гэж итгэл найдвар төрүүлчихээд ийм муухай зан гаргаж залилан мэхлэх, луйврын шинж агуулж байгаад нь итгэж чадахгүй байна. Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00976 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх хэсэгт зааснаар*******аас Бөмбөлөг цэцэрлэг БСБ-ын 8253943, 1117249286 тоот тамгыг, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг эзэмших эрхийн 000300964 тоот гэрчилгээ, холбогдох Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийн эх хувийг тус тус гаргуулан *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж,*******аас 140 400 төгрөгийг гаргуулан *******д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1315 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар*******д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх Магадлалын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж зааснаар зохих этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ гэж заасан. Зохигчдын хооронд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байхад ашиглуулах талаар зохицуулалтыг үндэслэсэн, өөрөөр хэлбэл газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах эрхийн зохицуулалтыг, хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх зохицуулалттай нэгэн ижил утгаар тайлбарлаж, хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн үзэхээр байгаа юм.

2. Мөн Магадлалын үндэслэх хэсэгт хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 11 гэрчийг асуулгах тухай хүсэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаар дахин Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн хийх ажиллагаа бөгөөд хариуцагч нь өмнөх нэр бүхий 9 гэрчээсээ татгалзсан эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүй орхигдуулсан байна гэжээ.Энэ хэргийг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2461 дугаартай магадлалаар хариуцагч******* нь анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж, үүнтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэр бүхий 11 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх нэр бүхий 11 этгээдүүдийн овог, оршин суух хаяг, утасны дугаар зэрэг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх шаардлагатай мэдээллүүдийг тодорхой тусгаагүй гэж дүгнэн хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй болж чадаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 976 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн Гурав дахь үндэслэлдээ Анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн шүүх хуралдааныг гэрчээр асуулгахыг хүссэн нэр бүхий этгээдүүд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой чухам ямар нөхцөл байдлыг гэрчлэх, тэдгээр нь Монгол Улсад байнга оршин сууж байгаа эсэх, тэдгээрийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг зэргийг тодруулах боломжийг хариуцагч талд олгох үндэслэлээр хойшлуулсан. Үүний дагуу хариуцагч******* нь зарим этгээдтэй холбоотой асуудлаа тодруулан иргэн Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хангаж, иргэн Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч бусад этгээдтэй холбоотой асуудлаа тодруулж, гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс хариуцагч*******д хүсэлтээ тодруулах, хангагдах боломжтой хэлбэрээр гаргах боломжийг олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч энэ талаар санаачилга гаргаагүй болно гэж дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. Давж заалдах шатны шүүх Үндэслэх хэсэгтээ: Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ч.Мягмарсүрэнг гэрчээр асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчжээ гэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн хоёр-ын б/.-д нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Н.Уранчимэг, Г.Төмөрбаатар нар, хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нарын мэдүүлэг зэргийг харьцуулан үзээд эдгээр гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв гэснээс харахад гэрчийн зөрчилд тооцогдохгүй, мөн энэ асуудлыг дахин хэргийг хүлээж авсан анхан шатны шүүхээс залруулах боломжгүй алдаа байгаа тул энэ үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь буруу юм.

Давж заалдах шатны шүүх дээрх 3 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* нь*******ын хууль бус өмчлөлөөс Бөмбөлөг цэцэрлэг БСБ-ын Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний эх хувийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй талаарх гомдол үндэслэл бүхий байна.

 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх 3 үндэслэл заасны 2 нь хүсэлт болон гэрчийн мэдүүлэгтэй холбоотой байна. Тухайлбал, шүүх

 а\ Хариуцагч талаас гаргасан Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг, мөн өмнө нь нэр бүхий 9 гэрчийг асуулгах хүсэлтээс татгалзсан эсэхийг тодруулалгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй,

 б\ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хэргийн оролцогчийг гэрчээр асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1. дэх заалтыг зөрчсөн гэжээ.

 Хэргийн 240, 242 дугаар талд гэрч Ж.Буянтогтох, Ч.Мягмарсүрэн нарыг гэрчээр асуусан тэмдэглэл авагдсан, түүнчлэн нэр бүхий 9 хүнийг гэрчээр асуулгахаар гаргасан хүсэлтийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь тэдгээрийг шүүхэд дуудах хаяг зэргийг тодруулж өгөөгүй, энэ талаар дахин хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан Ч.Мягмарсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1.-д заасан үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх боловч дээрх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийдвэрт тусгасан тул үүнийг шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д нийцэхгүй юм.

 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон дээрх үндэслэл хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 2. Харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн дүгнэлт буюу нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байхад шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг анхаараагүй гэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

 Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдал, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаараагүй нь дутагдалтай болжээ.

 Үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд юуны өмнө энэ тухай тохиролцоо нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэх шаардлагатай бөгөөд энэ талаар зохигч анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул дээрх нөхцөл байдлыг тодруулах агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн үндэслэл Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

 3. Анхан шатны шүүх дараах байдлыг тодруулаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгч нь иргэн*******д холбогдуулан хэд хэдэн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

 Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний зүйл болох нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны А/893 тоот шийдвэрээр Бөмбөлөг цэцэрлэгт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар газар эзэмшигч нь Бөмбөлөг цэцэрлэг байх ба Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, Бөмбөлөг цэцэрлэгийн захирал******* нарын хооронд байгуулагдсан, зохигчийн хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ-г Бөмбөлөг цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Искорка ХХК-ийн захирал*******тай тус тус байгуулжээ.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, үүнтэй холбоотой хариуцагчийг тодорхойлох ажиллагаа хийх нь зайлшгүй байна.

 4. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын тодруулсны эцэст нотлох баримтыг үнэлж, холбогдох хуулийг хэрэглэж Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтамирын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтамираас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД