Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/03775/И |
Дугаар | 210/МА2023/00584 |
Огноо | 2023-03-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00584
2023 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/00584 |
Э.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/03007 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.О-д холбогдох,
Б- цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Д.О- нь 2017 оны 08 сарын сүүлээр надтай ирж уулзан 11 дүгээр хороололд 389 м.кв газар худалдах санал тавьсан. Бид уг 389 м.кв газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол сургалтын байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож урьдчилгаанд нь 9,000,000 төгрөг өгсөн.
Уг газар нь доогуураа 4ш төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэх компанитай тохиролцсон байгаа гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд Дулааны Зүүн Түгээх Төвийн ерөнхий инженер Д-ыг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулж, газар дээрх төвийн шугамуудыг хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81,000,000 төгрөг болно, би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийлгэж өгье, санаа зоволтгүй гэсэн. Т ХХК-ийн захирал Б.М-ыг дуудан манай компанийн инженер Н-, менежер Г-, захирал Н.У- нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81,000,000 төгрөгт гүйцэтгэхээр болсон.
Бид Т ХХК-тай ярилцаж Д.О-д төлөх 139,000,000 төгрөгөөс дулааны шугамны 81,000,000 төгрөгийг Т ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Э.С- миний бие нь Б- цэцэрлэгийн эрхлэгч Д.О-тай 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг харилцан тохиролцон хийж 366 тоот нотариатаар батлуулсан. Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардлын үнэ 81,000,000 төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор Т ХХК-д олгохоор хасаж тооцон үлдэгдэл төлбөр болох 59,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг бэлнээр Д.О-д өгсөн, 40,000,000 төгрөгийг Д.О-ын Хаан банкинд байрлах Б- цэцэрлэгийн 00- тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч Д.О- хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна.
Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч гэрээний дагуу талууд харилцан баталгаажуулсан албан ёсны баримттай учир иргэний шүүхэд ханд гэсэн хариуг мөрдөгч Батсайхан хэлсэн.
Иймд Д.О-ын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964-тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Б- цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний хувьд Э.С- гэдэг хүнийг огт таньдаггүй бөгөөд н.Т- гэж надтай компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд Н.У- гэдэг хүнтэй уулзуулсан. Н.У-тэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт бэлэн болсон байна. Миний хэлснээр гэрээ хийж байж, манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг барьсны дараа бүх бичиг баримтыг буцааж танай нэр рүү шилжүүлнэ, чамд туслах ийм л боломж надад байна, чи тэгээд цэцэрлэгт гарсан хөрөнгө оруулалтын мөнгө дээр 10 хувь нэмж өгнө гэж байсан.
Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-ын хууль бус өмчлөлөөс 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Б- цэцэрлэгийн тамгыг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.
Талууд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээг 366 тоот нотариатч баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Анхан шатны шүүхээс ч мөн уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Уг гэрээгээр хариуцагч Д.О- нь өөрийн 100% эзэмшдэг Б- цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын бүх эрхийг нэхэмжлэгч Э.С-д шилжүүлэн мөн Б- цэцэрлэгийн эзэмшдэг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 389 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Э.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талууд харилцан тохиролцсон ажлын хөлсний тооцоог хасч 59,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 9,000,000 төгрөгийг хариуцагч Д.О-д бэлнээр төлж, 40,000,000 төгрөгийг Б- цэцэрлэгийн Хаан банкны 00- тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 9,000,000 төгрөгийг төлөөд Б- цэцэрлэгийн тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч хариуцагч Д.О- нь хууль бусаар эзэмшин өгөөгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б- цэцэрлэг БСБ-ын зүгээс нэхэмжлэгч Э.С-той байгуулсан гэрээтэй ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд уг гэрээнүүд өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Иймд анхан шатны шүүхээс Д.О-ыг хариуцагч биш гэж дүгнэсэн нь илт шударга бус бөгөөд уг нэхэмжлэлээр шаардаж буй тамга баримт бичгийг Д.О- нь хууль бусаар өөртөө байлгаж байгаа учир Д.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зугтан холбоо барихгүй болсон ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас хэн ч оролцоогүй хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн юм. Хариуцагчийн энэ үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаангүй учраас шүүх хуралдаанд оролцоогүй гэж нэхэмжлэгч талаас ойлгож байна.
Уг маргаан 6 дахь жилдээ шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ хугацаанд хангалттай нотлох баримт цугларсан хэргийг хэлэлцэх боломжтой атал анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Э.С- нь хариуцагч Д.О-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Б- цэцэрлэг-ийн тамгыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хариуцагч Д.О- нь Б- цэцэрлэг нэртэй боловсрол сургалтын байгууллага/цаашид БСБ гэх/-ын 1 гишүүнтэй хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч байх ба, тэрээр уг цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг болох нь тогтоогдсон байна. /1хх 15-27/
2.а. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 389 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаартай шийдвэрээр уг газрыг цэцэрлэг-ийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшиж байсан ба, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1189 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, гэрчилгээ олгосон болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн холбогдох баримтуудаар нотлогдож байна. /2хх 170-250, 3хх 1-10/
3. Нэхэмжлэгч Э.С- нь , И ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, энэ 2 гэрээг байгуулсны дараа нэхэмжлэгч Э.С- нь Б- цэцэрлэг БСБ-тай 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан бөгөөд эдгээр 4 гэрээгээр талууд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороонд байрлах 389 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай газар эзэмших эрхийг 139,000,000 төгрөгөөр, цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байна.
4. Үүнээс хойш нэхэмжлэгч Э.С- нь Б- цэцэрлэг БСБ-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан байх ба, уг гэрээнд зааснаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол хаягт байрлах 389 м.кв эзэмшил газрыг подвальтай 2 давхар барилгын иж бүрэн зураг төсөл, бүх төрлийн техникийн нөхцлүүд, машины зогсоолын зөвшөөрөл болон Нийслэлийн боловсролын газраас олгосон ерөнхий боловсролын тусгай зөвшөөрөл зэргийг 139,000,000 төгрөгт тооцож авах-аар тохиролцсон байна./1хх 26-29/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг буруу тодорхойлсоныг дараах байдлаар залруулах боломжтой.
Дээрх 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх болон цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээнээс үзвэл нэг тал нь газар эзэмших эрх болон цэцэрлэгийн эрх буюу 100 хувийн хувьцааг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
6. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн И ХХК болон Э.С- нарын хооронд хийгдсэн, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б- цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага болон Э.С- нарын хооронд хийгдсэн, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, БСБ-ын эрх шилжүүлэх гэрээнүүдийн нэг тал нь Д.О- биш байх тул нэхэмжлэгч нь түүнээс гэрээний үүргийг шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Гэрээний оролцогч нь Б- цэцэрлэг БСБ гэх хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт нийцжээ
7.а. Иймд хариуцагч Д.О- нь Б- цэцэрлэг БСБ-ын тамга, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээг хууль бусаар эзэмшиж байхад анхан шатны шүүх түүнийг хариуцагч биш гэж дүгнэсэн нь шударга бус болсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь тэрээр гэрээний нэг талын оролцогч биш юм.
8. Харин, шүүхээс хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг залруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байгааг зөвтгөх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/03007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25 дугаар зүйлийн 25.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ