Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/03372

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03372

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Туулын БГД 00 тоотод байрлах, М ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Д/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр байрны 00 тоотод байрлах, Х ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Н/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй,Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

                                                                                                                    

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь Х ХХК, Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Х ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.   

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Х ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Б гэх хүн манай М ХХК-тай 2018 оны 3 дугаар сараас утсаар холбогдож тус байгууллагын Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах алтны уурхайд ашиглаж байсан дезиль генераторын алтернаторыг нийлүүлэхээр болсон. Алтернаторын урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогч Н.О ын данс руу 19 000 000 төгрөг болон 1 000 000 төгрөгөөр хоёр хувааж 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 4 150 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээр тохирсон боловч одоо хүртэл шилжүүлээгүй байна. Алтернаторын үнийн саналыг 26 565 000 төгрөг гэж өгсөн боловч НӨАТ хасуулж авах хүсэлтэй байгаагаа хэлж хоорондоо тохиролцон төлбөрийг хувийн дансаар авахаар тохиролцсон. Уг алтернаторыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр засварын багийнхан Улаанбаатар хотоос ачиж, Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнээс хойш төлбөрөө нэхэж залгахаар мэдэх хүн олдохгүй, Б.Б гэж хүнийг тус компанид хамааралгүй гэж Х ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд Ц.Н тайлбарлаж байна. Хариуцагч Б.Б нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн манай компаниас нийлүүлсэн генератор Х ХХК-ийн уурхайн талбай дээр ашиглагдаж байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд бид гэрээ байгуулсан, гэрээний дагуу ямар нэг доголдолгүй бараа, эд зүйлийг уурхайн талбай дээр хүлээлгэн өгсөн, эд зүйлийн ашиглалт хэвийн байсан гэдгийг хариуцагч Б.Б нотолж байгаа тул 4 150 000 төгрөгийг Б.Бгээс гаргуулахаар нэхэмжилж байна. Х ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна” гэж тайлбарласан.                 

 

2. Хариуцагч Х ХХК хариу тайлбартаа: “...Манай компани нь М ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан генераторын алтернаторыг тус компаниас хүлээн авч, ашиглаагүй. М ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тохиролцсоны дагуу генераторын алтернаторын үнэ 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тус мөнгийг шилжүүлсэн данс нь Б.Б гэх иргэний хувийн данс байдаг. Нэхэмжлэгчээс генераторын алтернаторыг Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан гэх ямар ч баримт байхгүй, тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт байдаггүй юм. Мөн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 3 дугаар сарын үед Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Баттулга гэж хүн ажиллаж байсан. М ХХК-иас генераторын алтернаторыг худалдан авахаар тохирч 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх Б.Б нь манай компанид ажилладаггүй, тус компанийн гүйцэтгэх захирал, ажилтан биш, манай компанийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээд байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба үүний дагуу Х ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх эрх гагцхүү гүйцэтгэх захирал Ц.Нт байна. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх зохицуулалт байдаг боловч иргэн Б.Б гэгчид компанийн зүгээс ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл олгоогүй юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу М ХХК-ийн манай Х ХХК-тай байгуулсан гэх аман гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэх заалтын дагуу Х ХХК-ийн зүгээс тус хэлцлийг хүчин төгөлдөрт тооцохыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Б нь манай компанийн хувьцаа эзэмшигч Х.Б үеэл гэдэг нь үнэн. Зарим нэг үйл ажиллагаанд олгогдсон эрхийн дагуу оролцдог тохиолдолд байсан боловч энэ генераторын алтернатор худалдаж авах ажиллагаанд компанийн зүгээс ямар нэгэн итгэмжлэл олгоогүй. Нэхэмжлэгч компанийн засварын баг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шарын гол суманд хүргэж хэвийн ажиллагаанд оруулсан гэх боловч үүнтэй холбоотой ямар нэгэн акт байдаггүй. Тоног төхөөрөмжийг хуурай уурхай дээр хүргэж, Б.Бр гэдэг хүн хүлээн авсан гэх боловч энэ хүн манай компанид ажилладаггүй. Б.Б нь тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч компаниар дамжуулан Хятад улсаас авчруулсан гэсэн. Энэ мэдүүлэг зөвхөн цаасан дээр гараар бичсэн хариу тайлбар. Хариуцагч өөрийн татгалзлыг нотолж, нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Б.Б хариу тайлбар ямар ч баримт, эх сурвалжгүй тайлбар учраас энэ тайлбарт дурдсан зүйлийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Иймд Б.Б компанийг төлөөлөх эрхгүй этгээд учраас хувиараа энэ гэрээг байгуулсан асуудал Х ХХК-д хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Х ХХК биш Б.Б тул Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: “...Миний бие 2017 оноос Х ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд уг компанийн 50 хувь нь миний үеэл болох Х.Б эзэмшлийнх, үлдэгдэл 50 хувь нь Ц.Н гэж бичигдсэн боловч төрсөн ах болох Ц.Б гэж хүний мэдэлд байдаг. Миний бие 2017 оноос хойш Ц.Б болон Х.Б аман тушаалаар 2017 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Х ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. 2018 оны 6 дугаар сараас Х ХХК өмчийн маргаан гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. 2018 оны 3 дугаар сард Хуурай 1 уурхайд шаардлагатай дизель генераторыг М ХХК-тай холбогдож БНХАУ-аас дизель генератор захиалан авчруулахаар болж Ц.Б миний данс руу 24 000 000 төгрөг шилжүүлснийг би цааш нь 19/1 гэж хоёр хуваан шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сард генератор ирж Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилуулагдаж уурхайн дарга Б.Баярцэнгэл хүлээж авсан. Үлдэгдэл төлбөрийг Х ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Миний бие 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Надад шилжүүлсэн 24 000 000 төгрөгийн үлдэгдэл 4 000 000 төгрөг нь Х ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болно” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 30ж5/2598 дугаартай албан бичиг, мөн өдрийн Х ХХК-ийн 1/081 дугаартай тодорхойлолт, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орлогын баримт, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэх, Н.О ын Хаан банк дахь 0000000000 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, алтернаторын фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч Б.Бгээс, түүний Хаан банк дахь 0000000000 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан Хаан банк ХХК-иас хариуцагч Б.Бгийн Хаан банк дахь 0000000000 тоот данс руу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 41 минутад НВЦ ХХК, Хааны харгуй-д гэх гүйлгээний утга бүхий 24 000 000 төгрөгийн орлого хийсэн орлогын гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК, Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Х ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Х ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Б гэх хүн манай компанитай 2018 оны 3 дугаар сард утсаар холбогдсоны дагуу тус байгууллагын Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах алтны уурхайд ашиглаж байсан дезиль генераторын алтернаторыг нийлүүлэхээр болсон. Алтернаторын урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн, үлдэгдэл 4 150 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлөхөөр тохирсон боловч одоо хүртэл шилжүүлээгүй байна. Уг алтернаторыг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр засварын багийнхан Улаанбаатар хотоос ачиж, Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнээс хойш төлбөрөө нэхэж залгахаар мэдэх хүн олдохгүй, Б.Б гэж хүнийг тус компанид хамааралгүй гэж Х ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд Ц.Н тайлбарлаж байна. Хариуцагч Б.Б нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн манай компаниас нийлүүлсэн генератор Х ХХК-ийн уурхайн талбай дээр ашиглагдаж байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд компани гэрээний дагуу ямар нэг доголдолгүй бараа, эд зүйлийг уурхайн талбай дээр хүлээлгэн өгсөн, эд зүйлийн ашиглалт хэвийн байсан гэдгийг хариуцагч Б.Б нотолж байгаа тул Б.Бгээс 4 150 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Х ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна” гэж тайлбарласан.                

 

3. Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: “...Миний бие 2017 оноос Х ХХК-д ажиллаж эхэлсэн бөгөөд уг компанийн 50 хувь нь миний үеэл болох Х.Б эзэмшлийнх, үлдэгдэл 50 хувь нь Ц.Н гэж бичигдсэн боловч төрсөн ах болох Ц.Б гэж хүний мэдэлд байдаг. Миний бие 2017 оноос хойш Ц.Б болон Х.Б аман тушаалаар 2017 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Х ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. 2018 оны 6 дугаар сараас Х ХХК өмчийн маргаан гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно. 2018 оны 3 дугаар сард Хуурай 1 уурхайд шаардлагатай дизель генераторыг М ХХК-тай холбогдож БНХАУ-аас дизель генератор захиалан авчруулахаар болж Ц.Б миний данс руу 24 000 000 төгрөг шилжүүлснийг би цааш нь 19/1 гэж хоёр хуваан шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сард генератор ирж Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилуулагдаж уурхайн дарга Б.Баярцэнгэл хүлээж авсан. Үлдэгдэл төлбөрийг Х ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Миний бие 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Надад шилжүүлсэн 24 000 000 төгрөгийн үлдэгдэл 4 000 000 төгрөг нь Х ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 3 дугаар сард хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч М ХХК-иас дезиль генераторын алтернаторыг худалдаж авахаар харилцан тохиролцож, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тоног төхөөрөмжийн үнэд нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 2018 оны 5 дугаар сард тус генератор Хуурай 1 уурхайд суурилагдсан болох нь хариуцагч Б.Бгийн “...2018 оны 3 дугаар сард Хуурай 1 уурхайд шаардлагатай дизель генераторыг М ХХК-тай холбогдож БНХАУ-аас дизель генератор захиалан авчруулахаар болж, 2018 оны 5 дугаар сард генератор ирж Хуурай 1 уурхайд хүргэгдэн суурилагдан, уурхайн дарга Б.Баярцэнгэл хүлээж авсан” гэх тайлбар болон Н.О ын Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдсон, талууд уг асуудлаар маргаангүй.

 

Харин хариуцагч Б.Б нь “...Би Ц.Б, Х.Б нарын аман тушаалаар 2017 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Х ХХК-ийн Хуурай 1 гэх шороон ордны уурхайг ажиллуулж байсан. Генераторын үнэ 24 000 000 төгрөгийг Ц.Б миний данс руу шилжүүлж, би цааш нь 19/1 гэж хуваан шилжүүлсэн, үлдэх төлбөрийг Х ХХК төлөх байсан боловч төлөлгүй өдий хүрсэн. Миний бие 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн” гэж маргасан.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхийг эдэлдэг бөгөөд нэхэмжлэгч М ХХК Х ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан, түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн тул тус гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс хариуцагч Б.Б чөлөөлөгдөхгүй юм.

 

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бгээс 4 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 81 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

9. Хариуцагч Б.Б нь орон нутагт ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр зайнаас, цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтэйгээ шүүгчийн туслахад тайлбарладаг, түүнчлэн хавтаст хэрэгт шинээр авагдсан нотлох баримтуудтай цахимаар танилцсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Бгийн 00000000 гэх дугаарын утас руу залгаж мэдэгдсэн, хуралдаан эхлэх үед түүний 000000000 гэх дугаарын гар утас холбогдох боломжгүй байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бгээс 4 150 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 81 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М