Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 92

 

“Э ф” ХХК, “Х с и” ХХК,  “Ө” ХХК, “И б т” ХХК,

“Э и” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Монгол банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банкинд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                    Л.Атарцэцэг

Х.Батсүрэн

Ч.Тунгалаг 

Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн /нэр бүхий 7 компани/ шаардлага: “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр байгуулсан Зээлийн гэрээний хугацааг сунгахыг даалгах,

“Э ф” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага: “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар тушаалаар баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4 2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банкинд даалгах, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дугаар “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0893 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Г.Т, хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, С.М нар нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч “Э ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.А-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, 30 дугаар зүйлийн 8, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2001 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн яаманд даалгаж, Монголбанк, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0893 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 2, Хөгжлийн банкны тухай /2011 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Ф” ХХК-ийн Монголбанк, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Монгол Улсын Сангийн яаманд даалгах”, Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгахыг Сангийн яаманд даалгах”, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг даалгах”, Монголбанкинд холбогдуулан гаргасан “Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгах” шаардлагыг, нэхэмжлэгч “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “Э и” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ТББ-ын Монголбанк, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хугацаа сунгах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, гэрээний хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д даалгах, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д даалгах” тухай “Эрдэнэт Фүүдс”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “Э ф” ХХК-ийн гомдлын агуулгад: Давж заалдах шатны шүүх “хүчингүй болсон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Сангийн яам тухайн цаг хугацаанд тогтоолуудыг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасныг хожим 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өмнөх Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон нь Засгийн газрын 2015 оны тогтоолыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй төрийн захиргааны байгууллагуудын хууль бус эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Харин ч хариуцагч төрийн захиргааны байгууллагуудын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, түүний улмаас учирсан хохирлоо арилгуулах нэхэмжлэгчийн эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж байна.

4. Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл, агуулгыг эргэн харах шаардлагатай. Гэтэл уг 189 дүгээр тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

5. “Х х б” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд биш байхад энэ талаарх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцэхгүй төдийгүй “Х х б” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн дамжуулан зээлдүүлэх 0314/244 дугаар гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг үндэслэн гэрээний оролцогч талыг хариуцагчаар татсан болно.

6. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Учир нь Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2017/0716 дугаар магадлалаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн оролцогч нь нэхэмжлэгч “Э ф” ХХК биш ч тухай магадлалаар тогтоосон үйл баримт нь нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримттай адил бөгөөд нэхэмжлэгч тухайн төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас эрхээ зөрчигдсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байхад давж заалдах шатны шүүх өөрийн гаргасан 2016 оны 221/МА2017/0716 дугаар магадлалыг хамааралгүй гэж үзсэн нь хууль бус байна.

7. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К” ХХК, “К б” ХХК, “Э и” ХХК, “Ф” ХХК-иудын Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/07557 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн гэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин дээрх компаниудын нэхэмжлэлтэй хэрэгт “Э ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгтэй нэгтгэгдсэн бөгөөд Сангийн яамны зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээр “Э Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанд дүгнэлт хийсэн хэсэгт гомдол гаргаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын хүрээнээс хальж, “Э ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

8. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүйгээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

10. Нэр бүхий 7 компани нь Сангийн яам, Монгол банкинд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний хугацаа сунгахыг даалгах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хөтөлбөрт хамрагдсан компаниуд зээлийн санхүүжилтийг нэг жилээр сунган ашиглах боломжоо алдсан, 3.8%-ийн хүүтэй зээл 19.2%-ийн хүүтэй зээл болж хохирсон” гэж тодорхойлсон байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус байх болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэл болдог. Гэтэл энэ тохиолдолд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хариуцагч тус бүрийн хуулиар хүлээсэн чиг үүрэг ямар байсан, энэхүү чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, эсхүл хууль бусаар татгалзсан эсэх, ямар буруутай болох талаарх үйл баримтыг тодруулаагүй, холбогдох хуулийг хэрэглэсэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчдыг тодорхой асуудлаар мэтгэлцүүлээгүй, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй.

12. Тухайлбал, нэхэмжлэгч нарын маргаж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолоор Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байх тул энэ тогтоолын үр дагаврыг хэн хариуцаж, ямар шийдвэр, үйл ажиллагаа гаргах байсан, ийнхүү асуудлыг шийдвэрлээгүй шалтгаан, ямар албан тушаалтны буруутай үйлдлээс нэхэмжлэгч нар хэрхэн хохирсон, үүнтэй адилаар 2015 оны 320 дугаар тогтоолоор үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгах асуудлыг шийдвэрлэсэн ба энэхүү тогтоол хэрхэн хэрэгжсэн, Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл ямар үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байсан зэргээр захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоох шаардлагатай байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актын эрх зүйн нөлөө дуусаагүй байх нь даалгах нэхэмжлэлд тавигдах шаардлага байдаг. Гэтэл дээрх Засгийн газрын тогтоол гарах үндэслэл болсон Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. Үүний үр дүнд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр хүчингүй болж, хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх Сангийн яам, Монголбанкны үүрэг дуусгавар болсон байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгчийн “Засгийн газрын тогтоолыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байсан болон зээлийн хүүний зөрүүний хохирлын” тухай үндэслэлийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлтэй уялдуулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэх ач холбогдолтой юм.

14. Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор одоо маргаж байгаа Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хүчингүй болгосон талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан боловч уг 189 дүгээр тогтоол хэрэгт авагдаагүй байна.

15. Сангийн яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны тухайн нэхэмжлэлийн шаардлагатай хамаарч чиг үүрэг, тэдгээрийн хоорондын хамаарал, гол нэрийн барааны үнийг тогтворжуулах үйл ажиллагааны хүрээнд хариуцах үйл ажиллагаа бүрийг тодорхой болгож, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбосон дүгнэлт хийж, холбогдох баримтыг цуглуулах нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой болно.

16. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0893 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ