Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00662

 

“Билэгт Стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар магадлалтай,

“Билэгт Стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Цацралд холбогдох           

            Гэрээний үүрэгт 8.160.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч Х.Цацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгийн тайлбарт: “Тус компани нь иргэн Х.Цацралтай 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2 дугаар байр, 2 тоотод байрлах 224 м.кв талбай бүхий 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 12 сарын хугацаатай 1 сарын хөлс нь 3.000 ам.доллар байхаар харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан юм. Уг орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу орон сууцны барьцаа төлбөрт 3.000 ам.долларыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцыг хөлслүүлэгч Х.Цацралд “Билэгт Стар” ХХК бүрэн хүлээлгэн өгч акт үйлдсэн ба уг актад барьцаа төлбөрт өгсөн 3.000 ам.доллараас 150 ам.долларыг суутган авч, үлдэх 2850 ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Х.Цацрал нь “Билэгт Стар” ХХК-д хүлээлгэн өгнө гэж гарын үсэг зурж тохиролцсон боловч одоог хүртэл уг төлбөрийг буцаан өгөхгүй байна. Мөн “Билэгт Стар” ХХК нь уг орон сууцыг хөлсөлж байх хугацаандаа хэдийгээр өөрөө үүрэг хүлээгээгүй ч 2 490 800 төгрөгийг өөрөөсөө гарган сантехникийн иж бүрэн засвар хийсэн. Үүний мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Х.Цацралаас барьцаа төлбөрт өгсөн 2.850 ам.доллар буюу үүрэг үүсэх ханшаар тооцвол 5 670 160 төгрөг, сантехникийн иж бүрэн засварын хөлсөнд төлсөн 2 490 800 төгрөг, нийт 8 160 960 төгрөгийг Х.Цацралаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан ч бид байраа олоогүй байна. Бид түрээсийн барьцааны мөнгөндөө дахиад үргэлжлүүлж түрээсэлчхээд байраа олохоороо гарна гэхэд нь өрөвдөөд зөвшөөрсөн. Гэтэл гэнэт бид байраа олчихлоо, одоо байраа хүлээж ав гэж утастаад эхлэхэд нь би та нар ингэх байсан юм бол түрээсийн гэрээнд зааснаар 1-2 сарын өмнө бичгээр мэдэгдэхгүй яасан юм бэ гэхэд баахан зовлон тоочоод байхаар нь байраа хүлээж авахаар очсон. Тэр байр хүлээлцсэн акт нь ямар ч тамга тэмдэггүй, тэгээд энэ юм нь эвдэрхий байна, бүтэн засвар хийлгэнэ гээд ярьсан ч анх надтай гэрээ хийхдээ гуйж гэрээ хийсэн хятадууд утсаа авахгүй өдийг хүрсэн. Мөн 2013 оны 9 дүгээр сард түрээслэгч хятадууд байранд ус алдаад байхад цоожлоод 10 гаруй хоног надад мэдэгдээгүйгээс би байрны засварт 5 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дууссан байтал 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Мөн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ам.долларын ханш 1410.27 төгрөг байхад 2015 оны ханш хамаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 218 дугаар зүйлийн 218.1, 288 дугаар зүйлийн 288.2.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Цацралаас  5 670 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Билэгт Стар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 490 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Билэгт Стар” ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 661 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цацралаас улсын тэмдэгтийн хураамжид 105 673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Билэгт Стар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Цацралаас 5 670 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Билэгт Стар” ХХК-д олгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т заасан үндэслэлгүй тул “Билэгт Стар” ХХК-иас 2 490 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Цацралын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Х.Цацралын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй буюу Х.Цацрал надаас 2.850 ам.доллар буюу 5 670.160 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэвч миний бие анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд болсон үйл баримтыг буруу үнэлж дүгнэн шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэлгүйгээр шүүхийн шийдвэрт зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тодруулбал: ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 65.1., 117.1 дэх заалтыг баримтлалгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж, гомдол гаргасаар байхад шүүх энэ талаар магадлалд огт дурдаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэж магадлал гаргасан. Мөн давж заалдах шатны шүүх хөлслөгчийг төлөөлөх эрхгүй этгээд байр хүлээлгэж өгсөн актад гарын үсэг зурсан, уг акт алдаатай буруу болсон гэсэн тайлбарыг хариуцагчийн зүгээс өгсөөр байхад хүлээн аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг “... төлөөлөх эрхгүй талаар нэхэмжлэгч өөрөө маргаагүй тохиолдолд хариуцагчийн эрх ашиг хөндөгдөхгүй учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна" гэж хянан шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний бие дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 632 дугаар магадлал нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Билэгт Стар” ХХК нь хариуцагч Х.Цацралд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5.670.160 төгрөг, сантехникийн засварын зардалд 2.490.800 төгрөг, нийт 8.160.960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Х.Цацрал нь 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Билэгт Стар” ХХК –тай  “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж,  тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Оргил хотхоны 2-2 тоотод байрлалтай, 244 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 7 өрөө бүхий орон сууцыг 1 гараашийн хамт “Билэгт Стар” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 1 сарын 3.000 ам.доллараар хөлслүүлэхээр тохирч, нэхэмжлэгч нь 12 сарын хөлс 36.000 ам.долларыг барьцааны мөнгө болох 3.000 ам.долларын хамт хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд 3 000 ам.долларыг хөлслөгч нь хөлслүүлэгчид урьдчилан өгч, гэрээний хугацаа дуусахад уг мөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон байна. 

Анхан шатны шүүх талуудын  хооронд хийгдсэн 2015 оны 04 сарын 06-ны өдөр орон сууц хүлээлгэн өгөх актаар хөлслүүлэгч нь цэвэрлэгээний хөлс болон сандлын үнэ гэж 150 ам.долларыг суутган авч, үлдэх 2850 ам.долларыг 2015 оны 05 сарын 06-ны өдөр хөлслөгчид буцаан  олгохоор тохиролцсон баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж хариуцагчаас 5.670.160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцжээ.

Сантехникийн засварын зардал гэж 2.490.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй  бүхий буюу хөлслүүлэгчийн татгалзах эрх нь хөлслөгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл нь болно. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д заасан нөхцлийг сантехникийн засвартай холбогдуулж  хэрэгжүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан гэж дүгнээд, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн заалтыг хассан нь буруу тул хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

          Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “…эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан... давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан заалтыг зөрчсөн... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна...” гэх хариуцагчийн гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/01048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 632 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1...” гэсний дараа “160 дугаар зүйлийн 160.1.1...” гэж нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Цацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.673 /нэг зуун таван мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН