Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00057

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххх, *-р байр,*** тоот хаягт оршин суух, *******гийн Бийн /РД: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххх, *** байр, **** тоот хаягт түр оршин суух, *******гийн О /РД: *******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *****-р хороо, ****** тоот хаягт оршин суух, Ггийн Б /РД: *******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Э.,

Хариуцагч М.О, Г.Б,

Хариуцагч Д.Оийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

Гэрч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Э. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.О, Г.Б нар нь нэхэмжлэгч Д.Бтэй 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнө тухайлбал 2014 оны 04 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний харилцаанд орж байсан.

Д.Б нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Г.Б, М.О нартай зээлийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу тэдэнд 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн.

2017 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан.

Мөн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан.

Нэхэмжлэгч Д.Б нь уг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж 2016 оны 05 сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Б, М.О нарт бэлнээр нотариатын өрөөнд хүлээлгэн өгч мөнгийг бэлнээр хүлээлцсэн гэсэн нэмэлт заалт оруулж талууд гарын үсгээ зурсан.

Гэвч хариуцагч Г.Б, М.О нар зээлийн гэрээний үүргээ зөрчин ямар ч төлөлт хийгээгүй. Тодруулбал үндсэн зээл 4,000,000 төгрөг, гэрээний дагуу 2016 оны 05 сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 60 сарын хүү 9,600,000 төгрөг, нийт 13,600,000 төгрөгийн төлөлтөөс огт төлөөгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

Алданги нь 1 хоногийн 20,000 төгрөг ба үүргээ биелүүлээгүй хугацаа болох 100 хоногийн алданги нь нийт 2,000,000 төгрөг болж байгаа юм.

Иймд хариуцагч Г.Б, М.О нараас үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд бодогдсон зээлийн хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.О миний бие болон нөхөр Г.Б бид нэхэмжлэгч Д.Бээс олон удаа өндөр хүүтэй төгрөгийн болон ам долларын зээл авч байсан ба түүнтэй 2013 онд ОХУ-ын виз гаргуулан танилцаж байсан.

Д.Б нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр бидэнтэй зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, мөн дээрх зээлийн гэрээнд 2017 оны 05 сарын 10, 2019 оны 11 сарын 05-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 05 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Би 2016 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Бээс 4,000,000 төгрөгийг нотариатын өрөөнд бэлнээр аваагүй. Гэтэл намайг нөхөр Г.Бын хамт уг мөнгийг авсан мэт худал бичсэн байна.

Өмнө нь Д.Бээс зээлсэн 20,000,000 төгрөгөө төлөхийн тулд хашаа, байшингаа Хас банкны зээлийн барьцаанд тавьж уг банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч 39,000,000 төгрөгийг нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Д.Бэд шилжүүлсэн. Тухайн үед тэр мөнгөнөөс үлдсэн гэж ойлгоод гарын үсэг зурсан.

Дээрх зээлийн хүүний дарамтаас болж би нөхөр Г.Баас салж тусдаа амьдрах болсон. Амьдарч байсан орон гэрээ банкны барьцаанд тавьж алдан орон гэргүй болж би өөрөө сахарын болон зүрхний өвчтэй болж сэтгэл зүйн хүнд дарамт амсаж байна.

Нэгэнт 2016 оны 05 сарын 12-ны өдөр Д.Бээс 4,000,000 төгрөг бэлнээр аваагүй тул 2017 оны 05 сарын 10, 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг ч зөвшөөрөхгүй. Иймд 4,000,000 төгрөг, 60 сарын хүү гэх 9,600,000 төгрөг, алданги гэх 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 05 сарын 12-ны өдөр нотариатын өрөөнд Д.Бээс бэлнээр 4,000,000 төгрөг аваагүй. 18 жил хөдөлмөрлөөд авсан хашаа, байшингаа Хас банкны барьцаанд тавьж зээл аваад Д.Бэд мөнгө авч өгч өрөө төлж дууссан.

Хас банкинд 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад зээлээ төлж чадахгүй хашаа байшингаа банкинд алдсан. Гэтэл дахиад мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч М.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдөр буюу 2016 оны 05 сарын 12-ны өдөр Д.Бээс 4,000,000 төгрөг огт аваагүй. Миний бие 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон 2017 оны 05 сарын 10, 2019 оны 11 сарын 05-ны өдрүүдийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан ба өмнөх зээлийн үлдэгдэл хүү байгаа гэж ойлгоод тухайн үед Д.Б гарын үсэг зур гээд байсан учир тооцоогоо нягтлалгүй зурсан.

Түүнээс биш тухайн өдөр 4,000,000 төгрөг аваагүй. Өмнө нь Д.Бээс авсан 30,000,000 орчим төгрөгийг хашаа, байшингаа Хас банкны зээлийн барьцаанд тавьж уг банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч Д.Бээс авсан зээлээ бүтэн нугалж төлсөн тул одоо түүнд төлөх төлбөргүй.

2016 оны 05 сарын 12-ны өдөр Д.Бээс 4,000,000 төгрөг огт аваагүй тул 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, нөхөж хийсэн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.Н нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Э. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б 4,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж огт дурьдаагүй. Хариуцагч зөрүүтэй тайлбар өгсөн учраас Д.Б 2014 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн ба уг гэрээгээр хариуцагч М.О, Г.Б нар 1 жилийн хугацаатай, 40,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн хүү 19,200,000 төгрөг болсны 6,400,000 төгрөг төлсөн. 12,800,000 төгрөг төлөөгүй.

Д.Б хүүгээ больё, ядаж зээлээ өгөөч гэсний үндсэн дээр 2016 онд 39,000,000 төгрөгийг зээлд авсан. Зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 12,800,0000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг ба зээлийн хүүний үлдэгдэл гэж ярьж байгаа бол Д.Б 13,800,000 төгрөг авах байсан ба уг зээлийн харилцаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч нарын нөхцөл байдлыг ойлгоод 4,000,000 төгрөг бэлнээр зээлэн шинээр зээлийн харилцаа үүссэн. 2016 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, тухайн өдөр 4,000,000 төгрөг бэлнээр өгөөд гарын үсэг зурсан.

Иймд уг 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон 2017, 2019 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэлүүд,

2014 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 04 сарын 18-ны өрийн барьцааны гэрээ, 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын баримт, 2014 оны 05 сарын 05-ны өдөр гэсэн огноотой хариуцагч Б.Оийн зээл төлөх тухай гар бичмэл,

хххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 дугаартай, 645 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр М.О 2010 оны 11 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Д.Бийн Хас банк дахь ххххххххххх тоот дансны хуулгууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч М.О, Г.Б нарын ирүүлсэн баримтууд:

Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Оийн Хас банк дахь ххххххххххх тоот дансны хуулгууд,

М.Оийн өмчлөлийн ххххххххххххх тоотод байрлах, 141 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 66 м.кв талбайтай, хувийн сууц, 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 63,181,500 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг М.О, Г.Б нарт мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/29256 тоот мэдэгдэл,

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 2/33 тоот тогтоол, Анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 10 цагт явуулахыг М.О, Г.Б нар мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 4/1366 тоот мэдэгдэл,

2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/21 тоот тогтоол, 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 10 цагт явуулахыг М.О, Г.Б нар мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 3/4155 тоот мэдэгдэл,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх тухай Хас банкны 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 13/1326 тоот хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 2/7 тоот тогтоол,

Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг М.О, Г.Б нарт мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 4/9895 тоот мэдэгдэл, Хас банкны албадан дуудлага худалдааны дэнчин болон дуудлага худалдааны төлбөр төлсөн баримт,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч талд шилжүүлэн бүртгэхийг бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 1/5601 тоот албан бичиг, Битүүмжилсэн, хураасан хөрөнгийг чөлөөлөх тухай 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 20/13 тоот тогтоол,

М.Оийн 2021 оны 03 сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Б, М.О нарт холбогдуулан 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2019.05.12, 2017.05.10, 2019.11.05-ны өдрийн гэрээний дагуу:

Үндсэн зээл 4,000,000 төгрөг,

Зээлийн хүү 9,600,000 төгрөг /2021.05.11 хүртэл 60 сар/

Алданги 2,000,000 төгрөг,

Нийт 15,600,000 төгрөг/

Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр М.О, Г.Б нарт 4,000,000 төгрөг бэлнээр өгч 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. 2017 оны 05 сарын 10, 2019 оны 11 сарын 05-ны өдрүүдийн гэрээгээр гэрээний хугацааг сунгасан. Үндсэн зээл 4,000,000 төгрөг, 60 сарын хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг нэхэмжилнэ,

Мөн хариуцагч нарт бэлнээр 4,000,000 төгрөг бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн, нотариат гэрчилсэн гэрээний нэмэлт нөхцөлд зээлийг бэлнээр хүлээлцсэн гэж тусгасан тул гэрээ хүчин төгөлдөр гэж,

Хариуцагч М.О, Г.Б нар 2016 оны 05 сарын 12-ны өдөр бэлнээр мөнгө аваагүй, уг өдөр зээл олгоогүй, гэрээг нөхөж хийсэн учир хүчин төгөлдөр бус гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.Б нь хариуцагч буюу зээлдэгч М.О, Г.Б нартай 2016 оны 05 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан тэдэнд 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэн, зээлдэгч нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон, мөн талууд 2017 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээр дурдсан гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 11 хүртэл сунгасан, талууд дахин 2019 оны 11 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан гэж хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулан нотариатаар гэрчлүүлжээ.

/ХХ-ийн 5-6, 40 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б нь талуудын хооронд 2016 оны 05 сарын 12, 2017 оны 05 сарын 10, 2019 оны 11 сарын 05-ны өдрүүдэд байгуулагдсан гэх зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг үндэслэн 15,600,000 төгрөгийг төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн дээрхи гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хариуцагч М.О, Н.Б нараас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа болно.

Нотариатч Б.******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Гэрээ гэрчлүүлэх гэж 3 хүн ирсэн. Нотариатын тухай хуульд засан үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлан өгөхөд агуулгыг бүрэн ойлгоод гарын үсэг зурсан. 6 жилийн өмнөх асуудал учраас үйлдэл нэг бүрийг сайн санахгүй байна.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох нэг үндсэн шаардлага бол мөнгө зээлдэгчид шилжсэн байх. Үүнийг байнга асуудаг. Миний дэргэд мөнгө гаргаж ирээд тоолсныг санахгүй байна. Тоолсон тохиолдолд дэвсгэрт нэг бүрээр нь тоолж хүлээлцүүлдэг.

Дэргэд мөнгө хүлээлцээгүй тохиолдолд хүлээлцсэн эсэхийг тодруулж асуудаг. Хүлээлцсэн гэсэн тохиолдолд гэрээний 5 дахь заалтад заасан шиг хүлээлцсэн гэж тусгадаг... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.О, Г.Б нартай 2014 оны 04 сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан, сарын 4 хувийн хүүтэй 40,000,000 төгрөг зээлэн, уг гэрээний үүрэгт ххххххххххххх тоот дахь нэгж талбарын 0000000000 дугаартай, 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хувийн сууцыг барьцаалсан гэжээ.

/ХХ-ийн 41-45 дугаар тал/

Хариуцагч М.О, Г.Б нар 2014 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор М.Оийн өмчлөлийн ххххххххххххх тоотод байрлах, 141 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 66 м.кв талбайтай, хувийн сууц, 645 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан Хас банкнаас 2016 оны 05 сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлэн авсан гэж тайлбарлалаа.

Мөн хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 08 сарын 04-ний өдөр зээл 1,600,000 төгрөг, 2014 оны 11 сарын 05-ны өдөр зээл 1,600,000 төгрөг, 2014 оны 12 сарын 05-ны өдөр зээл 1,600,000 төгрөг, 2015 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн хүү 1,600,000 төгрөг тус тус төлсөн гэжээ.

Хариуцагч нь Хас банкнаас 2016 оны 05 сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг зээлэн авсан нь М.Оийн Хас банк дахь ххххххххххх тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба тэрээр 2016 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.Бийн Хас банк дахь ххххххххххх тоот дансанд 39,000,000 төгрөгийг зээлийн төлбөр хэмээн шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, дансны хуулгуудаар тогтоогдсон ба 2014 оны 04 сарын 18-ны өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.

/ХХ-ийн 75-77, 103-109, 109 дүгээр хуудасны ар тал/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэж болох ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно, мөн талуудын хооронд 2016 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх гэрээний 4-т Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно ... гэж заажээ.

/ХХ-ийн 5 дугаар тал/

Мөн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээний 5-д Нэмэлт нөхцөл:зээлийг бэлнээр хүлээлцсэн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж заасны дагуу бэлнээр хүлээлцсэн гэх боловч уг мөнгийг ямар мөнгөн дэвсгэртээр зээлдэгч талд хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй бөгөөд энэ тухай гэрээнд тусгаагүй.

Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд зээлдүүлэгч Д.Б гэрээнд заасан 4,000,000 төгрөгийг зээлдэгч М.О, Г.Б нарын өмчлөлд шилжүүлж өгсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй.

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М.О талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна талуудын хооронд 2016 оны 05 сарын 12-ны өдөр зээлийн харилцаа үүсээгүй, мөн нэмэлт өөрчлөлтүүдийг нөхөн үйлдсэн гэх үндэслэл дээрх хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарахгүй.

Иймд хариуцагч М.Оийн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2019 оны 11 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.О, Г.Б нарт холбогдох 15,600,000 төгрөг гаргуулах тухай Д.Бийн нэхэмжлэлийг болон хариуцагч М.Оийн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2019 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,950 төгрөгийг болон хариуцагч М.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН