Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/00262

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 09 101/ШШ2023/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, А.Аын /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххххххх, БХХК-д /РД: хххххххххх/ холбогдох

22,892,547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа,

Гэрч Ж.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.А миний бие хххххххххххххххххххх тоот хаягт байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр зуслангийн байшин барих ажлыг Люкс сити ХХК-аар гүйцэтгүүлсэн.

Зуслангийн байшиндаа дээврийн материал авахын тулд 2017 оны 08 сард БХХК-ийн зар сурталчилгаа болон э-майл хаягуудаар орж судалсан. Тус компани Турк улсын Ондумит компанийн PVC дээврийн хавтан дагалдах хэрэгслийн хамт дуу чимээ тусгаарлалт сайн, галд тэсвэртэй, ус чийгт тэсвэртэй, цохилтонд тэсвэртэй, бат бөх, өнгөний гандалтгүйшинэ технологи, шинэлэг шийдэлшалгарсан чанартай гэсэн сурталчилгаа хийж байсан учир итгэж уг бүтээгдэхүүн болох дээврийн материалыг сонгосон.

БХХК-иас 36 ширхэг дээврийн хуванцар хавтанг дагалдах хэрэгсэл болох дээврийн орой, дээврийн хөмсөг, шрупны тав, шрупны малгай  зэрэг бүтээгдэхүүнийг нийт 5,818,620 төгрөг төлж худалдан авсан.

Манай байшин өвөл, зун амьдрах зориулалттай ба 2017 оны 12 сараас уг байшиндаа амьдарсан. 2018 оны хавраас дээвэр цуурч эхэлсэн бөгөөд 2019 оны 05 сараас дээврээс цас борооны ус ихээр гоожин дээвэр дээр гарч харахад дээврийн хавтан энд тэндгүй их хэмжээтэй хагарч цуурсан байдалтай болсон байсан.

Дээврийн нүүрэн тал, нар ихээр тусдаг талдаа цуурч хагарч, арын хэсэг нь хагарч цуурсан зүйлгүй байсан. Дээврийн хавтангийн цууралтаас болж, дээврийг бүхэлд нь солих шаардлагатай болж энэ талаар Баясах Атлас ХХК-д 2019 оны 05  сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч хүлээж аваагүй.

Ингээд би 2019 оны намар Ти энд жи ХХК-иас дээврийн материал зээлээр аваад байшингаа зассан.

Тухайн үед Люкс сити ХХК-ийн захирал н.Харцага бид хоёр дээврийн материалыг үзэж авсан ба худалдан авах үед Баясах Атлас ХХК материалын чанартай холбоотой хагаралт цууралт үүсдэг эсэх тухай мэдээлэл өгөөгүй. Харин 30 жилийн баталгаатай гэж сурталчилж байсан бөгөөд 2 жилийн баталгаа өгсөн.

Баталгаа хугацааны 2 жил ч бололгүй дээвэр хагарч ус гоожиж хохирол учирч энэ талаар барилгын мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулсан болно. 

БХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан худалдаж байгаа эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу шаардлага гаргасан боловч биелүүлээгүй.

Миний хувийн сууцны дээврийг буулган дахин засварлахад 22,892,547 төгрөгийн зардал гарах нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол шаардан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч БХХК-иас 22,892,547 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу худалдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Бид үйлдвэрлэгч Турк улсын Ондумит компанитай байгуулсан гэрээ, гарал үүслийн гэрчилгээг нотлох баримтаар өгсөн.

Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт үйлдвэрлэгчид хамааралтай шаардлага ба Монгол улсын зах зээлд худалдагч, нийлүүлэгч барилгын материал худалдахад тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг 2003 онд батлагдсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолоор зохицуулагдана.

Монгол улсын нэгдэн орсон стандарт, гэрээний дагуу нийлүүлж байгаа бараанд тохирлын гэрчилгээ авахгүй гэж заасан. Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар Европын холбооны ISO стандартад нэгдэж орсон. Манай компанийн худалдсан дээврийн хавтан ISO9001 стандартыг хангасан, чанарын удирдлагын системийн гэрчилгээтэй, энэ тохиолдолд давхар тохирлын гэрчилгээ авахгүйгээр хэрэглэнэ.

Нэхэмжлэгч А.А нь барилга бариулахдаа зураг төсөлгүй барьсан ба дээврийг технологийн дагуу угсраагүйгээс хагаралт цууралт үүссэн гэж үзэж байна.

Манай худалддаг дээврийн хавтанг барилга барих тусгай зөвшөөрөлтэй компанийн төлөөлөгчтэй буюу Люкс сити ХХК-ийн захирал н.Харцагатай хамт ирж танилцуулгыг үзэж сонгон авсан.

Барилгын мэргэжилтэн хүнтэй ирж бүтээгдэхүүн авсан тул хэрхэн яаж суурилуулах бэ гэдгийг мэдэж байгаа гэж үзсэн.

А.А нь дээврийн хавтанд дай мод хадаад хөөс цацаад химийн өөрчлөлтөд оруулсан байсан ба дээврийн хавтанг бага зэрэг хөдөлдөг байхаар суурилуулах ёстой.

Дээврийн урд тал халахаараа агшин, хөрөхөөрөө сунадаг ба хөөсөөр шүршээд хөдөлгөөнийг нь барихаар хөдөлгөөнт байдалдаа орж чадахгүй хагарал үүссэн.

А.Аыг анхны худалдан авагчийн нэг учраас дээврийнх нь мөнгийг өгье гэсэн юм билээ, гэтэл 22,892,547 төгрөг нэхээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, БХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга, дээврийн хавтан болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдан авсан баримтууд,

Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот дахь 179 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

А.Аын БХХК-д 2019 оны 05 сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт,

Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот хаягт байршилтай, хувийн сууцны дээврийг буулган дахин барих үнэлгээний талаарх Дамно ХХК-ийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн үнэлгээ,

А.Аыг зуслангийн сууцны дээврийн эвдрэлийн талаарх 2019 оны 06 сарын 11-ний өдрийн дүгнэлт, дүгнэлтийн хавсралтууд, ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвд ажлын хөлс 350,000 төгрөг төлсөн баримт,

Ти энд жи ХХК-дээврийн материалын төвийн 2019 оны 08 сарын 01-ний өдрийн баталгаат хугацааны талаарх албан тоот, хавсралтын хамт, А.Аын Кристал вүүд ХХК-тай 2019 оны 07 сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримтууд,

Ти энд би ХХК-иас 2019 оны 08 сарын 01-ний өдөр дээвэр, дээврийн дагалдах хэрэгсэл худалдан авсан баримтууд, барилгын материал худалдан авсан баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

 

Хариуцагч БХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд,

Турк улсын Ондумит барилгын материалын компанитай 2017 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан борлуулалтын тусгай гэрээ,

Ондумит бүтээгдэхүүний зурагт танилцуулга, танилцуулгын орчуулга,

2017 оны 01 сараас 2020 оны 2020 оны 12 сарын 31-ний хоорондох материалын борлуулалтын тайлан,

Ондумит дээврийн хавтангийн гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хариуцагч БХХК нь PVC дээврийн хавтанг нэхэмжлэгч А.Аын хувийн сууцанд технологийн дагуу суурилуулсан, бэхэлсэн эсэх, дээврийн хавтан ямар шалтгааны улмаас цуурсан, хагарсан, ажилчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалсан эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 19168-р захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Жаргалыг дүгнэлт гаргах шинжээчээр томилжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Жаргал 2020 оны 10 сарын 21-ний өдөр ЗИ-19-1303/2020/01 тоот дүгнэлтийг гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 1121 дугаар захирамжаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Турк улсын PVC дээврийн хавтанг дагалдах хэрэгслийг Монгол улсын хилээр импортолсон талаарх гаалийн мэдүүлгийн хуулбарыг Гаалийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Гаалийн ерөнхий газар 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 01-3/282 тоот албан бичгээр баримтуудыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 2094-р захирамжаар А.Аын Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоотын хувийн сууцанд БХХК-иас худалдан авч суурилуулсан дээврийн хавтан доголдолтой байсан эсэх,

Бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээлэл, угсралтын талаар зааварчилгаа өгсөн эсэх,

Худалдан авагч заавар журмын дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн эсэх,

Дээврийн хавтанд хугарал үүссэн нь угсралтын ажлаас хамаарах эсэх, хамаарсан эсэх,

Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдалд уг дээврийн хавтанг ердийн журмаар ашиглаж болох эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийг томилон шинжээч нь 2022 оны 05 сарын 23-ны өдөр дүгнэлтээ гарган ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч БХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот хаягт байршилтай, хувийн сууцны дээврийг буулган, дахин засварлах зардал 22,892,547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр БХХК-иас 36 ширхэг дээврийн хуванцар хавтанг дагалдах хэрэгслүүдийн хамт худалдан авсан боловч уг бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан, худалдаж байгаа эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй,

Хариуцагч БХХК ньДоголдолгүй бараа бүтээгдэхүүн байсан. А.А угсрахдаа алдаа гаргасан гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч А.А нь хариуцагч буюу худалдагч БХХК-иас 2017 оны 08 сарын 17, 18, 2017 оны 09 сарын 14-ний өдрүүдэд 36 ширхэг дээврийн хуванцар хавтан, дээврийн орой, дээврийн хөмсөг, шрупны тав, шрупны малгай  зэрэг бүтээгдэхүүнийг нийт 5,818,620 төгрөгөөр худалдан авсан болох нь төлбөр төлсөн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч А.Аын худалдан авсан бараа бүтээгдэхүүнд 2 жилийн баталгаат хугацаа олгосон нь талуудын тайлбар болон зарлагын падаанд тусгагдсан бөгөөд хариуцагч БХХК бараа худалдан авсан талаар болон баталгаат хугацааны талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-9 дүгээр тал/

 

Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот 179 м.кв талбайтай хувийн сууц нь А.А, Л.Уянга, Аын Домог нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч А.А нь дээр дурдсан хувийн сууцандаа 2017 оны 12 сараас амьдарсан гэх ба 2018 оны хавраас дээвэр цуурч 2019 оны 05 сараас дээврээс цас, борооны ус гоожин, дээврийн нүүрэн тал, нар тусдаг тал цуурч хагарсан байсан тул худалдагч Баясах Атлас ХХК-д 2019 оны 05  сарын 20ы өдөр хүсэлт гаргахад хүлээж аваагүй гэсэн бөгөөд хариуцагч БХХК энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11 дүгээр тал/

 

А.Аын зуслангийн сууцны барилгын дээврийн эвдрэлийн талаарх Монгол улсын зөвлөх эдийн засагч, барилгын инженер-эдийн засагч, доктор, дэд профессор Д.Очирбат, барилгын мэргэшсэн инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын магистр Ш.Бадамцэцэг нарын 2019 оны 06 сарын 11-ний өдрийн дүгнэлтэд:

-Барилгын хана, тааз, шалны эвдрэл гэмтлийг дээврээс дусаал гоожсонтой холбоотой гэж үзэв.

-Дээврээс дусаал гоожсон нь ашиглалтын шаардлага хангахгүй дээврийн PVC хуванцар хавтангийн хагаралт, цууралттай шууд холбоотой байна.

-Барилгын дээврийг яаралтай солих,

-Уг барилга нь ус чийгний нөлөөлөдп хялбөр өртөхүйц модон бүтээцтэй тул дахин ус чийг оруулахгүй байх түр арга хэмжээ авах гэжээ.

/ХХ-ийн 48-49 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 19168 дугаар захирамжаар хариуцагч БХХК-ийн хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Жаргалыг шинжээчээр томилон PVC дээврийн хавтанг А.Аын хувийн сууцанд технологийн горимын дагуу суурилуулсан, бэхэлсэн эсэх, дээврийн хавтан ямар шалтгааны улмаас цуурсан, хагарсан, ажилчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалсан эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгасан байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, барилгын инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер Б.Жаргалын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн ЗИ-19-1303/2020/01 тоот дүгнэлтэд:

-Тус барилга дээр талуудыг байлцуулан биет байдалд үзлэг хийхээр очиход PVC дээврийн хавтанг буулган газарт хурааж, өөр төрлийн дээврийн материал ашиглан дээврийг бүрэн засварлаж дууссан байсан тул биет байдалд үзлэг хийх боломжгүй байлаа.

Иймд тус хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах үүднээс талуудын тайлбар, барилга угсралтын үе шатны ажлын фото зургууд болон хэргийн материалыг үндэслэв. Үүнд:

А. Дээврийн рамны хөндлөн дай модыг хэвэлмэл PVC хавтангийн хөндлөн үе болгонд буюу 20 см тутамд хөндлөн дай мод хийгдэн бэхлэгдэх байсныг БХХК-иас 50 см-ийн зайтай хийгдэх талаар зөвөлгөө өгсөн нь буруу,

мөн тухай дээврийн материалыг Монгол Улсад худалдан борлуулахдаа технологийн заавар болон тохирлын гэрчилгээ авсаны дараа худалдан борлуулах байсныг зөрчин шууд худалдаанд гаргасан нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх /Барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах/ заалтыг зөрчсөн байна.

 

Б. Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж нь барилгын мэдлэг, ур чадвар муу, батлагдсан зураг төсөл байхгүйгээс тус хавтанг дээврийн технологийн дагуу барилгын норм ба дүрэмд нийцүүлэн гүйцэтгээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.20 дахь /гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй барилгын материал хэрэглэх/,

40.3 дахь /Барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн болон барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэхийг хориглоно/ заалтуудыг зөрчсөн байна.

 

Тухайлбал: Барилгын дээврийн ажил гүйцэтгэсэн фото зургаас үзэхэд дай мод хол зайтай хийгдсэн, дээврийн РVC хавтанг угсарсаны дараа адрын хөндий талаас /дотор тал/ шүршдэг шингэн хөөсөн дулаалгыг шүршиж хийсэн, шүршдэг шингэн хөөс, дулаалга нь хөндлөн дай модны араар хийгдээгүй, хавтан жигд хувь шүршигдээгүй болж цаг уурын нөлөөнөөс халуун хүйтний солбицол үүсэхэд хөөсөн дулаалгатай хийлсэн PVC хавтан агшилт, тэлэлтийн хөдөлгөөнд орж хөшигдөн хагарал үүссэн байна.

 

В. Барилгын захиалагч нь өөрөө барилгын чиглэлийн мэдлэггүй бол өөрийн баригдаж буй барилгад захиалагчийн хяналт хийлгэх үүднээс барилгын инженер эсвэл барилгын зөвлөх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаагүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь /захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно/ заалтын хэрэгжилтийг хангаагүй байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 112-113 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал А.Аын Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот дахь хувийн сууцанд БХХК-иас худалдан авч суурилуулсан дээврийн хавтан доголдолтой байсан эсэх,

Бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээлэл, угсралтын талаар зааварчилгаа өгсөн эсэх,

Худалдан авагч заавар журмын дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн эсэх,

Дээврийн хавтанд хугарал үүссэн нь угсралтын ажлаас хамаарах эсэх, хамаарсан эсэх,

Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдалд уг дээврийн хавтанг ердийн журмаар ашиглаж болох эсэх талаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 2094-р захирамжаар ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийг шинжээчээр томилсон байна.

 

ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийн шинжээч барилгын инженер, техникийн ухааны доктор, барилгын зөвлөх инженер, мэргэжлээрээ 36 жил ажиллаж байгаа гэх Ж.Сарантуяагийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн дүгнэлтэд:

-2022 оны 05 сарын 06-ны өдөр шинжилгээний обьекттой газар дээр нь очиж танилцсан.

1а. 5 жилийн өмнө худалдан авалт хийх үед уг хавтан доголтолтой байсан эсэх цаг хугацааны өнөөгийн өндөрлөгөөс тогтоох боломжгүй. ...

 

1б. Бүтээгдэхүүн анх борлуулахдаа түүнтэй холбоотой мэдээлэл, угсралтын талаар зааварчлага гардуулж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч сэтгүүл /хавтангийн тухай ерөнхий танилцуулга/ байгаагүй гэсэн бол хариуцагч энэ сэтгүүл манай ширээн дээр байнга байдаг. Хүмүүс орж ирэхээрээ танилцдаг гэсэн нь мэдээлэл зааварчлага албан ёсоор өгсөн гэсэн үг биш.

Танилцуулгыг хожим 2021.01.08, 2021.01.19-ний хуралд ирүүлж байсан байна.

Уг ирүүлсэн баримтад 2. Халаалтын шугамын өргөтгөл ондумит синтетик хавтан нь коэффициент 0,0000546 С градусны шугаман өргөтгөлтэй. Шугаман өргөтгөл нь хавтангийн уртааш 2 тар руу чиглэсэн байна, тухайлбал 40 градусны халаалттай 6000 мм хавтан нь 12 мм-ийн өргөтгөлтэй байна. Энэ нь нийтдээ 2 талын нэг чиглэл бүр 6 мм байна гэж ойлгоно зэрэг орчуулга байгаа нь энгийн худалдан авагч төдийгүй мэргэжлийн хүн ойлгоход ч бэрхтэй байна.

Үүнээс үзэхэд худалдагч тал борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ шинж чанар, угсрах технологийг бүрэн судалж эзэмшээгүй, энэ талаар бусдад бүрэн дүүрэн мэдээлэл өгөх чадваргүй байсныг харуулж байна. ...

... Хавтаст хэрэгт худалдагч талаас худалдан авагчид дай модыг 50 см-ийн зайтай бэхлэх талаар өгсөн зааварчлагаас өөр, дээврийн хавтан угсрахад гарын авлага болохуйц угсралтын ажлын технологийн нарийвчилсан заалт бүхий техникийн баримт бичгийн шаардлага хангасан заавар өгөгдөөгүй, үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

... Хавтангийн хөндлөн үе тутамд буюу 20 см тутамд дай мод бэхлэх ёстой байсныг худалдагчийн зүгээс дээрхи бүх хүчин зүйлийг тооцолгүй дайг 50 см-ийн зайтай хадахаар зааварчлага өгсөн нь буруу гэж барилгын инженер Б.Жаргалын мэргэжлийн үүднээс дүгнэлт гаргасантай санал нэг байна.

1в. Тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 10.1.1-т заасан барилгын ажилын зөвшөөрөл шаардагдахгүй барилгын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 40.1.24-т барилгын ажлыг холбогдох зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд гүйцэтгэж болох талаар заасан байгаа ч дээврийн ажлыг ... тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн Люкс сити ХХК барилгын компаниар БХХК-иас өгсөн зааварчлагын дагуу буюу хөндлөн дайг нь 50 см-ийн зайтайгаар бэхэлж дээврийн ажлыг гүйцэтгүүлжээ. ...

 

1г. Дээврийн хавтанд хагарал үүссэнийг угсралтын ажилтай 100 хувь хамааралтай гэж үзвэл энэ нь дай модны хоорондын зайг 2,5 дахин ихэсгэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Хагаралт цууралт хөөс шүршиж дулаалсантай шууд хамааралгүй нь хойд талын дээвэр хагараагүй, урд талынх хагарсантай холбоотой батлагдаж байна.

Шүршдэг хөөсөөр дээвэр дулаалах технологийн тухайд дороос шүршдэг тогтсон технологитой бөгөөд БХХК-ийн тайлбарлаж байгаагаар хучилт дээрээс шүршвэл хөөс дээш хөөж сэвсийн сийрэгжиж дулаалах үндсэн чанараа алдахаас гадна хатсаны дараа гадаргууг жигд тэгшлэх боломжгүй, хөөсөн дулаалга ба дээврийн хавтангийн хооронд зай үүсэх, өвлийн улиралд цанталт бий болох зэрэг сөрөг үр дагавар гарна.... гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 69-74 дүгээр тал/

 

ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийн шинжээч барилгын инженер, техникийн ухааны доктор, барилгын зөвлөх инженер Ж.Сарантуяа шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2022 оны 05 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 6-р хэсэг гудамж, 633 тоотод байршилтай А.Аын зуслангийн байшинд очиж обьекттой газар дээр нь танилцсан.

Дээврийн хучилтанд ашигласан хавтанг хураасан байсан ба 7 мм хүртэл хагаралт, цууралттай байсан. Тухайн хавтанг үзэхэд ачаалал даахгүй хагарч байсан.

БХХК бүтээгдэхүүн борлуулахдаа холбогдох мэдээлэл угсралтын ажлын талаарх зааварчлага гардуулж өгөөгүй байсан бөгөөд энэ нь 2021 оны 02 сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байсан.

Хавтангийн хөндлөн үе тутамд буюу 20 см тутамд дай мод бэхлэх ёстой байсныг 50 см-ийн зайтай хадах зааварчлага өгсөн нь буруу, энэ талаарх барилгын инженер Б.Жаргалын гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа.

Шүршдэг хөөсөөр дээвэр дулаалах технологийн тухайд доороос шүршдэг технологитой, БХХК-ийн тайлбарлаж байгаагаар хучилт дээрээс шүршвэл хөөс нь дээш хөөж сэвсийн сийрэгжин дулаалах үндсэн чанараа алдана. Мөн хатсаны дараа гадаргууг тэгшлэх боломжгүй, хөөсөн дулаалга ба дээврийн хавтангийн хооронд зай үүсэх, өвлийн улиралд цантах сөрөг үр дагавартай. ... гэсэн байна.

 

Хариуцагч БХХК нь Турк улсын Ондумит барилгын материал компанитай 2017 оны 04 сарын 05-ны өдөр борлуулалтын тусгай гэрээ байгуулан ондумит дээврийн хавтанг тус компанийн гэрээт борлуулагчийн эрхтэйгээр Монгол улсад худалдаалж эхэлсэн бөгөөд энэ нь борлуулалтын тусгай гэрээ, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 120-145, 163-176, 184-191, 205-211, 2 дугаар хавтасны 173-196 дугаар тал/

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч А.А нь хариуцагч буюу худалдагч БХХК-иас 2017 оны 08 сарын 17, 18, 2017 оны 09 сарын 14-ний өдрүүдэд дээврийн хуванцар хавтанг дагалдах бүтээгдэхүүний хамт худалдан авч Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино, 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоотын 179 м.кв талбайтай хувийн сууцны дээврийн ажлыг гүйцэтгүүлэн 2017 оны 12 сараас амьдарсан гэх ба 2018 оны хавар дээвэр цуурч 2019 оны 05 сараас дээврээс цас, борооны ус гоожин, дээврийн нүүрэн тал цуурч хагарсан байсан учир худалдагч Баясах Атлас ХХК-д 2019.05.20ы өдөр хүсэлт гаргахад хүлээж аваагүй тул шүүхэд хандсан гэж тайлбарлалаа.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,

254.6Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байна.

Худалдан авагч А.А нь баталгаат хугацааны дотор буюу 2019 оны 05 сарын 20-ны өдөр худалдагч БХХК-д шаардлага гаргасан бөгөөд 2019 оны 07 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухайд мөн хэн аль нь маргаагүй.

 

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заажээ.

Худалдагч БХХК нь өөрийн худалдаж буй дээврийн хавтанг худалдан борлуулахдаа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл, угсралтын технологийн талаарх зааварчлага бүрэн өгөөгүй, PVC хавтангийн хөндлөн үе болгонд буюу 20 см тутамд хөндлөн дай мод хийгдэн бэхлэгдэх байсныг БХХК-иас 50 см-ийн зайтай бэхлэх зааварчлага өгснөөс тухайн дээврийн хавтанд хагарал, цуурал үүссэн болох нь удаа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдлоо.

 

Хожим буюу 2021 оны 01 сарын 08, 2021 оны 01 сарын 19, 2023 оны 01 сарын 02-ны өдрүүдэд дээврийн хавтангийн талаарх танилцуулгыг ирүүлсэн нь дээврийн хавтанг худалдан авах үед тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой бүрэн мэдээллийг өгсөн гэсэн ойлголт биш болно.

 

Тухайн хувийн сууц нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж болох нь ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хувийн сууцыг барилга барих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн нь БХХК-ийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн гэрээний дагуу худалдаж эхэлсэн ондумит дээврийн хавтанг угсрах зааварчилгыг тухайн компани мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч БХХК нь нэхэмжлэгч А.Аын хувийн сууцны дээврийг буулган дахин барихад шаардагдах зардлын талаархи дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг эсэргүүцээгүй, үүнтэй холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй болно.

 

А.Аын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино /14093/, 6-р хэсэг гудамж, 633а тоотын хувийн сууцны дээврийг буулгах, дахин барихад 2019 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар 22,892,547 төгрөгийн зардал гарах нь /ажиллах хүчний зардал 8,552,927 төгрөг, материалын зардал 13,909,356 төгрөг, тээврийн зардал 75,936 төгрөг, машин ашиглалт 354,328 төгрөг/ хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

А.А өөрийн өмчлөлийн хувийн сууцны дээврийн материалт худалдан авч, дээврийг засварлахтай холбоотой зардлыг Ти энд жи ХХК, Кристалвүүд ХХК-д тус тус төлсөн нь, мөн барилгын материал худалдан авсан нь бараа материал худалдан авсан баримтуудаар нотлогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12-47, 2 дугаар хавтасны 159-172 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч БХХК-иас 22,892,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Аолд олгох үндэслэлтэй.

 

2022 оны 01 сарын 13-ны өдрийн 2094-р захирамжаар Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 14093, 6-р хэсэг гудамж, 633а тоот дахь хувийн сууцанд БХХК-иас худалдан авч суурилуулсан дээврийн хавтантай холбоотой асуудлаар ШУТИС-ийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийг шинжээчээр томилсон ба шинжилгээний ажлын хөлс 350,000 төгрөгийг нэхэмжлэгч А.А төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 68, 80 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу уг зардлыг хариуцагч БХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Аолд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч БХХК-иас 22,892,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Аод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас 272,413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Аод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч БХХК-иас 350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Аолд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН