Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/05090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 12 с 05ө

Дугаар 101/ШШ2022/05090

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС



 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .....ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............/-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 1байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , түүний өмгөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн төлөөлөгч Ш.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Н.Болормаа, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дби БЗД 25-р хороо, 13-р хороолол 1байр б блок тоот хаягт байрлалтай 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046909 дугаарт бүртгэж, 000832310 тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл ХСӨХ миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөөр өдийг хүрч байна. Энэ талаар СӨХ-ны даргад удаа дараа бичгээр болон амаар хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлээд хогийн цэгийг зайлуулаагүй. 25-р хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд тулгаж хууль зөрчин барьсан энэ хогийн цэг эрүүл ахуй талаасаа ч мөн хотын үзэмж, эрүүл ахуй талаасаа яагаад ч хуульд нийцэхгүй. Одоо үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн маань дотор талын хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна. Мөн орох хаалгад тулгах шахуу барьсан хогийн цэгийг зайлуулж өгнө үү. Иймд БЗД-ийн 25-р хороо, 13-р хороолол 1байр б блокод хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгаж өгнө үү ... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ...... нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд 103/1, 103/2, 103/3 гэсэн байрууд нь 214 өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар "ХСӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014.04.30-ний өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ийн ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор 103/1-р байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэгээ байгуулсан болно. Нэхэмжлэгч Днь тус хотхоны 103/1 байрны Б блок хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөө 2020 оны 9-р сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан байдаг. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн СӨХ-д хандаж гомдол гаргаж байгаагүй байна. Манай хотхонд энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд 214 айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын дур зоргоороо хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна. Энэ айл нь СӨХ-тэй гэрээ байгуулдаггүй дундын өмчлөлийн шугамаар үйлчилгээ авдаг боловч хуульд заасан засвар үйлчилгээний мөнгийг СӨХ-д төлдөггүй, хогийн цэгт хогоо хаядаг , дур зоргоороо гарааш руу өрөмдөн цоолж сангийн үйлчилгээг авдаг 2020 оны 9-р сараас хойш СӨХ-ийн төлбөр төлөхөөс зайлсхийдэг төлдөггүй. Иргэний үүргээ биелүүлдэггүй атлаа эрх зөрчигдөж байгаа гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар хотхон руу харсан хаалгатай байх ба худалдаж авахад нь мөн хотхон руу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10-р сард СӨХ-с болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох хотхоны хогийн цэг рүү хаалга гаргачхаад өөрсдийн эрх ашгийг зөрчигдлөө хэмээн маргаан үүсгээд байгааг хүлээн зөвшөөрөх боломж*үй байх түл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: ХСӨХ-ны .........т гаргасан албан бичиг 1 хуудас, Д ын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Д ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, фото зураг 6 ширхэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 20634 дугаартай захирамж 2 хуудас, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын албан бичиг 1 хуудас, түрээсийн гэрээ 2 хуудас.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Х-ны гэрчилгээний хуулбар 1 хуудас, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол № ТУЗ-2 1 хуудас, Хомланд СӨХ-ны 2014 оны ажлын төлөвлөгөө 1 хуудас, хэвлэмэл фото 2 хуудас, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол №ТУЗ-01/20 1 хуудас, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль гэх баримт 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Меритон ХХК-ийн 234 айлын орон сууцны барилга масштаб 2 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Дхариуцагч Х-нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 1байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй, 214 айлын эрх ашиг хөндөгдөнө, зориулалт бусаар хаалга нээсэн, ДСӨХ-той гэрээ байгуулж мөнгө төлдөггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Б Нарны зам гудамж 1байр, б блок тоот хаягт байршилтай, 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Дболох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046909 дугаарт бүртгэгдэж олгогдсон .......дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Х байгуулагдаж, төлөөлөн удирдах зөвлөл 2014 оны ажлын төлөвлөгөөг баталсны дагуу сууц өмчлөгчдийн холбоо нь Хомланд хотхоны 103/1, 103/2, 103/3 дугаар байрнуудын оршин суугчдад зориулсан хогийн цэгийг нэхэмжлэгч Д ын өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд тулгаж барьж, одоог хүртэл ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбар, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол №ТУЗ-2, Хомланд СӨХ-ны 2014 оны ажлын төлөвлөгөө зэргээр тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч 2020 онд үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авч, 2022 оны 8 сард хариуцагч Х-ны гүйцэтгэх захирал Ш.Сэлэнгэд хандан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаарх хүсэлтээ өгсөн болох нь зохигчдын тайлбар, Х-ны 2022 оны 8 сарын 29-ний өдрийн 52 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтийг татгалзсан хариуг өгсөн байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал сууц өмчлөгчдийн нэрийн өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх бөгөөд холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх, холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах эрх үүрэгтэй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт, нэхэмжлэгчийн 2022 оны 8 сард сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан хүсэлтийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал зохих шатны Засаг даргад хандан хогийн цэгээр ашиглах газар ашиглахаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа атлаа ... өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй, удирдах зөвлөлийн шийдвэрээр хогийн цэг барьсан, 214 айлын эрх ашгийг хөндөж байна... гэх тайлбар гаргаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан байх тул хариуцагч талын ... 214 айлын эрх ашиг хөндөгдөнө... гэх тайлбар үндэслэлгүй, уг тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших эрхийг шууд зөрчөөгүй боловч үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулгаж барьсан үйлдэл нь үл хөдлөх эд хөрөнгийн эрүүл ахуй, өнгө үзэмж, аюулгүй байдлыг нь зөрчиж байгаа гэж үзэх үндэслэлтэй, энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, фото зургаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал ДСӨХ-той гэрээ байгуулж мөнгө төлдөггүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл биш байна.

 

Дөмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөдөө шинээр хаалга гаргаж ашиглаж байгаа болох нь зохигчийн тайлбар, барилгын зургаар тогтоогдож байна. /хх 29-30/

 

Гэвч хариуцагчийн зориулалт бусаар хаалга нээсэн гэх тайлбар нь нэхэмжлэлийг татгалзах үндэслэлд хамаарахгүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

 

106 дугаар зүйлийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд Х хогийн цэгийг тулгаж барихдаа өмчлөгчийн зөвшөөрөлтэй барьсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг хогийн цэгийг хууль бусаар барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дөөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар тулгаж барьсан хогийн цэгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хомланд хотхон 1байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг нэхэмжлэгч Д ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч Х-нд даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ын нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хомланд хотхон 1байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг нэхэмжлэгч Д ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч Х-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ