Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01733

 

.

 

 

 

 

2023 09 11 210/МА2023/01733

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03340 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* СӨХ-д холбогдох,

 

******* дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Хомеланд ******* 103/2 байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн төлөөлөгч Ш.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.1.Б.******* нь ******* дүүрэг, *******-р хороо, 13- р хороолол, Хомбусланд *******, 103/2 байр, Б блок тоот хаягт байрлахүйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгэгдэж, 000832310 тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл ******* ******* СӨХ миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Энэ талаар СӨХ-ны даргад амаар болон бичгээр хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлдэг. *******-р хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, Үндсэн хуулийн 5.3-т тус тус зааснаар ******* дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол ******* *******, 103/2 байр, Б блокод хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.2. Манай ******* ******* нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд 103/1, 103/2, 103/3 гэсэн байрууд нь 214 өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар ******* ******* СӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар СӨХ-ны ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор 103/1-р байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд хогийн цэгээ байгуулсан болно. Нэхэмжлэгч Б.******* нь тус *******ы 103/1 байрны Б блок хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан байдаг. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн СӨХ-д хандаж гомдол гаргаж байгаагүй байна. Манай *******д энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд 214 айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар ******* уруу харсан хаалгатай байх ба худалдаж авахад, мөн ******* уруу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10 дугаар сард СӨХ-оос болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох *******ы хогийн цэг рүү хаалга гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Хом ланд ******* СӨХ-д холбогдох ******* дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Хом ланд *******, Нарны зам гудамж 103/2 байр, Б блок хаягт байрлах 41.6******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Шүүх нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д тухайн хог цуглуулах зориулалт бүхий эд зүйл нь 4 талаараа блокоор хийгдсэн ханатай хаалга болон салхивчтай болох нь шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургаар тогтоогдсон энэ талаар хэн аль маргахгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн *******ы 214 өрхийн оршин суугчдаас гарсан ахуйн хог хаягдлыг төвлөрүүлэн бөөгнөрүүлж, булшлах газарт нь хүргүүлэх хэсэг гэж үзэж байна.

Хариуцагчийн тайлбар нь Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх нь аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх- гэж заажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоолын 3.т

Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүрэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа журмын 6.2-т заасны дагуу эх үүсвэр дээр ангилан ялгах;

Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо нь гадна талбайдаа энэхүү журмын 6.2-т заасан төрлөөр хог хаягдал хадгалах сав, бункертэй байх ба доорх шаардлагыг хангасан байх, хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна шавьж, мэрэгч, шувуу, амьтан орох боломжгүй хамгаалалт, хаалт, тагтай байна;

мөн журмын 6.3-д заасан ангиллын төрлийг заасан таних тэмдэг, өнгөтэй байна; Хог хаягдлыг ангилж хийх, хадгалахад хялбар хийц загвартай, өнгө үзэмжтэй байна; Хогийн савыг тогтмол цэвэрлэн, сард нэгээс доошгүй удаа ариутгана;

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь картон цааснаас бусад төрлийн ангилсан хаягдлыг зориулалтын уутанд хийж, уутны амыг боож битүүмжпэн энэхүү журмын 3.1.6-д заасан хогийн сав, бункерт байршуулан, хадгалах ба хог ачиж цуглуулах хуваарийн дагуу ангиллын төрөл түс бүрээр хог тээврийн авто машинд ачуулах, барилга, байгууламжийг өргөтгөх, шинээр барихдаа түүний зориулалт, хүн амын няпграл, хог хаягдлын үүсэх хэмжээ, ангиллын төрлөөс хамаарч хог хаягдал хадгалах байр, талбайн байршлыг барилга, байгууламжийн зураг, төсөлд тусгасан байх гэсэн хуулийн заалт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, журмыг зөрчсөн үйлдэл бөгөөд тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Б.******* миний Хүний эрхийн үндэсний комисст гаргасан өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/963 тоот албан бичгээр ******* дугаар хорооны Засаг даргад шилжүүлснийг шийдвэрлээгүйг шүүх анхаарч үзээгүй.

Хариуцагчийн тайлбарт СӨХ-ийн дарга солигдоод өөр хүн болсон тул тухайн үед хогийн сав барих талаарх баримт олдохгүй байгаа бөгөөд уралдаан зарласнаас харахад дүүрэгтэй хамтарсан зөвшөөрөл авсан байх гэсэн тайлбараас дүгнэхэд зөвшөөрөл аваагүй нь тогтоогдоно.

Мөн ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар, ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01а/773 тоот албан бичгийн хуулбар, ******* дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай албан бичиг, мөн дүүргийн *******-р хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 54 тоот албан бичгээр тухайн хогийн цэг ,савыг анх байгуулахдаа зохих этгээдүүдээс ямар ч зөвшөөрөл аваагүй ******* ******* СӨХ дураараа байгуулсан нь нотлогдож байна. Дээрх нотлох баримтыг шүүх үнэлсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2014 онд ******* дүүргээс зарласан хог хаягдлыг хадгалах сав хийх үүргийн дагуу хогийн сав хийж уралдаанд оролцохдоо дүүргийн хөгжлийн төв, хорооноос зөвшөөрөл авсан. 2021 онд нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад уг хог хадгалах сав тухайн байрлалдаа байсан. ******* ******* СӨХ нь 214 өрхтэй, тухайн өрхийн хогийг хадгалах зориулалтын савтай. Уг савыг Шүүхийн шинжилгээний байгууллага шинжлээд мөөгөнцөр үүсээгүй, агааржуулалттай байгааг дүгнэсэн. 2023 оны 08 дугаар сард дүүргээс тухайн цэгт зориулалтын ангилан ялгах хогийн савыг байрлуулсан. Барилгын зургаар нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө нь ******* руу харуулж зөвшөөрөлгүй хаалга гаргасны улмаас маргаан үүссэн. Иймд бид ангилан ялгах хог хадгалах савыг нийтийн эзэмшлийн зохих ёсны газарт байрлуулсан. ******* дүүргийн нийтлэг үйлчилгээний газар болон тус дүүргийн Татварын албатай гурвалсан гэрээгээр хог хаягдлыг хугацаанд нь ачуулж, хог булшлах, хаях цэгт зөөвөрлөн ажилладаг гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* СӨХ-нд холбогдуулан ******* ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Хом ланд ******* 103/2 байр Б блокод хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ******* ******* СӨХ нь миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайн хогийн цэгийг барьснаар үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн дотор хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна, ... хогийн цэг ,савыг анх байгуулахдаа зохих этгээдүүдээс ямар ч зөвшөөрөл аваагүй, ... өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хоолны газарт түрээслэх гэхээр хог үнэртдэг, хог гадаа шатаахаар үнс, үнэр нь үйлчилгээний талбай руу ороод зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байгаа, ... эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна ... гэх агуулгаар тайлбарлаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч ******* СӨХ нь нийтийн эзэмшлийн талбайд хогийн сав барьсан гэдэгт талууд маргаангүй.

4.Дээрхээс нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч Б.******* нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой саад болж байгаа үйлдлийг зогсоох шаардлага гаргаж байна уу эсхүл хөршийн нөлөөлөлтэй холбоотой шаардлага гаргаж байна уу гэдгийг тодруулан маргааны зүйлийг тодорхой болгож, улмаар талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

5.Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД