Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00453

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., О... овогт Д...ын П...,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Ш... овогт Д...ын Г...,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 25 357 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “2021 оны 10 дугаар сарын 26-ны 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..., өмгөөлөгч Ш.С..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О..., өмгөөлөгч Т.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.П... нь хариуцагч Д.Г...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 357 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: 

Д.Г...т 16 100 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл 1 сарын дараа тус зээлүүлсэн мөнгөө нэхэхэд элдэв тайлбар тавиад утсаа авахгүй болсон.Д.П... гадагшаа явахаар болоод надад итгэмжлэл олгосон. Алдангийн хугацаа хэтрээд удсан учир шүүхэд хандаж байгаа.Мөнгийг 1 сарын хугацаатай зээлсэн ба мөнгөө өгөөгүй.Иймд хуулийн дагуу гэрээний үндсэн төлбөр болох 16 100 000 төгрөг, хүү 805 000 төгрөг, алданги 8 452 500 төгрөг нийт 25 357 500 төгрөгийг нэхэмжилж байна.Д.Г... нь нэхэмжлэгчээс мөнгө авсныг би харсан, гэрчилнэ, энэ мөнгийг Д.Г... надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээн авсан, хариуцагч Д.Г... надад өртэй байсан нь үнэн гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Зээлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариат дээр очиж 16 цаг 56 минутад байгуулсан.Нотариат дээр очихдоо бэлэн мөнгө өгье гэсэн.Д.П... гэдэг хүнийг Д.Г... нь огт танихгүй ба уг хоёр хүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э... нотариат дээр дагуулан орж ирээд бэлэн мөнгө өгөхгүйгээр 16 100 000 төгрөгийг шууд Голомт банкны ... тоот дансанд 10 дугаар сарын 26-ны өдрөө шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч мөнгийг шилжүүлээгүй 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариат дээр очиж 16 цаг 56 минутад гэрээ хийсэн гэдэг ба уг гэрээг хийсэн нотариатчаас асуухад тус стандарт гэрээг 8-10 минутын дотор хийдэг гэж хариулсан, 16 цаг 56 минутаас 17 цаг 10 минутад гэрээ дууссан. Гэтэл бэлэн мөнгөгүй байсан хүмүүс 17 цаг 20 минутад бэлэн мөнгө хүлээж авлаа гээд Д.Г...т гарын үсэг зур гээд тус баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Нотариатч уг гэрээг байгуулахдаа мөнгийг хуульд заасан байдлаар шилжүүлж өгөх ёстой ба өгсний дараагаар зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно.Иймд мөнгөө өгөөгүй учир бэлэн мөнгө ба ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй тул зөвшөөрөхгүй, Б.Э...гийн зээлийг төлөх зорилгоор гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:Би Б.Э...гаас 10 000 000 төгрөг зээлсэн, уг мөнгө нь 2 хуваагдаж миний Хаан банк дахь ... тоот дансанд орж ирсэн ба сүүлийн 5 000 000 төгрөг нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд өдөр шилжиж ирсэн байдаг.Би Б.Э...гаас зээлсэн мөнгөө 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дараах байдлаар төлж байсан.Үүнд:2019.01.31-нд 386  000 төгрөг, 2019.03.27-нд 600 000 төгрөг, 2019.02.03-нд 695 000 төгрөг, 2019.02.03-нд 795 000 төгрөг, 2019.04.04-нд 900 000 төгрөг, 2019.05.17-нд 60 000 төгрөг, 2019.05.26-нд 800 000 төгрөг, 2019.10.17-нд 300 000 төгрөг, 2020.02.04-нд 200 000 төгрөг, 2021.03.31-нд 300 000 төгрөг, 2021.04.01-нд 300 000 төгрөг, 2021.04.02-нд 200 000 төгрөг, 2021.04.03-нд 300 000 төгрөг, 2021.04.06-нд 200 000 төгрөг, 2021.05.31-нд 450 000 төгрөг, 2021.06.02-нд 300 000 төгрөг, 2021.07.30-нд 1 400 000 төгрөг, 2021.08.31-нд 315 000 төгрөг нийт 8 501 000 төгрөгийг эргэн төлсөн.Одоо 1 499 000 төгрөгийг Б.Э...д төлөх үлдэгдэлтэй байгаа.

Ковидын нөхцөл байдлаас болж миний бизнесийн орлого муудаж Б.Э...гаас авсан зээлээ бүрэн төлж чадахгүй хэмжээнд хүрсэн.Гэтэл Б.Э... “Надад мөнгө зээлдэг таньдаг хүн би та тэр хүнээс мөнгө зээлээд миний өрийг дарчих надад мөнгө хэрэг болоод байна.Би тэр хүнийг сайн танина, зээлийн гэрээ хийлгүүлээд өгье” гэсэн.Би ч хүний мөнгийг цаг тухайд нь өгч чадаагүйдээ санаа зовоод Б.Э...гийн саналыг хүлээн зөвшөөрсөн.Ингээд 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой нотариат хаахаас өмнөхөн Д.П...г дагуулж ирээд зээлийн гэрээ хийлгэсэн, тэгж л би анх удаа Д.П... гэдэг хүнтэй танилцсан.Гэрээ хийж байхад зээлсэн мөнгийг миний Голомт банк дахь 1705045942 дугаарын данс руу хийхээр тохирсон.Нотариатч энэ тухай асууж лавлаж байгаад гэрээг баталж өгсөн.

Гэрээг батлуулсны дараа Д.П... “Банк хаачихсан байна.Би заавал банкаар гүйлгээ хийдэг, надад интернэт банк байхгүй.Тиймээс та гэрээний ард бэлнээр мөнгө хүлээн авсан гэж бичээд өг.Би Сэлэнгэ явах ёстой яараад байна. Өглөө шилжүүлчихье та санаа зоволтгүй, би Сэлэнгийн банкаар шилжүүлчихнэ гэсэн.” мөн Б.Э... “та юунд нь санаа зовдгийн бэ? бэлнээр авсан гээд биччих, бид 2 бие биеэ танихгүй биш байнга л мөнгө төгрөг өгч авалцаж байдаг биз дээ.Наад хүүхнээ намайг гээд л ойлгочих” гэж хэлсэн.Би ч хүний мөнгийг өгч чадаагүйдээ санаа зовоод, дээр нь Б.Э...г гуйж байгаа болохоор нь ямар ч муу юм саналгүйгээр бэлнээр мөнгө хүлээн авсан мэт дүр үзүүлэн бичиж өгсөн.

Надаар бичиг бичүүлж авснаас хойш Д.П..., Б.Э... нар хэн аль нь сураггүй болсон.Тэгээд л гэнэт надад шүүхээс нэхэмжлэл ирсэн.Иймд Д.П... бид хоёрын дунд хийсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, зээлийн гэрээн дээр бэлэн аваагүй байж дүр үзүүлэн гарын үсэг зурж “17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэж бичсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тайлбарлахдаа:Д.Г... нь 16 100 000 төгрөг аваагүй учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.Бэлэн мөнгө хүлээн авсан тухай гараар бичсэн тэмдэглэл нь Д.Г...ийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн, бичиж байгаа зүйлийн агуулга ч ойлгомжтой, “банк хаасан учир бэлнээр авлаа” гэж бичсэн, мөнгөө ч авсан, 16 100 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нүдээр харсан, гэрчилнэ.Учир нь энэ мөнгийг Д.Г... надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээн авсан, хариуцагч Д.Г... надад өртэй байсан нь үнэн.Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримтыг шүүхэд өгсөн./хх 4-5/ 

Хариуцагчаас:Голомт банкин дах дансны хуулга, Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 11-12, 79-92, 98, 102-103/

Талуудын хүсэлтээр гэрч Т.М...н мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./хх 30-31, 117-118/  

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.Г...ээс 25 357 500 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.П...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Г...ийн сөрөг нэхэмжлэлийг хангах  хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үндсэн төлбөр 16 100 000 төгрөг, хүү 805 000 төгрөг, алданги 8 452 500 төгрөг нийт 25 357 500 төгрөг хариуцагч Д.Г...ээс гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Зээлийн гэрээнд заасан 16 100 000 төгрөгийг би хүлээж аваагүй тул зөвшөөрөхгүй, Б.Э...гийн зээлийн өрийг төлөх зорилгоор гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Д.П...тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, мөнгийг бэлнээр хүлээж аваагүй байж “2021 оны 10 дугаар сарын 26-ны 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэж бичсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Д.Г... 16 100 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нүдээр харсан, гэрчилнэ, энэ мөнгийг Д.Г... надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээн авсан, хариуцагч Д.Г... надад өртэй байсан нь үнэн гэх үндэслэлээр няцаасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан тухай баримт, хариуцагчийн Голомт банкин дах дансны хуулга, Хаан банкин дах дансны хуулга, гэрч Т.М...н мэдүүлэг, цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Д.П... нь 16 100 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай Д.Г...т зээлдүүлэх гэрээ зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээний дагуу 16 100 000 төгрөгийг Д.Г... хүлээж аваагүй гэж маргаж байна.

Зээл олгох хэлбэрийг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т бэлэн бусаар зээлдэгчийн Голомт банкны ... тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэхээр талууд тохиролцсон боловч уг дансанд мөнгийг шилжүүлээгүй байна.

Мөн зохигч талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд дурдсан 16 100 000 төгрөгийг Д.Г... хүлээж аваагүй болох нь “энэ мөнгийг Д.Г... надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээн авсан, хариуцагч Д.Г... надад өртэй байсан нь үнэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрөө зээлийн мөнгийг аль эх үүсвэрээс авсан тухайгаа баримтаар нотлоогүй байх бөгөөд 16 100 000 төгрөгийг Б.Э... нь өөрийнхөө Д.Г...ээс авах байсан зээлийн авлагад тооцож авсан гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Г... нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э...гаас зээл авсан байсан, тухайн үед зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд Б.Э...гийн зээлийн өрийг төлөх зорилгоор Д.П...тай зээлийн гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж үзэхээр байна.

Мөн зохигчдын утсаар ярилцсан ярианы бичлэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн боловч энэхүү ярианы бичлэгээс тасалж авсан хэсэгт үзлэг хийлгэсэн гэдэгт зохигчид маргахгүй байх тул үзлэг хийсэн хэсэгт дурдсан үйл баримтаар Д.Г... нь 16 100 000 төгрөгийг хүлээн авсан байна гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул Д.П...гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.П... нь зээлийн гэрээнд дурдсан 16 100 000 төгрөгийг бодитоор зээлдэгч Д.Г...т шилжүүлэн өгөөгүй байж, “2021 оны 10 дугаар сарын 26-ны 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэж Д.Г...ээр бичүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг хэлцлийн улмаас эрх үүрэг үүсэх боломжгүй байдаг тул дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 284 737 төгрөг, хариуцагчийн төлсөн 238 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.П...гаас 238 450 төгрөг гаргуулан Д.Г...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 182 дугаар зүйлийн 182.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Г...ээс 25 357 500 төгрөг гаргуулах тухай Д.П...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “2021 оны 10 дугаар сарын 26-ны 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 284 737 төгрөг, хариуцагчийн төлсөн 238 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.П...гаас 238 450 төгрөг гаргуулан Д.Г...т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН