Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/04495

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/04495

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот хаягтай, М ХЗХ /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Ц /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,577,092.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Одын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Ц нь М ХЗХнд 2014 оны 05 дугаар сарын 10-ний өдөр гишүүнээр элссэн байдаг. Гишүүн Б.Ц 2014 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ... тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Гишүүн нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, Тоёото Ланд Круйзер 100 маркийн авто машиныг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгчид барьцаалсан байдаг. Хариуцагчтай байгуулсан 2014 оны ... тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч тухайн өдөр хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 20...А тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Тус нэмэлт гэрээний зорилго маань зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаатай сунгаж зээлийн хүүг сарын 3.1 хувь байхаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн үндсэн хүүгээс нийт 434,990 төгрөг төлсөн байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 01382 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн албан бичгээр хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон гэдгээ мэдэгдсэн байдаг. Хариуцагч тал М ХЗХ-ноос зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй гэж гол агуулгаа тайлбарлаж байх шиг байна. Зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан баримтад Б.Ц гарын үсэг зурсан гэдгийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгийг Б.Ц биш Б.О гэдэг хүн авсан гэж ярьж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасны дагуу бодит үнэнийг шүүхэд өгөх үүрэгтэй. Гэтэл эрх, үүрэгтэйгээ танилцсаар байж зориуд худал мэдүүлэг өгч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг будилаантуулах гэж үзэж байна. Иргэн Б.О гэдэг хүний тайлбар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн өргөдлөөс уншиж үзвэл М ХЗХ-нд өргөдөл гаргах нь, Б.Цээс авсан зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний дотор төлөх нь үнэн болно гээд өргөдөл гаргасан Б.О гэж гарын үсэг зураад, утас нь 99037788 гэх агуулгаас үзвэл Б.Цийн зээлж авсан 5,000,000 төгрөг Б.О гэдэг хүн зээлж авсан юм байна гэж харагдаж байгаа юм. Доод талд нь хамтран энэ зээлийг гардаж 5,000,000 төгрөгийг авчирч өгнө гээд Б.Ц гэсэн гарын үсэг бий. Эдгээрээс үзэхэд Б.О гэдэг хүн Б.Цээс 5,000,000 төгрөгийг зээлж авсан юм байна. Энэ мөнгөө Б.Ц хоршоонд авчирч өгнө гэж л ойлгогдож байна. Зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан баримтууд дээрх Б.Цийн гарын үсгийг шинжээч нар тогтоосон. Гэтэл хариуцагч маань уг гэрээнд гарын үсэг зураагүй гэж шүүхэд мэдүүлсэн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Энэ гэрээг байгуулахад Б.Ц Монгол улсад байгаагүй гэдэг, энэ мөн хилийн лавлагааг хууль бусаар цуглуулж шүүхэд бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр өнөөдөр эрүүгийн шүүх дээр ялагдагчаар татагдаад явж байгаа, хилийн цэргийн холбогдох ажилтнууд нь мөн ялгаагүй ялагдагчаар татагдаад явж байгаа. Гишүүнээр элсэхэд М ХЗХ хуулийн дагуу өргөдөл, хураамж авч үүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүнийг гишүүнээр бүртгэж авах үндэслэлтэй гэж үзвэл бүртгэж авдаг. Зээл авахаас өмнө 2010 онд гишүүнээр Санхүүгийн зохицуулах хороонд Б.Цийг бүртгүүлсэн байдаг. Өмнөх анхан шатны шүүх хурал дээр Б.Ц  зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Гэвч өмгөөлөгч авсныхаа дара би зээл аваагүй болоод явчихдаг.

 

Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 6,518,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,113,594 төгрөг, нийт 12,632,238 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд 2018 оны 09 дүгээр сарын 03-нд 5,000,000 төгрөг нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл нь 4,882,140 төгрөг болгон багасгасан. Ямар учиртай гэхээр гишүүний ашиг тарааж, ашгийг нь үндсэн зээлээс нь хасаад 4,882,140 төгрөг болгосон. Улмаар үндсэн хүүнд 6,500,000 төгрөг нэхэмжилж байсныг 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн байдлаар 13,234,565.98 төгрөг болгож ихэсгэсэн, мөн нэмэгдүүлсэн хүүнд 1,100,000 төгрөг нэхэмжилж байсныг 2,460,386.20 төгрөг болгож, нийт 20,577,092.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Цийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Ц болон нэхэмжлэгч М ХЗХ нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж хариуцагч талаас үзэж байгаа. Тухайн зээлийг Б.Ц гуай өөрийн хүсэл зоригийн үүднээс бүрэн өөрөө төлж барагдуулна гэдэг утгаар зээлийн гэрээг хийгээгүй байдаг. Тухайн зээлийг М ХЗХноос гаргуулсны дараа гэрч Б.О тухайн мөнгийг гардаж авсан байдаг. Б.О мөнгөний яаралтай шаардлага гарсан учраас та боломжтой бол тухайн хоршооноос зээлийг аваад өгөөч гэдэг агуулгаар хүсэлт тавьж гуйсан байдаг. Үүнийг нь Б.Ц гуай М ХЗХнд мэдэгдэж дамжуулаад би гарын үсэг зураад өгье, энэ хүн бүрэн төлөх юм гэдэг харилцан тохиролцоо үүссэний үүднээс тухайн зээлийг олгосон байгаа. Б.О тухайн зээлийг ор тас төлөлгүй алга болоогүй. Тодорхой хэмжээнд төлж явж байсан баримтууд байгаа. Б.О өөрийн данснаас М ХЗХны дансанд төлж, зээлээ өөрөө хүлээн зөвшөөрөөд тухайн холбогдох төлөлтийг хийгээд явж байсан. Тухайн М ХЗХнд гишүүнээр элсэхдээ тухайн элсэгч нь холбогдох хүсэлт материалыг бүрдүүлэн хураамж төлсний дараа гишүүнээр элсүүлж авна гэдэг агуулга бүхий заалт тус хоршооны дүрэмд байгаа. Гэтэл тухайн хоршоонд гишүүнээр авахдаа ямар нэгэн байдлаар хураамж болон төлбөр гэх зүйл аваагүй. Дүрэмд заасны дагуу хураамж төлсний дараа элсэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ хоршоо өөрөө дүрмийнхээ дагуу биш тухайн этгээдийг элсүүлчихээд түүнийхээ дараа тухайн этгээдтэйгээ гэрээ хийсэн нь Хоршооны тухай хууль, журмаа зөрчсөн учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан үнийн дүнтэй холбоотой хэд хэдэн удаа хоршооны зүгээс буруу үнийн дүнг тайлбарласан байгаа. Уг нь 5,000,000 төгрөг биш, 3,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй гэдэг гэрээ анх хийгдэж бичгээр байгуулсан хэрнээ тухайн гэрээг өөрчилж 5,000,000 төгрөг гэдэг агуулгаар бичиж өөрчилсөн байдаг. Энэ тухай давж заалдах шатны шүүхийн магадлал дээр тодруулж хэд хэдэн удаа лавласан байгаа. Үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх дээр Б.Ц  гуай 100 хувь өөрийн хүсэлтээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр гэрээний саналыг гаргаж тухайн гэрээг байгуулсан гэдэг нь тодорхой бус байна гэдэг агуулгаар давж заалдах шатны шүүхээс хэргийг буцсан байдаг. Уг зээлийн агуулга нь тухайн зээлийг би төлж барагдуулна гэдэг өөрийн гараар бичсэн материал баримт байдаг. Тухайн материалыг үзэхэд Б.О өөрөө уг гэрээг хийсэн. Тухайн гэрээг байгуулах санал гаргаж гэрээний дагуу үүргээ биелүүлж явж байсан гэдэг нь тус тус нотлогдож байгаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болно гэж заасан. Нэмэгдүүлсэн зээлийг хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөлтийн график, кассын зарлагын ордер, тээврийн хэрэгслийн ... тоот гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын ... тоот гэрээ, даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хоршоонд гаргасан Б.Цийн хүсэлт, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ...-а тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ, зээл, хүү төлөлтийн график, Отгонбилэгийн тус хоршоонд гаргасан өргөдөл, Б.Цийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, зээл, зээлийн хүүний тооцоолол, Б.Цийн өргөдөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 002957079 тоот лавлагаа, зээлдэгчийн намтар, өргөдөл, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01382 тоот шийдвэр, хоршооны дүрэм, кассын орлогын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ордер, М ХЗХны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тогтоол, тус хоршооны 2014 оны 12 дугаар сарын 16-н болон 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн хорооны шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн кассын орлогын ордер, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, тус хоршооны даргын 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот тушаал, зээлийн дансны хуулга, тэнцлийн гадуурх гүйлгээний хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

4. Хариуцагч Б.Ц хариу тайлбараа шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1863 дугаар дүгнэлтийг, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 3599 дүгээр дүгнэлтийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг, мөн М ХЗХны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот албан бичгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж нэхэмжлэгчээс зээлийн үйл ажиллагааны журмыг, Хил хамгаалах ерөнхий газраас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 тоот тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2-48/2505 тоот албан бичгийг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9/2536 тоот албан бичгийг, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2-4в/2957 тоот, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2-4в/3057 тоот, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2-4в/3746 тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/2102 тоот албан бичгийг гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Б.Цэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,577,092.10 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Ц нь М ХЗХнд 2014 оны 05 дугаар сарын 10-ний өдөр гишүүнээр элссэн байдаг. Гишүүн Б.Ц 2014 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ... тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Гишүүн нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, Тоёото Ланд Круйзер 100 маркийн авто машиныг 2014 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн ... тоот зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгчид барьцаалсан. Хариуцагчтай байгуулсан 2014 оны ... тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч тухайн өдөр хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 20...А тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Тус нэмэлт гэрээний зорилго маань зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаатай сунгаж зээлийн хүүг сарын 3.1 хувь байхаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн үндсэн хүүгээс нийт 434,990 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан баримтад Б.Ц гарын үсэг зурсан гэдгийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлт тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч маань уг гэрээнд гарын үсэг зураагүй гэж шүүхэд мэдүүлсэн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Энэ гэрээг байгуулахад Б.Ц Монгол Улсад байгаагүй гээд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч хууль бусаар нотлох баримт цуглуулж шүүхэд бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр хариуцагч өнөөдөр эрүүгийн шүүх дээр ялагдагчаар татагдаад явж байгаа, мөн хилийн цэргийн холбогдох ажилтнууд нь мөн ялгаагүй ялагдагчаар татагдаад явж байгаа. Гишүүнээр элсэхэд М ХЗХ өргөдөл, хураамж авч үүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүнийг гишүүнээр бүртгэж авах үндэслэлтэй гэж үзвэл бүртгэж авдаг. Зээл авахаас өмнө 2010 онд гишүүнээр Санхүүгийн зохицуулах хороонд Б.Цийг бүртгүүлсэн байдаг. Өмнөх анхан шатны шүүх хурал дээр Б.Ц  зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Гэвч өмгөөлөгч авсныхаа дара би зээл аваагүй болоод явчихдаг гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзжээ. Үүнд, Хариуцагч Б.Ц 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М ХЗХны хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж хариуцагч талаас үзэж байгаа. Тухайн зээлийг Б.Ц гуай өөрийн хүсэл зоригийн үүднээс бүрэн өөрөө төлж барагдуулна гэдэг утгаар зээлийн гэрээг хийгээгүй байдаг. Тухайн зээлийг М ХЗХноос гаргуулсны дараа гэрч Б.О тухайн мөнгийг гардаж авсан байдаг. Б.О мөнгөний яаралтай шаардлага гарсан учраас та боломжтой бол тухайн хоршооноос зээлийг аваад өгөөч гэдэг агуулгаар хүсэлт тавьж гуйсан байдаг. Үүнийг нь Б.Ц гуай М ХЗХнд мэдэгдэж дамжуулаад би гарын үсэг зураад өгье, энэ хүн бүрэн төлөх юм гэдэг харилцан тохиролцоо үүссэний үүднээс тухайн зээлийг олгосон байгаа. Б.О өөрийн данснаас М ХЗХны дансанд эргэн төлөлийг хийгээд явж байсан. Тухайн хоршоонд гишүүнээр авахдаа ямар нэгэн байдлаар хураамж болон төлбөр гэх зүйл аваагүй. Дүрэмд заасны дагуу хураамж төлсний дараа элсэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ хоршоо өөрөө дүрмийнхээ дагуу биш тухайн этгээдийг элсүүлчихээд түүнийхээ дараа тухайн этгээдтэйгээ гэрээ хийсэн нь Хоршооны тухай хууль, журмаа зөрчсөн учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан үнийн дүнтэй холбоотой хэд хэдэн удаа хоршооны зүгээс буруу үнийн дүнг тайлбарласан байгаа. Уг нь 5,000,000 төгрөг биш, 3,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй гэдэг гэрээ анх хийгдэж бичгээр байгуулсан хэрнээ тухайн гэрээг өөрчилж 5,000,000 төгрөг гэдэг агуулгаар бичиж өөрчилсөн байдаг, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэв.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, хүү төлөлтийн график, кассын зарлагын ордер, тээврийн хэрэгслийн ... тоот гэрчилгээ, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хоршоонд гаргасан Б.Цийн хүсэлт, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ...-а тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ, зээл, хүү төлөлтийн график, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1863 дугаар дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 3599 дүгээр дүгнэлтийг, М ХЗХны зээлийн үйл ажиллагааны журам, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 тоот тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2-48/2505 тоот, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2-4в/2957 тоот, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2-4в/3057 тоот, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2-4в/3746 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9/2536 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/2102 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Б.Цтэй 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацааг зохигчид 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин 6 сарын хугацаагаар сунгаж, хүүг 3.1 хувь болгож гэрээнд өөрчлөлт оруулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01-03 УБГ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг барьцаалжээ. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 31-нд 150,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 28-нд 38,330 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-нд 150,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-нд 38,340 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-нд 38,520 төгрөг, 2018 оны 02 дүгээр сарын 28-нд 19,800 төгрөг, нийт 434,990 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Ц нь зээлийн хөрөнгийг буюу 5,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биеэр хүлээж авсан болох нь М ХЗХны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн кассын орлогын ордер, дээр дурдсан шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатарын шүүх хуралдаанд гаргасан ...зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан баримт дээр Б.Ц гарын үсэг зурсан, гэхдээ мөнгийг Отгонбилэг авсан гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-д зээлийн хүү сарын 2.9 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.3-т ... нэмэгдүүлсэн хүү сарын 0.58 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл, хүүгийн тооцоолол, дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 31-нд 150,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 28-нд 38,330 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-нд 150,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-нд 38,340 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-нд 38,520 төгрөг, 2018 оны 02 дүгээр сарын 28-нд 19,800 төгрөг, нийт 434,990 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг зээлийн хүүнд суутгаж тооцсон нь үндэслэл бүхий байна. Учир нь 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба сарын 145,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төлсөн 434,990 төгрөгийг хүүнд суутгасан нь үндэслэлтэй. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 4,882,140 төгрөг, үндсэн хүүнд 13,234,565.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,460,386.20 төгрөг, нийт 20,577,092.10 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20,577,092.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХнд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатарын ... зээлийг Отгонбилэг авсан, мөн тус хоршоо нь Б.Цийг гишүүнээр элсүүлэхдээ хураамж аваагүй, журмаа зөрчиж зээл гаргасан. Зээлийн хэмжээ нь 5,000,000 төгрөг биш 3,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь зээлийн хөрөнгийг Б.Ц хүлээн авсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон, мөн хариуцагч нь тус хоршоонд гишүүнээр элссэн, мөн нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд зээлийн гэрээний 1.3-т зааснаар тохиролцсон, зээлийн хэмжээ нь 5,000,000 төгрөг болох нь зээлийн гэрээ, кассын ордероор тогтоогдож байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 20,577,092.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР