Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00082

 

 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00334 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 846 дугаар магадлалтай, 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох  

Зээлийн гэрээний үүрэг 12,632,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Одын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* ХЗХ нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12,632,238 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00334 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,632,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХЗХ-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,066 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 217,066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 846 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,066 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан. Хариуцагч ******* нь шүүх хуралд ******* ХЗХ-оос 5,000,000 төгрөг аваад Н.Отгонбилэгт өгсөн гэж мэдүүлсэн. Энэ тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн 5,000,000 төгрөг аваагүй гэсэн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь илт үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн 2 удаа томилогдсон шинжээчийн дүгнэлтэд зээлийн гэрээ болон кассын зарлагын ордер дээр хариуцагчийн гарын үсэг зурагдсан болохыг тогтоосон. Н.Отгонбилэг нь хариуцагч ******* зээлээ төлөхгүй тохиолдолд би өмнөөс нь төлнө гэсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. ******* ХЗХ-ны даргын 2011.05.10-ны өдрийн 06 тоот тушаалаар *******ийг хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хариуцагч нь тухайн өдрөө элсэлтийн хураамжид 10,000 төгрөгийг, хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээнд 150,000 төгрөгийг тус тус тушаасан. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу хариуцагч нь хоршооны гишүүн болохыг нотлох зорилгоор элсэлтийн хураамж болон хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг төлсөн 2011.05.10-ны өдрийн Кассын орлогын ордер-ийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийг хоршооны гишүүн мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд бус талуудын маргаагүй асуудал болох хоршооны гишүүн мөн эсэх талаар өөрийн санаачлагаар хариуцагчийг хоршооны гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж үндэслэлгүй дүгнэсэн нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг 2020.01.27-ны өдөр шийдвэрлэсэн. Шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие болон хариуцагч ******* биечлэн оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хариуцагч ******* нь биелүүлээгүй тул анхан шатны шүүх 2020.02.28-ны өдөр шуудангаар шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн болно. Хуулийн 119 дүгээр зүйлийн 199.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэснийг зөрчсөн. Хариуцагч *******ийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа 2020.02.17-ны өдөр дуусгавар болсон байхад давж заалдах гомдол хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Одын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан. 

7. Нэхэмжлэгч ******* ХЗХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *******эд 2014.12.16-ны өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлснийг буцаан төлөөгүй тул зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилнэ... гэж тодорхойлсон байна.

Хариуцагч ******* ...зээлийг би авч хэрэглээгүй, Н.Отгонбилэгт авч өгсөн, нэхэмжлэгчид Н.Отгонбилэг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, мэтгэлцжээ.  

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг 12,632,238 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардсан байх бөгөөд уг зээлийн гэрээнд тусгагдсан зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

8. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж заасан бөгөөд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХЗХ нь зээлийг зөвхөн хоршооны гишүүдийнхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй. 

Давж заалдах шатны шүүхээс *******ийг ******* ХЗХ-ны гишүүнээр хэзээ элссэнийг тодруулах, уг нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд талууд 2014.12.16-ны өдрийн 14/186 тоот зээлийн гэрээ байгуулж, зээл олгосноор эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс үйлчилгээ үзүүлэх хүрээнд ямар зээлийн харилцаа үүссэн болохыг тодорхойлох боломжгүй, түүний үндэслэл тодорхой бус, зээлийг төлөх үүрэг Н.Отгонбилэгт шилжсэн эсэхийг тодорхой болгох талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаарх давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Одын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 846 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Одын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,066 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД