Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00334 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч  “М” ХЗХ-ны хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 632 238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  “М” ХЗХ-ны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц  нь “М” ХЗХ-нд 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гишүүнээр элссэн. Гишүүн Б.Ц ийн хүсэлтийн дагуу түүнтэй 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/186 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Ц  өөрийн өмчлөлийн 01-03 УБГ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн автомашиныг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/034 тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч тухайн өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу 14/186-А тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг сарын 3,1 хувь байхаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй бөгөөд, зөвхөн үндсэн хүүнээс 434 990 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Б.Ц ээс зээлийн болон зээлийн нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6 518 645 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 113 594 төгрөг, нийт 12 632 238 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний бие “М” ХЗХ-нд гишүүнээр элссэн бөгөөд, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найзын нэрийн өмнөөс уг хоршоотой 14/186 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ингэхдээ 3 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргаж, 14/186-А тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг бичгээр байгуулан, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан. Гэтэл нэхэмжлэгч “М” ХЗХ нь анх байгуулсан 14/186 тоот зээлийн гэрээний үнэ болох 3 000 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээг санаатайгаар өөрчилж, 5 000 000 төгрөг гэх хиймэл үнийн дүнг гаргаж, хууль бусаар миний эд хөрөнгийн эрхэд халдахаар нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ зээлийг Н.О гэдэг хүнд авч өгсөн. Хэргийн материалд байгаа. Зээлийн гэрээнд төмөр замд байрлах орон сууцыг барьцаалсан. Энэ зээлийг би авч хэрэглээгүй. Энэ асуудал яагаад гараад ирсэн гэхээр н.Даваадолгор гэдэг хүн манай уурхайд байж байгаад хувийн таарамжгүй харьцаанаас болж гэнэтхэн энэ зээлийн асуудлаар нэхэмжлэл аваад ирсэн. Ланд круйзер машиныг барьцаалаагүй. Миний бичиг баримтыг ашиглаж ийм асуудал үүсгэж байгаа болохоор би маргаж байгаа. 16 800 000 төгрөгийг 2016 онд төлсөн баримт Н.О гэдэг хүнд байгаа. Энэ хүн Турк улсад олон жил амьдарч байгаа. Зээлийн гэрээг би байгуулж гарын үсэг зурсан. Мөнгийг би аваад Н.О т өгсөн. 5 000 000 төгрөг авсан нь үнэн. Зээл авахад Н.О надтай хамт очиж авсан. Би энэ мөнгийг авчирч өгнө гэж хэлээд авч явсан. М ХЗХ-ноос авсан зээлээ төлж байсан. Н.О  “М” ХЗХ-ны гишүүн биш. 3 000 000 төгрөгийг орон сууц барьцаалж зээлж аваад, нэмээд 5 000 000 төгрөг зээлсэн. Н.Отгонбилэгийн авсан мөнгө явсаар байгаад 16 800 000 төгрөг болсон, үүнийг нь би төлсөн. Баримт өгснийг нь эхнэртээ өгсөн. Эхнэр алга болгосон байна гэсэн. Н.Отгонбилэгийн өмнөөс зээлийг нь төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 632 238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХЗХ-нд олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 066 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 217 066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шуухийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч хариуцагч Б.Ц ээс үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 518 645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 113 594 төгрөг нийт 12 632 128 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Б.Ц  миний бие 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  “М” ХЗХ-ны гишүүнээр элссэн бөгөөд уг хугацаанаас хойш тус байгууллагын захиралтай найз нөхдийн болон ажил хэргийн асуудпаар ойр дотно харилцаж ирсэн. Ингээд тухайн үед манай эхнэрийн төрсөн дүү Н.О гэх хүн зээл авах гэж байгаа талаар тайлбарлаж хэлээд, өөрийн биеэр ирж гарын үсэг зурах боломжгүй байгаа бөгөөд яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа учир та төлөөлөөд гарын үсэг зурчих гэсэн саналыг тавьсны дагуу зээлдэгч Н.Отгонбилэгийг төлөөлж тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийн гэрээний дагуу олгогдох 5 000 000 төгрөгийг М ХЗХ-ноос зээлдэгч Н.О өөрийн биеэр ирж авсан. Түүнчлэн тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх, зээлийг эргэн төлөх баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж тус зээлийг авсан. Н.Отгонбилэгийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж “Монум" ХЗХ-нд зээлсэн мөнгөө, хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан талаар тайлбарыг шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүхийн зүгээс эдгээр үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд уг эргэлзээ бүхий асуудпыг тодруулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэг ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчиж байна гэж дүгнэж байна. Б.Ц ийн зүгээс  “М” ХЗХ-ны захирлын гуйлт, шаардпагын дагуу хүний нэрийн өмнөөс түүнийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан баримтан дээр зээлдэгч Н.О гарын үсэг зурж мөнгөө хүлээж авсан бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийг ч Н.О хийж, тус гэрээний харилцаа хуульд зааснаар дуусгавар болсон. Иймд миний бие тухайн гэрээг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй гэж маргаж байгаа билээ. Гэтэл анхан шатны шүүхээс талууд сайн дурын үндсэн дээр хэлцлүүдийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч  “М” ХЗХ-ны гүйцэтгэх захирал нь бидний дунд үүссэн хувийн маргааныг, дуусгавар болсон зээлийн гэрээний эрх зүйн харилцааны асуудалтай холбож, өмнө нь авч байсан зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг хууль бусаар ашиглаж хуурамч нотлох баримт бүрдүүлэх замаар Б.Ц  миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан байхад шүүхийн зүгээс эдгээр үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХЗХ нь хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 632 238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “М” ХЗХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ”... хариуцагч Б.Ц д 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг зээлдүүлснийг буцаан төлөөгүй тул зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилнэ” гэж, хариуцагч Б.Ц  нь татгалзлаа “...зээлийг би авч хэрэглээгүй, Н.О т авч өгсөн, нэхэмжлэгчид Н.О төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргажээ. /хх-1-2, 40/

 

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Монум” хадгаламж зээлийн хоршоо нь зээлийг зөвхөн тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүддээ олгох талаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн хоршооны гишүүдийнхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

 

Хэргийн 23 дугаар талд “Б.Ц  нь тус ХЗХ-ны гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа тул гишүүнээр элсүүлж авна уу” гэх өргөдөл авагдсан байх боловч уг өргөдлийг хэзээ гаргасан болох нь тодорхой бус байгааг тодруулах шаардлагатай.

 

Мөн хэргийн 24 дүгээр тал дах Улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “М” ХЗХ-нд гэх баримтад “Танай 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот хүсэлтэд дурьдсан Б.Ц  нар тус ХЗХ-ны гишүүнээр бүртгэгдсэн” талаар баримт авагдсан. Уг бичгийн баримтаар Б.Ц  нь хэзээ тус хоршоонд гишүүнээр элссэн огноо тусгагдаагүйгээс буюу ХЗХ-ны гишүүнээр хэзээ элссэн нөхцөл байдал тодорхойгүй байна. /хх-24/

 

М ХЗХ-ноос 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед Б.Ц  нь тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн байсан эсэх нь тодорхой бус байхад хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй уг нөхцөл байдал нь гэрээг хуульд нийцүүлж байгуулсан эсэх, үүнтэй холбоотойгоор зохих хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой тул энэ талаар анхан шатны шүүхээс тодруулснаар хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

 

Мөн дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд М ХЗХ-ноос Б.Ц тэй 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/186 тоот зээлийн гэрээ байгуулж, зээл олгосоноор банк эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс үйлчилгээ үзүүлэх хүрээнд ямар зээлийн харилцаа үүссэн болохыг тодорхойлох боломжгүй, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

Түүнчлэн, хэргийн 18 дугаар тал дах баримтад “...Н.О гэдэг хүний гарын үсэг бүхий Б.Ц ээс авсан зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөх нь үнэн болно” гэх 2015 онд үйлдэгдсэн баримт авагдсан. Уг баримтын утга агуулгаар зээлийг төлөх үүрэг Н.О т шилжсэн эсэх нөхцөл байдал тодорхой байх ёстой. Үүнтэй холбогдуулан эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулж, нотлох баримтыг шинжлэн судлах нөхөн гүйцээх ажиллагаа хийх боломжгүй.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудын хоорондын маргааны зүйл тодорхой бус, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 066 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ