Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Г.Э/онлайнаар/

Шүүгдэгч                                           Д.Э /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгч               М.Б /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолтой Д.Эөд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-ын Э.

 

Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “С” ордны баруун хойд талд иргэн П.Б-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овогт Д-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эөд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эөд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эөөс 1.317.352 төгрөгийг гаргуулж П.Б-д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 160.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Б цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой болон энэ хэрэгт шийдвэрлүүлээгүй “олохгүй байгаа” гэх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 

“ ... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж, 940.408 төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Хохирогч П.Б, түүний өмгөөлөгч М.Б нар уг мөнгийг авсан боловч дахин давж заалдан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүх хурал дээр 940.408 төгрөг аваагүй гэж худал мэдүүлэг өгч надад 3 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргуулан 1.317.352 төгрөг авах шийдвэр гаргууллаа. Иймд миний бие гомдолтой, уг хэргийг дахин хэлэлцэн шүүж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “С” ордны баруун хойд талд иргэн П.Б-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “ ... зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал ...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх Д.Эөд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь “ ... хохирогч П.Б, түүний өмгөөлөгч М.Б нар уг мөнгийг авсан боловч дахин давж заалдаж ... мөнгө аваагүй гэж худал мэдүүлэг өгч надад 3 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх ... 1.317.352 төгрөг авах шийдвэр гаргууллаа. Иймд миний бие гомдолтой, уг хэргийг дахин хэлэлцэн шүүж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Өмнө нь шүүгдэгч Д.Эийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ... шүүгдэгчээс 940.408 төгрөг гаргуулж хохирогч П.Б-д олгохоор шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг тус шүүхийн 12 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

 

Дээрх 13 дугаартай шийтгэх тогтоолын дагуу шүүгдэгч Д.Э нь хохирогч П.Б-д 940.408 төгрөг өгсөн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Харин хэргийг дахин шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 121 дүгээр шийтгэх тогтоолын дагуу Д.Эийн эгч П.Т нь 1.320.000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгч М.Б-д 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, өмгөөлөгч М.Б нь уг мөнгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байх  боловч энэ талаарх нотлох баримт байхгүй тул хохирогч П.Б-д 1.320.000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн “...хэргийг хянаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ