Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/шш2022/02824

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр   Дугаар 182/ШШ2022/02824  Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Монгол улсын ЦХХХЯанд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 55,032,582 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Н нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Ж ХХК нь хариуцагч ЦХХХЯанд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 55,032,582 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

 

1.1.Д.Ж ХХК нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газартай 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар гэрээ байгуулж, Баянхонгор-Бөмбөгөр, Хүрээмаралын чиглэлд 372,220,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 148 км трассын урттай шилэн кабелийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байдаг. Гэрээний дагуу ажлыг 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, захиалагчаас ажлын урьдчилгаанд 111,666,000 төгрөгөөр хоёр удаа, 40,788,918 төгрөгөөр нэг удаа, нийт 264,120,918 төгрөгийг хүлээн авсан. Харин ажлыг хийх явцад Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн хяналт тавьж байсан бөгөөд нийт ажлын гүйцэтгэл нь 126,9 км, болсон байдаг. Энэ нь баримтаар тогтоогдсон.

 

1.2.Ажлыг 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр актаар хүлээлгэн өгч, төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс ажиллаж, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөн байдаг. Бидний хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй, ажлыг чанартай гүйцэтгэсэн. Үндсэн сүлжээний нөөц байгуулах төслийн тендерийн баримт бичигт заасны дагуу улсын комисс хүлээж авснаас хойш 1 жил буюу тухайн үеийн Барилгын тухай хуулийн дагуу баталгаат хугацаа дууссаны дараа ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг олгох ёстой байсан. Үүний дагуу Д.Ж ХХК-ийн суурилуулсан шилэн кабелийн сүлжээний гүйцэтгэлийн үлдэгдэл хөлсний санхүүжилт хүссэн 11/20 тоот албан бичгийг 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс анх шаардаж эхэлсэн бөгөөд хариуцагч талаас улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авах, биднээс дахин баримт бүрдүүлж авах зэргээр 2018 оныг хүрсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг төлөөгүй байна. Энэ талаарх албан бичгүүд хэрэгт хангалттай авагдсан байгаа. 2011 оноос өнөөдрийг хүртэл бид ажлын хөлсний үлдэгдлийг зохих журмаар шаардаж, эрх бүхий албан тушаалтанд хандсаар явсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа. Ингээд бид 2018 онд шүүхэд энэ асуудлаар хандсан, шүүх нэхэмжлэлийг 2019 оны 09 сард буцаасан, бид дахин 12 сард нь нэхэмжлэлээ гаргасан.

 

1.3.Манай компани 126,9 км урт шилэн кабелийн үнийн дүнгийн үлдэгдэл 82,864,983 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч тал манай байгууллагыг 4 удаагийн гүйлгээгээр 304 сая гаруй төгрөгийн төлбөр авсан гэдэг боловч Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд шилжсэн 40,788,918 төгрөгийн гүйлгээ манай байгууллагынх биш байсан. Уг данс нь манай байгууллагын данс биш, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс байдаг, уг мөнгө нь буцаж орсон талаар Сангийн яамны албан бичиг хэрэгт авагдсан.

 

Иймд ажлын хөлсний үлдэгдэлд 82,864,983 төгрөгийг гаргуулах шаардлагаа одоо багасгаж, хариуцагчаас 55,032,582 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2008 онд Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл-ийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөл 11 багцтай зарлагдаж хэрэгжиж дууссан байдаг. Д.Ж ХХК-ийн хувьд энэхүү төслийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажлыг 148 км урттай, 372,220,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж захиалагчид төслийг хүлээлгэн өгөхөөр 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ тус газар болон төслийг хүлээн авагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэлээс харахад төслийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байдаг, харин Д.Ж ХХК нь дээрх сунгасан хугацаанд багтааж ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар Д.Ж ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 06 дугаар сарын 01-нээс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна.

 

2.2. Ажлыг 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөнд маргахгүй. Мөн манай зүгээс ажлын хөлсний урьдчилгаанд 111,666,000 төгрөгөөр хоёр удаа, 40,788,918 төгрөгөөр 1 удаа, нийт 304,909,836 төгрөгийн санхүүжилтийг олгосон, 2008 оны гүйлгээнээс 40,788,918 төгрөгийг нэр данс зөрүүтэй үндэслэлээр буцаан шилжүүлсэн байна.

 

2.3.Бид ажлын гүйцэтгэлийн хувьд нэхэмжлэгч нь гэрээгээр 148 км шилэн кабелийг суурилуулахаас 126.9 км суурилуулсан гэж үзэж, нийт үнийн дүн 372,220,000 төгрөгийг дүйцүүлж тооцоод 126,9 км ажлыг 319,153,500 төгрөгөөр тооцож, 319,153,500 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийсэн гэж үзэж байгаа.

 

Энэ үнийн дүнгээс 14,243,664 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, мөн буцаан шилжсэн 40,788,918 төгрөг, нийт 55,032,582 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр шилжээгүй байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

3.1.Д.Ж ХХК нь сунгасан хугацаанд ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар Д.Ж ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 06 дугаар сарын 01-нээс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сүүлийн санхүүжилт ороогүй байх бөгөөд хэрэв авахаар байна гэж үзвэл бид ч бас энэхүү тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн уг алдангийг 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009.03.01-ний өдрийг хүртэл 100 хоногоор тооцож, гэрээний нийт үнийн дүн болох 372,220,000 төгрөгийн 10% буюу 37,222,000 төгрөгийг нэхэмжлэгч манайд төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэхүү төлбөр суутгагдаагүй талаар бид анх 2014 онд албан ёсоор мэдсэн байдаг, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж тооцвол шаардах эрх хугацаандаа байгаа. Уг нь бид 87 сая төгрөг шаардаж байсан боловч өмнөх хуралдаанаар 37,222,000 төгрөг болгон багасгасан. Энэ багасгасан шаардлага хэвээрээ тул, нэхэмжлэгчээс 37,222,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

 

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

 

4.1.Хариуцагч тал ганц хурлын тэмдэглэлийг үндэслээд 37,222,000 төгрөгийн алдангийг тухайн үедээ аваагүй байсан одоо авна гэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Яагаад тухайн үедээ суутгаж аваагүй юм бэ, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний алдангийг заагаад байна. Тэгэхлээр манай байгууллагыг алдангийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ямар нэгэн бичгийн баримтгүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

5.1.Д.Ж ХХК-д холбогдуулан гаргасан 37,222,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэв.

 

6.Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6.1.Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01/1500 тоот албан бичиг /хх11/

 

6.2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/410 тоот албан бичиг /хх12/

 

6.3.Д.Ж ХХК-ийн албан бичгүүд /хх13-17, 35-36/

 

6.4. Худалдаа хөгжлийн банкны 2019.06.27-ны 7-423/398 тоот албан бичиг /хх72-73/

 

 

7.Хариуцагчаас дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

 

7.1.Сангийн яамны 2015.10.08-ны 9/5961 тоот албан бичиг /хх65/

 

7.2.Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2014.09.22-ны 1-965 тоот албан бичиг, 2015.09.30-ны 1/855 тоот албан бичиг, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн 1/307 тоот албан бичиг /хх67-69/

 

7.3.Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай хийсэн хурлын тэмдэглэл, Үндсэн суурь сүлжээний шилэн кабель суурилуулалтын ажлын трассын зөрүүг санхүүжүүлэх тооцоо, Нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт /хх75-81/

 

7.4.Гэрээний тусгай нөхцөл /хх82-83/

 

7.5. Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах ШКТН-01/08 барилга угсралтын ажлын гэрээ /хх85-118/

 

7.6.Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК Баянхонгор аймгийн газрын 2020.03.10-ны 64/24 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр Бууцагаан Хүрээмарал чиглэлийн шилэн кабелийн хэмжилт /хх187-193/

 

7.7. Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах газрын шилэн кабелийн сүлжээ, төслийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр Хүрээмарал сумын хоорондын шилэн кабелийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хүлээн авах техникийн комиссын акт, Төсөв санхүүгийн тооцоо, Шилэн кабелийн суурилуултын далд ажлын акт/хх245-250, 2-р хх1-32

 

7.8.Монгол Улсын Засгийн газрын 2022.01.06-ны 14 тоот тогтоол

 

7.9.Монгол Улсын Ерөнхий сайдын 2022.08.30-ны 143 дугаар захирамж.

 

 8.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

8.1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014.11.06-ны 3/3422 тоот албан бичиг /хх40/

 

8.2. Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах ШКТН-01/08 төслийн газрын шилэн кабелийн сүлжээ, төгсгөлийн төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт 2010.01.15 дугаар 04/04/2010 /хх37-38, 41-43/

 

8.3. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2015.10.23-ны 1/936, 2014.09.22-ны 1/965 тоот албан бичиг /хх44-45

 

8.4.Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ийн 1/307 тоот албан бичиг /хх47/

 

8.5.Сангийн яамны 2019.06.06-ны 6/3722 тоот албан бичиг, 2020.04.27-ны 9/2771 тоот албан бичиг, 2022.09.12-ны 03/6182 тоот албан бичиг, хавсарган ирүүлсэн баримт /хх48-64, 2-р хх 43-60/

 

8.6. Сангийн яамны 2014.10.21-ний 9-1/5750 дугаартай албан бичиг /хх72/

 

8.7.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.24-ний 1/512 тоот, 2022.08.22-ны 1/739 тоот, 2022.09.05-ны 1/804 тоот, 2022.09.14-ний 1/858 тоот албан бичиг/хх33-42, 2-р хх 150-151/

 

8.8.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020.08.30-ны 03/1508 тоот албан бичиг

 

8.9.Худалдаа хөгжлийн банкны 2019.09.17-ны 6/5554 тоот албан бичиг, харилцах данс нээх тухай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2008.09.15-ны 178 тоот албан бичиг, Харилцах данс нээх хүсэлт /хх126-129/

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч ЦХХХЯанд  холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 55,032,582 төгрөг гаргуулах тухай Д.Ж ХХК-ийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч ЦХХХЯ нь Д.Ж ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь манай компани тухайн үеийн Мэдээлэл харилцаа холбоо технологийн газартай 2008 оны 05 сарын 05-ны өдөр ШКТН-01/0805 дугаар гэрээ байгуулж, Баянхонгор аймаг, Бөмбөгөр, Хүрээ марал чиглэлд 372,220,000 төгрөгийн үнийн дүн бүхий 148 км-ийн урттай шилэн кабелийг суурилуулахаар тохиролцсон. Гэрээний дагуу нийт ажлын гүйцэтгэл нь 126,9 км болсон байдаг ба ажлын хөлсөнд нийт 264,118,914 төгрөгийг хүлээн авсан. Ажлын үлдэгдэл төлбөр 82,864,983 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 27,832,401 төгрөгөөр багасгаж, 55,032,582 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч талтай 372,220,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд 126.9 км ажлын 304 сая төгрөгийг шилжүүлсэн. 2008 оны гүйлгээнээс 40,788,918 төгрөгийн гүйлгээ буцаж шилжсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 126.9 км ажлын төлбөр 319,153,500 төгрөг болж буурч байна гэж дүгнэсэн. Одоо 55,032,582 төгрөгийн гүйцэтгэл шилжээгүй. Манай яам нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын эрх, үүргийг шилжүүлсэн авсан гэж тайлбарлаж байна.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Д.Ж ХХК нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 82,864,983 төгрөг гаргуулах шаардлагыг анх шүүхэд гаргасан.

 

 4.2. Д.Ж ХХК нь 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас зарласан Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийг хэрэгжүүлэх 11 багц тендерийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажилд шалгарч, 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газартай байгуулжээ./хх51-64/

 

 Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Ж ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлийн шилэн кабель суурилуулах ажлыг 148 км урттай, 372,220,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хүлээлгэн өгөх, хариуцагч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нь ажил эхлэх зөвшөөрлийг олгож, гэрээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

 4.3.Гэрээний нэг тал Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нь оноосон нэрээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болгон өөрчилж, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт ЦХХХЯанд шилжүүлжээ. /хх34/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь татан буугдаж, эрх үүрэг нь ЦХХХЯанд шилжсэн гэх үндэслэлээр тус яамыг эрх залгамжлагчаар сольж шийдвэрлэсэн болно.

 

 

4.4.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

 Нэхэмжлэгч Д.Ж ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохиролцсон ажлыг заасан хугацаанд хийж дуусгаагүй байх ба 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан, мөн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийг оролцуулсан хуралдаанаар гэрээний хугацааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгажээ./хх117-118, 77/

 

 4.5. Д.Ж ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабелийн трассыг 126,9 км урттай хийж гүйцэтгэн, ажлыг 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5 тоот актаар техникийн комисст, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 04/04/2010 актаар Улсын комисст тус тус хүлээлгэн өгсөн, хариуцагч  нь ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 48 дугаар зүйлд зааснаар ажлын хөлсний урьдчилгаанд 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 111,666,000 төгрөг, 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 111,666,000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 40,788,918 төгрөг, нийт 264,120,918 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ж ХХК-д шилжүүлсэн. /хх122-125/

 

Харин 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 499135040 тоот дансанд 40,788,918 төгрөг шилжүүлсэн боловч уг данс нь нэхэмжлэгч Д.Ж ХХК-ийн данс биш, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн харилцах данс нээхтэй холбоотой баримтаар тус тус тогтоогдож байна. /хх126-129/

 

Түүнчлэн дээрх Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд дээрх төлбөр ороогүй болохыг тус хэлтэс тодорхойлсон бөгөөд Д.Ж ХХК-ийн дансруу мөн ороогүй, шилэн дансны нэр, данс зөрүүтэй гэх үндэслэлээр, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хөрөнгө оруулалтын 900008304 тоот дансны зарлагын гүйлгээнээс буцаагдсан болох нь Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/6182 тоот албан бичиг, Төрийн сангийн Бүртгэлийн дансны хуулга, Орлогын дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

 4.6.Талууд 126,9 км урттай шилэн кабелийн трассын ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шилэн кабелийн хэмжилт хийсэн тухай баримтаар нотлогдсон. /хх187-193/

 

Гэрээнд харилцан тохиролцсоноор 148 км урттай шилэн кабелийн трассын ажлыг 372,220,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсоноос үзэхэд 1 км ажлыг 2,515,000 төгрөгөөр хийхээр тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Д.Ж ХХК-ийн гүйцэтгэсэн ажил болох 126,9 км ажлыг 2,515,000 төгрөгөөр тооцоход 319,153,500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэв. Үүнээс хариуцагч нь 264,120,918 төгрөгийг Д.Ж ХХК-д төлсөн байх тул төлөөгүй үлдэгдэл төлбөр 55,032,582 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх төлбөрийг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын эрх залгамжлагч ЦХХХЯнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ж ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

 

4.6.Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь нэхэмжлэгч Д.Ж ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ЦХХХЯнаас 55,032,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Ж ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч ЦХХХЯ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 572,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас 433,113 төгрөг гаргуулж, Д.Ж ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ