Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1306

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн хариуцагч “ХХМТГ-” ТБАГУТҮГ-д холбогдуулан гаргасан Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 82 864 983 төгрөг гаргуулах тухай хэргийг, хариуцагчийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 37 222 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д-” ХХК нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газартай 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар гэрээ байгуулж, Баянхонгор-Бөмбөгөр, Хүрээмаралын чиглэлд 372 220 000 төгрөгийн үнийн дүн бүхий, 148 км трассын урттай шилэн кабелийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байдаг. Гэрээний дагуу ажлыг 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, захиалагчаас ажлын урьдчилгаанд 111 666 000 төгрөгөөр хоёр удаа, 40 788 918 төгрөгөөр нэг удаа, нийт 264 120 918 төгрөгийг хүлээн авсан. Харин ажлыг хийх явцад “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ийн хяналт тавьж байсан бөгөөд нийт ажлын гүйцэтгэл нь 126.9 км, 346 985 901 төгрөг болсон байдаг. Энэ нь баримтаар тогтоогдсон. Ажлыг 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдөр актаар хүлээлгэн өгч, төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс ажиллаж, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөн байдаг. Бидний хийсэн ажилд ямар нэгэн доголдол илрээгүй, ажлыг чанартай гүйцэтгэсэн. Үндсэн сүлжээний нөөц байгуулах төсөл-ийн тендерийн баримт бичигт заасны дагуу улсын комисс хүлээж авснаас хойш 1 жил буюу тухайн үеийн Барилгын тухай хуулийн дагуу баталгаат хугацаа дууссаны дараа ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг олгох ёстой байсан. Үүний дагуу “Д-” ХХК-ийн суурилуулсан шилэн кабелийн сүлжээний гүйцэтгэлийн үлдэгдэл хөлсний санхүүжилт болох 82 864 983 төгрөгийг хүссэн 11/20 тоот албан бичгийг 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс анх шаардаж эхэлсэн бөгөөд хариуцагч талаас улсын төсөвт суулгуулах арга хэмжээ авах, биднээс дахин баримт бүрдүүлж авах зэргээр 2018 оныг хүрсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг төлөөгүй байна. Энэ талаарх албан бичгүүд хэрэгт хангалттай авагдсан байгаа. Харин хариуцагч талаас ажлын хөлсний үлдэгдэлийг өгөхгүй гэж хэлдэггүй, харин улсын төсөвт суулгуулах талаар арга хэмжээ авч байгаа талаар хариу өгдөг. Өөрөөр хэлбэл, 2011 оноос өнөөдрийг хүртэл бид ажлын хөлсний үлдэгдлийг зохих журмаар шаардаж, эрх бүхий албан тушаалтанд хандсаар явсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа. Ингээд бид 2018 онд шүүхэд энэ асуудлаар хандсан, шүүх нэхэмжлэлийг 2019 оны 9 сард буцаасан, бид дахин 12 сард нь нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иймд бид 126.9 км урт шилэн кабелийг 346 985 901 төгрөгийн хэмжээнд суурилуулсан бөгөөд уг үнийн дүнгээс урьдчилгаанд авсан 264 120 918 төгрөгийг хасаж тооцохоор үлдэгдэл нь 82 864 983 төгрөг болдог. Хариуцагч тал манай байгууллагыг 4 удаагийн гүйлгээгээр 304 сая гаруй төгрөгийн төлбөр авсан гэдэг боловч Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд шилжсэн 40 788 918 төгрөгийн гүйлгээ манай байгууллагынх биш байсан. Уг данс нь манай байгууллагын данс биш, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс байдаг, тус байгууллагаас 40 сая төгрөгийн ямар нэгэн орлогын гүйлгээ хийгдээгүй, манай байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлийг өргүй гэдгийг нотолж шүүхэд хариу ирүүлсэн байдаг. Тиймээс ажлын хөлсний үлдэгдэлд 82 864 983 төгрөгийг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтын дагуу хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газраас 2008 онд Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл-ийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөл 11 багцтай зарлагдаж хэрэгжиж дууссан байдаг. “Д-” ХХК-ийн хувьд энэхүү төслийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажлыг 148 км урттай, 372 220 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж захиалагчид төслийг хүлээлгэн өгөхөөр 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ тус газар болон төслийг хүлээн авагч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэлээс харахад төслийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байдаг, харин “Д-” ХХК нь дээрх сунгасан хугацаанд багтааж ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар “Д-” ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ноос 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Ингээд ажлыг 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04/2010 дугаар актаар зохих газарт нь хүлээлгэн өгсөнд маргахгүй. Мөн манай зүгээс ажлын хөлсний урьдчилгаанд 111 666 000 төгрөгөөр хоёр удаа, 40 788 918 төгрөгөөр хоёр удаа, нийт 304 909 836 төгрөгийн санхүүжилтийг олгосон, энэ нь Сангийн яамнаас ирсэн баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарыг бид бичээгүй, нэхэмжлэгч өөрөө даалгаврын хүсэлтэд бичсэн байдаг бөгөөд уг хүсэлтээр Сангийн яамнаас гүйлгээ хийгдсэн, тийм учраас бид нэхэмжлэгчийг уг мөнгийг авсан гэж үзэж байгаа. Харин маргаан бүхий 499135040 данс яагаад Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын данс болсныг ойлгохгүй байна. Түүнчлэн, бид ажлын гүйцэтгэлийн хувьд нэхэмжлэгч нь гэрээгээр 148 км шилэн кабелийг суурилуулахаас 126.9 км суурилуулсан. Үүнийг тооцохдоо гэрээний нийт үнийн дүн 372 220 000 төгрөгийг 148 км-т хуваагаад 1 км-ыг 2 515 000 төгрөг, үүнийг 126,9 км-ээр үржээд 319 153 500 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг нэхэмжлэгчийг хийсэн гэж үзэж байгаа. Энэ үнийн дүнгээс урьдчилгаанд өгсөн 304 909 836 төгрөгийг хасаад 14 243 664 төгрөг болж байна. Бид энэ хэмжээнд шаардлагыг зөвшөөрөх боломжтой. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Д-” ХХК нь тохиролцсон ажлаа заасан хугацаандаа хийж гүйцэтгээгүй учраас захиалагчийн зүгээс хугацааг сунгаж байсан байдаг. Ийнхүү “Д-” ХХК нь дээрх сунгасан хугацаанд багтааж ажлыг дуусгаагүйтэй холбогдуулан төслийн захиалагч, хүлээн авагч, гүйцэтгэгч талын төлөөллөөс бүрдсэн хурлыг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн байх бөгөөд тус хурлаар “Д-” ХХК-ийн гэрээт ажлыг дуусгах хугацааг 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, мөн гэрээний тусгай нөхцлийн 46-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн сүүлийн санхүүжилт ороогүй байх бөгөөд хэрэв авахаар байна гэж үзвэл бид ч бас энэхүү тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн уг алдангийг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100 хоногоор тооцож, гэрээний нийт үнийн дүн болох 372 220 000 төгрөгийн 10% буюу 37 222 000 төгрөгийг нэхэмжлэгч манайд төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэхүү төлбөр суутгагдаагүй талаар бид анх 2014 онд албан ёсоор мэдсэн байдаг, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж тооцвол шаардах эрх хугацаандаа байгаа. Уг нь бид 87 сая төгрөг шаардаж байсан боловч өмнөх хуралдаанаар 37 222 000 төгрөг болгон багасгасан. Энэ багасгасан шаардлага хэвээрээ тул, нэхэмжлэгчээс 37 222 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч тал ганц хурлын тэмдэглэлийг үндэслээд 37 222 000 төгрөгийн алдангийг тухайн үедээ аваагүй байсан одоо авна гэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Яагаад тухайн үедээ суутгаж аваагүй юм бэ, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний алдангийг заагаад байна. Тэгэхлээр манай байгууллагыг алдангийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаар шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ямар нэгэн бичгийн баримтгүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч “ХХМТГ-” ТБАГУТҮГ-аас 82 864 983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Д-” ХХК-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 37 222 000 төгрөг гаргуулах тухай “ХХМТГ-” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д-” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 572 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ХХМТГ-” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс 572 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар” /хуучин нэрээр/ нь “Д-” ХХК-тай “Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төсөл’’-ийн шилэн кабелийн суурилуулалтын ажпын 5-р багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдыг холбосон 148 км шилэн кабелийг 372 220 000 төгрөгөөр 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаартай гэрээ байгуулсан. Төслийн гүйцэтгэлийг хүлээн авах улсын комиссын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04/2010 дугаартай актаар "Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах ШКТН-01/08” багц төслөөр нийт 10 аймгийн 23 сумдын 1750 км газрын шилэн кабелийн сүлжээ, төгсгөлийн тоног төхөөрөмжийн угсралт, суурьлуулалтын ажпыг холбооны сүлжээний зориулалтаар бүрэн ашиглах боломжтой” гэж үзэн хүлээн авсан. Энэхүү гэрээний 29-д “захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, дологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна.”, гэрээний тусгай нөхцөлийн 41-д “Шилэн кабелийн трассын уртыг гүйцэтгэлээр тооцож санхүүжүүлнэ” гэж заасан. Захиалагч нь “Д-” ХХК-ийн нэхэмжлэхүүдийг үндэслэн нийт 304 909 836 төгрөгийг дор дурдсан өдрүүдэд шилжүүлсэн байдаг. Үүнд, 111 666 000 төгрөгийг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 111 666 000 төгрөгийг 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 214 тоот нэхэмжпэхийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкин дахь 499135040 тоот дансанд 40 788 918 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 217 тоот нэхэмжлэхийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкин дахь 499135412 тоот дансанд 40 788 918 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дээрх гүйлгээг хийсэн нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/Ш32019/04225 дугаартай. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 182/Ш32019/05986 дугаартай захирамжид заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/3722 тоот албан бичгээр, Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12-1/8082 тоот албан бичгээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 900008304 /хуучнаар/дугаартай хөрөнгө оруулалт, их засварын данснаас “Д-” ХХК-ийн арилжааны банк дахь данс руу 2008 онд хийгдсэн зарлагын гүйлгээний жагсаалт, гүйлгээ хийсэн төлбөрийн хүсэлтийг тус тус ирүүлснээр нотлогдож байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... шүүх шүүгчийн захирамжийн дагуу сүүлийн байдлаар Сангийн яамнаас ирсэн санхүүжилтийн эрх олгосон гурван удаагийн баримтыг үндэслэсэн... 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 499135040 дугаарын дансанд шилжүүлсэн 40 788 918 төгрөгийг нэхэмжлэгч “Д-” ХХК хүлээн аваагүй байна...2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9-1/5750 дугаар Сангийн яамны албан бичгийг үндэслэл болгож, сүүлд буюу” гэж хэрэгт хамааралтай нотлох баримтыг нэг талд давуу байдал олгогдохоор ялгамжтай үнэлж хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дүгнэлтээ нотолсон баримтаа дутуу дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2 -т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Улсын комисс “Д-” ХХК-ийн суурилуулсан шилэн кабель зөвхөн харилцаа холбооны зориулалтаар ашиглалтад хүлээн авах боломжтой талаар дүгнэлт гаргасан байдаг бөгөөд шилэн кабелийн урт дээр дүгнэлт гаргаагүй. Мөн төслийг хүлээн авагч тал болох “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Баянхонгор аймгийн газраас гэрээний гүйцэтгэлд яг хэдэн км шилэн кабель суурьлуулсаныг тодруулахад 126.9 км шилэн кабель суурьлуулсан талаар хариу өгч, хэмжилтийн зургаа ирүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар /хуучин нэрээр/-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байтал анхан шатны шүүхээс “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн ажилтан М.У-р хянуулсан төсөв санхүүгийн тооцоог үндэслэж гэрээний тохиролцооноос зөрүүтэй шилэн кабель суурилуулсан байгааг харгалзахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Д-” ХХК нь хариуцагч ХХМТГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 82 864 983 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 14 243 664 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж, харин үндэслэлгүй хөрөнгөжсөн 37 222 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Д-” ХХК нь 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас зарласан Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийг хэрэгжүүлэх 11 багц тендерийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажилд шалгарч, улмаар тэдний хооронд 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ШКТН-01/08-5 дугаар Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч “Д-” ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлийн 148 км урттай шилэн кабель суурилуулах ажлыг, 372 220 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хүлээлгэн өгөх, хариуцагч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нь ажил эхлэх зөвшөөрлийг олгож, гэрээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тендерийн материал, гэрээ, ажил хүлээлцсэн акт, улсыг комиссийн дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх 37-38, 51-52 дугаар тал/

 

            Хариуцагч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нь оноосон нэрээ ХХМТГ- болгон өөрчилж, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх 34 дүгээр тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зохигчид дээрх гэрээний хугацааг ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 26 дугаар зүйлд зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 90 хоногоор, мөн гэрээний 28 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийг оролцуулсан хуралдаанаар уг гэрээний хугацааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгажээ./1хх 56, 75, 77 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч 126.9 км урттай шилэн кабель суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар маргаагүй, харин урьдчилгаанд төлсөн хөлс, нийт ажлын хөлсний хэмжээний талаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 264 120 918 төгрөг авсан, Худалдаа хөгжлийн банкны 499135040 тоот данс манайх биш, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллагаас 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 499135040 тоот данс /Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн/-д шилжүүлсэн 40 788 918 төгрөгийг нэхэмжлэгч “Д” ХХК-д ажлын хөлсөнд шилжүүлэн өгсөн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч өөрөө буюу гүйцэтгэгч уг банкны дансыг 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өөрийн тамга тэмдэг бүхий нэхэмжлэхдээ дурдаж “499135040 тоот данс руу шилэн кабель суурьлуулсны үнийг шилжүүлнэ үү” гэсэн утгаар нэхэмжлэх бичиж өгсний дагуу хариуцагч талаас шилжүүсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Энэ нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн талаарх сангийн яамны албан бичиг зэрэг бичгийн баримтуудаар давхар тогтоогдож байна. /1хх 78-81, 121-125, 2хх 43-50 дугаар тал/

 

Анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмын дагуу Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн бичигт “Д- ХХК-аас 40 788 918 төгрөгийг шилжүүлээгүй байна” гэдэг агуулгаар ирсэн бичиг нь хариуцагч байгууллагаас шилжүүлсэн дээрх мөнгийг аваагүй гэдгийг нотлох баримт болохгүй юм./2хх 33 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, уг албан бичигт нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлээгүй гэсэн агуулгатай байгаа болохоос хариуцагч байгууллагаас уг мөнгийг шилжүүлснийг хүлээн аваагүй талаар дурьдаагүй байна.

 

            Зохигчдын гэрээгээр тохирсон үнийн дүн, хийсэн ажлын гүйцэтгэлийг харьцуулан дүгнэвэл, хариуцагч талын гомдолд заасан үндэслэл буюу тооцоолол зөв байна. Тодруулбал, ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан хөлсний хэмжээ нийт 304 909 836 төгрөг гэж үзнэ.

 

            Түүнчлэн, талууд анх ажлын хөлсийг 372 220 000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан талаар маргаагүй. Энэ нь тендер сонгон шалгаруулах материалд бичигдсэнээр 148 км шилэн кабелийн хөлс байх ба гэрээнд ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцож, төлөхөөр талууд тохиролцсон байх тул гүйцэтгэсэн 126.9 км шилэн кабель суурилуулах ажлын хөлс /372 220 000 төгрөгийг 148 км-т хувааж, 1 км-ын ажлын хөлс 2 515 000 төгрөг/ 319 153 500 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй. Харин 346 985 901 төгрөг нь анх 2008 оны 04 дүгээр сард буюу 5 дугаар сард гэрээ байгуулахаас 1 сарын өмнө хариуцагч байгууллагаас гаргасан тендерийн ажилд нэхэмжлэгч байгууллагаас өгч байсан үнийн санал байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын бодит зардал буюу хариуцагч 126.9 км шилэн кабель суурилуулах ажлын хөлсөнд төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримт биш байна. /1хх 54-56 дугаар тал/

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ХХМТГ-аас ажлын хөлсний үлдэгдэлд 14 243 664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Харин хариуцагч ХХМТГ- нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн гүйцэтгэгч компаниудтай хийсэн хурлын тэмдэглэл, 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Д-” ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч “Д-” ХХК-ийг ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10 хувиар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 37 222 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

           

            Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 46 дугаар зүйлийн 46.1-д “гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцроосон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй. Захиалагч нь алдангийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авч болно. Алданги төлсөн нь гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагыг хөндөхгүй гэж, тусгай нөхцөлийн 46 дугаар зүйлд алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0,1% байна, нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10% байна” гэж заасан байх боловч 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Д-” ХХК-тай хийсэн хурлын тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч “Д-” ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгаагүйтэй холбоотойгоор зарим арга хэмжээ авах асуудлыг хэлэлцжээ. Уг хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтаар ажил гүйцэтгэх хугацааг 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж байгаатай холбогдуулан гэрээний тусгай нөхцөлийн 46 дугаар зүйлийг үндэслэн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алданги болох гэрээний үнийн дүнгийн 10%-ийн мөнгөн дүнг ажлын гүйцэтгэлээс хасаж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч хариуцагч талаас уг үүргийг тухайн үед нэхэмжлэгч талаас шаардсан талаар хэрэгт баримтгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн харилцаа үүссээгүй, харин гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас алданги шаардсан тул Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 243 664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68 621 319 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХМТГ- ТБАГУТҮГ-аас 14 243 664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож, үлдэх 68 621 319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 3 дах заалтын “572 275 төгрөг” гэснийг “229 168.32 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД   

 

                                                       ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ   

                      

                                                                                                          С.ЭНХТӨР