Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00664

 

“Дж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1306 дугаар магадлалтай,

“Дж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ххмтг” ТБАГУТҮГ-т холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 82,864,983 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Дж” ХХК нь хариуцагч “Ххмтг” ТБАГУТҮГ-т холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 82,864,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ххмтг” ТБАГУТҮГ-аас 82,864,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дж” ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Дж” ХХК-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 37,222,000 төгрөг гаргуулах тухай “Ххмтг” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дж” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 572,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ххмтг” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс 572,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1306 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ххмтг” ТБАГУТҮГ-аас 14,243,664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дж” ХХК-д олгож, үлдэх 68,621,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “572,275 төгрөг” гэснийг “229,168.32 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалтай 2020.07.02-ны өдөр гардан авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “нотлох баримтыг дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж чадаагүй”, “ажил гүйцэтгэх гэрээний хууль зүйн үр дагаврыг буруу дүгнэж шийдвэрлэсэн” үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч 68,621,319 төгрөгийн хүрээнд хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.Үүнд:

4.1. “Дж” ХХК нь Мэдээлэл харилцаа холбооны технологийн газраас /МХХТГ/ 2008 онд хэрэгжүүлсэн “Сумдад үндсэн сүлжээний нөөц байгуулах” ШКТН-01/08 төслийн шилэн кабел суурилуулах ажлыг гэрээний нөхцөл, уг ажилд тавьж байсан гүйцэтгэлийн хяналт шалгалтын үеэр өгөгдсөн үүрэг даалгавруудыг биелүүлж тухайн төслийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан Техникийн ажлын комисс болон Улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн нь дараах баримт баримтаар нотлогдож байгаа юм. Үүнд:

4.1.1 МШХХТГ-ын даргын 55 тоот тушаалаар батлагдсан Техникийн ажлын комисс 2009.07.30-ны өдөр хүлээн авч, “Үндсэн сүлжээний нөөц байгуулах газрын шилэн кабелийн сүлжээ” төслийн Баянхонгор аймаг Бөмбөгөр Хүрээмарал сум хоорондын шилэн кабелийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хүлээн авах техникийн комиссын актыг үйлдсэн байна. Уг актад “энэхүү байгууламж нь зураг төсвийн дагуу бүрэн хийгдэж холбооны сүлжээний зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гэж үзлээ. Техникийн болон бичиг баримтын зөрчилгүй байна” хэмээн дүгнэж, барилга байгууламж ашиглалтад оруулах дүрмийн дагуу байнгын ашиглалтад оруулах улсын комисст оруулахаар холбогдох баримт бичгүүдийг 8 дугаар сарын 20-ны дотор бэлэн болгохыг Захиалагч байгууллага болох МШХХТГ-т даалгасан байна.

4.1.2 Засгийн газрын 72 тоот тогтоолоор зохион байгуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс ажиллаж, 2010.01.15-ны өдөр хүлээн авч, “Үндсэн сүлжээний нөөц байгуулах ШКТН-01/08 төслийн шилэн кабелийн сүлжээ, төгсгөлийн төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын 04/04/2010 дугаартай актыг баталсан байна. Уг актад “Үндсэн сүлжээний нөөц байгуулах” ШКТН-01/08 төслөөр хэрэгжсэн 10 аймгийн 23 сумдад суурилуулж, тохируулж туршилтаар ашиглаж эхэлсэн 1750 км шилэн кабелийн сүлжээ, төгсгөлийн тоног төхөөрөмжүүдийн холбогдох акт, бичиг баримтуудыг шалгаад шийдвэрлэсэн нь энэхүү барилга байгууламжийн ажил нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, мэдээлэл, холбооны сүлжээ байгуулан ажиллах зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзэж 2009.09.01-ний өдрөөс ашиглалт үйлчилгээ явуулахыг зөвшөөрөв” гэжээ.

Ажил гүйцэтгэлийн үнэлгээний талаар тайлбар: Үндсэн сүлжээний нөөц байгуулах төслийн газрын шилэн кабелийн суурилуулалтын тендерийн урилга, баримт бичигт ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тооцох талаар дараах байдлаар заасныг мөрдлөг болгож байсан. Уг баримт бичгийн 6-р бүлэг “Гэрээний тусгай нөхцөл”-ийн 23.0-д гүйцэтгэгч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тодотгосон ажлын хөтөлбөрийг гаргана.” 25.0-д “ажлын хөтөлбөрийг 10 хоног тутамд тодотгоно.” Энэ нь тендерт шалгарсан гэсэн мэдэгдэл авмагц угсралтын ажлыг гүйцэтгэх ажлыг нарийвчилсан хуваарийг гаргаж өгдөг бөгөөд ажил гүйцэтгэлийн явцад хийх ажлыг тодотгож явдаг гэсэн үг юм. Шилэн кабелийн барилга угсралтын ажлын трассыг эхлээд захиалагчийн зүгээс урьдчилсан байдлаар багцаалж гаргадаг бөгөөд гэрээ байгуулахын өмнө захиалагчийн хяналт гүйцэтгэгчтэй хамт газар дээр нь очиж нарийвчлан “улаан шугам” татдаг. Дараа нь ажлын явцад газрын хөрсний чулуурхаг, усархаг байдлыг тойрох эсвэл товчлох, жалгаар эсвэл зам хөндлөн гарах гэх мэт тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас трассд тухай бүр бага зэргийн өөрчлөлтүүд хийгдэж, түүнийгээ захиалагчийн хянагчид танилцуулж явдаг. Түүнчлэн дээрх баримт бичгийн 6-р бүлэг “Гэрээний тусгай нөхцөл”-ийн 30.0-д “захиалагчийн хяналтыг “МХС” ХХК /“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК/ авч хэрэгжүүлэх тул захиалагчийн хяналтын 2 хувийн төлбөрийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн данс руу шилжүүлнэ” гэж заасан. Үүний дагуу гэрээт ажлын явцад “МХС” ХХК-аас ажлын гүйцэтгэл болон материалын зарцуулалтыг хяналт тавьж ажилладаг. Дээрх баримт бичгийн 5-р бүлэг “Гэрээний ерөнхий нөхцөл”-ийн 39.3-д “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүнг тооцохдоо үе шатны ажлын хуваарьт заасан бүрэн хийж гүйцэтгэсэн үе шатны ажлын үнэд үндэслэнэ”, 39.4-д “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүн нь өөрчлөлтөөр хийгдсэн ажлын болон нөхөн төлбөрийн зардлыг багтаана”, мөн 6-р бүлэг “Гэрээний тусгай нөхцөл”-ийн 41.0-д нэмэлт санхүүжилт шаардагдсан тохиолдолд нөхөн төлбөр хийх нөхцөлийг тусгасан бөгөөд гэрээний үнээс бага байхаар өөрчлөлт нь шууд гүйцэтгэлээрээ тооцогдоод явдаг. Мөн 6-р бүлэг “Гэрээний тусгай нөхцөл”-ийн 48.0-д урьдчилгаа төлбөрийн дүн 30% байх бөгөөд маягтын дагуу гүйцэтгэгчийн гаргасан банкны баталгааг үндэслэн урьдчилсан төлбөрийг шилжүүлнэ. Үе шатны санхүүжилт нь /30+30%/ байх бөгөөд ажлын гүйцэтгэлийг үндэслэн олгоно.” гэж заасан байдгаар энэ нь нотлогдож байгаа юм. Шилэн кабелийн угсралт суурилуулалтын ажлын төсвийн гүйцэтгэлийг дээрх заалтуудыг үндэслэн захиалагчийн хянагчийн хувьд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн төсвийн хяналт зарцуулалт хариуцсан мэргэжилтэн “Дж” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 346,985,901 төгрөг гэж баталгаажуулсан нь Улсын комиссын актад дагалдах баримт бичгүүдэд байгаа. Тиймээс гэрээгээр тохирсон шилэн кабель суурилуулах ажлын хөлс болох 372,220,000 төгрөгийг 148 км-т хувааж, 1 км-ын ажлын хөлс 2,515,000 гэж үзэж, энэ дүнг шилэн кабелийн трассын уртаар үржүүлж гүйцэтгэлийн үнийг тооцоолсон нь гэрээний дээрх нөхцөлүүдээр няцаагдаж байна. Түүнчлэн “Дж” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Баянхонгорын Бөмбөгөр-Бууцагаан-Хүрээмарал сумдын шилэн кабелийн трассыг 126.9 км-ээр, гүйцэтгэлийн үнийн дүнг 346,985,901.01 төгрөгөөр баталгаажуулсан тухай мөн тус шилэн кабелийн сүлжээний шилэн кабелийн тоног төхөөрөмж, шилэн кабелийг 185,113,656.38 төгрөгөөр, шилэн кабель суурилуулах ажлын хөлсийг 346,985,901.01 төгрөгөөр тооцон нийт 532,099,557.39 төгрөгөөр үнэлэгдэн данс бүртгэлд тусгагдсан гэж тухайн үеийн захиалагчийн хянагч, тэрхүү шилэн кабелийн сүлжээг эзэмшиж, ашиглаж буй “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-аас тодорхойлсон албан бичгээр нэхэмжилж буй гүйцэтгэлийн үнэлгээ нотлогдож байгаа болно.

4.2. “Дж” ХХК-аас энэхүү төслийн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт болох 82,864,983 төгрөгийг хүссэн албан бичгийг 2011 оноос эхлэн Ххмтгт жил бүр, нийт 10 удаа албан бичгээр хандаж хүсэлт тавьсан. Энэ бүх хугацаанд тус агентлагаас энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нэг ч удаа бидэнд хэлж байгаагүй. Тус агентлагийн Харилцаа холбоо, шуудангийн хэлтсийн дарга Д.Батбаяр биднийг хамгийн сүүлд 2018.04.02-ны өдөр хүлээн авч уулзаад нэмэлт материал ирүүлэхийг хүссэн. Дээрх хүсэлтийн дагуу бид Улсын болон Техникийн комиссын актын хуулбар уг шилэн кабел өнөөг хүртэл хэвийн ажиллаж байгаа талаарх “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн тодорхойлолтын хамт агентлагт хүргүүлж байсан. ХХМТГ-аас 2018.05.16-ны 2/410 тоот албан бичгийн дагуу шилэн кабелийн суурилуулалтын ил ба далд ажлын гүйцэтгэлийн зураг болон тайланг мөн хүргүүлсэн. Энэхүү албан бичигт “Танай компаниас ирүүлсэн ШКТН-01/08-5 тоот төслийн үлдэгдэл санхүүжилтийн талаарх хүсэлтийг судалж үзэн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд албан тоот хүргүүлж байгаа” гэсэн байсан. ХХМТГ-аас 2019 оны төсөвтөө тусгаж, Сангийн яаманд хандсан боловч Сангийн яамнаас уг төсвийг хассан гэсэн хариуг өгч байсан зэрэг нь бидний нэхэмжилж буй ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт болох 82,864,983 төгрөгийг Ххмтг хүлээн зөвшөөрч байсныг нотолж байгаа болно.

4.3. Магадлалд “нэхэмжлэгч 2008.12.24-ны өдрийн өөрийн тамга тэмдэг бүхий нэхэмжлэлдээ дурдаж “499135040” тоот данс руу шилэн кабель суурилуулсны үнийг шилжүүлнэ” үү гэсэн утгаар нэхэмжлэх бичиж өгсний дагуу хариуцагч талаас шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэнд тооцно, анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмын дагуу Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн бичигт ““Дж” ХХК-аас 40,788,918 төгрөгийг шилжүүлээгүй байна” гэдэг агуулгаар ирсэн бичиг нь “хариуцагч байгууллагаас уг мөнгийг шилжүүлснийг хүлээн аваагүй талаар дурдаагүй байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тухайн нэхэмжлэлд дурдсан данс нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс бөгөөд тухайн дансанд 2008.12.25-ны өдөр 40,788,918 төгрөг Төрийн сангаас 40,788,918 төгрөг шилжиж орсон эсэх нөхцөл байдлыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулаагүй, шилжүүлгийг нэхэмжлэгч өөртөө болон бусдын үүргийг гүйцэтгэхээр 40,788,918 төгрөгийг шилжүүлэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2008.12.25-ны өдөр 40,788,918 төгрөг хүлээн аваагүй талаар хангалттай нотлох баримтаар нотолсон атал 2008.12.25-ны өдрийн 40,788,918 төгрөг хүлээн авсан гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмын дагуу хийгдсэн эх сурвалжийг хууль ёсны дагуу цуглуулсан баримтын агуулгыг буруу дүгнэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

6. Нэхэмжлэгч “Дж” ХХК хариуцагч “Ххмтг” ТБАГУТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл санхүүжилтэд 82,864,983 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 37,222,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 14,243,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 68,621,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

9. “Дж” ХХК нь 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас зарласан Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийг хэрэгжүүлэх 11 багц тендерийн 5 дугаар багц буюу Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдын чиглэлд шилэн кабель суурилуулах ажилд шалгарч, улмаар зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх сумдын чиглэлд 148 км-ийн урттай шилэн кабель суурилуулах ажлыг 372,220,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2008.06.15-ны өдрөөс мөн оны 09.13-ны өдөр хүртэл хугацаанд хийж өгөхөөр тохиролцжээ.

Зохигч энэхүү ажлаас 126.9 км шилэн кабелын ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.

10. Нэхэмжлэгч нь хийсэн ажлын хэмжээнд тохирсон ажлын хөлсийг 346,985,901 төгрөг гэж тодорхойлж, үүнээс 264,120,918 төгрөг авсан гэж үлдэх 82,864,983 төгрөг шаардсан, хариуцагч гүйцэтгэсэн ажлын хэмжээг гэрээнд заасан ажлын хөлстэй дүйцүүлэхэд төлбөл зохих төлбөр 319,153,500 төгрөг болно, 304,909,836 төгрөгийн санхүүжилт олгосон, (111,666,000 төгрөгөөр 2 удаа, 40,788,918 төгрөгөөр 2 удаа, үүнээс 1 удаагийнх нь нэхэмжлэгчийн өгсөн дансанд буюу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлсэн) үлдэх 14,243,664 төгрөг төлнө гэсэн.

Нэхэмжлэгч нь 40,788,918 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлэх хүсэлт гаргаагүй, уг хэлтэст аливаа өр төлбөр байгаагүй гэж маргаж, зохигч төлөгдсөн төлбөрийн хэмжээнд маргаж мэтгэлцсэн байна.

11. Анхан шатны шүүх зохигчийн маргааны зүйл болсон 40,788,918 төгрөгийг хариуцагч төлсөн нь тогтоогдоогүй гэж үзэн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхээ “...Сангийн яамнаас уг мөнгийг шилжүүлсэн данс нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс байна, “Дж” ХХК-ийн дансанд энэхүү мөнгө орж ирсэн нь тогтоогдоогүй, тус компани нийгмийн даатгалын хэлтэст өргүй...” гэж дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх мөнгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь өөрөө ...тоот данс руу шилэн кабель суурилуулсны үнийг шилжүүлнэ үү” гэсэн утгаар нэхэмжлэх бичиж өгсний дагуу хариуцагч талаас мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211.1-д зааснаар үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ, анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмын дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа шаардсаны дагуу “Дж” ХХК-аас 40,788,918 төгрөгийг шилжүүлээгүй байна” гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн нь нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас шилжүүлсэн дээрх мөнгийг аваагүй гэдгийг нотлох баримт болохгүй, өөрөөр хэлбэл, уг албан бичигт нэхэмжлэгч байгууллагаас уг мөнгийг шилжүүлснийг хүлээн аваагүй талаар дурдаагүй байна” гэжээ.

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх 40,788,918 төгрөгийн талаар өөр өөр дүгнэлт хийжээ.

13. Хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг 2020.04.14-ний өдөр хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нотлох баримт гаргуулахаар 182/ШЗ2020/03756 тоот захирамж гаргасан, уг захирамжид “...маргаан бүхий 40,788,918 төгрөгийн гүйлгээний ... талаар эрх бүхий байгууллагаас тодруулах шаардлагатай, 2008 оны 12 дугаар сард 40,788,918 төгрөгийн орлого 499135040 тоот дансаар, ямар утгаар, хаана /ямар байгууллага/-аас шилжиж орсон, нэхэмжлэгч нь 2008 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан эсэх  талаарх баримтыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах нь зүйтэй...” гэсэн байна. /1-хх-230-237/

Уг захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020.04.24-ний өдрийн 1/512 тоот албан бичгээр ““Дж” ХХК-аас 2008 онд тус хэлтсийн Худалдаа хөгжлийн банк дахь 499135040 тоот дансанд 40,788,918 төгрөг орж ирээгүй байна” гэсэн хариуг /2-хх-33-р тал/ тус компанийн 2008 оны 1-12-р сарын тайлан болон гүйлгээний жагсаалтын хамт ирүүлжээ.

14. Харин дээрх захирамжид маргааны зүйлтэй хамааралтай тодорхой болгох асуудлыг бүрэн оновчтой илэрхийлээгүйгээс маргааны зүйл болсон мөнгө Сангийн яамнаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжигдсэн эсэх, шилжигдсэн бол тухайн байгууллага уг мөнгийг ямар утгатай хүлээн авсан, нэхэмжлэгч “Дж” ХХК-ийн өр төлбөрт суутгасан эсэх нь бүрэн тодорхой болоогүй гэж үзэхээр байна.

15. Иймээс хяналтын шатны шүүхээс баримтын хүрээнд хууль хэрэглэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00942 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1306 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Дж” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд/-ийн 2020.07.16-ны өдөр 501,057 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД