Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00361

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............................ тоот хаягт оршин суух, ..... ургийн овогтой А.М //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух, Буурлууд ургийн овогтой Я.Ө /РД/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааш, газар/ гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г,

Хариуцагч Я.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Я.Өд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааш, газар/ гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ....................... тоот хаягт байрлах, 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ...................... дугаартай, ........................... нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга: Миний бие 2016 оны 9 сард Я.Ө-тай автомашин худалдаж авах үед танилцсан. Я.Ө нь Япон Улсаас хямд машин оруулж ирэхэд зориулан 2016 оны 12 сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 5 сар хүртэл хамтран автомашины худалдаа хамтран эрхэлж, олсон ашгаа 50 хувиар хувааж авахаар харилцан тохиролцсон. Дээрх бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгаараа Я.Ө-тай хамтран үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн уг үл хөдлөх эд хөрөнгөө хамтран эзэмшиж, ашиглахаар амаар харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо хувь тэнцүү эзэмшихээр тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс ................... тоот байрлах газрын хууль ёсны хамтран өмчлөгчөөр, 2017 оны 10 сарын 23-ны өдөр уг газар дээрх 260 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон. Бид хамтран ажилладаг тус газар дээр банкнаас зээл авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор банкны барьцаа хөрөнгөд дээрх хаяг бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газар болон гараашийг тавьж зээл авах тухай материалаа судлуулахад Улаанбаатар банкнаас А.М миний нэр дээр Хас банкинд 250,000,000 төгрөгийн зээлтэй байсан учир үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тавих хөрөнгө буюу дээрх маргаан бүхий үл хөдлөх нь барьцаанд тавьж болохгүй байсан учир арга буюу Я.Ө-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж зээлийн барьцаанд тавьсан юм. Ингээд Улаанбаатар банкнаас дээрх үл хөдлөх хөрөнгө Я.Ө-ийн дан ганц нэр дээр шилжсэнээр барьцаанд тавьж Я.Ө-ийн төрсөн дүү Я.Бийн нэр дээр 100,000,000 төгрөгийн зээл гарч, үл хөдлөх хөрөнгийн нэрийг буцаагаад өөр өөрсдийн нэр дээр шилжүүлэх, гарсан зээлийг хамтын бизнестээ зориулах байтал Я.Ө нь энэ миний хөрөнгө, чамд хамаагүй гэх болсон. Иймд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааш, газар/ гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, ....................... тоот хаягт байрлах, 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ...................... дугаартай, ........................... нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар татгалзлын агуулга: Би 2016 оны 8 дугаар сард ажил хийж байгаад авто гараашаа бизнес рүү орох төлөвлөгөөтэй, эхлээд нэг машин аваад эргүүлж байя гэдэг үндэслэлээр энэ хүнтэй танилцсан. 2017 оны 1 дүгээр сард би машин оруулж ирье, чи янзалж зар, ашгаа тодорхой хэмжээнд хуваагаад явъя гэдэг саналыг нэхэмжлэгч тавьсан. Би машин зараад байсан зүйл байхгүй. Би гарааш ажиллуулах сонирхолтой гэдгээ хэлсэн. Энэ хүн 2013 онд Баянхошууд газар аваад гарааш бариад, тэрийгээ ажиллуулж чадахгүй, дампуураад Япон руу сүмийн шугамаар гэр бүлээрээ яваад 2015 онд эргэж ирсэн байдалтай мөнгөн төгрөггүй ийм хүн байсан. Миний мөнгөөр машин авч эргүүлээд, 2017 оны 03 дугаар сард гарааш худалдаж авахаас илүү миний мөнгө энэ хүний данс руу орсон. 2017 онд би н.Т гэдэг хүнтэй холбогдоод би энэ гараашийг авъя гэхэд энэ хүн дургүйцсэн. Би байгаа мөнгөө шавхаад 65,000,000 төгрөгөөр 416 метр квадраттай объект худалдаж авсан байдаг. Уг газрыг авах мөнгийг би энэ хүнд өгсөн байдаг. Энэ хүн эргүүлж надад мөнгө өгдөггүй. Эвдэрхий машин авч ирсэн. Хоосон хөндий гарааш авсан. Тэр гараашийг шинжилмээр байдаг. Мөнгө байхгүй учир зээл авахаас өөр аргагүй болсон. Би авсан гарааш дээр энэ хүнийг нэрийг оруулахаас өөр аргагүй болсон. Уг гараашийг худалдаж авахад Транс капитал гээд банк бус санхүүгийн байгууллага дээр байсан. 28,000,000 төгрөг төлж зээлийг нь хаалгаж н.Т гэдэг хүнээс авч байсан. Эргээд тухайн банк бус дээр А.М-ийн нэрийг оруулж зээл авсан. 2017 оны 11 дүгээр сард гарааш үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Би энэ хүнд 130,000,000 төгрөг өгсөн. Энэ хүн машины мөнгө гэж яриад байна. Дахиад 80,000,000 төгрөгийн зээл авсан. Нийт 150,000,000 төгрөгийн өртэй гараашийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хүн гарашийн үйл ажиллагааг авч яваад байгаа зүйл огт байхгүй. А.М эвдэрхий машин оруулж ирээд тэрийг нь би засаж өгдөг. Энэ хүн зардаг. Машин зардаг туршлагатай гэж ярьж байгаа боловч машин зарж байсан түүх байхгүй. 2018 онд 150,000,000 төгрөгийн зээлтэй болсон. Тухайн зээлээ эргээд төлөх гэсэн чинь энэ баахан эвдэрхий машин руу мөнгө оруулсан. Надад эргэлтийн хөрөнгө байдаггүй. Банкны зээлээ төлж чаддаггүй. Би арай гэж зээлийг төлсөн. Найзаас нь мөнгө зээлж банк бусад 152,000,000 төгрөгийг өгсөн. Надад мөнгө үлдээгүй. 2018 оны 12 дугаар сард тухайн 150,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. 2019 онд гараашаа зарах гэсэн боловч зарагдаагүй. Сүүлийн боломжоо ашиглаж, би гараашаа дүүтэйгээ нийлж ажлуулахаар болсон. Нэрээ шилжүүлж авъя гэж нэг орой хэлээд маргааш нь ямар ч асуудалгүй нэрээ шилжүүлж авсан. Нөгөөдрөөс нь Улаанбаатар банканд зээл хөөцөлдөж эхэлсэн. 4 дүгээр сарын 14-нд өөрийн төрсөн дүү болох Я.Бтэй нийлж Улаанбаатар банкнаас 100,000,000 төгрөг зээлсэн. Өмнө н.А, болон н.А гэсэн хоёр ах дүү байсан. Би н.Алтаншагайд хорин хэдэн сая төрөг шилжүүлж хулхидуулаад шүүхэд өгч байж арай гэж мөнгөө олж авсан байдаг. Би одоо хүнд хулхидуулаад явах чадал байхгүй байна. Энэ хүн Л.Г гэдэг хүнд хандаж, тэр хүнтэй холбогдсон. Би 6 дугаар сарын 10-нд Япон улсаас Монголд ирээд, 7дугаар сарын 10-нд хөдөө явах гэж байтал гарааш дээр энэ хүн ирээд найз нь чамд тус болж чадахгүй юм байна, зам мөрөө хөөе гэж хэлсэн. Дүү нартайгаа гараашаа ажиллуулаад өрнөөсөө гараарай гэхэд нь би тийм зүйл байхгүй чи зээлээ хамт төлөөрэй гэж хэлсэн. Түүнээс хойш холбогдоогүй. Би Япон улсаас ирээд миний хөрөнгө, чи яв гэж хэлсэн зүйл байхгүй. Энэ хүн чимээгүй байж байгаад 2021 онд манай хаягаар шүүхээс бичиг хүрч ирсэн. Шүүх дээр ирээд уулзахад ийм хэрэг болсон байсан. Энэ хүн зөндөө хүнд хулхилуулсан. Энэ хүний дүү, эхнэр хоёртой би хамтарч ажиллаад өгдөг мөнгийг нь бүгдийг нь өгсөн. Энэ гараашийн өр төлбөрийг манай Солонгос улсад байдаг дүү, эгч хоёрын мөнгөөр дарсан. Энэ хүний мөнгө гэж энэ гараашид ороогүй. Бүх зүйл дансны хуулгаар нотлогдоно гэжээ.

 

4.Хэрэгт дараах нотлох баримт авагдсан байна.

1 дүгээр хавтаст хэрэгт: 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах /газар/ гэрээ /хх-6/, Э.Т ийн газар өмчлөх эрхийн 2012 оны 12 дугаар сарын 07-нд олгогдсон гэрчилгээний хуулбар /хх-7/, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааж/ гэрээ-ний хуулбар /хх-8, 10/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /газар/ гэрээ-ний хуулбар /хх-9/, Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн нөхөн хуудас .............. /хх-13/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .....дугаар Техникийн нөхцөл /хх-14-15/, Я.Ө, А.М нарын 2020 оны 10 дугаар сарын 07-нд үйлдсэн гар бичмэл баримт /хх-16/, А.М-ийн Хаан банк ХХК дахь ........ тоот депозит дансны хуулга /хх-17-47/, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хас банк ХХК-ийн Гадаад гуйвуулгын маягт /хх-48/, фото зургууд /хх-48-49, 52-93/, А.М-ийн гадаад паспортны хуулбар /хх-51/, Т ББСБ ХХК болон А.М, Я.Ө нарын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-197-198/, мөн өдөр талуудын байгуулсан №007120332018 дугаар Зээлийн шугамын гэрээ /хх-199-202/,

2 дугаар хавтаст хэрэгт: А.М-ийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ..... тоот дансны хуулга /хх-82-241/, А.М-ийн Хас банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн .... дугаар дансны хуулга /хх-242-250/,

3 дугаар хавтаст хэрэгт: А.М-ийн Хас банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ..... (үргэлжлэл) дансны хуулга /хх-1-6/, А.М-ийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ..... дугаар дансны хуулга /хх-8-12/, А.М-ийн гадаад паспортын хуулбар /хх-13/, А.М-ийн Т ББСБ-ын зээлийн дансны хуулга /хх-15-16/, А.М-ийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн .......... дугаар дансны хуулга /хх-17-32/, Хас банкнаас А.М-ийн нэр дээр авсан зээлийг хариуцах хуваарилалт хийсэн гар бичмэл баримтын эх хувь /хх-130/, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний эх хувь /хх-131/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ............. дугаар захирамжийн хуулбар /хх-225/,

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор Я.Ө-ийн нотариатаар гэрчлүүлэн гаргасан зээл төлөлтийн болон хамтран ажилласан хугацаанд А.М-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоолол /3-р хх-38-40/, Я.Ө-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ......тоот харилцах дансны хуулга /3-р хх-197/, хамтран ажиллах хугацааны тооцоолол бүхий бүртгэлийн дэвтэр /3-р хавтаст хэрэгт хавсаргасан/, Я.Бийн Хаан банк ХХК дахь ...... дансны хуулга /3-р хх-214-216/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн .... дүгээр захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-115/, захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас А.М-ийн ..... тоот харилцах дансны хуулга /1-р хх-132-187/, Т ББСБ ХХК-иас А.М, Я.Ө нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг /1-р хх-121-131/, Эс би эл ХХК-иас А.М тээвэр зуучийн үйлчилгээгээр автомашин оруулж, хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаарх лавлагааг /1-р хх-239-241/, Гаалийн ерөнхий газраас А.М-ийн 2016 оны 6 сараас 2019 оны 6 сарын хооронд гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн лавлагаа /1-р хх-192-196/ зэргийг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ...... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Т ББСБ ХХК-иас А.М, Я.Б нарын байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулгыг /1-р хх-223-236/, Хас банк ХХК-иас А.М-ийн авч байсан зээлийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг, зээлийн дансны хуулгын хамт /1-р хх-213-219/, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Я.Ө-ийн зээлийн түүхчилсэн лавлагааг /1-р хх-237-238/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №10128 дугаар захирамжаар иргэн Ц.Ш гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг шүүх хуралдаанд асуусан. /3-р хх-137-139/, мөн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийн дүү гэх Я.Бийг гэрчээр асуух, шүүхийн журмаар үзлэг хийх, Хаан банк ХХК-иас нотлох баримт гаргуулахаар тус тус шийдвэрлэж, захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас Я.Бийн ..... тоот харилцах дансны хуулгыг ирүүлж /3-р хх-218-220/, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн тэмдэглэл үйлдэн /3-р хх-207-212/, Я.Бийг шүүх хуралдаанд гэрчээр асуусан. /4-р хх-96/ Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар захирамжаар А.М-ийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн. /4-р хх 6-94/, үзлэгийн тэмдэглэл /4хх-ийн 154-195/,

6.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Хаан банк ХХК-иас Я.Ө-ийн .... дугаар дансны хуулгыг /2-р хх-3-74/, Хас банк ХХК-иас А.М-ийн зээлийн ..... харилцдаг түүний харилцах дансны хуулгыг /2-р хх-75-77/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаар захирамжаар иргэн С.Тунгалагийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн. /3-р хх-205-206/

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 623а хаягт байршилтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг ирүүлсэн. /3-р хх-49-129/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Я.Өтай 2016 оны 09 дүгээр сард автомашин худалдаж авах үед танилцсан. ...Намайг Япон улсаас хямд машин оруулж ирэхэд зориулан Я.Ө 2016 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 05 дугаар сар хүртэл хамтран автомашины худалдаа эрхэлж, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо тэнцүү хуваан авч байсан. Хамтран ажиллах хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ....... тоотод байрлах газрыг худалдан авч, газар дээр 260 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж газар болон гараашийн хамтран өмчлөгч болсон. Хамтын үйл ажиллагаагаа явуулахын тулд 2018 оны 12 дугаар сард миний нэр дээр Хас банк ХХК-аас 250,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд зээл нэмж авах шаардлагатай болсон. Ингээд миний нэр дээр их хэмжээний зээлтэй байсан учир хамтран өмчилж байсан газар болон гараашийг бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлж, өөр зээл авахаар тохиролцсон. Тухайн үед надад бэлэглэлийн гэрээний дагуу бодитоор бэлэглэх зорилго байгаагүй. Буцаад өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон учир гэрээнд гарын үсэг зурсан. Иймд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гарааш болон газар бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг газар болон гараашийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... нэхэмжлэгч А.Мтэй 2016 оны 09 дүгээр сард автомашин худалдан авахаар холбогдож танилцсан. ...Би жижиг, сажиг засвар бүхий машиныг боломжийн үнээр авч, засварлаад бага зэргийн ашиг гаргаж амьдралдаа нэмэрлэх, үйл ажиллагаагаа бага ч боловч өргөжүүлэх зорилгоор түүнтэй хэсэг хугацаанд холбоотой байсан. 2017 оны 03 дугаар сард өөрийнхөө хөрөнгөөр ........ байрлах авто засварын зориулалттай сэндвичэн гараашийг 65,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Газар дээр байсан хуучин сэндвичэн гараашийг буулгаж, суурийн блокоор шинэ гараашийг мөн би 100 хувь өөрийн хөрөнгөөр бариулсан. Уг гараашийг А.М-ийн эхнэрийн ах, дүү хоёрыг хөлсөлж бариулсан нь үнэн. Төлбөрийг цаг тухайд нь өгсөн. А.Мгараашийн бичиг баримт хөөцөлдөх ажилд тусалсан. Анх зээл авах зорилгоор хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан бөгөөд өмчлөгчид хөрөнгийг буцаан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу гарааш болон газар нь Я.Ө миний өмч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Мнь хариуцагч Я.Өд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар, гараашийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ бэлэглэлийн гэрээг байгуулахад бэлэглэх хүсэл зориг байгаагүй, гэрээний дагуу үр дагаварт хүрэх зорилгогүйгээр байгуулсан гэж тайлбарласнаас үзвэл хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь А.М-ийн эзэмшлийн .............. тоот дансны хуулга, Т ББСБ ХХК-тай А.М, Я.Ө нар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн болон баталгаат ипотек, барьцааны гэрээ /80,000,000 төгрөгт/, мөн талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээ /150,000,000 төгрөгт/, зээлийн дансны хуулга, шүүхэд гэрч Ц.Шаарийбуугийн мэдүүлэг, тэмдэглэлийн дэвтэр, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцсан фейсбүүк чатад хийсэн үзлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч А.М, хариуцагч Я.Ө нар 2016 оны 12 дугаар сараас эхлэн Япон улсаас автомашин, сэлбэг худалдан авч, тээвэрлүүлэн Монгол улсад оруулж ирэх, оруулж ирсэн автомашинд засвар үйлчилгээг хийж худалдан борлуулж, ашгаа тэнцүү хуваан авахаар хамтран ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Энэ гэрээг бичгээр байгуулах, нотариатчаар гэрчлүүлэх зэрэг хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Хамтран ажиллахаар талууд хүсэл зоригийнхоо дагуу хэлцэл хийсэн байх тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан талаар маргаагүй боловч хамтын ажиллагаанд маргаан бүхий гарааш, газрыг хамааралгүй, тус үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдан авч, шинээр барьсан, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж маргасан.

 

Талууд хамтран мөнгө буюу хөрөнгө нийлүүлж, Япон улсаас автомашин захиалан авах, засварлаж худалдах үйл ажиллагаагаа буюу үйлчилгээ үзүүлэх хураамж төлөхөөр харилцан тохиролцож, үйл ажиллагааны явцад иргэн Э.Т өөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ............... тоот өмчлөх эрхтэй, 416 м.кв газрыг 65,000,000 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй, ............... тоот хаягт байрлах 416 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр Я.Ө, А.Мнар бүртгүүлсэн байна. Тус газар дээр 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд мөн хамтран өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

Зохигч газар болон гараашийн барилгыг барьцаалан Т ББСБ ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээл, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөгийн шугамын зээл, Хас банк ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000,000 төгрөгийн зээлээс 150,000,000 төгрөгийг авч хамтын үйл ажиллагаанд ашигласан талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно, 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.4-д Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна. гэж тус тус заасан.

 

Талууд хамтын ажиллагааны хураамжийн хэмжээг тохиролцоогүй тодорхой тогтоогоогүй байх бөгөөд хамтын ажиллагааны явцад маргааны зүйл болох газрыг худалдан авч, газар дээр автомашин засварын үйл ажиллагаа явуулах гарааш барьж, хөрөнгө оруулалтын зорилгоор газар, гараашийг барьцаалан зээл авч, үйл ажиллагаандаа ашиглаж байсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гарааш болон газрын өмчлөх эрх үүсэхэд хариуцагч дангаар хөрөнгө гаргасан эсэхээс үл шалтгаалан хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээний явцад үүссэн, талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч А.М, хариуцагч Я.Ө нар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулан газар болон гарааш тус бүрийг 6,000,000 төгрөгөөр үнэлэн, А.Мд ногдох хэсгийг 3,000,000 төгрөгөөр үнэлж, өөр хаягт шилжих гэсэн үндэслэлээр Я.Өд бэлэглэж шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж зааснаар бэлэглэлийн гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа хариу төлбөргүйгээр тодорхой хөрөнгө шилжүүлэх агуулгатай хэлцэл юм.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байдаг. Зохигчдын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээний үр дүнд өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр хэлцэл хийгдсэн, эсхүл хожим уг хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал нь бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойш Я.Ө, Я.Б нар Улаанбаатар хотын банк ХХК-иад газар болон гараашийг барьцаалан 100,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэ үед талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байсан болох нь талуудын хооронд, нэхэмжлэгч болон Я.Б нарын, нэхэмжлэгч болон н.Г нарын хооронд харилцан фейсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Мөн бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь Хас банк ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан 250,000,000 төгрөгийн зээлийг төлж дуусаагүйгээс дахин зээл авах боломжгүй байсан нь зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь тогтоогдсоноор нэхэмжлэгч уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх буюу үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд А.М, Я.Ө нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ /гарааш/, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ /газар/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч А.Мг ....................... тоот хаягт байрлах, ..... улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ........................... нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, ...................... улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоов.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т заасны дагуу А.М, Я.Ө нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ /гарааш/, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ /газар/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч А.Мг ....................... тоот хаягт байрлах, ....... улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ........................... нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, ...................... улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч А.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Өас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР