Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1276

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэртэй,     

Нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ- болон “А ББСБ” ХХК нарт холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

 

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “А ББСБ”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь “А ББСБ” ХХК-аас зээл авахдаа намайг хамтран зээлдэгчээр оруулаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие хамтран зээлдэгч болж зээлийг Д.А авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй байсаныг тухайн үед миний бие мэдээгүй байсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 05-ний өдрийн 102/ШШ2017/00120 дугаар захирамжаар 60 000 000 төгрөгийг Д.А болон С.А- нараас гаргуулан "Арвижих капитал" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төлбөрийг уг нь Д.А төлж барагдуулна гэсэн. Төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.А нь хууль бус үйл ажиллагаа явуулан зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг хааж, зөвхөн урамшууллын төлбөр авч хэргийг дуусгавар болгох хүсэл сонирхол байсныг тухайн үед нь миний бие хуулийн мэдлэггүй байсны улмаас төөрөгдөлд орж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг “А ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үе шаттай хийгдэх ёстой байсан боловч уг ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шийдвэрт Д.А-аас мөнгө гаргуулахаар заасан байтал зөвхөн өөрийн урамшуулал төлбөрийг хурдан шуурхай олж авахын тулд намайг шахалт дарамтад оруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн өөрчлөгдөж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс урамшуулал гэх зүйлгүй болсоныг олж мэдлээ. Шүүхийн шийдвэрт Д.А- гэсэн хариуцагч байсаар байтал зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг төлсөн нь миний хувьд асар их хохиролтой байна. Миний ойлгож байгаагаар Д.А-аас төлбөр гаргуулах бүхий л боломжит арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямарч ажиллагаа хийгээгүй зөвхөн миний эд хөрөнгийг төөрөгдөлд оруулан н.Ариунзаяа нь зөвхөн өөрийн авах урамшуулалын төлбөрийн төлөө иргэн намайг хохироосонд гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт шилжүүлсэн миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууцыг надад буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 156 дугаар захирамжаар С.А-, Д.А- нараас 60 000 000 төгрөг гаргуулж “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, манай байгууллагад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлт нь С.А- би тус албанд хандаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохирсон тул “А ББСБ” ХХК-д шилжүүлж өгнө үү гэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр төлбөр төлөгч төлбөрөө төлөхөөр хүсэлтээ гаргаад ирж байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг тооцож, Д.А-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон тул уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь өөрөө нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ өгсөн байх тул уг хүсэлт нь түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А- болон Д.А- нар нь хариуцагч “А ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг 60 000 000 төгрөг болгож С.А- нь өөрөө Д.А-ыг давхар итгэмжлэлээр төлөөлөөд шүүх хуралдаанд оролцож, зохигчид эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Уг зээлийн гэрээний барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэж эвлэрсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул “А ББСБ” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед С.А- өөрөө хүсэлтээ гаргасан байгаа. Уг хүсэлт нь төлбөр төлөгч С.А-, Д.А-ын төлбөрийг төлж чадахгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлөх болно гэж хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ дан ганц С.А- биш, н.Азжаргалын төлбөрийг төлөхөөр хамт нэрээ бичиж нотариатаар гэрчлүүлсэн байх тул уг хүсэлт нь хуулийн шаардлага хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн өмчлөлд уг байрыг шилжүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг ажиллагааг өөрөө мэдэж байсан, хүсэл зоригийнхоо хүрээнд хүсэлтээ бичиж өгсөн ба үүсэх үр дагаврыг нь бүрэн мэдэж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 29 дүгээр  дугаар зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан хариуцагч НШШГГ-, хариуцагч “А ББСБ” ХХК нарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах. 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. 83.2 дахь хэсэгт Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна. Энэхүү хуулийн заалтаас үзвэл урамшууллын төлбөрийг төлбөр авагч нь төлөх ёстой байсан гэтэл хариуцагч буюу төлбөр төлөгчөөр төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд урамшууллын төлбөрийг төлбөр төлөгдсөн тухай бүрт нь урамшууллыг өгч байхаар хуульчилсан байхад төлбөр төлөгдөөгүй байхад урамшууллын төлбөрийг төлбөр төлөгч нараас авч байсан нь хууль зөрчсөн болох нь нотлогдсон. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч С.А-г төөрөгдөлд оруулсан нь шүүх хуралдааны явцад нотлогдсон гэж үзэж байгаа учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сард төлбөр төлөгч Д.А-тай холбоо барьж уулзсан тэмдэглэл шийдвэр гүйцэтгэх материалаас гарч ирсэн энэ талаар шүүх тайлбар дүгнэлт хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дудаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан гэтэл шүүгч урамшууллын төлбөрийг урьдчилж авсан болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үед яах гэж Д.А-тай холбоо барьсан талаар дүгнээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг “А ББСБ” болон Шийдэр гүйцэтгэх байгууллага байгуулсан. Үүнээс үзвэл гэрээний үндсэн урамшууллыг авах ёстой гэрээг “А ББСБ” болон Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд хийгдсэн учраас “А ББСБ” төлөх ёстой байсан нь нотлогдож байна. Гэтэл төлбөр төлөгчөөс гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д "Энэ хуулийн 86.2, 86.4-т эаасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийи дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулнө" энэ хуулийн 86.2-д "Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна" мөн хуулийн 86.4-т "Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна." Энэ хуулийн заалтуудаас үзвэл мөнгөн хөрөнгө байгаа эсэхийг нь эхлээд шалгаж үзэх ёстой байсан гэтэл Д.А-ын юу байгааг нь шалгаж үзэлгүй зөвхөн С.А-гийн хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулсан нь хууль зөрчсөн. Мөн Д.А- нь төлбөрийг төлнө гэж тэмдэглэлд хэлсэн байхад ямарч арга хэмжээ авахгйи зөвхөн С.А-гийн хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулсан нь хууль зөрсөн. Миний бие дарамтанд орсон болохоо баримтаар нотолж өгсөн учир нь 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг бодитоор нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад буюу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр анх урамшууллын төлбөр төлүүлсэн мөн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр урамшууллын төлбөр төлсөн болохоо нотлох бяримтаар өгсөн. Төлбөр төлөгч С.А- нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэр шилжүүлэн өгөх хүсэлт өгч 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17/751 дүгээр тогтоолоор төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж шийдвэрт тусгасан байна. Энэхүү хугацааг харах юм бол төлбөрийг төлөхөөс өмнө урамшууллын төлбөрийг төлүүлж байсан нь нотлоглож байна. Шүүх 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримталж ажиллагаа дуусгавар болгосон тул энэ хуулийн 86, 89 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах шаардлагагүй гэж дурьджээ. Шүүхийн шийдвэрээр 2 хүнээс төлбөр гаргуулахаар заасан гэтэл нэгийг нь хохироож нөгөөх нь ямар ч үүрэг хариуцлага ногдуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн зөвхөн эрх ашиг сонирхлыг үүднээс хийсэн ажиллагаа болох нь нотлогдож байгаа. Миний хувьд илтэд хохиролтой үлдсэн гэтэл нөгөө төлбөр төлөгч нь ямар ч өр төлбөргүй үлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүй шүүхийн шийдвэр болон албадан гүйцэтгэх захирамж хуудсанд заагдаагүй байхад шууд дарамтанд оруулж шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвзр   гүйцэтгэгчийг ХЭСЭГЧЛЭН БИЕЛСЭН болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас үнийн дүнгээс гаргуулна  гэснийг зөрчиж ямарч төлбөр төлөөгүй байхад урамшууллын төлбөр гэх зүйлийг урьдчилан авч төлбөрийг миний эд хөрөнгөөр хаахаар төөрөгдөл оруулж дарамталсан. Яг ийм үйл баримт гарч болзошгүй гэдэг үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86, 89 дүгээр зүйлд нарийвчилан оруулж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллагын албан хаагч үүнийг зөрчсөнд туйлын харамсалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн" гэж заасан байна. Хууль хэрэгжүүлэгч хүн нь намайг төөрөгдөл, дарамт шахалтанд оруулж өөрт ноогдох урамшуулльн төлбөрийг авах гэж миний байраар төлбөрийг төлсөн мэтээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Гэтэл Азжаргал гэх хүн ямарч төлбөр төлөөгүй төлбөр төлөлгүй хуулиас гадуур үлдсэн. Миний бие анхнаасаа энэ зээлийг авахад ямарч мөнгө аваагүй Азжаргал гэх хүнд энэ мөнгийг авч ашигласан гэтэл би авч ашигласан юм шиг хохироод байгяа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөрийг төлөх бүрэн төлсөн гэж заажээ. харилцан тохиролцож төлбөрийг явсан гэсэн утга байхгүй байна. Мөн 2 хүнээс төлбөр гаргуулах байтал нэгнээс нь аваад нэгнээс нь авахгүй байх нэгийг нь хохироогоод нөгөөхийг нь ямарч гэм буруугаар үлдээх гэсэн ямарч хуульд байхгүй зарчим ярьж байгаа нь байж боломгүй хэрэг юм. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой байхад намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцон ажиллагааг эхнээс нь явуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А ББСБ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ./хэргийн 1-2, 55 дугаар тал/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ./хэргийн 110, 117 дугаар хуудас ар/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна./хэргийн 27 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00120 дугаар захирамжаар хариуцагч С.А-, Д.А- нараас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна./6-8 дугаар тал/

 

            Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 01010 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийг шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.А-д хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 36-38 дугаар тал/

 

Улмаар төлбөр төлөгч С.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр НШШГГ-т “шүүхийн шийдвэрт заасан С.А-, Д.А- нараас “Аривжих капитал ББСБ” ХХК-д төлөх нийт 60 457 950 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2205010045 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж өгнө үү” гэх өргөдлийг гаргасны дагуу төлбөр авагч  “Аривжих капитал ББСБ” ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дусгавар болгох хүсэлтийг НШШГГ- хүргүүлсэн байна. Улмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000617600 дугаартай гэрчилгээ хариуцагч “А ББСБ” ХХК-ийн нэр дээр 2017 оны 10 дугаар сарын 06-ны гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч төлбөр авагч нар өөрсдийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86, 89 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох ажиллагаа хийгдэхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно” гэж зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр хариуцагч С.А-, Д.А- нараас 60 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ төлбөр төлөгч нарын үүргийг тусгайлан зааглаагүй байна. Иймд төлбөрийг дан ганц С.А- төлсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

             Маргаан бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч ямар нэгэн байдлаар төлбөр төлөгчийг төөрөгдөлд оруулж, давармталж төлбөр авагчийн төлбөрт тооцож, шилжүүлүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Тодруудбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоход хариуцагч байгууллага хөндлөнгөөс нөлөөлсөн, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэхэсгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “А ББСБ” ХХК-д холбогдох орон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                   ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                   С.ЭНХТӨР