Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/шш2023/00387

 

 

2000оны 00 сарын000өдөр Дугаар 102/ШШ2000/0000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: ... ХХК, Д... нараас 63,690,000 /жаран гурван сая зургаан зуун ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.... /ШТЭД: .../

Хариуцагч ... ХХК-ийн өмгөөлөгч Ц.... /ШТЭД: .../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэлийг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр .. тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ... ХХК-ийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдах ... төслийн барилгаас 70 м.кв талбай бүхий орон сууцыг 91,000,000 төгрөгөөр авахаар болсон юм. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгон өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай ачааны машиныг 60,000,000 төгрөгт тооцон ажил гүйцэтгэгч талд буюу иргэн Д...ын нэр дээр шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Үүний дараа гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрт 60 машин элс буулган өгөх байсан боловч тухайн компани барилгын ажил нэг ч явуулаагүй. Ц.... нь хот руу буулгаж өгөөч гэснийг би зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн захиалсан барилга дээр буулгах шаардлага тавьж байсан. Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй ба Налайх дүүргийн маш олон хүнээс мөнгө авсан боловч орон сууцыг гэрээнд зааснаар 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулаагүй, одоог хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй. Надаас гадна маш олон хүнийг хохироогоод байна. Тус компанид байр захиалсан хүмүүс захиалгаа цуцалж байгаа бөгөөд компани төлбөрийн чадваргүй болсон гэх асуудал үүсээд байна. ... ХХК-ийн менежер Ц....од тус компанийн барилгын үйл ажиллагаанд зориулж 115 тн цемент нийлүүлсэн бөгөөд үүний төлбөрийг ч увуулан цувуулан төлсөөр одоо 1,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг Ц....оос гаргуулахаар шаардсан боловч шүүхэд ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Ц....од холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Орон сууц захиалан бариулах гэрээг ... ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээний урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөгт тооцон би өөрийн ачааны автомашинаа тус компанийн эрх бүхий хүмүүсийн хүссэний дагуу хариуцагч Д...од худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн учраас ... ХХК болон Д... нараас 60,000,000 төгрөг, алданги 3,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. ... ХХК-ийн бүх гэрээнүүдийг Ц.... компанийг төлөөлж байгуулан гарын үсэг зурдаг. Д...оос нэхэмжлэгчийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан Д.... нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд тус компанийн захирал Ц....ийн нөхөр юм. Тиймээс Т....гаас Д...од шилжүүлсэн тээврийн хэрэгслийг ... ХХК хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна. Эхнээсээ л уг тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр авах соинирхолгүй байсан гэдэг нь харагдаж байна. Гэрээнд орон сууцны үнэ зөрүүтэй байгаа тухайд харилцан тохиролцож байгаад бууруулан 91,000,000 төгрөг болгосон. Энэ талаараа гэрээний хамгийн арын хуудсанд тэмдэглэгээ хийсэн байгаа. Гэрээний 5.1-д заасан торгууль 0,03 хувь гэсэн нь хоног тутамд тооцохоор заасан байгаа учир алданги гэж үзнэ. Гэрээ болон хуульд зааснаар алдангийг тооцвол 13,000,000 төгрөг болохоор байгаа боловч ийм хэмжээгээр шаардаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ... ХХК болон Д... нараас шаардана...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Ц.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь манай компани иргэн Т....тай албан ёсны орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй бөгөөд манай компанид ажиллаж байсан Т.... нь байгууллагын тамга тэмдэг, гарын үсэгтэй гэрээг ашиглан иргэн Т.... болон бусад этгээдтэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь илэрсэн байх тул уг орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлж байгаа. Мөн 60 машин элсийг ч манай компани хүлээн аваагүй, барилгын ажилд зарцуулаагүйн сацуу Ц.... гэгч нь уг элсийг бусдад худалдаж мөнгийг нь өөртөө ашигласан байдаг. Иймд уг орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, түүнээс шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3.Хариуцагч ... ХХК-ийн өмгөөлөгч Ц.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа одоо болтол тодруулаагүй байна. Хэрвээ ... ХХК-тай гэрээ байгуулсан бол яагаад урьдчилгаанд өгсөн гэх тээврийн хэрэгслээ тус компанид хүлээлгэж өгөөгүй вэ? Гэрээ байгуулсан ч төлбөрийг компани аваагүй учир буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна. Учир нь тухайн гэрээ хэрэгжсэн байж алданги шаардах эрх үүснэ. Тухайн тээврийн хэрэгслийн мөнгийг төлөх үүргийг хариуцах этгээд нь хариуцагч Д... байх тул ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол гэрээний дагуу өгсөн авснаа харилцан буцаах ёстой. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт мөнгөөр төлнө гэсний дагуу Д... автомашиныг нь хүлээж аваад, цааш нь бусдад шилжүүлсэн гэж харагдаж байна...гэв.

4.Хариуцагч Д... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь С....тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж байгаагүй ба энэ нь нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн миний өмчлөлд шилжүүлсэн гэх ачааны машины тухайд: би ... ХХК-ийн барьж байгаа 9 давхар орон сууцны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн захирал Ц...., Ц.... нар нь ... улсын дугаартай ачааны машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлээд авто ломбарднаас мөнгө аваад өгөөч гэхээр нь тус машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авч 18,000,000 төгрөг авч өгсөн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр С.... нь машины зээлийг төлчихлөө, Д.... гэж хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Ингээд очиход зээл нь төлөгдсөн байсан тул Д....д машиныг нь шилжүүлж өгсөн. Уг машин ... ХХК-ийн эзэмшлийн машин учир Ц....ийн хүссэний дагуу дээрх үйлдлийг хийсэн. Барилгын компанид машин тэрэг бартерт орж ирдэг болохоор уг машин нь ямар учиртай, хэний машин болох талаар огт сонирхоогүй, тэдний ажилд тус болж байна гэж л бодсон. Миний машин шилжүүлж өгсөн Д....г ... ХХК-ийн захирал Ц...., Ц.... нар мэдэж байгаа. Иймд С....гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй байх тул надтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ /1-р хх-5-6 дутуу/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-8/, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-9/, Орон сууц захиалан бариулах гэрээ, ... ХХК-ийн гэрчилгээ болон Ц...., Т...., Т.... нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-46-49/, орон сууц баригдахаар төлөвлөгдсөн гэх газрын фото зургууд /2-р хх-68/, ... ХХК-ийн орон сууц захиалсан бусад иргэдтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнүүд /2-р хх-108-123/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

6.Хариуцагч ... ХХК-иас тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй байна.

7.Хариуцагч Д... тайлбар, татгалзлаа нотлохоор: Д....тай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-101/, ... ХХК болон ...ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний эх хувь /1-р хх-166-171/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Харин ... ... ломбардын ... тээврийн хэрэгслийн Зогсоолын зээл, төлбөрийн хуулга /1-р хх-100/ нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

8.Шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн .... дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шаардсаны дагуу /2-р хх-73-75/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-95-97/, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ... ХХК, тус компанийн захирал Ц...., иргэн Ц.... нарт холбогдох, орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоолууд болон тус компанийн Ч....тай байгуулсан Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний хуулбар /2-р хх-91-94, 98-107/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр Т....гийн нэхэмжлэлээс Д...од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Т.... нь шүүхэд ... ХХК, Д..., Ц.... нарт холбогдуулан 64,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, хариуцагч ... ХХК, Д... нараас 63,690,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ... ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаа 60,000,000 төгрөгт тооцож Д...од шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 төгрөгийг алданги 3,690,000 төгрөгийн хамт ... ХХК болон Д... нараас гаргуулна гэж тодорхойлсон.

4.Хариуцагч Д...ын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Т....тай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч тээврийн хэрэгслийг бодитоор худалдаж аваагүй, ... ХХК-ийн захирал Ц...., Ц.... нарын хүсэлтийн дагуу гэрээг хийж, авто ломбардад барьцаалан зээл авч өгсөн бөгөөд тэдний хүссэний дагуу Д....д Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. ... ХХК-тай фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан учир уг тээврийн хэрэгслийг бартераар авсан гэдгийг мэдсэн гэх агуулга бүхий тайлбарыг бичгээр гаргасан байна.

5.Хариуцагч ... ХХК-иас мөн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Т....тай гэрээ байгуулаагүй, аливаа тээврийн хэрэгслийг төлбөрт тооцон шилжүүлж аваагүй, тус компанид ажиллаж байсан Ц.... байгууллагын тамга, тэмдэгтэй гэрээ ашиглаж хийсэн байгаа учир төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй, гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж тайлбарласан.

6.Зохигчид Т.... болон ... ХХК нарын хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу Т....гаас 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт тооцож тээврийн хэрэгсэл шилжүүлсэн эсэх, тээврийн хэрэгслийг Д... хүлээн авсан эсэх талаар маргаж, Т.... болон Д... нарын хооронд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан болон ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т....гийн өмчлөлөөс Д...ын өмчлөлд шилжсэн талаар, уг гэрээний үнэ 60,000,000 төгрөг байсан талаар маргаагүй.

7.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Т...., ... ХХК нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалан бариулах гэрээ, Т...., Д... нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Д..., Д.... нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, ... ХХК-ийн бусад захиалагч нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнүүд, ... ХХК, ...ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ирүүлсэн ... ХХК-д холбогдох иргэдээс гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7.1.Т...., ... ХХК нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний 1.1, 1.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар Т.... нь ... ХХК-ийн 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдах ... хотхонд 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөг, бүгд 98,000,000 төгрөгөөр захиалахаар тохиролцож, гэрээний талууд буюу ... ХХК-ийн захирал Ц.... гэрээг баталж, тус компанийг төлөөлөн менежер Ц...., захиалагч Т.... нар гарын үсэг зурж, ... ХХК-ийн тамга дарагдсан байна.

7.2.Дээрх гэрээ байгуулсны маргааш буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд нэмэлт нөхцөл тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна. Нэмэлт нөхцлөөр: ...ын ... РД: ... ... ХХК-ийн ...ын барилгад 8 давхрын 70 м.кв байр захиалсан болно. Үүний урьдчилгаанд Хятад улсад үйлдвэрлэсэн .... ... маркийн самсомол маркийн машиныг 60,000,000 төгрөгт бодуулж үлдэгдэл болох 31,000,000 төгрөгийг 60 машин элс буулгахаар тохиролцов. М.кв үнийг 1,300,000 төгрөг болгож тохиролцов гэжээ.

7.3.Улмаар 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.... нь Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Д...той байгуулж, өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай .... маркийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөр бүрэн төлөгдсөн, тооцоо дууссан талаар гэрээнд тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөвийг мөн нотариатаар гэрчлүүлсэн байна.

7.4.Дээрх гэрээний худалдан авагч тал болох Д... нь ...ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ... ХХК-тай .... тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 давхар ...ны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ... ХХК ажлын хөлс 52,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Захиалагч ... ХХК-ийг төлөөлөн Ц...., ...ХХК-ийн захирал Д... нар байгуулж, гэрээг ... ХХК-ийн захирал Ц...., ...ХХК-ийн захирал Д... нар баталж, компанийн тамга тэмдэг дарагдсан байна.

7.5.Хариуцагч Д... 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №1573 тоот Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д....д 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөр бүрэн төлөгдсөн тухай гэрээнд тусгаж, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

7.6.Иргэн Д.... нь Т....гийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан байна. /1-р хх-19/

7.7.Хариуцагч ... ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ч....тай, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц....тай, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д....тай, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн С....тай, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэн З....тай тус тус Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байх бөгөөд эдгээр гэрээнүүдийг тус компанийн захирал Ц.... баталж, тус компанийг төлөөлөн менежер Ц.... захиалагч нартай гэрээг байгуулсан байна. Эдгээр орон сууц захиалан бариулах гэрээнүүдээр 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдах ... төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас захиалан бариулах, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,250,000-1,400,000 төгрөгөөр буюу захиалагч тус бүртэй өөр өөр дүгнгээр тохиролцож, зарим гэрээнд нэмэлт нөхцөл оруулжээ.

7.8.Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс ... ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..., ..., ..., дугаартай хэрэг бүртгэлтийн хэргүүд нээн, Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хулан хотхонд Г.... нарын нэр бүхий 22 иргэн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байр захиалсан боловч захиалгын гэрээг давхцуулж төлбөр завшсан гэх, мөн адил утга бүхий иргэн .., .., .., .., нарын гомдлын дагуу тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай тодорхойлсон. Нэхэмжлэгч Т.... ... ХХК-д холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргаагүй талаар зохигчид тайлбарлаж байна.

8.Шүүх дараах үндэслэлээр Т.... болон ... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

8.1.Маргаан бүхий Орон сууц захиалан бариулах гэрээг ... ХХК-ийн захирал Ц.... баталж, тус компанийн менежер Ц.... нь захиалагч Т....тай гэрээг байгуулан, нэмэлт нөхцлийг тусган тохиролцож, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

8.2.Хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын нэг үндэслэл нь уг гэрээг ... ХХК-ийг төлөөлөн байгуулсан гэх Ц.... нь байгууллагын тамга, тэмдэгтэй гэрээг ашиглаж хийсэн гэж тайлбарлах бөгөөд хариуцагч тал татгалзлын энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

8.3.... ХХК-ийг төлөөлөн менежер Ц.... захиалагч нартай гэрээ байгуулж, тус компанийн захирал Ц.... гэрээг баталдаг болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Ч...., Ц...., Д...., С...., З.... нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнүүд болон ...ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ зэргээр нотлогдож байх тул ... ХХК-иас олгогдсон эрхийн дагуу тус компанийн менежер ажилтай Ц.... нь нэхэмжлэгч Т....тай маргаан бүхий Орон сууц захиалан бариулах гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8.3.Маргаан бүхий Орон сууц захиалан бариулах гэрээний 2.3-т 1 м.кв-ын үнийг 1,400,000 төгрөг, нийт дүн 98,000,000 төгрөг байхаар тохиролцсон байгаа боловч талууд гэрээний төгсгөлд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт нөхцөл зааж, 1 м.кв-ын үнийг 1,300,000 төгрөг байхаар тохиролцон, төлбөрийг захиалагч Т.... нь урьдчилгаа 60,000,000 төгрөгт тооцон ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл шилжүүлэх, үлдэх 31,000,000 төгрөгт 6 машин элс буулгахаар тохиролцсон талаар тусгажээ.

8.4.Мөн талууд гэрээний 5.1 дэх хэсэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,03 хувийн торгуулийг аль буруутай талдаа ноогдуулна гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна.

9.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Гэвч ажил гүйцэтгэгч тал гэрээний зүйл болох 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

10.Хариуцагч ... ХХК-иас Т....г Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт тооцож тээврийн хэрэгсэл шилжүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

11.Мөн нэхэмжлэгч Т.... нь ... ХХК-тай байгуулсан уг Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа 60,000,000 төгрөгт тооцож өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Д...той Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн учир ... ХХК болон Д... нараас гэрээгээр тохиролцсоны дагуу тухайн тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 төгрөг, алданги 3,690,000 төгрөгийг гаргуулахаар шаардана гэж тайлбарлаж байна.

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д...ын бичгээр гаргасан хариу тайлбар /1-р хх-99/ болон ажиллагааны явцад хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....гаас шүүх хуралдаанд амаар гаргасан ...Нэхэмжлэгчтэй 9 давхарт байгаа орон сууцнаас өгье гэж ярьсан. Харин автомашиныг хариуцагч Д... ломбардад тавьчихсан байсныг би 18,000,000 төгрөг болох өөрийнхөө мөнгөөр гаргуулж авсан. Тийм болохоор манайх тусдаа хэрэг нээж хариуцагч Д...оос дахиж мөнгө нэхэмжлэхгүйгээр энэ хэрэгтээ хамтад нь шийдүүлэх хүсэлтэй байгаа гэх тайлбар /1-р хх-182/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлж, Т....гаас Д...од Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т...., ... ХХК нарын байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт нөхцөлд дурдсанаар урьдчилгаа 60,000,000 төгрөгт тооцож ... ХХК нь Д...оор дамжуулан хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

13.Түүнчлэн, хариуцагч Д... нь Орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч тал биш, мөн Т....тай байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь бодитоор хэрэгжээгүй бөгөөд тэрээр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон уг гэрээгээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас Д...од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

14.Тээврийн хэрэгслийг Д...оос гэрээний дагуу шилжүүлж авсан ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....г тус компанийн захирал Ц....ийн нөхөр гэж нэхэмжлэгч тал тайлбарласан ба хариуцагч ... ХХК-иас уг тайлбарыг баримтаар няцаагаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т....г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон гэрээнд заасны дагуу нийт 91,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээс урьдчилгаа 60,000,000 төгрөгийн төлбөрийг төлж биелүүлсэн гэж дүгнэв.

15.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч ... ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 4 дүгээр улирлыг дуусах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, улмаар захиалагч Т.... шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд буюу 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барилгын ажил эхлүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан фото зураг, Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.... хариуцагч ... ХХК-иас 60,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

16.Нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхий гэрээний 5.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 3,690,000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан учир алданги шаардах эрхгүй... гэж тайлбарлаж маргасан.

17.Орон сууц захиалан бариулах гэрээний 5.1 дэх хэсэгт Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,03 хувийн торгуулийг аль буруутай талдаа ноогдуулна гэж заасан байна. Гэрээний энэхүү заалтад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,03 хувийн торгуулийг буруутай талд ногдуулна гэснийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлвол хоног тутамд 0,03 хувиар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэсэн нь талууд алданги тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

18.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу талууд алдангийн хэмжээг 0,03 хувь байхаар тохиролцсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгчийн зүгээс алдангийг ажил гүйцэтгэж дуусахаар тохирсон хугацаанаас хойш буюу 2021 оны 1 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 205 хоногийн алданги /60,000,000 төгрөгийн 0,03 хувиар тооцон, хоногийн 18,000 төгрөг/ нийт 3,690,000 төгрөгийг шаардсан.

19.Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгч Т....г ... ХХК-иас урьдчилгаа 60,000,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн учир хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгч мөн шаардах эрхтэй гэж үзэв. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ... ХХК-иас 3,690,000 төгрөгийг гаргуулан мөн нэхэмжлэгч Т....д олгох нь зүйтэй.

20.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 481,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас 476,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д...д холбогдох Т....гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ... ХХК-иас 63,690,000 /жаран гурван сая зургаан зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т....д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 481,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-иас 476,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА