Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00825

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 19 210/МА2023/00825

 

 

Т.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.С-гийн

Хариуцагч С т- ХХК, Д.Б- нарт холбогдуулан

С т- ХХК, Д.Б- нараас 63,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С т- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батбаатар, хариуцагч С т- ХХК-ийн өмгөөлөгч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2020 оны 05 сарын 13-ны өдөр 27 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг С т- ХХК-тай байгуулж, уг гэрээгээр Налайх дүүргийн 2 хороонд баригдах Хулан тауэр төслийн барилгаас 70 м.кв талбайтай орон сууцыг 91,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Улмаар 2020 оны 05 сарын 14-ний өдөр урьдчилгаа болгон өөрийн өмчлөлийн 00-05 УБТ улсын дугаартай ачааны автомашиныг 60,000,000 төгрөгт тооцон ажил гүйцэтгэгч талд буюу иргэн Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт 60 машин элс буулган өгөх байсан ч тухайн компани нь барилгын ажил явуулаагүй. Ц.М- нь хотруу буулгаж өгөөч гэснийг би зөвшөөрөөгүй бөгөөд захиалсан барилгад буулгах шаардлага тавьсан. Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд Налайх дүүргийн маш олон хүнээс мөнгө авсан ч орон сууцыг гэрээнд зааснаар 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулаагүй, одоог хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй.

С т- ХХК-ийн менежер Ц.М-од тус компанийн барилгын ажилд зориулж 115 тн цемент нийлүүлсэн бөгөөд үүний төлбөрөөс 1,000,000 төгрөг үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг Ц.М-оос гаргуулахаар шаардсан ч шүүхэд ирэхгүй байгаа учир Ц.М-од холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Орон сууц захиалан бариулах гэрээг С т- ХХК-тай байгуулсан. Уг гэрээний урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөгт автомашинаа тус компанийн эрх бүхий хүмүүсийн хүсэлтээр хариуцагч Д.Б-од шилжүүлсэн учир С т- ХХК, Д.Б- нараас 60,000,000 төгрөг, алданги 3,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Д.Б-оос автомашиныг гэрээгээр шилжүүлж авсан Д.Г- нь С т- ХХК-ийн захирал Ц.М-ийн нөхөр юм. Тиймээс Т.С-гаас Д.Б-од шилжүүлсэн тээврийн хэрэгслийг С т- ХХК хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна. Гэрээнд орон сууцны үнэ зөрүүтэй байгааг харилцан тохиролцож 91,000,000 төгрөг болгосныг гэрээний арын хуудсанд тэмдэглэсэн. Гэрээний 5.1-д заасан торгууль 0,03 хувь гэж зааснаар алданги 13,000,000 төгрөг болохоор байгаа боловч 3,692,000 төгрөг шаардсан гэжээ.

 

2. Хариуцагч С т- ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь манай компани Т.С-тай албан ёсны орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй. Манай компанид ажиллаж байсан Т.М- нь байгууллагын тамга тэмдэг, гарын үсэгтэй гэрээг ашиглан Т.С- болон бусад этгээдтэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь илэрсэн тул уг асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Мөн 60 машин элсийг ч манай компани хүлээн аваагүй, барилгын ажилд зарцуулаагүй. Ц.М- гэгч нь уг элсийг бусдад худалдаж мөнгийг нь өөртөө ашигласан байдаг. Иймд уг орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, түүнээс шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Б-ын хариу тайлбар, татгалзлын агуулга: Би С.С-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн миний өмчлөлд шилжүүлсэн ачааны автомашиныг С т- ХХК-ийн захирал Ц.М-, Ц.М- нарын хүсэлтээр 2020 оны 06 сарын 18-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авто ломбардаас мөнгө авч 18,000,000 төгрөг өгсөн. С.М- нь 2020 оны 08 сарын 11-ний өдөр автомашины зээлийг төлсөн, Д.Г-гийн нэр дээр шилжүүлэх хэрэгтэй гэхэд нь мөн шилжүүлсэн. Автомашин С т- ХХК-ийн эзэмшлийнх учир Ц.М-ийн хүссэнээр дээрх үйлдлийг хийсэн. Иймд С.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй байх тул надтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Б-од холбогдох Т.С-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С т- ХХК-аас 63,690,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 481,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С т- ХХК-иас 476,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч С т- ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, зохигчдын тайлбарыг гуйвуулж өөр агуулгаа шүүхийн шийдвэрт тусгасан, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, хариуцагч талын төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 1517 дугаартай магадлалаар Д.Б-, Д.Г- нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, талуудын хооронд үүрэг үүссэн эсэх, үүргийн бодитоор шилжүүлсэн эсэхийг тодруулаагүй гэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Гэвч анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг огт хийгээгүй, 00-05 УБТ улсын дугаартай автомашиныг Д.Г-д бодитоор шилжүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Д.Г-д олгосон гэх итгэмжлэлийг үндэслэн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр "С т-" ХХК-ийн төлөөлөгч Д.Г-д шилжүүлсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас 00-05 УБТ улсын дугаартай автомашиныг бодитоор шилжүүлэн аваагүй, Д.Г-д шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж маргасан ч шүүхээс зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээгүй тайлбарыг хэлсэн мэтээр шийдвэрт дурдсан хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

С т- ХХК нь Д.Г-д 2021 оны 08 сарын 09-ний өдөр тус иргэний хэрэгт оролцуулахаар итгэмжлэл олгосон ба хугацаа нь 2022 оны 08 сарын 09-ний өдрөөр дууссан. Шүүх "С т-" ХХК-аас төлөөлөгч оролцуулаагүй, хэргийн баримтуудтай танилцуулаагүй, тайлбар, баримт гаргах эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлага ойлгомжгүй бөгөөд орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж байгаа гэх агуулгаар тодруулсан боловч уг тодруулсан шаардлагыг хариуцагч талд мэдэгдэх, гардуулах ажиллагааг явуулаагүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээ бодитоор хэрэгжээгүйтэй холбоотойгоор алданги 3,690,000 төгрөг шаардах эрхгүй тул шүүхийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй учир давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч гэрээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн. Талуудаас гаргасан нотлох баримтыг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тул шүүх хуралдаан хэвийн явагдсан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч С т- ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагч С т- ХХК, Д.Б-, Ц.М- нарт холбогдуулан 64,690,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М-од холбогдох нэхэмжлэлээс татгалзан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч С т- ХХК, Д.Б- нараас 63,690,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч С т- ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй, автомашиныг шилжүүлж аваагүй гэж, хариуцагч Д.Б- нь С т- ХХК-ийн хүсэлтээр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн барьцаалан зээлдүүлэх газраас 18 сая төгрөгийн зээл авч С т- ХХК-д өгсөн, мөн зээл хаагдсаны дараа С т- ХХК-ийн хүсэлтээр Д.Г-д автомашины нэрийг шилжүүлж өгсөн гэх тайлбарыг тус тус гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ. /1хх 30, 99/

 

4. Т.С-, С т- ХХК нарын хооронд 2020 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан 27 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр худалдагч нь Налайх дүүргийн 7-р хороонд баригдах Хулан тауэр орон сууцны барилгын 00-09тоот, 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 60,000,000 төгрөгт тооцон 00-05 УБТ улсын дугаартай, Бэйбэн /Beiben/ маркийн ачааны автомашиныг шилжүүлж, үлдэх 31,000,000 төгрөгт 80 машин элс буулгаж үнийг төлөхөөр талууд тохиролцжээ. /2хх 46-50/

4.1. Нэхэмжлэгч нь 00-05 УБТ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг хариуцагч С т- ХХК-ийн зааснаар хариуцагч Д.Б-той 2020 оны 05 сарын 14-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлж, гэрээгээр хүлээсэн 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан. Тус тайлбарыг хариуцагч С т- ХХК үгүйсгэж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, 60,000,000 төгрөгт автомашин шилжүүлж аваагүй гэх татгалзал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хариуцагч С т- ХХК уг автомашиныг хариуцагч Д.Б-оос Д.Г-гийн өмчлөлд шилжүүлэх замаар өмчлөлдөө авсан нь тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Тодруулбал, хариуцагч Д.Б-ын шүүхэд, С т- ХХК-ийн төлөөлөгч Д.Г-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд хийгдсэн автомашин шилжүүлэх тухай хэлцэл зэрэг баримтаар тогтоогдсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С-гийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх 99, 182-183/

4.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагч С т- ХХК-д шилжүүлж, С т- ХХК-ийн хүсэлтээр автомашины өмчлөх эрхийг хариуцагч Д.Б-од шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хариуцагч Д.Б- нь С т- ХХК-ийн төлөөлөгч Д.Г-д мөн автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар 1-р хавтаст хэргийн 9, 19, 99, 101, 182-183 болон 2-р хавтаст хэргийн 47-48 талд нотлох баримтаар авагдсаныг хариуцагч С т- ХХК үгүйсгэж татгалзлаа нотлоогүй байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон буюу хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С т- ХХК-ийн тайлбар үгүйсгэгдсэн нөхцөлд С т- ХХК дээрх үйл баримтыг үгүйсгэж татгалзлаа нотлох үүрэг хүлээнэ. Давж заалдах шатны шүүх 2022 оны 08 сарын 17-ны өдрийн магадлалаар Д.Б-, Д.Г- нарын хооронд автомашин шилжүүлэхтэй холбоотой үүрэг үүссэн эсэх, хэлцлийн зүйл бодитой шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойшхи хугацаанд хариуцагч С т- ХХК нь магадлалд заасан үндэслэлээр татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

4.4. Иймд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй гэж үзэхгүй. Дурдсан ажиллагаа нь хариуцагч С т- ХХК-ийн татгалзлаа нотлох үүрэгт хамаарах учир энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр нотлогдсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. Хариуцагч С т- ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Т.С-тай гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан бол давж заалдах гомдолдоо гэрээ бодитоор хэрэгжээгүй гэжээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн талаар өмнө дүгнэсэн бөгөөд хариуцагч С т- ХХК орон сууцыг 2020 оны 04 улиралд ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо хариуцагч С т- ХХК-иас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж С т- ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн хариуцагч С т- ХХК-аас алданги 3,690,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэжээ. Зохигч 2020 оны 05 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч 14-ны өдөр автомашинаа С т- ХХК-д шилжүүлсэн, хариуцагч С т- ХХК орон сууцыг 2020 оны 04 улиралд багтаан ашиглалтад оруулах тухай гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчигдсөнөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 205 хоногийн алдангид 3,690,000 төгрөгийг С т- ХХК-аас гаргуулахаар шаардсан нь хүчин төгөлдөр гэрээний үүрэгт хамаарах тул шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гаргуулж шийдвэрлэсэн зөв. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацааны алдангийг шаардаагүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй, шүүх гомдлыг хангахгүй.

 

7. Шүүх хариуцагч С т- ХХК-д 2023 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь 2023 оны 01 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Э- оролцож 23-ны өдрийн товыг мэдсэн, тов мэдэгдсэн /2хх 78/ баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болон төлөөлөгч Д.Г-д 2023 оны 01 сарын 13-ны өдрийн гомдол хэлэлцэх хуралдааны товыг 11-ний өдөр мэдэгдсэн зэргээр нотлогдож байна.

7.1. Хариуцагч С т- ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх эсэх нь тэдгээрийн бүрэн эрх тул өмгөөлөгч Ц.Э-, төлөөлөгч Д.Г-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй, төлөөлөх эрхээ шинээр аваагүй зэрэгт шүүхийг буруутгахгүй. Шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан үүргээ шүүх биелүүлсэн байна. Энэ үндэслэлээр хариуцагч С т- ХХК-ийн төлөөлөгч Д.Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангахгүй.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч С т- ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж С т- ХХК, Д.Б- нараас 63,690,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тодруулж, гэрээнээс татгалзан үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгааг дурджээ. Ийнхүү тодруулсан нь тайлбарын агуулгатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх уг тодруулгыг хариуцагч нарт гардуулах ажиллагаа явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй. Уг тайлбартай хэргийн оролцогч нь танилцах боломжтой тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /1хх 215/

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С т- ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С т- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С т- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ