Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01517

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01517

 

 

Т.С-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2022/00283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СТ ХХК, Ц.М-, Д.Б- нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 64,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч СТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч СТ ХХК-ийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 27 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Налайх дүүргийн 3 дугаар хороонд баригдах хулан тауэр төслийн барилгаас 70 м.кв талбай орон сууцыг 91,000,000 төгрөгөөр авахаар болсон. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 00-00 УБТ улсын дугаартай ачааны машиныг 60,000,000 төгрөгт тооцож Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцыг 2020 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулаагүй, одоог хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй. С ХХК-ийн менежер Ц.М-од 115 тонн цемент нийлүүлсэн. Цементийн төлбөрийг цувуулан төлсөөр одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд өөрийн шилжүүлсэн 60,000,000 төгрөг болон алданги 3,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөгийг С ХХК болон Д.Б- нараас гаргуулах, цементийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг Ц.М-оос гаргуулахаар нэхэмжилж байна. Ц.М-той орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд Ц.М-ын зааврын дагуу машины эзэмших эрхийг Д.Б-од шилжүүлж өгсөн. Д.Б-ын С ХХК-ийн хүн гэж ойлгож байсан гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б-ын тайлбарын агуулга:

Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт 00-00 УБТ улсын дугаартай автомашиныг өгсөн. Тухайн орон сууц захиалан бариулах гэрээнд Д.Б- гарын үсэг зурах, оролцох эрхгүй, хамааралгүй этгээд юм. Тухайн үед иргэн Д.Б- нь СТ ХХК-ийн баригдаж байгаа барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Бусдаар орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой, түүнд оролцох эрх бүхий хүн байгаагүй. Мөн СТ ХХК-ийн ажилчин биш, зүгээр л хөдөлмөрийн гэрээгээ байгуулж ажил гүйцэтгэж байсан. Автомашиныг нэхэмжлэгч Т.С- нь өөрөө Д.Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Харин Д.Б- нь уг орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч биш, хамааралгүй гэдгийг нь мэдэж байсан атлаа хамт явж нэр дээр нь шилжүүлж өгсөн. Д.Б- нь ажил гүйцэтгэж байхдаа Ц.Мөнхсүх, Ц.М- нарын гуйлтаар тус болох үүднээс л тухайн үед өөрийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. 00-00 УБТ улсын дугаартай машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, авто ломбардаас мөнгө аваад өгөөч гэхээр 18,000,000 төгрөг авч өгсөн. СТ ХХК-ийг шүүхэд төлөөлж байгаа Д.Г-гийн нэр дээр 00-00 УБТ улсын дугаартай машиныг шилжүүлж өгсөн гэжээ.

 

3. Хариуцагч СТ ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани иргэн Т.С-тай албан ёсны орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй бөгөөд манай компанид ажиллаж байсан Ц.М- нь байгууллагын тамга тэмдэг, гарын үсэгтэй гэрээг ашиглан иргэн Т.С- болон бусад этгээдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь илэрсэн тул цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Мөн 60 машин элсийг ч манай компани хүлээж аваагүй барилгын ажилд зарцуулаагүй, Ц.М- нь уг элсийг бусдад худалдаж, мөнгийг нь өөртөө ашигласан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Ц.М-ын тайлбарын агуулга:

Миний бие 1,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие тус компанид борлуулагчаар ажиллаж байсан. Уг цементийн мөнгийг компани гаргаж төлөх ёстой. Компанийн захирлын тушаалаар уг цементийг нисэхийн барилга дээр буулгасан. Эндээс өөрийн гарт нэг ч төгрөг аваагүй. Бүх мөнгийг компани авсан гэж бодож байна. Иймд хэргийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч СТ ХХК /РД:5397723/-аас 63690000 /жаран гурван сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг, хариуцагч Монгол овогт Цэндбаатарын Мөнхболд /РД:УЕ81042719/-оос 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тайчууд овогт Төмөрбаатарын Сайнсанаа /РД:ИЦ78020613/-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Бичээч овогт Доржсүрэнгийн Баттогтох /РД:ИЦ84052575/-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,400 /дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч СТ ХХК-аас 452,850 /дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуун тавин/ төгрөг, хариуцагч Ц.М-оос 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч СТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.б. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь СТ ХХК болон Т.С- нарын хооронд байгуулагдсан гэх орон сууц захиалгын гэрээ бодитоор хэрэгжээгүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 225.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэрээний алданги гэх 3,690,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцаануудыг бүрэн тодруулаагүй. Тухайлбал, Т.С- болон СТ ХХК-ийн хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Д.Б- нь СТ ХХК-д ажиллаж байгаагүй, мөн Д.Б- болон Д.Г- нарын хооронд бодитоор автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн, тээврийн хэрэгслийг СТ ХХК-д шилжүүлэн өгсөн эсэхийг бүрэн тодруулаагүй атал СТ ХХК-аас 63,690,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаав.

 

2. Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагч С ХХК, Ц.М-, Д.Б- нарт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Налайх дүүргийн 3 дугаар хороонд баригдах Хулан тауэр төслийн барилгаас 70 м.кв талбай орон сууцыг 91,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож орон сууцны үнэд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 00-00 УБТ улсын дугаартай ачааны машиныг 60,000,000 төгрөгт тооцож Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн боловч гүйцэтгэгч тал орон сууцыг ашиглалтад оруулаагүй, мөн С ХХК-ийн менежер хариуцагч Ц.М-од 115 тонн цемент нийлүүлсний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өгөөгүй гэж С ХХК болон Д.Б- нараас орон сууцны үнэд шилжүүлсэн автомашины үнэ 60,000,000 төгрөг, алданги 3,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөгийг, Ц.М-оос цементийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч Т.С- нь хариуцагч С ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд баригдах Хулан тауэр төслийн барилгаас 70 м.кв талбай орон сууцыг 91,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэх боловч хариуцагч С ХХК-аас уг гэрээг байгуулаагүй, гарын үсэг бүхий бэлэн гэрээний загварыг ашиглан энэхүү гэрээг хийсэн тул цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж тайлбарласан байна.

 

2.б. Талуудын маргааны зүйл болсон уг гэрээний хуулбар нь бүрэн бус байна. Уг гэрээний 1 дүгээр хуудасны нүүрэн тал нь 2.3 Гэрээний агуулга гэж дуусч, арын нүүр нь 4.5 гэсэн заалтаар үргэлжилсэн байна. Иймд хуулбар баримтын эхийг бүрэн хуулбарласан гэж үзэхэд учир дутагдалтай байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэхь хэсгийн бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага, зохих ажиллагааг хийгээгүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүхээс дээрх гэрээний гол нөхцлүүд болох гэрээний үнэ, орон сууцны м.кв-ын хэмжээ зэрэг нь тодорхойгүй талууд энэ талаар маргаантай байхад хуулбар баримтыг үнэлэх, боломжгүй байсныг анхаараагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагаа хийхгүйгээр уг гэрээний үүргийг шийдвэрлэжээ. Гэрээний агуулга тодорхой бус байхад гэрээний үндсэн үүрэг болон нэмэлт үүрэгт хамаарах хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

3. Нэхэмжлэгч Т.С-гийн орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн гэх автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Т.С-гаас хариуцагч Д.Б-од, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д.Б-оос Д.Г- гэх иргэнд Худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжүүлсэн нөхцөл байдлуудын талаар шүүх бодитойгоор худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй гэж шүүхээс дүгнэхдээ талуудын хооронд үүрэг үүссэн эсэх, уг үүргийг шилжүүлсэн эсэхийг тодруулаагүй байна.

 

4. Мөн нэхэмжлэгч Т.С-гийн нэхэмжилсэн 115 тонн цементийн үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.М-оос гаргуулахдаа нэхэмжлэгчээс ирүүлсэн ямар нотлох баримтуудыг үнэлж уг шаардлагыг шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2022/00283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ