Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2023/00173

 

2023 02 13

130/ШШ2023/00173

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, УБ дүүрэг, Э өргөн чөлөө, ЗТ үйл ажиллагаа явуулдаг ЖД (дарга Я.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б),

Хариуцагч: Б аймаг, Ц сум, 9 дүгээр баг, Х-өд үйл ажиллагаа явуулдаг “АТ” хоршоо (захирал Д.Е),

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийтдээ 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ЖД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хамтран зээлдэгч Х.З,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,

(Хариуцагч “АТ” хоршооны захирал Д.Ед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын чуулган давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЖД нь хариуцагч “АТ” хоршоонд холбогдуулан  2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийтдээ 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар ЖСгийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг ЖДт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт “... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.” гэж зохицуулсан байдаг.

1.2.Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч "Ат” хоршоог төлөөлөн гүйцэтгэх захирал С ургийн овогт Д.Е, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж ургийн овогт Х.З нар нь “ЖС” (Цаашид “Сан" гэх)-аас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот зээл болон 88/2018/Б-29 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Мал нядалгааны газар байгуулах” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1.3.Ш ургийн овогт Х.М өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0213006634, 000450675 гэрчилгээний дугаартай 8312016569 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газар,

1.4.ЖБ ургийн овогт Х.З, Т ургийн овогт Х.М нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ”, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213005823, 000514494 гэрчилгээний дугаар бүхий амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгө,

1.5.Ш ургийн овогт Х.М, Ж ургийн овогт Х.Г нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213007783, 000457550 гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгө,

1.6.ЖБ ургийн овогт Х.З-ийн эзэмших эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 0199061 гэрчилгээний дугаартай 031302726 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрыг тус тус барьцаалуулсан.

1.7.Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу дэлхий нийтийг хамаарсан “Ковид-19” өвчний нөхцөл байдалтай холбоотой Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, журмууд гарсан. 2020 оны 373 дугаартай тушаалаар Хөдөө аж ахуйн яамнаас чиглэл өгсний дагуу аж ахуйн нэгж байгууллагуудаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд зээлдэгчийн эргэн төлөлтийн хуваарийг 6 сарын хугацаагаар хойшлуулна гэж заасан. Харин “АТ” хоршоо нь зээл авсан цагаас хойш зөрчил үүсгэсэн ба зээл хойшлуулж өгөх тухай хүсэлт ирүүлээгүй тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөөгүй болно.

1.8.Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 88/2018/3-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 126,859,926.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 922,491.13 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 52,109,060.03 төгрөг, нотариатын зардал 32,500.00 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргаж байна.

2.Хариуцагч “АТ” хоршооны захирал Д.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1.“АТ” хоршоо нь 2018 онд хамтран ЖДт мал нядалгааны газар, махны зоорь \хөлдөөгч\ байгуулах төсөл бичсэн. Улмаар уг төсөл дэмжигдэж 200,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн. “АТ” хоршоо төслийн зээлийг зорилтын дагуу хэрэгжүүлж махны зоорь, энгийн нядалгааны газар байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ба 244 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0212000635-д бүртгүүлж гэрчилгээ авсан.

2.2.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам зөвхөн зээлийн хүүг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам үндсэн зээл, хүүгийн төлбөрт 4,426,900 төгрөг төлөх ёстой. Зээл авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,300,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, бүгд 86,130,000 төгрөг төлсөн.

2.3.2019 онд үүссэн  “КОВИД-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй ба энэ тухай холбогдох байгууллагад утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй болно.

2.4.Харин нэхэмжлэгч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2.9-д “Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр 1/нэг/ удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч ЖСгаас бичгээр зөвшөөрөл авна...” гэж тодорхой зааж өгсөн.

2.5.Иймд гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч талд тавьж байна гэв.

3.Хамтран үүрэг гүйцэтгэгч Х.З нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

3.1.Миний бие Ц сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “АТ” хоршооны гишүүн бөгөөд уг хоршооны гишүүд 2018 онд хамтран ЖДт мал нядалгааны газар, махны зоорь \хөлдөөгч\ байгуулах төсөл бичсэн. Улмаар уг төсөл дэмжигдэж 200,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн. Тухайн зээлийг авахад миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан. Төслийн зээлийн барьцаанд хоршооны гишүүн Х.З, Х.М нарын Б сумын 3 дугаар багт байрлах амины орон сууцыг барьцаанд тавьсан нь үнэн.

3.2.“АТ” хоршоо төслийн зээлийг зорилтын дагуу хэрэгжүүлж махны зоорь,  энгийн нядалгааны газар байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ба 244 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0212000635-д бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.

3.3.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам зөвхөн зээлийн хүүг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам үндсэн зээл, хүүгийн төлбөрт 4,426,900 төгрөг төлөх ёстой. Зээл авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,300,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, бүгд 86,130,000 төгрөг төлсөн.

3.4.2019 онд үүссэн “КОВИД-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй ба энэ тухай холбогдох байгууллагад утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй болно.

3.5.Харин нэхэмжлэгч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2.9-д “Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр 1/нэг/ удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч ЖСгаас бичгээр зөвшөөрөл авна...” гэж тодорхой зааж өгсөн.

3.6.Иймд гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч талд тавьж байна гэв.

3.Нэхэмжлэгч ЖГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 дугаартай тушаал, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгосон 000205796 дугаартай тус газрын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, ЖД-ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1498 тоот албан бичгээр Д.Бд тус газрыг шүүх төлөөлөх эрх олгосон “Итгэмжлэл”,  нэхэмжлэгч ЖД болон хариуцагч “АТ” хоршоо, Х.З нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээ, нэхэмжлэгч ЖД болон хариуцагч “АТ” хоршоо, Х.З нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ”, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа”, зээл хүсэгчийн өргөдөл, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон хариуцагч “АТ” хоршооны 0000390006 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, тус хошооны дүрэм, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “АТ” хоршооны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга”, “Зээлийн хөшүүргийн тооцоо”, Х.М-ы өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” хаягт байрлах 8312016569 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газрын улсын бүртгэлийн Г-0213006634, 000450675 дугаартай гэрчилгээ болон “Итгэмжлэл”, Х.З, Х.М нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ”, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0213005823, 000514494 дугаартай гэрчилгээ болон “Итгэмжлэл”, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0213007783, 000457550 дугаартай гэрчилгээ болон итгэмжлэл, Х.Зийн эзэмших эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах 031302726 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрын улсын бүртгэлийн 0199061 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг болон итгэмжлэл, ЖГ-аас “АТ” хоршоонд шаардлага хүргүүлсэн тухайн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1/274 тоот албан бичиг болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/856 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг,

4.Хариуцагч нараас Д.Ед Б аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 610 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад зориулалтаар олгосон 000156141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Д.Еы Б аймгийн Ц сумын 9 дүгээр баг, Х- тариалан 1 гудамж, 102 тоотод байршилтай 244 м.кв талбайтай үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 000876272 “Үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, “АТ” хоршооны 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/02, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/01, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/02 дугаартай албан бичгүүд, Мах боловсруулах үйлдвэрийн гэрэл зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч ЖД шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ... Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа тул шүүхэд хандсан.

3.Хариуцагч “АТ” хоршооны захирал Д.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 2019 онд үүссэн “КОВИД-19” цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй болно. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй байгаа тул зээлийн гэрээний зохих зохицуулалтын хүрээнд талууд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналтай байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Хариуцагч (зээлдэгч) “Ат” хоршооны захирал Д.Е нь “ЖС”-гаас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот зээл болон 88/2018/Б-29 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Мал нядалгааны газар байгуулах” төслийн зориулалтаар зээлээр авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”.

4.2.Хариуцагч “Ат” хоршооны захирал Д.Е нь “ЖС”-тай 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар хууль өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн зүйл заалттай нийцэж байна.

4.3.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу ЖГ-аас зээлийг хүүтэй олгосон талуудын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот “Зээлийн гэрээ”-ний 1.3-д зааснаар зээлийн хүү нь жилийн 3 (гурван) хувь байна.

4.4.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алданги гэж хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг ойлгохоор заасан ба талуудын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан  88/2018/3-29 тоот “Зээлийн гэрээ”-ний 1.5-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцохоор заасан байна.

4.5.ЖГ-аас “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 189,241,578 төгрөг үүнээс хуваарийн дагуу төлөх ёстой үндсэн зээл 65,524,408 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 4,078,610 төгрөг, тооцогдсон алданги 4,326,714 төгрөг буюу нийт 73.929,732 төлөгдөөгүй байх тул Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А-373 дугаар тушаалын хүрээнд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хойшлуулах шийдвэрт хамрагдаагүй болно. Иймд зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 69,636,083 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,393,835 төгрөг, алдангид 4,326,714 төгрөг буюу нийт 78,356,632 төгрөгийг хуанлийн 10 хоногийн дотор төлж барагдуулахыг шаардаж байна. Дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, алданги /нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн зөрчлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс хангуулах, Улсын төсвийн хөрөнгөөс олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар хууль, хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авах болсныг үүгээр мэдэгдэж байна. Шаардлагад дурдсан зээлийн төлбөрийн зөрчлөө бүрэн арилгаж, хүсэлтийг дахин ирүүлснээр ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-373 дугаар тушаалд хамруулах эсэхийг дахин шийдвэрлэнэ” гэсэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1/274 тоот албан бичгийг;

мөн “...Танай байгууллага 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 165,016,330.16 төгрөг үүнээс хуваарийн дагуу төлөх ёстой үндсэн зээл 82,943,754.90 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 928,262.90 төгрөг, алдангид 14,006,638.59 төгрөг буюу нийт 97,878,656.39 төгрөгийг хуанлийн 20 хоногийн дотор төлж барагдуулахыг шаардаж байна. Дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрийн зөрчлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад.хөрөнгөөс хангуулах, Улсын төсвийн хөрөнгөөс олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах зэрэг арга хэмжээг авах болсныг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/856 дугаартай албан бичгийг тус тус “АТ” хоршоонд хүргүүлсэн байна.  

4.6.Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу авсан зээлээ хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг үгүйсгээгүй ба зээлийн хугацаа хэтрүүлсэн шалтгааныг “...2019 онд үүссэн “КОВИД-19” цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй болно...” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч “АТ” хоршооноос “... “КОВИД-19” цар тахлын улмаас манай байгууллагын үйл ажиллагаа гүр зогссон байдалтай байгаа ба 2022 он гараад борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тул энэхүү байдлыг харгалзан үзэж зээл, хүүгийн төлбөр барагдуулах хугацааг 2022 оны 4 дүгээр сар хүртэл сунгаж өгнө үү” гэсэн 1/02 тоот албан бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр,

мөн “...танай байгууллагаас зээлийг зориулалтын дагуу зарцуулж, Б аймгийн Ц сумын төвд мал нядалгааны газар барьж байгуулсан. Бид 360,000.000 төгрөгийн төсөл зохиож зээл хүссэн боловч бүрэн авч чадаагүй ба үлдсэн хөрөнгийг банк, ББСБ-аас зээл авч нядалгааны газраа бүрэн барьж дуусгасан. 2019 оны намраас мал, мах бэлтгэж хэвийн ажиллаж эхэлсэн боловч “КОВИД-19” цар тахал өвчний улмаас хоёр жил дараалан үргэлжилсэн хөл хоригийн үед хоршооны үйл ажиллагаа зогссон тул бид зээл ба хүүг графикт хугацаанд төлж чадаагүй юм. Манай хоршооны энэхүү аргагүй байдлыг харгалзан үзэж алданги хүү болох 52,000,000 төгрөгөөс чөлөөлж,үндсэн зээл ба хүүг анх байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хугацааны хуваарийн дагуу сунган өгч манай хоршооны уйл ажиллагаанд гун туслалцаа үзүүлнэ үү” гэсэн агуулгатай албан бичгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч ЖДт хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “...хариуцагч “АТ” хоршоо нь зээл авсан цагаас хойш зөрчил үүсгэсэн, хэтрүүлсэн зээлийн дүн өндөр гарсан, зээл хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр хариуцагч “АТ” хоршооны саналыг хүлээж аваагүй байна.

4.7.Хариуцагчаас алданги 52,000,000 төгрөгийг эс зөвшөөрч алдангийн хэмжээг багасгах, чөлөөлөх талаар маргасан ба “АТ” хоршооны захирал Д.Ед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

4.8.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг шүүх багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.9.Талуудын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/3-29 тоот “Зээлийн гэрээ”-ний 3.1.2-д зааснаар зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас байгууллагад учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч ЖДт байна.

5.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч ЖД болон хариуцагч “АТ” хоршооны хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “АТ” хоршоо (захирал Д.Е)-ноос зээлийн төлбөрт 179,891,477.74 (нэг зуун далан есөн сая найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 (гучин хоёр мянга таван зуун) төгрөг, нийтдээ 179,923,977.74 (нэг зуун далан есөн сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан гаргуулах нь зүйтэй байна.

6.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заагаагүй ба ЖСгаас зээл олгохдоо 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээний 1.4-д зааснаар зээлийг “АТ” хоршооны 5192183995 тоот дансанд шилжүүлсэн, тус хоршоо нь зээлийн зориулалт, гэрээний гүйцэтгэлийг хангасан байдал зэргийг үндэслэн зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

7.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тодорхойлсон болно.

Иймд хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд тавьсан Х.М-ы өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0213006634, 000450675 гэрчилгээний дугаартай 8312016569 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газар, Х.З, Х.М нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ”, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213005823, 000514494 гэрчилгээний дугаар бүхий амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213007783, 000457550 гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.Зийн эзэмших эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 0199061 гэрчилгээний дугаартай 031302726 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

8.Хариуцагч “АТ” хоршоо нь зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд төлөх үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын хөлсөнд нийтдээ 32500 төгрөг төлсөн гэдэгт хариуцагч “АТ” хоршооны захирал Д.Е маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар энэхүү 32500 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзээд хариуцагч “АТ” хоршооноос гаргуулах нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “АТ” хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 1057570 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЖД болон хариуцагч “АТ” хоршоны хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “АТ” хоршоо (захирал Д.Е)-ноос зээлийн төлбөрт 179,891,477.74 (нэг зуун далан есөн сая найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 (гучин хоёр мянга таван зуун) төгрөг, нийтдээ 179,923,977.74 (нэг зуун далан есөн сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖДт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “АТ” хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 1057570 (нэг сая тавин долоон мянга таван  зуун далан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “АТ” хоршоо (захирал Д.Е) нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Х.М-ы өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0213006634, 000450675 гэрчилгээний дугаартай 8312016569 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газар, Х.З, Х.М нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ”, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213005823, 000514494 гэрчилгээний дугаар бүхий амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар баг, “БУ” А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0213007783, 000457550 гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.Зийн эзэмших эрхийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 0199061 гэрчилгээний дугаартай 031302726 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК