Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2023/00255

 

 

 

 

 

                        2023       03         15

                151/ШШ2023/00255

       

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн ... сумын Үдлэг, ... дүгээр баг ... тоотод оршин суух ... Ц.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн ... сумын .. дүгээр баг, Үдлэг ... тоотод оршин суух ... Д.Бт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Сувдмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баатар-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Гэрэлтцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э нь Д.Бт холбогдуулан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2009 оны 7 дугаар сарын 27-ны 163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч, 7-8 жилийн өмнөөс хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэрэг бусад зүйлээр байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Багийн дарга, азрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. 7-8 жилийн хугацаанд манай газар дээр 2-3 нойл барьлаа. Иймд газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

1.1.Нэхэмжлэгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 оны 7 дугаар сарын 27-ны А/163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр 654 м.кв газар давхардалтай байна гэсэн. Энэ газар дээр хүлэмж, нойл барьсан. Эднийг зөөгөөд өөр газар барих боломжтой. Тиймээс давхардсан хэсгийг Д.Баас чөлөөлүүлж өгнө үү. Миний бие Ц.Э нь 2009 оны 7 дугаар сарын 27-ны 163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч, 7-8 жилийн өмнөөс хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэрэг бусад зүйлээр байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Багийн дарга, азрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. 7-8 жилийн хугацаанд манай газар дээр 2-3 нойл барилаа. Иймд газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар газрын кадастртай гэж хэлээд байна. Газрын кадастр, гэрчилгээ хоёр зөрүүтэй байна. Гэрчилгээ олгохдоо 0.4 м.кв олгосон харин 0.7 м.кв газрыг хууль бусаар авсан тодорхой болж байна. Кадастр давхацсан гэж  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ хэлээд байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёул 0.4 м.кв газар эзэмшсэн байдаг. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг 0.7 м.кв газар илүү эзэмшсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дээр хариуцагч тал хүлэмжээ 2021 онд барьсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн. 650 м.кв хүлэмж барьчихаар нэхэмжлэгч эрх нь зөрчигдлөө гээд шүүхэд хандсан. Энэ хүний эрх зөрчигдөөд байгаа, кадастр хийхэд энэ хүний газар мөн гэсэн дүгнэлт гарсан байгаа. 654 м.кв руу орж хашаа барьсан нь буруу байна гэдгийг нотлоод, тэр газрыг чөлөөлүүлэх гэж байгаа болохоос илүү газар авах гэсэн зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн эрх зөрчигдсөн учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж шүүхэд хандсан байгаа. 2020, 2021 онд корона вирус гараад боломжгүй болоод 2022 онд шүүхэд хандсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. 4000 м.кв газар баталгаатай байгаа үлдсэн 7000 м.кв газраа хүүхдүүддээ хувааж өгөөд захирамж гаргуулах гэж байгаад чадаагүй гэсэн ийм зүйлийг яриад байгаа. Энэ үйл ажиллагаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж харж байна” гэв.

3. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, 2-12 тоотод амьдардаг. Цэцэгсайханы Ц.Эд газраа эргүүлэн авах тухай нэхэмжлэл өгсөн боловч татгалзах хариутай буцаасан тул хариу тайлбар хийсэн. Иргэн Д.Б миний бие 1995 онд өмч хувьчлалаар компани аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байгаа. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан болохоор 4000 м.кв гэж хэмжилтэд орсон. Түүнээс хойш 2008 оны 4 сард кадастрын зурганд орж байхад манайх зургаа авхуулсан гэж Ц.Э гэдэг нөхөр өөрөө өмчлөлийн хашаатай байж хаа хамаагүй зам байсан сул газар дээр зураг авхуулж мэдээллийн санд суулгуулсан. Ингэхдээ эзгүй хойгуур, хулгайгаар манай газар луу орж давхардуулан даруулсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нутгийн хүмүүс байна, учраа олчих байх гэж найдаад өдийг хүрсэн. Сум, багийн Засаг дарга, газрын даамалд шийдвэрлүүлэх гэж удаа дараа очиж байсан боловч шийдэхгүй өдийг хүрч сүүлд нь бид биш харин Ц.Э нь ээжтэйгээ ирж 2 удаа ална гэж заналхын, хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байдаг болсон. Ц.Э нь тус газрыг эзэмшдэггүй, газрын 2/3-ыг зарж борлуулсан. Манай хашаа руу орсон. 300 м.кв газрыг худалдсан, газрын үндсэн хэсэгтэй нэмж ахин борлуулах гээд байгаа тул бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ц.Э нь олон газар хууль бус газар аван зарж, хэл ам хийж явдаг, төгсөрсөн газрын наймаачин хүн. Манайх 7 хүүхэдтэй учир өмчлөлийн гэрчилгээнд заагдсан хүүхдүүдээ салгаж авч чадахгүй Ц.Эд газрын багахан хэсгийг алдахад хүрсэн. Манайх тухайн газар дээр нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болно. Ц.Эгийн зурганд харагдаж байгаа манай 4000 м.кв-аас үлдсэн хоосон байгаа хэсгийг газрын асуудлаа шийдэж байгаад хүүхдүүддээ авч өг гэж газрын даамал, дарга нар хэлсний үндсэн дээр тэр хэсгийг өмчлөл болгож амжихгүй байна. Иймд миний энэ байдал, гомдлын дагуу шийдэж өгөхийг хүсэж хариу тайлбар гаргав” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьд 2009 онд кадастр хийлгээд тэмдэглүүлсэн газрыг Ц.Э тэр газар луу орж кадастр хийлгэсэн. Энэ хүн мэдээд 2018 онд нэхэмжлэлээ гаргахад шүүх Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 60.1.2-т зааснаар татгалзсан байдаг. Татгалзсан шийдвэрийг 10 хонийг дотор гардуулаад гомдол гаргаад явах ёстой байсан. Гэтэл гардуулж өгөлгүй харин Ц.Э нэхэмжлэл гаргахад татгалзсан шүүхийн шийдвэрийг гардуулсан байгаа. Ө.Гэрэлтцэцэгийн хувьд эрх зүйн байдал нь өөрчлөлтэй болсон. Шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хүн хохирсон.  Хоёрдугаарт 2009 онд өмчлөлийн гэрчилгээ гарсан ч захирамж хэзээ гарсан гэдэг нь асуудалтай байгаа. Хэрэгт байхгүй байгаа, Сумын захиргаа өгөх ёстой гэтэл захирамж нь байхгүй. Тухайн хэрэг нь Иргэнийн хэрэг үү, Захиргааны хэрэг үү гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. 2009 онд өмчлөлийн гэрчилгээгээ авсан бол хөөн хэлэлцэх хугацаагаа барих ёстой. 2009 онд эрх нь зөрчигдсөн бол 2019 онд хугацаа нь дууссан байгаа. Энэ хугацаанд яагаад гомдлоо яагаад гаргаагүй вэ, гаргасан бол тэр баримт нь байгаа талаар асуумаар байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн талууд эвлэрэн хэлэлцэх саналтай байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Эгийн ярьж байгаа зүйлийг эрс эсэргүүцэж байна. Миний бие 1995 онд өмч хувьчлалаар компани аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байгаа. 2002 онд хашаагаа тэлсэн, бага насны хүүхэдтэй учир хүлэмжээ урд талд нь барьсан .Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан болохоор 400 м.кв гэж хэмжилтэд орсон. Түүнээс хойш 2008 оны 4 сард кадастрын зурганд орж байхад манайх зургаа авхуулсан гэж Ц.Э өөрөө өмчлөлийн хашаатай байж хаа хамаагүй зам байсан сул газар дээр зураг авхуулж мэдээллийн санд суулгуулсан. Манайх яагаад тэр газрын гэрчилгээг авч чадаагүй байсан бэ гэхээр тухайн үед гэрчилгээ дээр гэр бүлийн бүх гишүүдийг бичдэг байсан. Манайх олон хүүхэдтэй, хүүхдүүдээ салгаж амжаагүй байхад Ц.Э нь хулгай хийж даруулсан газар дээрээ бичиг баримт гаргуулсан. Тэнд 54 ширхэг байгаагүй, би тоолоход 34 шон байсан. Манайх урд талдаа байсан 16 ширхэг жимсний модоо устгаж байж хаалгаа урд талдаа гаргасан. Үндэслэл нь юу вэ гэхээр 2002 онд хашаагаа сунгаад хүлэмж барьсан байхад 2008 онд кадастрын зураг авхуулахад манай хүлэмжийн хэсэг газар Ц.Эгийн газар орчихсон байгаа. Тэр бол кадастрын зураг авсан газрын алдаа байсан. Ц.Э нь тус газрыг ашигладаггүй, газрын 2/3-ыг зарж борлуулсан. Манай хашаа руу орсон. 300 м.кв газрыг худалдсан, газрын үндсэн хэсэгтэй нэмж ахин борлуулах гээд байгаа тул бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. дарга, газрын даамалд шийдвэрлүүлэх гэж удаа дараа очиж байсан боловч шийдэхгүй өдийг хүрч сүүлд нь бид биш харин Ц.Э нь ээжтэйгээ ирж 2 удаа ална гэж заналхийлнэ, хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байдаг болсон. Намайг анх нэхэмжлэл өгөхөд хүлээж аваагүй, харин Ц.Э нэхэмжлэл гаргахад намайг хариуцагчаар тогтоосон. Манайх тухайн газар дээр нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болно. Манай газар гэдгийг нотолж өгнө үү. Албадан чөлөөлүүлэх болсон ч  газраа өгөхгүй” гэв.

6. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг даргын тодорхойлолт (хх-5), Төв аймгийн Батсүмбэр сумын нэгж талбарын .... дугаартай газрын кадастрын зураг (хх-6), Цэцэгсайханы Ц.Эгийн ..... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-7), Төв аймгийн Батсүмбэр сумын нэгж талбарын ... дүгээр газрын зураг (хх-8),  Ц.Эгийн төлбөр төлсөн баримт (хх-47) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар (хх-17-19), Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №09/22 дугаар албан бичиг (хх-21), гэрэл зураг (хх-22), иргэн Дашням овогтой Д.Б (НБ....)-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хх-23), Дашнямын Д.Бын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000033116 дугаар гэрчилгээний хуулбар (хх-24), гэрэл зураг (хх-57-60) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Шүүхээс Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №07/652 дугаар албан бичиг (хх-37), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №07/751 дүгээр албан бичиг (хх-38), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэх (хх-39), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт (хх-40), хэмжилт хийсэн нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийн ажил (хх-41-43), хэмжилт хийсэн тэмдэглэл (хх-44), шинжээчийн зардал тооцох маягт (хх-46) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ц.Эгийн нэхэмжлэлтэй, Д.Б холбогдох иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Би 2009 оны 7 дугаар сарын 27-ны 163 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 654 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэргийг барьж эхлэхээр нь хашаагаа өөрийн өмчлөлөөр татах тухай хэлэхэд хэл амаар байнга доромжилж байна. Улмаар багийн дарга, газрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. 2020 онд манай газар дээр хүлэмж барьсан түүнээс хойш бидний маргаан улам хурцадмал болсон. Иймд хуулийн дагуу миний өмчилж авсан 4000 м.кв газрын 654 м.кв газар хашаалсан хэсгийг албадан чөлөөлж өгнө үү” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, Ө.Гэрэлтцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Өмч хувьчлалаар 1995 онд компаний аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг болохоор 4000 м.кв гэж хэмжилтэнд орсон. Ц.Э нь тус газрыг ашигладаггүй газраа тасдаж хүмүүст зарж борлуулдаг. Мөн манайх 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №000033116 дугаартай газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 4000 м.кв 180402007 нэгж талбарын дугаартай газрыг албан ёсоор өмчилж авсан. Тус гэрчилгээгээр тухайн үедээ гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь оруулж гэрчилгээ гаргуулсанаас болж салгаж газраа өөрийн болгож амжаагүй байна. Мөн 2020 оноос хойш энэхүү газарт ногоо тарж, хүлэмж угсарч босгосон энэхүү хүлэмж болон ногоо тарж манайх ахуй амьдралаа залгуулдаг амжиргааны гол эх үүсвэр юм иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж...” маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг даргын тодорхойлолт (хх-5), Төв аймгийн Батсүмбэр сумын нэгж талбарын 4112040161 дугаартай газрын кадастрын зураг (хх-6), Цэцэгсайханы Ц.Эгийн №000087483 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-7), Төв аймгийн Батсүмбэр сумын нэгж талбарын 4112040161 дүгээр газрын зураг (хх-8),  Ц.Эгийн төлбөр төлсөн баримт (хх-47), 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар (хх-17-19), Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №09/22 дугаар албан бичиг (хх-21), гэрэл зураг (хх-22), иргэн Дашням овогтой Д.Б (НБ6208201)-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хх-23), Дашнямын Д.Бын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000033116 дугаар гэрчилгээний хуулбар (хх-24), гэрэл зураг (хх-57-60), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №07/652 дугаар албан бичиг (хх-37), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №07/751 дүгээр албан бичиг (хх-38), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэх (хх-39), Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт (хх-40), хэмжилт хийсэн нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийн ажил (хх-41-43), хэмжилт хийсэн тэмдэглэл (хх-44), шинжээчийн зардал тооцох маягт (хх-46) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Талууд маргаж буй Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоотод хаягт байршилтай /..../ нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Э мөн болох нь 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас олгосон эрхийн улсын бүртгэлийн Г-1403000920 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалаас хэвлэсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тухайн газрын өмчлөгч нь Ц.Э болох нь нотлогдон тогтоогдож байна.

7. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү маргаан бүхий газарт хариуцагч Д.Б болон нэр бүхий гэр бүлийн гишүүд нийлээд 10 хүний өмчлөлөөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэг хаягт байршилтай 180402007 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн Г-1403001710 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

8. Тухайн газрыг анх 2002 онд авахдаа хашаалсан бөгөөд нийт 11,000 м.кв газрыг манайд олгох байсан гэвч дээрхи гэрчилгээнд гэр бүлийн гишүүд бүгд бичигдсэн тул тус тусдаа авах боломжгүй байсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07/751 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Нэхэмжлэгч Ц.Эгийн өмчлөлийн газарт, хариуцагч Д.Б 654 м.кв оруулан хашаа барьсан байна. Ц.Эгийн өмчлөлийн газартай Д.Бын эзэмшлийн хүлэмж, 00 зэргийг байршил талбайн хэмжээг харуулав. Тухайн маргаж буй газрыг Батсүмбэр сумын Засаг даргын 2009 оны А/163 дугаар захирамжаар Ц.Эд өмчлүүлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна. (хх-38-40)

9. Мөн хариуцагч Д.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоотод хаягт байршилтай газрыг 2012 онд Ц.Эд олгосон болохыг мэдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ хугацаанаас хойш тухайн газрыг өөрийн эзэмшил, ашиглалтанд авах талаар холбогдох төрийн эрх бүхий байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй хэрэгт энэ талаархи нотлох баримт байхгүй тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох цуглуулах шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.

10. Өөрийн шаардлага, татгалзал тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болох талаар батлахыг хэлнэ.

11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” мөн хуулийн 27.4-т заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг хариуцагч Д.Б тус тус зөрчсөн байна.

12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргасан.

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заажээ.

14. Талуудын тайлбараар тухайн газартай холбоотой маргаан 2017 оноос нэхэмжлэгч хашаандаа ногоо тарихаар Д.Бт хашаагаа буулга гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тухайн сумын багийн даргатай 2-3 удаа жил бүр очиж Д.Б болон түүний гэр бүлийн хүн болох Ө.Гэрэлтцэцэг нартай уулздаг тэгээд үр дүнгүй хэрүүл маргаан болоод тардаг улмаар 2020 онд хашаанд хүлэмж барихаар нь шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлтцэцэг үгүйсгэж мэтгэлцээгүй бөгөөд багийн даргатай уулзсан газрыг чөлөөлж өгөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд тус тус гаргасан.

15. Үүнээс дүгнэвэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэсэн хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Ц.Эг 2017 оноос хойш тоолвол нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэлээ.     

16. Хэргийн зүйлчлэлийн тухайд:

16.1. Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэгийн 2 дугаар гудамж, 06 тоотод хаягт байршилтай 4000 м.кв талбай бүхий газарт талууд маргаж тус газрыг Ц.Эд 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бөгөөд түүний хөрш гэх Д.Бт Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэг хаягт байршилтай 180402007 нэгж талбарын дугаартай, 4000 м.кв эрхийн улсын бүртгэлийн Г-1403001710 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус олгожээ.

16.2. Дээрх улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь нэгж талбар болон газрын кадастарын зураг болон газрын байршлууд хоорондоо давхцахгүй өөр хоорондоо зайтай байгаа тул Ц.Эгийн хөрш нь Д.Б гэж дүгнэн Иргэний хуулийн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй байна. 

16.3. Учир нь хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07/751 тоотоор ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар талуудын өмчлөх эрхтэй газрыг таних тэмдэгийг өнгөөр тодорхойлсон бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Э болон Д.Б нар нь хөрш биш болох нь нотлогдон тогтоогдож байна. (хх-н 42-р хуудас)

16.4. Хуулийн зохицуулалт болон үзэл баримтлалаас үзвэл хөрш залгаа газрын өмчлөгч нь нөлөөлөл бий болгож байгаа хөршийн барилга байгууламжийг буулган зайлуулахыг шаардах эрхтэйгээс гадна баригдахаар төлөвлөгдсөн буюу баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоохыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн барилга, байгууламжийг барьж эхлэх үе, бүрэн баригдаж дуусаагүй байхад урьтаж эрх бүхий байгууллагад хандаж болохоор хуульд зохицуулжээ.

16.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Ц.Эгийн өмчлөлийн нийт 4000 м.кв газраас 654 м.кв газрыг оруулан барьж, хашаанд дотор хүлэмж, нойл барьж ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

17. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь шаардах эрхтэй байна.

18. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Төв аймгийн ... сумын ... дүгээр баг, ... 2 дугаар гудамж, ... тоот хаягт байршилтай .... нэгж талбарын дугаартай 4000 м.кв газарт байрлах газраас 654 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Д.Бт даалгаж шийдвэрлэв.

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн Төв аймаг, .. сум, ... дүгээр баг, .... 2 дугаар гудамж, .... тоот хаягт байрлах .... тоот нэгж талбарын дугаартай 4,000 м.кв газарт байрлах 654 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Б.Д.Бт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ

 

151