Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/03585

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                      2022        12        08

                     182/ШШ2022/03585

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В.Э

 

Нэхэмжлэгч: Н.Б

 

Хариуцагч: “ВЭТФ” ГХОХХК

 

Хариуцагч: Р.Ба

 

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ба од даалгаж, хариуцагч “ВЭТФ” ХХК-аас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч В.Э,

Нэхэмжлэгч Н.Бийн төлөөлөгч Г.Г,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Н,

Хариуцагч “ВЭТФ” ХХК-ийн төлөөлөгч С.Э,

Хариуцагч Р.Ба ын төлөөлөгч Д.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.Э, Р.Б нар нь 2019 оны 11 дүгээр сард “ВЭТФ” ХХК-аас В.Э, Р.Б нарын эзэмшлийн 2 орон сууцаа барьцаалж нийт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй авахаар хүсэлт гаргасан. “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр шилжүүлж, дараа нь “Түрээсийн гэрээ” байгуулан зээлийн хүүгээ бодож явна” хэлсний дагуу нэхэмжлэгч нар тохиролцон зээл авахаар болсон.

Энэхүү зээлийг авахдаа иргэн Р.Б нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгө өмчлөх эрхийн 000725443 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 73,95 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, иргэн В.Э нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206016711 дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн ***  тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107,09 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн барьцаа болгон “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба ын нэр дээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Р.Ба нэр дээрээ шилжүүлж авсан. Үүний дараа В.Э, Р.Б нарт зээлийн мөнгө 220,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ВЭТФ” ХХК-ийн данснаас В.Эийн дүү М.Гийн Хаан банкны 5*** тоот дансанд 100,000,000 төгрөг, үлдсэн 120,000,000 төгрөгийг өмнө нь В.Эийн өртэй байсан ББСБ-ын данс руу шилжүүлсэн.

Зээлийн хүүг сарын 2,9 хувиар тохирсон бөгөөд “Зээлийн гэрээ” гэж огт байгуулаагүй ба “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр В.Этэй “Түрээсийн гэрээ” хийсэн. Энэ гэрээний дагуу зээлийн хүүг 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 4,618,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг зэргээр төлсөн бөгөөд одоогоор нийт 40,000,000 гаруй төгрөгийг төлөөд байна. 2020 оны 11 дүгээр сараас дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 3-аас 8 сарын хугацаатай зээлийн хүүг зогсоож болно гэсэн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч В.Э, Р.Б нар нь “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба од зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргаж уг компани нь зөвшөөрсөн гэж ойлгосон байдаг.

Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Р.Ба оос Түрээсийн төлбөрөө удаа дараа төлөөгүй тул яаралтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн. Нэхэмжлэгч В.Э, Р.Б нар нь орон сууцаа барьцаалж зээл авсан гэж ойлгож байтал тэдний орон сууцыг “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулаад зээлийн хүүгээ төлөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч нарыг орон сууцнаас нь гаргаж цааш нь худалдан борлуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч В.Э, Р.Б нар нь “ВЭТФ” ХХК-аас авсан зээл болох 220,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй ба өнөөдрийн байдлаар 40,000,000 гаруй төгрөгийг төлсөн байна.

“ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба нь нэхэмжлэгч В.Э, Р.Б нарын зээл авах гэсэн хүсэлтийг аваад “зээлийн гэрээ” байгуулах байсан боловч уг зээлийн гэрээ, хэлцлийг халхавчлах зорилгоор “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар зээлийн гэрээ байгуулаагүй мөртлөө зээлийн хүү төлүүлэхийн тулд В.Этэй “Түрээсийн гэрээ” байгуулан ноцтой төөрөгдөлд оруулсан байна. Нэхэмжлэгч В.Э, Р.Б нар нь “ВЭТФ” ХХК-аас зээл авсан гэж ойлгож зээлийн хүүг төлж байсан байна.

“ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба нэхэмжлэгч нарт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар өгсөн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй юм.

Хариуцагч “ВЭТФ” ХХК-ний менежер Т.Лхагванаран facebook хаягаар нэхэмжлэгч Н.Бийн facebook хаягт зээлийн сарын хүүгийн хэмжээ, ямар дансанд төлөх, зээл төлөлтийн хуваарийг мессэжээр явуулж, мессэжээр зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Э.Этэй хариуцагч Р.Ба 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгний зээлийн сарын 2,9 хувийн хүү болох 2,900,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 12 сарын хүү 34,800,000 төгрөгийг “ВЭТФ” ХХК-ийн дансанд төлж байхаар амаар тохиролцсоныг баталгаажуулан зээлийн хүү болон хугацааг тохиролцсон байдаг.

Улмаар нэхэмжлэгч Н.Б, В.Э нарын зээлийн хүүг “ВЭТФ” ХХК-ийн Хаан банкны 5176046889 дугаартай дансанд нэхэмжлэгч В.Эийн охин Э.Энхжин болон М.Г нар шилжүүлэн зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан ба “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор орлогогүй болж зээлийн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч В.Э, Р.Б нар “ВЭТФ” ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хариуцагч Р.Ба той байгуулан, өмчлөх эрхээ шилжүүлсэн болохоор эдгээр гэрээнүүдийг анхнаасаа буюу хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Мөн “ВЭТФ” ХХК-ийн захирал Р.Ба нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулж, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хэлцэл хийгч тал буюу нэхэмжлэгч нарт ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байснаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй байна. Өнөөдрийн байдлаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар хариуцагч Р.Ба од шилжүүлээгүй, орон сууц нэхэмжлэгч нарын эзэмшилд байна.

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Р.Ба худалдаж аваагүй, компаниасаа нэхэмжлэгч нарт зээл өгсөн, нэхэмжлэгч нар зээлийн хүүг “ВЭТФ” ХХК-ийн Хаан банкны 5***** дугаартай дансанд төлсөн байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлйн 56.1.2, 56.1.3-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Р.Ба нь нэхэмжлэгч нарт үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхээр байна.

Харин нэхэмжлэгч нар хариуцагч Р.Ба од үл хөдлөх хөрөнгүүдээ худалдахаар болж зах зээлийн ханшаар зараагүй, мөнгө аваагүй болохоор нэхэмжлэгч нар хариуцагч Р.Ба буцаах ямар нэг зүйлгүй байна.

В.Эийн орон сууц 450,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Н.Бийнх 380,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна.

Иймд “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба нь нэхэмжлэгч В.Э, Н.Б нарыг төөрөгдүүлж, зээлийн хэлцлийн халхавчлах зорилгоор хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2405 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 682 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-үүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор ноцтой төөрөгдүүлж хийсэн хэлцлүүд байх тул дээрх “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-үүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож хүчингүй болгож өгнө үү” гэж хариуцагч “ВЭТФ” ХХК, хариуцагч Р.Ба той холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасныг “Хариуцагч Р.Ба той нэхэмжлэгч В.Э байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2405 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г болон хариуцагч Р.Ба той нэхэмжлэгч Н.Б байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 682 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасныг үндэслэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Б өмчлөлд байсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 73,95 мкв талбайтай 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн, нэхэмжлэгч В.Эийн өмчлөлд байсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107,09 мкв талбайтай 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Р.Ба од даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлсэн байгаа.

“ВЭТФ” ХХК-ийг Банк бус санхүүгийн байгууллага гэж танилцуулж байсан атал тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байсан байна.

Харин Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас “ВЭТФ” ХХК нь Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 05/14 дугаартай үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулж, авто ломбардны чиглэлээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж байна гэх хариуг ирүүлсэн.“ВЭТФ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учраас нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын хооронд үүссэн Зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана. Нэхэмжлэгч В.Э, Н.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 2019 оны 12 дугаар сарын 14-нд 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4,618,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-нд 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-нд 5,721,000 төгрөг, нийт 27,978,000 төгрөг төлсөн байна.

“ВЭТФ” ХХК-аас нэхэмжлэгч нараас зээлийн хүүнд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулна. Хариуцагч “ВЭТФ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний дагуу 220,000,000 төгрөгөө ямар нэгэн хүү, алдангигүйгээр буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс зээлсэн 220,000,000 төгрөгөө буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

 

2. Хариуцагч Р.Ба шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Э, Н.Б нар нь “ВЭТФ” ХХК-аас зээл авах ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно. Р.Ба нь иргэн В.Э, Н.Б нараас орон сууц худалдан авсан. Орон сууц худалдан авахдаа зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн орон сууцыг худалдан авахдаа компаниасаа зээл авсан байдаг. В.Э, Н.Б нар нь тухайн үед хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг ойлгоогүй байх үндэслэлгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байгаа талаар болон энэхүү гэрээний үр дагаврыг нотариатч тухайн үед тайлбарлан өгч, гэрээнд тусгасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас үүсэх үр дагаврыг ойлгож байсан тул түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгийг дурдсан хэдий ч бидний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээгээр ямар хэлцлийг халхавчилсан гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

3. Хариуцагч “ВЭТФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн В.Э, Р.Бямбацогт нарын хооронд байгуулсан бүртгэлийн 2405 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэн Н.Б, Р.Ба нарын хооронд байгуулсан бүртгэлийн 682 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус гэрээгээр тооцуулж хүчингүй болгуулах” гэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан байдаг. Иргэн В.Э, Р.Ба нарын хооронд болон иргэн Н.Б, Р.Ба нарын хооронд байгуулагдсан гэрээнд “ВЭТФ” ХХК нь оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар ч хохирол учруулаагүй, В.Э, Н.Б нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болно.

 Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “....В.Э болон Н.Б нар нь 2019 оны 11 сард “ВЭТФ” ХХК-аас В.Э, Н.Б нарын эзэмшлийн 2 орон сууцаа барьцаалж нийт 220,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй авахаар хүсэлт гаргасан юм...” гэжээ. Манай компани бусдад зээл олгохдоо зээл хүсэгчээр анкет бөглүүлж түүний дансны хуулга, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, зээлийн мэдээллийн сангийн бүртгэлийн мэдээлэл, ажлын газрын тодорхойлолт /хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар/, барьцаа эд хөрөнгийг өмчлөх /эзэмших/ эрхийн гэрчилгээг хавсаргуулан авч Санхүүгийн менежер зээл олгох эсэхийг судлан үздэг. Санхүүгийн менежер зээл хүсэгчийн материалыг судлан үзэх явцад барьцаа хөрөнгийн нөхцөл байдлыг биечлэн үзэж хөрөнгийн үнэлгээг гаргаад Ерөнхий менежертэй зээл олгох эсэх асуудлаар зөвлөлдөн гаргасан шийдвэрийг Ерөнхий менежер Гүйцэтгэх захиралд танилцуулдаг.

Иргэн В.Э болон Н.Б нар нь 2019 оны 11-ээс 12 саруудад манай компаниас зээл авахаар хүсэлт гаргаж, зээл хүсэгчийн материал судлуулж байгаагүй болно. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “ВЭТФ” ХХК-ийн данснаас В.Эийн дүү М.Г Хаан банкан дахь 5******** тоот дансанд 100,000,000 төгрөг, үлдсэн 120,000,000 төгрөгийг өмнө нь өртэй байсан ББСБ-ын данс руу шилжүүлсэн гэжээ. “ВЭТФ” ХХК нь нэхэмжлэлд дурдсан М.Г гэх нэр бүхий 5011080214 тоот данс руу шилжүүлэг хийгээгүй болно.

Нэхэмжлэгч зээлийн гэрээ, хэлцлийг халхавчлах зорилгоор “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар зээлийн хүү төлүүлэхийн тулд В.Этэй “Түрээсийн гэрээ” байгуулан ноцтой төөрөгдөлд оруулсан байна” гэжээ. Манай компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иргэн В.Э, Н.Б нартай ямар нэг гэрээ байгуулж, байгаагүй болно. Өөрөөр хэлбэл халхавчлагдсан гэрээ байхгүй болно. Иймд “ВЭТФ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ наториатаар баталгаажуулсан хуулбар хувь, орон сууц түрээсийн гэрээ, М.Г ийн хаан банкны дансны хуулга, орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагчаас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, зээлийн үйл ажиллагааны журам, Р.Ба ын зээлийн гэрээ, шүүхээс бүрдүүлсэн Э.Э, “ВЭТФ” ХХК, М.Г нарын дансны хуулга, гэрч Т.Лхагванаран, М.Г нарын мэдүүлэг, фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч В.Э, Н.Б нар нь Р.Ба , “ВЭТФ” ХХК-д холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн В.Э, Р.Ба нарын хооронд байгуулсан бүртгэлийн 2405 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон “Түрээсийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэн Н.Б, Р.Ба нарын хооронд байгуулсан бүртгэлийн 682 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ба од даалгах, хариуцагч “ВЭТФ” ХХК-иас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулах  тухай нэхэмжлэл гаргажээ.

           

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагч “ВЭТФ” ХХК-иас орон сууцуудаа барьцаа болгон мөнгө зээлдсэн боловч захирал Р.Ба нь орон сууцуудыг өөрийн өмчлөлд шилжүүлж байж зээлийг олгосон, улмаар орон сууцыг буцаан түрээслэх гэрээ байгуулж, зээлийн хүүг төлүүлж байсан, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцлүүд тул хүчин төгөлдөр бусад тооцуулна, 220,000,000 төгрөгөө буцаан төлөхөд бэлэн, “ВЭТФ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учраас зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж үндэслэжээ.

 

  1. Хариуцагч Р.Ба нь иргэн В.Э, Н.Б нараас орон сууц

худалдан авсан, орон сууц худалдан авахдаа зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр, “ВЭТФ” ХХК нь иргэн В.Э, Н.Б нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд компанийн зүгээс В.Э, Н.Б нартай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.Хэргийн нөхцөл байдлын тухайд, иргэн Н.Б нь өөрийн өмчлөлийн Ү-2206044139 улсын бүртгэлийн дугаартай, 000725443 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Нийслэлийн *** тоот, 73,95 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, иргэн В.Э нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн ***  тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Нийслэлийн *** 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба ын нэр дээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шилжүүлж, мөн өдрөө Р.Ба нэр дээрээ орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, В.Э, Н.Б нарт орон сууцны үнэ гэх 220,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ВЭТФ” ХХК-иас В.Эийн хамаарал бүхий этгээд М.Г ийн Хаан банкны 5111080214 тоот дансанд 100,000,000 төгрөг, үлдсэн 120,000,000 төгрөгийг өмнө нь Н.Бийн өртэй байсан Болдган ББСБ-ын данс руу өрийг хааж, үлдсэн 37,680,000 төгрөгийг Н.Бид шилжүүлсэн байна. Мөн “ВЭТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ба 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр В.Этэй түүний орон сууцыг өөрт нь түрээслэх “Түрээсийн гэрээ” хийж, энэ гэрээний дагуу  байдлаар В.Э 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,450,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 4,618,000 төгрөг, 5,721,000 төгрөгөөр 2 удаа, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,189,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 27,978,000 төгрөгийг “ВЭТФ” ХХК-д зээлийн хүүд гэж төлсөн байна.

 

4.Шүүх хэргийн баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч нар хариуцагч “ВЭТФ” ХХК-иас 220,000,000 төгрөгийн зээл авч, өөрсдийн орон сууцуудыг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх барьцаа болгожээ гэж дүгнэв.

Шүүхийн үзлэг хийсэн В.Э, “ВЭТФ” ХХК-ийн зээлийн эдийн засагч Т.Л нарын харилцсан фейсбүүк чатад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг явуулж байсан, зээлийн хугацааг сунгах бол хүсэлтээ ирүүл гэж мэдэгдэж байсан, мөн мөнгө шилжүүлсэн, төлсөн баримтуудад зээл гэж тэмдэглэгдсэн, тухайлбал, В.Эийн 100,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ ВЭТФпроперти сервис ХХК-ийн данснаас “Финансаас зээл” гэж шилжүүлж байжээ. Гэрч М.Г ийн “Э ах орон сууцаа барьцаалж зээл авсан мөнгө нь миний данс руу 100,000,000 төгрөг шилжиж орсон, зээлийн хүүний мөнгө 3,450,000 төгрөгийг шилжүүлж байсан” гэж, гэрч Т.Лийн “компанийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, Эээс мөнгө нэхсэн чат бичиж байсан, Ба ах нэхээд өг гэж байсан, ямар авлага байсныг мэдэхгүй, хугацаа сунгах боломж олгосон хүсэлтийг мөн Ба ахын хэлснээр бичсэн” гэсэн мэдүүлгүүд байна. Түүнчлэн дээрх гэрээнүүд байгуулагдах үед В.Эийн орон сууц 209,625,000 төгрөгийн, Н.Бийн орон сууц 214,320,900 төгрөгийн үнэлгээтэй, сүүлд үнэ нь өссөн тухай үнэлгээний тайлан хэрэгт авагдсан байна. Дээрх нотлох баримтууд Р.Ба орон сууцуудыг худалдан авсан гэдгийг үгүйсгэж байна.

 

5. “ВЭТФ” ХХК-ийн захирал Р.Ба ын В.Э, И.Б нартай байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”, В.Этэй байгуулсан “Түрээсийн гэрээ”-нүүд нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Үүнд:

 

5а.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэрээ байна: бусдад мөнгө яаралтай хэрэг болсныг далимдуулан орон сууцыг нь өөрийн өмчлөлд шилжүүлж авч, түүнийгээ хожим ашиглахыг завдаж буй

 

5б.мөн хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ байна: Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Түрээсийн гэрээ хамтдаа зээлийн болон барьцааны гэрээг халхавчилж хийгдсэн байна. Үнэн хэрэгтээ талууд орон сууцыг барьцаалж мөнгө зээлдүүлж буй боловч орон сууцыг зээлдүүлэгч өмчлөлдөө шилжүүлж авч мөнгөө өгөөд, зээл буцаж төлөгдмөгц орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэх, өмчлөлийг нь шилжүүлж авсан орон сууцаа эзэнд нь түрээслэх байдлаар зээлийн хүүг төлүүлэх гэрээнүүдийг хийсэн байна. Халхавчлагдсан зээл болон барьцааны гэрээ үлдэх боловч зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс хүү авах эрхээ алдсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр бус байна. “ВЭТФ” ХХК нь санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаагүй, банк бус санхүүгийн байгууллагын бүртгэлд байхгүй талаар Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тодорхойлсон байна. Компанийн үйл ажиллагааны чиглэлд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа гэж байх боловч энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй юм. Хариуцагч нь Н.Бтой орон сууц түрээслэх гэрээ байгуулаагүй байна.

 

6. “ВЭТФ” ХХК-ийн захирал Р.Ба нь компаниасаа зээл авч нэхэмжлэгч нарын орон сууцыг худалдан авсан гэж зээлийн гэрээгээ ирүүлсэн боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нар орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй нь тогтоогддог, нэхэмжлэгч нар тодорхой хэрэгцээгүйгээр орон сууцаа үнийн ханшаас нь 2 дахин бага үнээр худалдах нь үнэмшилгүй  ба Р.Ба ын ирүүлсэн зээлийн гэрээ нь эрх ашиг нэгтэй этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээ байна.

 

7. “ВЭТФ” ХХК-иас зээл авсан нэхэмжлэгч нарын зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул зээлийн хүүг зээлдэгч нараар төлүүлэх үндэслэлгүй ба тэдний зээлийн хүүд төлсөн 27,978,000 төгрөгийг “ВЭТФ” ХХК-иас нэхэмжлэгч нарт буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.5-ыг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн В.Э, Р.Ба нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 2405 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон мөн өдрийн “Түрээсийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн иргэн Н.Б, Р.Ба нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 682 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцнуудын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ба од даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “ВЭТФ” ХХК-аас 27,978,000 төгрөгийг гаргуулж В.Э, Н.Б нарт олгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,045,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжинд хариуцагч Р.Ба оос 1,747,850 төгрөг, хариуцагч “ВЭТФ” ХХК-аас 297,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           С.БУД