Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1253

 

“Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэртэй “Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй “Тз” ХХК-д холбогдох,

 

10 800 000 төгрөг гаргуулах үндсэн болон 4 018 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Тз” ХХК-д 2018 оны 12 дугаар сард 80 000 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Бараа, бүтээгдэхүүний төлбөрт 70 000 000 төгрөгийг хүлээн авсан. Хэдийгээр талууд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн байсан. Учир нь, хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардахад өгөхгүй байсан тул 2018 оны 9 дүгээр сард цагдаад энэ талаар гомдол гаргасан ба үүний дараа бичгээр гэрээ байгуулсан. Бид, анх тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах тухай гэрээний саналыг бичгээр хариуцагчид хүргүүлсэн хэдий ч огт хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл, талууд бараа хүлээлцсэн баримт, гэрээг нөхөж хийсэн бөгөөд эвдрэлгүй бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэдгээ баримтаар нотолсон. Хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, мөн 03 дугаар сарын 08-ны өдөр төлөх ёстой төлбөрийг төлөөгүй. Иймд, хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, алдангид 800 000 төгрөг нийт 10 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Тз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд гаргасан тайлбартаа:  “Тз” ХХК нь 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч “Ш” ХХК-иас нэхэмжлэлд дурдсан техник хэрэгслийг харилцан тохиролцож зээлээр худалдаж авсан. Гэвч эдгээр төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөд аль, аль талаас мэргэжлийн бус хүмүүс байлцаж, зөвхөн тоо, ширхгийн байдлаар хүлээж авсан. Ингээд дараа нь үзэж шалгахад хагархай, зарим гэрэл ажилладаггүй гэх зэргээр доголдолтой байсан бөгөөд бид энэ талаар нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал н.Өлзийдэмбэрэлд мэдэгдэж солиулах, засуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэтэл нэхэмжлэгч тал эдгээр тоног төхөөрөмжийг засварлах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, манай компаниас лед гэрлийг засварт 1 518 000 төгрөг, хагархай корпус солиулахад 500 000 төгрөг, дэлгэц засварлахад 2 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн өнгөрсөн хугацаанд заримдаа нэхэмжлэгчид тоног төхөөрөмж хэрэг болоход авч явдаг байсан бөгөөд буцаан авч ирэхдээ гэмтээчихсэн байдаг байсан. Бид, ийм өндөр үнэтэй техник худалдаж аваад асуудалгүй бүтэн 1 жил ч хэрэглэж ашиглаж чадаагүйдээ гомдолтой байна. Асуудалтай техникүүдийг бүрэн ажиллагаатай болгоод албан ёсоор актын дагуу хүлээлгэж өгсөн тохиолдолд энэ хугацаанд засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөрүүдийг хасч үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад дээр дурдсан доголдлоос гадна цахилгааны масс их гарч, хөгжмийн дуугаралт маш муу, лэд дэлгэцийн гэрэл шатсан, амархан шатдаг гэх зэрэг олон асуудал гарсан. Энэ бүгдийг өөрсдийн зардлаар засварласан бөгөөд нийт 4 018 000 төгрөгийг төлсөн. Иймд, гэрээний зүйлийг засварлаад актаар хүлээлгэн өгсөн тохиолдолд үлдэх төлбөрийг төлж болох хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох засварын зардал 4 018 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан биет байдлын доголдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч тал худалдсан эд хөрөнгийнхөө үнийг шаардах эрхтэй бөгөөд алдангийг тооцоход 800,000.00 төгрөг болсон. Хариуцагч тал хуульд зааснаар 6 сарын хугацаанд доголдлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 угаа зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Тз” ХХК-иас 10 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, хариуцагч “Тз” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч “Ш” ХХК-д холбогдох 4 018 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөг, хариуцагчийн төлсөн 100 100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд хандан “Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас хэрэг бүртгэлтийн 180504539 дугаартай хэргээс ... Ж.Энхбаярын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн журмаар гаргуулж хэрэгт хавсаргах” хүсэлтийг бичгээр гаргаж, хувь хүний нууцтай холбоотой баримт тул нотлох баримтын шаардлага хангуулан хуулбар үнэн тэмдэгтэйгээр шүүхэд өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тухайгаа илэрхийлж, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа нотлох зорилгоор уг баримтыг гаргуулах хүсэлтээ шүүх хуралдаан дээр дэмжсэн байх боловч шүүхээс уг хүсэлтийг хангахгүйгээр, хэлэлцэхгүй орхиж “хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй” гэх өөр үндэслэлийг удирдлага болгон хурлыг үргэлжлүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд тэмдэглэгдсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасантай нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тал мэтгэлцэх бололцоогоор бүрэн дүүрэн хангагдсан эсэх, нэхэмжлэгч өөрөө шаардлагын хүрээ, нотолгоогоо тодорхойлж бүрдүүлэн шүүх тухайн хүрээнд нь хэргийг хянан хэлэлцэх тухай диспозитив зарчим хангагдсан эсэхэд эргэлзээ төрүүлнэ.

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг хуралдаанаар хэлэлцээгүй орхисон тухайд: Хариуцагч талаас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа, “Ш” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн худалдагчийн хувьд хүлээж буй үүргийнх нь дагуу нийлүүлсэн бараа нь эвдрэл, гэмтэлтэй болохыг тухай бүр мэдэгдэж шаардлага тавьсаар байтал засварлах, сольж өгөхгүй байсан төдийгүй, өөрсдөө манай эзэмшлээс авч явж гадуур ашиглан нэмж гэмтээж байсан зэрэг нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа” болохыг тодорхой дурдсан боловч уг асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээгүй орхисон нь хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим хэрэгжээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрсдийн эзэмшилдээ авч яван эвдрэл үүсгэж байснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр иргэн Ж.Энхбаярыг дуудаж, гэрчийн мэдүүлэг авахуулсан, мөн эвдрэлийг бодитоор засуулсан баримтуудыг эх хувиар гаргаж өгөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсоор байтал, шүүх захирамжийнхаа үндэслэх нь хэсэгт “Иймд, хариуцагч “Тз” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д заасны дагуу тус хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч мэтгэлцэх, хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим тус тус хангагдсан гэж үзэх боломжгүй. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа гэсэн үндэслэлээр зохигч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэлэлцэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй хэлбэрээр хэрэгт хамааралтай үйл баримтыг бүрэн гүйцэд тодруулж, тал бүрээс нь харьцуулах шинжлэх бололцоог хааж, зохигч мэтгэлцэх, өөрийн шаардлага, татгалзлаа нотлох эрхийг нь тодорхой үндэслэлгүйгээр хязгаарлаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй.

Зохигч тал мэтгэлцэх боломжийг бүрэн дүүрэн олгоогүй тухайд: Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч “Ш” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу шүүх хуралдаан хийгдсэн өдөр /09.30 минут/ Хууль зүйн туслалцааны гэрээний үндсэн дээр хэрэгт оролцох болсон өмгөөлөгч Б. Зулбаяр хавтаст хэрэгтэй танилцаагүй байгаа тухайгаа шүүхэд илэрхийлж, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжсэн боловч шүүхээс, өмгөөлөгч аваад хэргийн материалтай танилцуулсан байхыг сануулж хэлсэн гэж үзэн хуралдааны өмнө танилцуулаад, “хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй” гэх өөр үндэслэлийг удирдлага болгон хуралдааныг явуулсан гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хуралдааныг хийх талаар ямар нэгэн хүсэлтийг огт гаргаагүй байхад, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагчийн эзгүйд хуралдааныг шийдвэрлэхдээ хуульд зааснаар чухам ямар нөхцөл байдлыг харгалзан үзсэн тухай, яагаад тухайн үед цугларсан нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө хангалтгүй гэж үзэн нэмэлт баримт шаардлагатайг илэрхийлж хүсэлт гаргасаар байтал хангалттай гэж үзэж шийдвэрлэсэн үндэслэлгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тотгоох хэсгийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Тз” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 4 018 000 төгрөгийг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчдын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ш” ХХК  нь 35 000 000 төгрөгийн үнэтэй лед дэлгэц, 20 000 000 төгрөг болон 11 000 000 төгрөгийн үнэтэй гэрэл, 8 500 000 төгрөгийн үнэтэй карказ, 5 500 000 төгрөгийн үнэтэй хөгжим зэрэг нийт 80 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдах,  худалдан авагч “Тз” ХХК  худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэд 70 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлж, 5 000 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор  тус тус төлөхөөр тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 4-5 /

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйлийг хүлээлцсэн акт үйлдсэн байх боловч “Ш” ХХК нь “Тз” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу 80 000 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг 2017 оны 12 дугаар сард  нийлүүлсэн болох нь гэрч Ж.Энхбаярын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдсон,  бичгээр байгуулсан гэрээг нөхөж хийсэн болох нь  нотлогдсон байна  /хх-ийн 6, 60-65 /

Талуудын хооронд хожим 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул гэрээ  байгуулагдсанд тооцно.

Талууд өмнө нь өгч, авалцсан зүйлээ хожим нь бичгийн хэлбэрт оруулан хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж бичгээр гэрээ байгуулсныг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “Ш” ХХК нь  хариуцагч “Тз” ХХК-иас  үүргийн гүйцэтгэлийн дутуу 10 000 000 төгрөгийг  шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйлийг хүлээлцсэн актад хариуцагч “Тз” ХХК-ийг төлөөлж Ж.Энхбаяр гарын үсэг зурж хүлээн авсан байх ба тэрээр энэ талаар гэрчээр шүүхэд мэдүүлэг өгсөн байхаас гадна “...миний хувьд Ч.Пүрэвжавыг залилсан асуудал байхгүй, төлөхийн хувьд төлж байгаа, тохирсон хугацаанаасаа хожимдоод байгаа юм...” гэж  мэдүүлэг өгч байсан нь Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоолын “Олсон нь” хэсэгт тусгагдсан байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг, худалдан авагч нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан тул мөн хуулийн 255.1.1-д зааснаар хариуцагч нь мэдэх боломжтой доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. 

Түүнчлэн, хариуцагч “...худалдан авсан эд хөрөнгийг доголдолтой байсан, уг доголдлыг арилгахын тулд засвар үйлчилгээ хийсэн” гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч тэрээр шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх хариуцагчид байх боловч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэсэн заалтыг хариуцагч “Тз” ХХК зөрчсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол буруутай тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө...” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.  

Анхан шатны шүүх хариуцагч “Тз” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд   10 000 000 төгрөг, алдангид 800 000 төгрөг, нийт 10 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарласан нь зөв болжээ.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр Ж.Энхбаярыг гэрчээр оролцуулсан тул Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь  хэрэгт ач холбогдолгүй ба нэхэмжлэгч тал энэ талаар гомдол гаргаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах заалтыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.   

Хэргийн 19 дүгээр талд авагдсан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарласан баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх тул “...зохигч мэтгэлцэх, өөрийн шаардлага, татгалзлаа нотлох эрхийг нь тодорхой үндэслэлгүйгээр хязгаарласан” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг  зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан захирамж гаргасан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчйин улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

     

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                               ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                    Н.БАТЗОРИГ