Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1291

 

 

М.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэртэй М.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох

 

Автомашин худалдах-худалдан авах гэрээ хэлцлийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г би өөрийн өмчлөлийн арлын дугаар LBZ446DB2CA029634, модель ND4250, өнгө цагаан, үйлдвэрлэсэн он 2012, зориулалт зүтгүүр, улсын дугаар 00-00 УНЧ, NORTH BENZ маркийн машиныг Facebook хаягаараа худалдан борлуулах зар өгсний дагуу Б.А надтай холбогдон харилцан тохиролцож тус автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нийт 72.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ хэлцэл хийгдсэн. Үүнээс 20.000.000 төгрөгийг Б.А нь М.Г миний дансанд шилжүүлсэн бөгөөд 40.000.000 төгрөгт нь бартер хийж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8336 дугаар худалдах худалдан авах гэрээгээр Ү-2204049183 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 773/Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8337 дугаартай газар худалдах худалдан авах гэрээгээр Г-000000000 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733/Б тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.А нь М.Г миний зөвшөөрлөөр дүү М.Ганболдын нэр дээр шилжүүлсэн. Үлдэгдэл 12.000.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгт нь Б.А нь 10-27 УБО улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг миний төрсөн дүү М.Ганболд бид хоёрт үзүүлэн бартер хийн нэр шилжүүлэхээр болсон бөгөөд одоогоор банкны барьцаанд байгаа, он гарах гэж байхад унаагүй хэцүү болох гээд байна, хоёр гурав хоногийн дараа нэр шилжүүлэн бүрмөсөн өгье гэхээр нь итгэж приусыг нь авч явалгүйгээр өөрт нь үлдээн явсан. Үлдсэн 2.000.000 төгрөгийг Б.А нь дансаар ба бэлнээр М.Г надад удахгүй шилжүүлэн өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл автомашин худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12.000.000 төгрөг төлөгдөөгүй гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Иймд 13.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Б.А-гаас Автомашин худалдах худалдан авах гэрээ хэлцэлийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулаагүй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй болно. Б.А00-00 УНЧ автомашин, чиргүүлийг худалдах авах зарын дагуу М.Ганболд гэдэг хүнтэй холбогдоод, уулзаж тохиролцсон байдаг юм. Талуудын хооронд үнэ тохиролцсон бичгийн гэрээ байгуулагдаагүй. Тус автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.Ганболд гэдэг хүнээс өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар 20.000.000 төгрөг нэмж худалдаж авсан. Уг автомашиныг “Алтайстрой” ХХК-ийн нэр дээр шилжүүлж 20.000.000 төгрөгийг зээлж М.Ганболдод өгснөөр төлбөр тооцоо бүрэн барагдсан. Хэрвээ нийтийн байр, газар, 20.000.000 төгрөгийг өгөөд цаана нь үлдэгдэл байх байсан бол 30.000.000 төгрөгт барьцаалаад төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Б.А М.Ганболдтой тохиролцоо хийгээд байсан гэж ярьдаг. Гэтэл М.Г гэж хэн бэ гэж байсан. Ах дүү гэдгийг гэрчээр асуугдах үед мэдсэн. Тэгэхээр дүү нь ахынхаа бичиг баримтыг ашиглаад шилжүүлэг хийгээд явсан байх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаар автомашин нилээд эвдрэл гэмтэлтэй байсан. Тийм учраас 17.000.000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийлгэж, тээвэрлэлтэд явж, “Алтайстрой” ХХК-ийн 20.000.000 төгрөгийн зээлийг төлсөн байдаг. Тийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-гаас 12.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 9.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Г-д буцаан олгож, хариуцагч З Б.А-гаас. нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 206.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М.Г-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд түүний дүү болох М.Ганболдтой тохиролцсон хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчдын хооронд харилцаж байсан гэх олон нийтийн цахим сүлжээ /www.fecebook.com/ -ны нэхэмжлэгч М.Г-гийн “Arisan gutal” гэх, хариуцагч Б.А-гийн “Аmraa Amraa” гэх хаягаар харилцсан мессенжерт үзлэг хийсэн бөгөөд зохигчид 72.000.000 төгрөгөөр автомашины үнийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Учир нь тухайн “Amraa Amraa” гэх хаяг нь хариуцагчийн хэрэглэдэг /www.fecebook.com/ хаягт автомашиныг 72.000.000 төгрөгөөр тохиролцсон талаарх үйл баримт байхгүй зөвхөн эвдрэлгүй автомашин зарчихаад 72.000.000 төгрөг нэхвэл яасан юм бэ гэх утга бүхий хариунаас 72.000.000 төгрөгөөр худалдсан байна гэж дүгнэсэн болно. Хариуцагчийн зүгээс өөрийн өмчлөлийн орон сууц болон газар дээр 20.000.000 төгрөг нэмж өгөөд автомашиныг авъя гэсэн санал тавихад хариуцагч хүлээн зөвшөөрсөний дагуу  орон сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээ М.Ганболдын нэр дээр шилжүүлж, автомашин болон чиргүүлийг “Алтайстрой” ХХК-д барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэнээр автомашины үнэ бүрэн төлөгдсөн. Хэрэв хувийн орон сууц болон газар дээр нэмж 32.000.000 төгрөг нэмж өгөх байсан бол автомашиныг “Алтайстрой” ХХК-д барьцаанд 32.000.000 төгрөгийн барьцаанд тавихад ямар ч асуудалгүй байсан. Хувийн орон сууц болон газар дээр 20.000.000 төгрөг нэмж өгөөд автомашиныг авъя гэснийг хүлээн зөвшөөрч хэлцэл хийгдсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 12.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол орон сууц газар шилжүүлэх гэрээ хийхдээ нотариат дээр приус автомашин худалдах гэрээ хийх бүрэн боломжтой байсан, хэрэв төлбөрийн үлдэгдэлтэй байсан бол нэхэмжлэгч тал автомашиныг хариуцагч талын өмчлөлд шилжүүлэхгүй байсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.А-, Ц.Баярмаа, “Алтайстрой” ХХК-д холбогдуулан 13 800 000 гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Ц.Баярмаа болон “Алтайстрой” ХХК-ийг татсан шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.А-гаас автомашин худалдах, худалдан авах гэрээ хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Б.А эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд М.Г 2017 оны 12 дугаар сард өөрийн өмчлөлийн00-00 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашин /чирэгч толгой/, 00-00 ГЧ улсын дугаартай Liang Shan маркийн 40 тонны чиргүүлийн хамт 72 000 000 төгрөгөөр Б.А-д худалдах, худалдан авагч Б.А нь автомашин, чиргүүлийн төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг М.Ганболдын өмчлөлд  шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, гэрч М.Ганболдын мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 14, 17-23, 25, 26/

 

Улмаар дээрх автомашин, чиргүүлийн төлбөрт Б.А нь “Алтайстрой” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг зээлж М.Г-д төлж, М.Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдсан автомашин, чиргүүлийг “Алтайстрой” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг 40 000 000 төгрөгт тооцон 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.Ганболдтой хувийн сууц, газар худалдах, худалдан авах гэрээгээр М.Ганболдын өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр М.Ганболдыг гэрчээр асууж, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчдын хооронд харилцаж байсан гэх олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ийн нэхэмжлэгч М.Г-гийн “Arisan Gutal” гэх, хариуцагч Б.А-гийн “Amaraa Amaraa” гэх хаягаар харилцсан мессенжерт үзлэг хийж баримтжуулсан байна. /хх-ийн 82, 112-117, 142, 159-173/

 

Зохигчдын хоорондох захидал харилцаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар няцааж чадаагүй.

 

Иймд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, үүргээ бүрэн биелүүлсэн, үзлэг хийсэн тэмдэглэл, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                           Н.БАТЗОРИГ