Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1290

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/01290

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Г  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А -д холбогдох

 

Автомашин худалдах худалдан авах гэрээ хэлцэлийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М.Г  би өөрийн өмчлөлийн арлын дугаар LBZ446DB2CA029634, модель ND4250, өнгө цагаан, үйлдвэрлэсэн он 2012, зориулалт зүтгүүр, улсын дугаар 6626 УНЧ, NORTH BENZ маркийн машиныг Facebook хаягаараа худалдан борлуулах зар өгсний дагуу Б.А  надтай холбогдон харилцан тохиролцож тус автомашиныг 2017 оны 12 сарын 27-ны өдөр нийт 72,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ хэлцэл хийгдсэн. Үүнээс 20,000,000 төгрөгийг Б.А  нь М.Г  миний дансанд шилжүүлсэн бөгөөд 40,000,000 төгрөгт нь бартер хийж 2017 оны 12 сарын 27-ны өдөр 8336 дугаар худалдах худалдан авах гэрээгээр Ү-2204049183 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 773/Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8337 дугаартай газар худалдах худалдан авах гэрээгээр Г-2204017846 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733/Б тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.А  нь Мойлын Гантүвшин миний зөвшөөрлөөр дүү М.Га ын нэр дээр шилжүүлсэн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгт нь Б.А  нь 1027 УБО улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг миний төрсөн дүү М.Га  бид хоёрт үзүүлэн бартер хийн нэр шилжүүлэхээр болсон бөгөөд одоогоор банкны барьцаанд байгаа, он гарах гэж байхад унаагүй хэцүү болох гээд байна, хоёр гурав хоногийн дараа нэр шилжүүлэн бүрмөсөн өгье гэхээр нь итгэж приусыг нь авч явалгүйгээр өөрт нь үлдээн явсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг Б.А  нь дансаар ба бэлнээр М.Г  надад удахгүй шилжүүлэн өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл Автомашин худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөг төлөгдөөгүй гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Иймд 13,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Б.А гаас Автомашин худалдах худалдан авах гэрээ хэлцэлийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Б.А  нь нэхэмжлэгчтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулаагүй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй болно. Б.А  66-26 УНЧ автомашин, чиргүүлийг худалдах авах зарын дагуу М.Га  гэдэг хүнтэй холбогдоод, уулзаж тохиролцсон байдаг юм. Талуудын хооронд үнэ тохиролцсон бичгийн гэрээ байгуулагдаагүй. Тус автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр М.Га  гэдэг хүнээс өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар 20,000,000 төгрөг нэмж худалдаж авсан. Уг автомашиныг “А ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж 20,000,000 төгрөгийг зээлж М.Га од өгснөөр төлбөр тооцоо бүрэн барагдсан. Хэрвээ нийтийн байр, газар, 20,000,000 төгрөгийг өгөөд цаана нь үлдэгдэл байх байсан бол 30,000,000 төгрөгт барьцаалаад төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Б.А  М.Га той тохиролцоо хийгээд байсан гэж ярьдаг. Гэтэл М.Г  гэж хэн бэ гэж байсан. Ах дүү гэдгийг гэрчээр асуугдах үед мэдсэн. Тэгэхээр дүү нь ахынхаа бичиг баримтыг ашиглаад шилжүүлэг хийгээд явсан байх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаар автомашин нилээд эвдрэл гэмтэлтэй байсан. Тийм учраас 17,000,000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийлгэж, тээвэрлэлтэд явж, “А ” ХХК-ийн 20,000,000 төгрөгийн зээлийг төлсөн байдаг. Тийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч Б.А , Ц.Б , “А ” ХХК-д холбогдуулан 13,800,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Ц.Б , “А ” ХХК нарыг татсан шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.А гаас автомашин худалдах, худалдан авах гэрээ хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хариуцагч Б.А  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 66-26 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашин /чирэгч толгой/, 46-01 ГЧ улсын дугаартай Liang Shan маркийн 40 тонны чиргүүлийг бусдад худалдан борлуулах зорилгоор олон нийтийн цахим сүлжээгээр тавьсан зарын дагуу худалдсан автомашин, чиргүүлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 195.4-т “тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Г  нь өөрийн өмчлөлийн 66-26 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашин /чирэгч толгой/, 46-01 ГЧ улсын дугаартай Liang Shan маркийн 40 тонны чиргүүлийг шууд хариуцагч Б.А д худалдах саналыг гаргаагүй, харин тодорхой бус этгээдүүдэд хандан хүсэл зоригоо илэрхийлсэн саналын дуудлагыг хариуцагч хүлээн авч, улмаар худалдан авчээ.

 

Автомашиныг чиргүүлийн хамт худалдсан, худалдан авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь автомашин, чиргүүлийг Б.Ганболд гэдэг хүнээс худалдан авч, төлбөрт нь газар, хувийн сууц, 20,000,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу төлбөрийг төлж дуусгасан, нэхэмжлэгч М.Г тэй худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулаагүй тул түүнд ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

    Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч М.Г  нь өөрийн өмчлөлийн 66-26 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашин /чирэгч толгой/, 46-01 ГЧ улсын дугаартай Liang Shan маркийн 40 тонны чиргүүлийн хамт Б.А д худалдсан.

- Хариуцагч Б.А  нь автомашин, чиргүүлийн төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг шилжүүлж 2017 оны 12 сарын 27-ны өдөр М.Га той “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан.

- Мөн хариуцагч Б.А  нь “А ” ХХК-тай 2017 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг зээлж автомашин, чиргүүлийн төлбөрт төлсөн.

- Нэхэмжлэгч М.Г  нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр худалдсан автомашин, чиргүүлийг “А ” ХХК-ийн нэр лүү шилжүүлсэн.

 

Дээр дурдсанаар 2017 оны 12 сард нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашин, чиргүүлийг хариуцагчид худалдаж, хариуцагчийн хүсэлтээр түүний зээл авсан “А ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь автомашины төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн харилцаа үүссэн байх бөгөөд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч Б.А гаас автомашин, чиргүүлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.А  нь автомашин, чиргүүлийн төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамжны 733\Б тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг шилжүүлж 2017 оны 12 сарын 27-ны өдөр М.Га той “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрч М.Га ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Дээр дурдсан “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нд хувийн сууц, газрыг тус тус 5,000,000 төгрөгөөр тохиролцсоноор бичигдсэн байх боловч уг үнэ нь худалдан борлуулсан бодит үнэ бус, үнийн дүнг багаар бичсэн гэх тайлбарыг зохигчид гаргаж, энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан газар, хувийн орон сууцыг автомашин, чиргүүлийн төлбөрт тооцон авсан талаар маргаагүй бөгөөд М.Га  нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагч Б.А тай гэрээ байгуулан хувийн сууц, газрыг өөрийн нэр лүү шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй.

 

Мөн хариуцагч Б.А  нь “А ” ХХК-тай 2017 оны 12 сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд  66-26 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашин /чирэгч толгой/, 46-01 ГЧ улсын дугаартай Liang Shan маркийн 40 тонны чиргүүлийн хамт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд 20,000,000 төгрөгийг зээлдэгч Б.А гийн Хаан банкны 5024673789 дугаартай төгрөгийн дансанд шилжүүлэхээр заасан байх бөгөөд 2017 оны 12 сарын 28-ны өдөр Хаан банкны 5024673789 дугаартай данснаас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Г гийн Хаан банкны 5099400600 данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар М.Г  нь түүний нэр дээр бүртгэлтэй LBZ446DB2CA029634 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэсэн, 66-26 УНЧ улсын дугаартай NORTH BENZ маркийн автомашиныг 2017 оны 12 сарын 28-ны өдөр “А ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид худалдсан автомашин, чиргүүлийн үнийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь автомашин, чиргүүлийн үнийг нийт 72,000,000 төгрөгөөр тохиролцож, хариуцагч 20,000,000 төгрөгийг “А ” ХХК-аас зээлж шилжүүлсэн, өөрийн өмчлөлийн газар, хувийн орон сууцыг 40,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн, нийт 60,000,000 төгрөгийн төлбөр хийгдсэн, тохиролцсоны дагуу 10,000,000 төгрөгт тооцсон Приус автомашин, бэлнээр 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийн төлбөр хийгдээгүй гэж, хариуцагч нь автомашин, чиргүүлийн төлбөрт өөрийн өмчлөлийн газар, хувийн орон сууцыг шилжүүлж, 20,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцож төлбөр тооцоог дуусгасан гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчдын хооронд харилцаж байсан гэх олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний нэхэмжлэгч М.Г гийн “Arisan Gutal” гэх, хариуцагч Б.А гийн “Amaraa Amaraa” гэх хаягаар харилцсан мессенжерт үзлэг хийсэн бөгөөд зохигчид 72,000,000 төгрөгөөр автомашины үнийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь автомашин, чиргүүлийн үнийг 72,000,000 төгрөг гэж тохиролцоогүй, хувийн орон сууц, газар, 20,000,000 төгрөгийг шилжүүлснээр төлбөл зохих төлбөр тооцоо дууссан, нэхэмжлэгч М.Г тэй худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулаагүй, үзлэг хийсэн олон нийтийн цахим сүлжээ /www.facebook.com/-ний “Amaraa Amaraa” гэх хаяг нь хариуцагч Б.А гийнх гэдэг нь тогтоогдоогүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч эдгээр тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.А гаас автомашин, чиргүүлийн үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

 

Хариуцагч Б.А  нь автомашины доголдолтой холбогдуулан  17,000,000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийлгэсэн гэх тайлбарыг гарган маргасан боловч худалдан авсан автомашин, чиргүүлийн доголдолтой холбоотой төлбөр, хохирол нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А гаас 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 9000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Г д буцаан олгож, хариуцагч З Б.А гаас. нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР