Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00819

 

М.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1291 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.Г-

          Хариуцагч: Б.А-д холбогдох

          12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.Г- би өөрийн өмчлөлийн арлын дугаар LBZ446DB2CA029634, модель ND4250, өнгө цагаан, үйлдвэрлэсэн он 2012, зориулалт зүтгүүр, улсын дугаар ..26 УНЧ, NORTH BENZ маркийн машиныг Facebook хаягаараа худалдан борлуулах зар өгсний дагуу Б.А- надтай холбогдсон. Харилцан тохиролцож тус автомашиныг 2017-12-27-ны өдөр нийт 72 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ хийгдсэн. Үүнээс 20 сая төгрөгийг Б.А- нь миний дансанд шилжүүлсэн. 40сая төгрөгт нь 2017-12-27-ны өдөр 8336 дугаар худалдах худалдан авах гэрээгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд дарь эхийн 1-р гудамжны ../Б тоот 162 м.кв хувийн сууц, 2017-12-27-ны өдөр 8337 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр мөн хаягт байрлах 250 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг Б.А- нь миний зөвшөөрлөөр дүү М.Ганболдын нэр дээр шилжүүлсэн. Үлдэгдэл 12сая төгрөгнөөс 10сая төгрөгт нь Б.А- нь ..27 УБО улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг миний төрсөн дүү М.Ганболд бид хоёрт үзүүлж, шилжүүлэхээр болсон.Приус машинаа хоёр гурав хоногийн дараа нэр шилжүүлэн бүрмөсөн өгье гэхээр нь өөрт нь үлдээн явсан. Үлдсэн 2сая төгрөгийг Б.А- нь дансаар ба бэлнээр М.Г- надад удахгүй шилжүүлэн өгөхөөр тохирсон.Гэвч үлдэгдэл 12сая төгрөг төлөгдөөгүй гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Иймд 12 сая төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас тайлбартаа: Анх Б.А- ..-26 УНЧ автомашин, чиргүүлийг худалдах зарын дагуу М.Ганболд гэдэг хүнтэй холбогдоод, уулзсан ба талууд үнэ тохиролцсон бичгийн гэрээ байгуулаагүй. Нийтийн байр болон газрыг шилжүүлж өгөөд, дээр нь 20сая төгрөг өгөхөөр талууд тохиролцсон. Үүний дагуу автомашиныг Б.А-гийн нэр лүү шилжилгүйгээр Алтай строй ХХК-н нэр лүү шилүүлсэн. 20сая төгрөг төлсөн. Хэрвээ нийтийн байр, газар, 20сая төгрөгийг өгөөд цаана нь үлдэгдэл байх байсан бол 30сая төгрөгт барьцаалаад төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Б.А- М.Ганболдтой тохиролцоо хийсэн гэж ярьдаг. Гэтэл М.Г- нь ах дүү гэдгийг гэрчээр асуугдах үед мэдсэн. Тэгэхээр дүү нь ахынхаа бичиг баримтыг ашиглаад шилжүүлэг хийгээд явсан байх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаар автомашин эвдрэл гэмтэлтэй байсан учраас 17сая төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийлгэж, тээвэрлэлтэд явж, Алтайстрой ХХК-ийн 20сая төгрөгийн зээлийг төлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.А-гаас 12 сая төгрөгийг гаргуулан  М.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан 226,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон илүү төлсөн 9000 төгрөгийг данснаас буцаан гаргуулж М.Г-д олгож, З Б.А-гаас 206,950 төгрөгийг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1291 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Б.А- нь М.Г-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, М.Ганболдтой тохиролцсон хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчдын хооронд харилцаж байсан гэх олон нийтийн цахим сүлжээ \WWW.FАСЕВООК.СОМ\-ны нэхэмжлэгч М.Г-гийн “Аrisan ....” гэх, Б.А-гийн “.... Amraa” гэх хаягаар харилцсан мессенжерт үзлэг хийсэн бөгөөд зохигчид 72сая төгрөгөөр автомашины үнийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь тухайн Amraa Amraa гэх хаяг нь хариуцагчийн хэрэглэдэг FАСЕВООК хаяг мөн эсэх талаар нотлох баримт байхгүй байхад шүүхээс тухайн үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн, тухайн FАСЕВООК хаягт автомашиныг 72сая төгрөгөөр тохиролцсон талаарх үйл баримт байхгүй зөвхөн эвдрэлгүй авто машин зараад 72сая төгрөг нэхвэл яасан юм бэ гэх утга бүхий хариунаас 72сая төгрөгөөр худалдсан байна гэж дүгнэсэн болно. Хариуцагч орон сууц болон газар мөн 20сая төгрөг нэмж өгөөд автомашиныг авъя гэсэн санал тавихад хариуцагч хүлээн зөвшөөрсний дагуу орон сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг М.Ганболдын нэр дээр шилжүүлж, автомашин болон чиргүүлийг Алтай стро ХХК-д барьцаанд тавьж 20сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр автомашины үнэ бүрэн төлөгдсөн. Хэрэв орон сууц болон газар дээр нэмж 32сая төгрөг өгөх байсан бол автомашиныг Алтайстро ХХК-д 32сая төгрөгөнд барьцаанд тавих байсан. Мөн нотариат дээр приус автомашин худалдах гэрээ хийх бүрэн боломжтой байсан, хэрэв төлбөрийн үлдэгдэлтэй байсан бол нэхэмжлэгч тал автомашиныг хариуцагч талын өмчлөлд шилжүүлэхгүй байсан. Дээрх бодит үйл баримтуудаар хувийн орон сууц болон газар дээр 20сая төгрөг нэмж өгөөд автомашин худалдаж авах аман хэлцэл хийгдсэн нь хангалттай нотлогдож байгаа. 2 шатны шүүх хувийн орон сууц газрыг талууд 40сая төгрөгөөр тохиролцсон байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       М.Г- 2018-10-24-ний өдөр шүүхэд хандаж, Б.А-гаас 12,000,000 төгрөг шаардаж “.... NORTH BENZ маркийн машиныг 72 сая төгрөгөөр худалдаж бэлнээр болон эд хөрөнгөөр нийт 60,000,000 төгрөгийг авсан, үлдэх мөнгийг төлөөгүй байгаа тул гаргуулна..” гэжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...машины төлбөрт нийтийн байр газрын хамт шилжүүлэн 20,000,000 төгрөг төлөхөөр тохирсон автомашин эвдрэл гэмтэлтэй байсан учраас 17 сая төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийлгэсэн...” гэж маргажээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      М.Г- 2017 оны 12 дугаар сард өөрийн өмчлөлийн NORTH BENZ маркийн 66-26 УНЧ улсын дугаартай автомашин /чирэгч толгой/, Liang Shan маркийн 40 тонны ..-01 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 72 000 000 төгрөгөөр Б.А-д худалдах, Б.А- нь төлбөрт нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1 дүгээр гудамж ../Б тоотод байрлах 162 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг М.Ганболдын өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсон тогтоогджээ.

       Б.А- 20,000,000 төгрөг М.Г-д төлж, М.Г- нь 2017-12- 28-ны өдөр худалдсан автомашин, чиргүүлийг хариуцагчийн заасан этгээдэд буюу Алтайстрой ХХК-ийн нэр дээр шилжүүлж, дурдсан орон сууц, газрыг 40,000,000 төгрөгт тооцон 2017-12-27-ны өдөр М.Ганболдын өмчлөлд шилжүүлсэн нь нотлогдсон байна.

         Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

         Шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

       Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

        Зохигч нар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдагч үүргээ биелүүлсэн, гэрээний зүйл болон үнийн талаарх тохиролцоог үгүйсгэх баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

        Өөрийн шаардлага, татгалзлаа нотлох, үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 211 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01290 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1291 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 210,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ