Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/49

 

Ч.Алтанцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0411/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       Ц.Цэен-Ойдов

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой Чулууны Алтанцэцэгт холбогдох 1818007690523 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 01 сарын сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хоёр хүүхэд, зээ нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1-р баг, Орон сууцны 11-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, шагналгүй, ТК58012608 регистрийн дугаартай Тариачин овогт Чулууны Алтанцэцэг.

Шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө” хэмээн хуурч иргэн Д.Батчимэгээс 800.000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь О.Мягмархүүтэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.Мягмархүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг яллагдагч О.Мягмархүү нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

-мөн Д.Нарантуяатай бүлэглэн 2018 онд С.Гоогормаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Долгорсүрэн гэснийг С.Гоогормаа гэж,

-Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Долгорсүрэн гэснийг шавар будагчин С.Гоогормаа... гэж тус тус өөрчилж; засварлан хуурамчаар үйлдсэн,

-Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Бадамгарав гэснийг О.Мягмархүү гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой Мягмархүү, 1982 оны 07 дугаар сарын 16-с гэснийг 1976 оны 07-р сарын 16-с... гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

-Мөн өөрийн төрсөн охин “Г.Сэрсэнмааг Г.Тогтохбаяртай хамтын амьдралтай байсан, Г.Сэрсэнмаагийн хүү С.Барсболдын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

-Мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Сэрсэнмаагийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Сэрсэнмааг “Ж.Мөнх-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан, Х.Барсболдын төрсөн эцэг нь Ж.Мөнх-Эрдэнэ” хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан, улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

-Мөн гэрч Ж.Наранцэцэг, Д.Наранцацрал нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Тариачин овгийн Чулууны Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилах гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Ч.Алтанцэцэгт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгээс 3.121.830 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.Батчимэгт 800.000 төгрөг /Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, 4-19 тоотод оршин суух РД:ЙС65020908/-ийг, хохирогч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт 2.321.830 төгрөгийг олгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын СD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Алтанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногинй дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо:

Миний бие өрх толгойлсон ганц бие эх бөгөөд 4-16 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Энэ өрхийн хөдөлмөр эрхлэх чадвартай ганц хүн. 2 хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй. Бага хүүхэд цэцэрлэгт явдаггүй. Том хүү 10-р ангид суралцдаг. Мөн миний цөс болон нойр булчирхай өвддөг, байнга эмчилгээ хийлгэдэг. Жилд 1-2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Иймд дээр дурдсан аргагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан байх тул Ч.Алтанцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Ч.Алтанцэцэг нь насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх юм. Тухайн хүүхдүүдийг асарч хамгаалж, тэжээн тэтгэх хүн түүнээс өөр байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Түүнд оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг

1./ 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө” хэмээн хуурч иргэн Д.Батчимэгээс 800.000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт,

2./О.Мягмархүүтэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.Мягмархүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 дугаартай  ээлжийн амралт олгох тушаал, 135 дугаартай  ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг яллагдагч О.Мягмархүү нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

- Д.Нарантуяатай бүлэглэн 2018 онд С.Гоогормаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Долгорсүрэн гэснийг С.Гоогормаа гэж,  мөн Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж, өрөг угсрагч Д.Долгорсүрэн гэснийг шавар будагчин С.Гоогормаа... гэж тус тус өөрчилж засварлан хуурамчаар үйлдсэн,  мөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Бадамгарав гэснийг О.Мягмархүү гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын Зина овогтой Нэргүй, Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой Мягмархүү, 1982 оны 07 дугаар сарын 16-наас гэснийг 1976 оны 07-р сарын 16-наас... гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт,

3./ өөрийн төрсөн охин “Г.Сэрсэнмааг Г.Тогтохбаяртай хамтын амьдралтай байсан, Г.Сэрсэнмаагийн хүү С.Барсболдын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,  мөн  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Сэрсэнмаагийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Сэрсэнмааг “Ж.Мөнх-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан, Х.Барсболдын төрсөн эцэг нь Ж.Мөнх-Эрдэнэ” хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан, улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт ,

4./ гэрч Ж.Наранцэцэг, Д.Наранцацрал нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилах гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ял,  21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ял,  18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Ч.Алтанцэцэгт оногдуулсан  дээрх  хорих ялуудыг нэмж нэгтгэн,  шүүгдэгчийн нийт  2 жил хорих ялаар шийтгэж  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Мөн шүүгдэгч Ч.Алтанцэцэгээс 3.121.830 төгрөгийг гаргаж , хохирогч Д.Батчимэгт 800.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт 2.321.830 төгрөгийг олгох, эд мөрийн баримтаар хураагдсан бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ч.Алтанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт, болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн үйлдэл нь хохирогч Д.Батчимэг, Ц.Батхуяг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, О.Мягмархүү, С.Гоогормаа, Д.Нарантуяа, Ж.Наранцэцэг, Д.Наранцацрал, Ё.Ганцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч З.Манлайбаясгалан, Г.Мөнхгэрэл, Б.Мөнхбаяр, Ч.Жандаг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018.06.19-ний өдрийн 780 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан тоот, хуулбар тушаалууд, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас ирүүлсэн эх хувь тушаалуудын хуулбарууд, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын 2018.08.23-ны өдрийн 581 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан бичиг, Ч.Алтанцэцэг, Д.Наранцацрал нарын иргэний хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.26-ны өдрийн 344 дугаар шийдвэрийн хуулбар, Ч.Алтанцэцэг, Д.Нарантуяа нарын хуурамчаар үйлдсэн яллагдагч С.Гоогормаа хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн тушаалын хуулбарууд, Ж.Наранцэцэг, Ё.Ганцэцэг нарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох 1038 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, хуралдаанд худал мэдүүлэг өгч байгаа дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл, Ч.Алтанцэцэг нь Дүүдээгийн Тогтохбаяртай хамтран амьдарч байгаад Д.Тогтохбаяр нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өндрөөс унаж нас барсан үйлдлийг шалгасан эрүүгийн 181800161 дугаартай хэргийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний шинжээчийн 2019.04.30-ны өдрийн 1945 дугаартай дүгнэлт, халамжийн сангаас олгосон мөнгөний жагсаалт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,   шүүхээс  оногдуулсан ял түүний гэм бурууд  тохирсон байна.     

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан,  нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Мөн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 сарын 10-ны өдөр шүүгдэгч Алтанцэцэгийн  өмгөөлөгч Н.Баярмаагийн  гаргасан  .”..Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү...”гэсэн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 69 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн, уг маргаан Цэцийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй байх тул хуралдааны шийдвэр гартал шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хэзээ хуралдаж шийдвэр гарах нь тодорхойгүй, шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь 2 хүүхэд, зээ нарын хамт амьдардаг, ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан  түүнд урьд  авсан цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсантай холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

        Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан  шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг,  21.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5.д заасан “... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн байх тул түүнд холбогдох дээрх хоёр хэргийг  хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Ч.Алтанцэцэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт нь 1 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй боловч Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  шүүгдэгч Ч.Алтанцэцэг  өрх толгойлсон ганц бие эх бөгөөд 4-16 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн хөдөлмөр эрхлэх чадвартай ганц хүн бөгөөд 2 хүүхдийг нь түүнээс өөр асран хамгаалах хүн байхгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч  гэмшиж байгаа, түүнчлэн  учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга эмчилгээ хийлгэдэг, одоо 63 настай, мөн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой  гэж үзлээ.

          Цаг үеийн нөхцөл байдал тухайлбал  цар тахал халдварт өвчин гарсан, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбогдон шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж  байгаа учраас шүүгдэгчийн давж заалдах гомдол болон Прокурорын тухайн үед гарсан эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.  

           Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын ....анх гаргасан эсэргүүцлээ дэмжиж байгаа боловч цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Алтанцэцэгт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрах эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу  шийдвэрлэх  боломжтой .... гэсэн дүгнэлтийг хүлээн авч , шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

             -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5.д заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос  шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.,  мөн  21.1 дүгээр зүйлийн 1.т заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай гэж,

- шүүгдэгч Ч.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.т заасан зан үйлээ засахыг  үүрэг болгож, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 4., 5 дугаар заалтыг хүчингүй болгож,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч     Ч.Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Алтанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авсугай.

5.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                        ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ