Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1306

 

      

М.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр     даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01211 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М.И-ын нэхэмжлэлтэй, “МД” ХХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47 979 806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн эхнэр агсан Д.Энхболортой хамт “Голомт банк” ХХК-аас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 89.000.000 төгрөгийн орон сууцны зээл авч ЗГ3635109419 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцны зээлийг авахдаа “МД” ХХК-д даатгуулж 1701000420/170300420 тоот даатгалын гэрээгээр амь нас болон эд хөрөнгийн даатгалд хамрагдсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр болон үндсэн зээлдэгч Д.Энхболор нь нас барсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “МД” ХХК-аас 18/711 тоот албан бичгээр Даатгуулагч ходоодны хорт хавдраар нас нөгчсөн бөгөөд энэ нь нөхөн төлбөр олгохгүй тохиолдлын архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол гэсэн хэсэгт хамаарах тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн. Гэрээний хувьд архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Гэтэл гэрээний утга, чанар агуулгыг авч үзэхэд гэрээгээр юуг даатгаж байна вэ гэвэл иргэний амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтыг даатгаж байгаа. Гэтэл нэгэнт тухайн иргэн архаг хууч өвчтэй буюу хариуцагчийн тайлбарлаж буйгаар урт хугацаанд тус өвчин үүсэх жамынхаа хувьд удаан хугацаанд үүсдэг. 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайд болон нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан 174/137 тоот тушаалын хавсралт 1-ийн 7.45-д бүх төрлийн хорт хавдар ердийн өвчний жагсаалтад орно гэж байгаа. Үүнээс харахад хорт хавдар нь ердийн өвчний ангилалд ордог. Д.Энхболорын ходоод шархлаатай байсан, ходоод өвддөг гэх баримт талуудад байхгүй. 2017 оны 10 дугаар сард тус өвдөлт эхэлж, юу өвдсөнийг хайж, ходоодоо дурандуулахад ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон байна гэх дүгнэлт гарсан. Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан асуудлыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 18/41 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 9/1941 тоот албан бичгээр Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 1701000420/1703000420 тоот даатгалын гэрээний нөхөн төлбөрийн Д.Энхболорт холбогдох хэсэг болох 47 979 806 төгрөгийг “МД” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээгээр даатгуулагч Д.Энхболорыг эрсдэлээс хамгаалсан. Зээлдэгчийг нас барахад хүргэсэн шалтгаан болох ходоодны хорт хавдар нь архаг эмгэг өвчинд хамаарч байгаа тул даатгалын гэрээний 8.7-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Хавдар гэх өвчин архаг хууч өвчинд хамаарах эсэх нь маргааны зүйл болж байгаа. Даатгуулагчийн өвчин архаг буюу архаг хууч өвчинд хамаарахаар эцсийн шатандаа тулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан “МД” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 47.979.806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.И-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын №1703000421 тоот гэрээний даатгуулагч Д.Энхболор нь ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх даатгуулагчийг ходоодны хорт хавдар өвчний улмаас хагалгаанд орж, олон эрхтний дутагдалд орж нас барсан шалтгаан байх бөгөөд олон эрхтний дутагдал эмгэгийг мэс заслын эмчилгээний дараа гарах гэнэтийн хүндрэл тул даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан архаг хууч өвчинд хамаарах боломжгүй байна гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан. Даатгуулагч Д.Энхболорыг нас барахад хүргэсэн шууд шалтгаан болох ходоодны хорт хавдар нь хүний эс үржиж, хуваагдах ялгарах зэрэг хэвийн үйл ажиллагааны бүтцээ бүрэн алдаж, өөрчлөгдсөний улмаас үүссэн эсийн эмгэг хэт ургалт бөгөөд хавдрын хожуу үе шат /4-р үе/, элэг болон 17 ширхэг тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн зэрэг нь ходоодны хорт хавдар үүсэх шалтгаан, үе шатууд нь тухайн эмгэгийг архаг эмгэгт хамаарч байгааг харуулж байгаа бөгөөд шүүх энэхүү өвчинг архаг хууч өвчин биш гэж үзэж, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, шүүх архаг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Даатгуулагч нас барснаар даатгалын тохиолдол шууд бий болно, харин даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой" гэсэн нь Иргэний хуулийн 431.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний хэлэлцэн тохиролцсон асуудлыг үгүйсгэж, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлийн улмаас хохирол үүссэн эсэх нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох гол шалгуур болдог байтал архаг хууч өвчний улмаас даатгуулагч нас барсан энэхүү тохиолдлыг анхан шатны шүүх өвчний улмаас нас барсан гэж буруу дүгнэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.И нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 47 979 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллагатай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулсан бөгөөд даатгуулагч архаг хууч өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр гаргуулна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь даатгалын гэрээний 8.7-д зааснаар ходоодны хорт хавдар нь архаг хууч өвчинд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Энхболор, М.И нар нь Голомт банктай 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь 89.000.000 төгрөгийн зээл олгосон, “МД” ХК-тай 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 1701000421, 1703000421 тоот “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр орон сууцыг 89.000.000 төгрөгөөр үнэлж, хураамжид 213.828 төгрөгийг төлсөн байна.

Талуудын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гэрээний 2.1-д “даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах”, 2.2-т гэнэтийн ослын улмаас зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдолд даатгалд хамрагдахаар тохиролцсон байна.

Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Д.Энхболор 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барсан байх бөгөөд даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Талийгаач өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч байгууллагаас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.

Даатгалын дээрх тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

     

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                

                                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                     Н.БАТЗОРИГ