Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: М.И - ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, М Д  ХХК -д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47,979,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.И , өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.И  нь өөрийн эхнэр агсан Дамдиндоржийн Энхболортой хамт Голомт банкнаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 89.000.000 төгрөгийн орон сууцны зээл авч ЗГ3635109419 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцны зээлийг авахдаа М Д д даатгуулж 1701000420/170300420 тоот даатгалын гэрээгээр амь нас болон эд хөрөнгийн даатгалд хамрагдсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр болон үндсэн зээлдэгч Д.Энхболор нь нас барсан.

Ийнхүү даатгуулагч нас барсан тул даатгалын гэрээнд заасны дагуу Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдлийн Д.Энхболорт холбогдох хэсгийг М Д  гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлт гарган холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн боловч М Д аас хариу ирүүлээгүй болно. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкнаас М Д д хандан 04/355 тоот Даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. М Д аас нөхөн төлбөр олгохтой холбоотойгоор хариу ирүүлэхгүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Дээрх бичгүүдийн хариу болгож 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М Д аас 18/711 тоот хариуг ирүүлсэн бөгөөд уг хариу нь “Даатгуулагч ходоодны хорт хавдараар нас нөгчсөн бөгөөд энэ нь нөхөн төлбөр олгохгүй тохиолдлын архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол гэсэн хэсэгт хамаарах тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна” гэсэн утгатай байсан.

Д.Энхболор нь хамгийн анх 2017 оны 10 дугаар сарын эхээр ходоодны хорт хавдартайгаа мэдсэн бөгөөд сар гаруйн хугацаанд өвчнөө эмчлүүлэхээр эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Гэтэл М Д аас нөхөн төлбөр олгохгүй байх шалтгаанаа талийгаачийн нас барсан шалтгаан нь гэрээнд заасан даатгалын эрсдэл биш гэж үзсэн байдаг.

Хууч өвчин гэдэг нь архагшиж тогтсон өвчинг хэлэх буюу урт хугацааны туршид тухайн өвчин нь эдгэхгүй удаан байсан нөхцөл байдлыг ойлгодог байна. Дээрхээс үзэхэд энэхүү нөхцөл байдал нь архаг хууч өвчин гэсэн ангилалд түүний өвчнийг оруулахгүй байх үндэслэл болж байна гэж үзэж байгаа тул нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Бид уг асуудлыг Даатгалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18/41 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 9/1941 тоот албан бичгээр “Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан уг шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд 1701000420/1703000420 тоот даатгалын гэрээний нөхөн төлбөрийн Д.Энхболорт холбогдох хэсэг болох 47.979.806 төгрөгийг М Д  ХХК-иас гаргуулж өгнө үү ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Д  ХХК-ийн зүгээс байгуулсан даатгалын гэрээгээр М.И  болон талийгаач Д.Энхболор нартай байгуулсан даатгалын гэрээний хувьд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж байгаа. Учир нь Голомт банк ХХК-иас санал болгож, М Д  ХХК-тай байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд 15 нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг зааж өгсөн. Даатгалын тохиолдлыг нэгт даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах, хоёрт гэнэтийн ослын улмаас зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасан байгаа.

Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүд болох 2.1-т заасан нөхцөлийг хангаж байна гэж үзэж байгаа. Энэ нөхцөлийг хангаж байна гэж үзээд М Д  ХХК-д иргэн М.И  хандахад даатгалын тохиолдол үүсээгүй байна, даатгал олгож болохгүй нөхцөл үүссэн байна гэж үзсэн. Ингээд түүний дагуу санхүүгийн зохицуулах хороонд хандахад адил хариу авсан учраас шүүхэд хандсан.

Хоёр үндсэн шалтгааны улмаас үүнийг бид даатгалын тохиолдол мөн байна гэж үзсэн. Нэгдүгээрт анхнаасаа байгуулсан гэрээний хувьд архаг хууч өвчиний улмаас нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Гэтэл гэрээний утга, чанар агуулгыг авч үзэхэд гэрээгээр юуг даатгаж байна вэ гэвэл иргэний амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтыг даатгаж байгаа. Гэтэл нэгэнт тухайн иргэн архаг хууч өвчтэй буюу хариуцагчийн тайлбарлаж буйгаар урт хугацаанд тус өвчин үүсэх жамынхаа хувьд удаан хугацаанд үүсдэг. Энэ хүнд өөрт нь зовиур, шаналгаатай байсан юм бол анхнаасаа ийм гэрээ байгуулах нөхцөл тухайн даатгуулагчид үүсэхгүй. Хэрэв архаг хууч өвчтэй байх юм бол даатгагч талаас ч тухайн нөхцөлийг хүлээж авахгүй. Тиймээс даатгалын мөн чанар агуулга нь эрүүл хүмүүстэй байгуулж байна гэх агуулгаар илэрдэг. Гэтэл гэрээний нөхцөлд архаг хууч өвчний улмаас нас барах юм бол даатгалын тохиолдолд тооцохгүй гэж заасан нь стандарт нөхцөл биш гэж үзэж байна.

Хоёрт тухайн өвчин архаг хууч мөн эсэх гэх асуудал тавьж байгаа. Бид нар 5 удаа шинжээч томилуулах гэж үзсэн. Шинжээчид бүгд буцаасан. Архаг хууч өвчнийг 3 агуулгаар тайлбарлаж байгаа.

Нэгт олон улсын өвчний ангилалд бүх төрлийн хорт хавдар үүсэх жамын хувьд архаг хууч өвчнөөр үүсэх гэх тодорхойлолт харагдахгүй байгаа. Хоёрт өвчний төрлүүдэд 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайд болон нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан 174/137 тоот тушаалын хавсралт 1-ийн 7.45-д бүх төрлийн хорт хавдар ердийн өвчний жагсаалтад орно гэж байгаа. Үүнээс харахад хорт хавдар нь ердийн өвчний ангилалд ордог.

Өвчин хоёр янз байгаа. Цочмог хурц, архаг хууч гэх хоёр шинжээр илэрдэг. Тухайн өвчнийг бид нар тодорхойлохдоо өвчтөнд ямар байдлаар илэрч, тухайн тохиолдолд хэрхэн гарч ирснийг анхаарч үзэх ёстой. Бидний хувьд Д.Энхболор нь өмнө нь ходоодны шархлаатай байсан, ходоод өвддөг гэх баримт талуудад байхгүй. 2017 оны 10 дугаар сард тус өвдөлт эхэлж, юу өвдсөнийг хайж, ходоодоо дурандуулахад ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон байна гэх дүгнэлт гарсан.

Тус нөхцөл юу баталж байна вэ гэвэл бидний даатгалын тохиолдолд дан ганц архаг өвчний тухай ярьж байгаа бол архаг өвчин нь удааширсан байх, тухайн хүн эцсийн шатандаа орсон байх гэх зүйл гарч ирнэ. Бидний маргааны тохиолдолд даатгалын гэрээнд архаг хууч өвчин гэх холбоо үгээр гарч ирсэн. Архаг хууч өвчний тухай эрүүл мэндийн салбарын тодорхойлсон томьёолол гарч ирэхгүй байна. Иймд үгийн утгын хувьд харахад хууч өвчин, архаг өвчин гэх ойлголтыг Монгол хэлний эх тайлбарт архагшиж тогтсон өвчнийг хэлэх буюу урт хугацааны туршид тухайн өвчин эдгэхгүй удаан байсан үе, үе сэдэрдэг өвчнийг ойлгоно гэж байгаа. Үүнийг шүүх үнэлэх эсэх нь шүүхийн итгэл үнэмшлийн асуудал байх. Ингээд дүгнэж хэлэхэд иргэн Д.Энхболорын тохиолдолд даатгалын гэрээнд заасан нөхөн олговор олгохгүй нөхцөлд архаг хууч өвчин гэх шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл өвчний тохиолдол архаг хууч өвчин биш гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.И оос М Д  ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээгээр даатгуулагч Д.Энхболорыг эрсдэлээс хамгаалсан. Зээлдэгч нь ходоодны хорт хавдараар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт нас барсан. Үүний улмаас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар манайд хүсэлт гаргасан. Нас барахад хүргэсэн шалтгаан болох ходоодны хорт хавдар нь архаг эмгэг өвчинд хамаарч байгаа тул даатгалын гэрээний 8.7-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Ингээд даатгуулагчийн төлөөлөгч энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн байгаа. Хавдар гэх өвчин архаг хууч өвчинд хамаарах эсэх нь маргааны зүйл болж байгаа. Шинжээч томилуулахаар олон удаа холбогдох байгууллагад хандсан боловч эмч, эмнэлгийн байгууллага дүгнэлт гаргахаас татгалзсан.

Хавдар гэх өвчин нь өөрөө хүн эс үржиж, хуваагдах, ялгарах зэрэг хэвийн үйл ажиллагааны бүтцээ бүрэн алдах, эсийн эмгэг, хэт ургалт байдаг. Манай даатгуулагч хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шинжилгээгээр 4 дүгээр үетэй гэж тодорхойлсон байдаг. Энэ нь хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчин ургасан, 15-аас дээш тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн гэж байгаа. Тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн гэдэг нь даатгуулагчийн өвчин архаг буюу архаг хууч өвчинд хамаарахаар эцсийн шатандаа тулсан байх тул энэхүү тайлбарыг гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.И  нь хариуцагч М Д  ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47.979.806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь даатгалын гэрээний 8.7-д зааснаар ходоодны хорт хавдар нь архаг хууч өвчинд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч М.И , Д.Энхболор нар нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”-г “Голомт банк” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь 89.000.000 төгрөгийн зээл олгожээ.

 

            Худалдан авсан орон сууцны зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор М.И , Д.Энхболор нар нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701000421, 1703000421 тоот гэрээ”-г “М Д ” ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 89.000.000 төгрөгөөр үнэлж, хураамжид 213.828 төгрөгийг төлжээ. /хх-ийн 30 дахь тал/

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээх тус тус хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн,  бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гэрээний хугацаанд буюу 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдөр даатгуулагч Д.Энхболор нь эмнэлэгт ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барснаар зээлийн даатгалын гэрээний 8-д заасан даатгалын тохиолдол бий болжээ.

 

Нэхэмжлэгч М.И  нь даатгуулагч Д.Энхболорын нөхөр болох нь  гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хууль ёсны өвлөгч гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч М Д  ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч М.И  нь даатгалын гэрээний тохиолдол бий болсон тул нөхөн төлбөрт Голомт банкны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/355 дугаар “Даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх тухай” албан бичигт дурдсан “...зээлийн үлдэгдэл төлбөр 87.014.519 төгрөгийн 55,14 хувь болох 47.979.806  төгрөг /Д.Энхболорт ногдох хувь/-ийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч М Д  ХХК нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан “архаг хууч өвчин орохгүй” гэж заасныг үндэслэн даатгуулагч архаг хууч өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

             2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ходоодны хорт хавдар оношлогдож, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яаралтай журмаар ходоод тайрах мэс засалд орсон ба мэс засал эмчилгээний дараа олон эрхтний дутагдалд орж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан гэх Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн удирдагч Я.Эрдэнэ-Очирын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

 

            Тодруулбал, ходоодны хор хавдар өвчний улмаас хагалгаанд орж, олон эрхтний дутагдалд орсон нас барсан шалтгаан байх бөгөөд олон эрхтний дутагдал эмгэгийн мэс заслын эмчилгээний дараа гарах гэнэтийн хүндрэл бөгөөд уг өвчин, эмгэгээр өмнө эмнэлэгт эмчлүүлэн зөвлөгөө авч байсан байдал баримтаар нотлогдохгүй тул даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан “архаг хууч өвчин”-нд хамааруулах боломжгүй байна.

 

Даатгуулагч Д.Энхболорын нас барсан шалтгааныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, эмчийн тодорхойлолт зэргийг харьцуулан үзэхэд даатгалын гэрээний 8-д заасан “...өвчний...” улмаас нас барсан болох нь нотлогдож байх тул даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Даатгуулагч нас барснаар даатгалын тохиолдол шууд бий болно, харин даатгуулагчийн  нас барсан шалтгаан нь даатгалын хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой.

 

Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ нь даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тооцох тул хохирлыг нотлох ажиллагаа хийх шаардлагагүй юм.

 

Даатгуулагч Д.Энхболор нь орон сууцны зээлийн гэрээний дагуу түүнд ногдох хэсэг 87.014.519 төгрөгийн 55,14 хувь болох 47.979.806  төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь Голомт банк ХХК-ийн бичгийн баримтаар тогтоогдож байна. /Талууд нөхөн төлбөрийн тооцоололд маргаагүй болно/.

 

Иймд хариуцагч М Д  ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 47.979.806  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.И од олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан М Д  ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 47.979.806  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.И од олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.