Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00813

 

М.Идэрболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23ы өдрийн 181Ш2019/01211 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08ы өдрийн 1306 дугаар магадлалтай,

М.Идэрболдын нэхэмжлэлтэй,

Мандал даатгал ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47.979.806 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Идэрболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Идэрболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие эхнэр болох Д.Энхболортой хамт Голомт банк ХХК-аас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 89.000.000 төгрөгийн орон сууцны зээл авч ЗГ3635109419 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцны зээлийг авахдаа Мандал даатгал ХХК-д даатгуулж 1701000420/170300420 тоот даатгалын гэрээгээр амь нас болон эд хөрөнгийн даатгалд хамрагдсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр болох үндсэн зээлдэгч Д.Энхболор нь нас барсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мандал даатгал ХХК-аас 18/711 тоот албан бичгээр Даатгуулагч ходоодны хорт хавдраар нас нөгчсөн бөгөөд энэ нь нөхөн төлбөр олгохгүй тохиолдлын архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол гэсэн хэсэгт хамаарах тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн. Гэрээний хувьд архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Гэтэл гэрээний утга, чанар агуулгыг авч үзэхэд гэрээгээр юуг даатгаж байна вэ гэвэл иргэний амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтыг даатгаж байгаа. Гэтэл нэгэнт тухайн иргэн архаг хууч өвчтэй буюу хариуцагчийн тайлбарлаж буйгаар урт хугацаанд тус өвчин үүсэх жамынхаа хувьд удаан хугацаанд үүсдэг. 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайд болон нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан 174/137 тоот тушаалын хавсралт 1-ийн 7.45-д бүх төрлийн хорт хавдар ердийн өвчний жагсаалтад орно гэж байгаа. Үүнээс харахад хорт хавдар нь ердийн өвчний ангилалд ордог. Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан асуудлыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 18/41 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 9/1941 тоот албан бичгээр Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 1701000420/1703000420 тоот даатгалын гэрээний нөхөн төлбөрийн Д.Энхболорт холбогдох хэсэг болох 47.979.806 төгрөгийг Мандал даатгал ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мандал даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы шүүхэд гаргасан тайлбарт: ...Орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээгээр даатгуулагч Д.Энхболорыг эрсдэлээс хамгаалсан. Зээлдэгчийг нас барахад хүргэсэн шалтгаан болох ходоодны хорт хавдар нь архаг эмгэг өвчинд хамаарч байгаа тул даатгалын гэрээний 8.7-д заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Хавдар гэх өвчин архаг хууч өвчинд хамаарах эсэх нь маргааны зүйл болж байгаа. Даатгуулагчийн өвчин архаг буюу архаг хууч өвчинд хамаарахаар эцсийн шатандаа тулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01211 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан Мандал даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 47.979.806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Идэрболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08ы өдрийн 1306 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Даатгалын гэрээний 2-р зүйлд гэрээний эрсдэлийг дараах байдлаар заасан байгаа. Үүнд: 2. Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал 2.1-т Даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах. Өвчин гэх ойлголт нь тодорхой шалтгааны нөлөөллөөр үүсч, тодорхой эмгэг жамаар хөгжиж, өвөрмөц шинж тэмдгийн цогцоор илрэх эрүүл мэндийн хэвийн бус байдал байдаг. Дэлхий дээр тоолж баршгүй олон нэр төрлийн өвчин эмгэг байдаг. Гэвч даатгалын гэрээгээр энэ бүх өвчний улмаас үүдэх хохирлыг хамгаалах боломжгүй байдаг тул ядаж гэнэт хүрэх өвчний улмаас үүдэх хохирлыг хамгаалахаар гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдэлийг авсан. Амь насаа алдах, үхэл гэх ойлголт нь амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргэлтгүйгээр зогсож, нэг биеийн амьдрал төгсөх байдлыг хэлэх бөгөөд янз бүрийн шалтгаан нөхцөл, өвчин эмгэгийн улмаас үүсэх боломжтой. Тэдгээр шалтгаан нөхцлүүдээс зөвхөн гэнэтийн осол, гэнэтийн өвчний нас барах тохиолдол нь манай гэрээний эрсдэл болно. Гэвч даатгуулагч Д.Энхболорын нас барсан шууд шалтгаан болох ходоодны хорт хавдар нь манай даатгалын гэрээний хугацаанд оношлогдсон боловч хавдрын хожуу үе шат /4-р үе/, элэг болон 17 ширхэг тунгалгийн булчирхайд үсэрхийлсэн байснаар даатгалын гэрээний 8 дугаар зүйл гэнэтийн ослын даатгалын хамгаалалт хэсгийн Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд хэсгийн 7-д Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол гэж заасантай хорт хавдар үүсэх шалтгаан, үе шатуудаар тухайн эмгэг нь архаг эмгэгт хамаарч байхад шүүх өвчний улмаас нас барсан нь тогтоогдож байх тул хариуцагч байгууллагаас нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй юм. Учир нь Анхан шатны шүүхийн нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь дүгнээгүй даатгуулагчийн нас барсан шалтгааныг өвчний улмаас гэж дүгнэж шийдвэрлэсэн нь тухайн тохиолдол даатгалын гэрээний хамаарахгүй эрсдэлд хамаарсаар байтал хариуцагч талын тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Идэрболд хариуцагч Мандал даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 47.979.806 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Идэрболд, түүний эхнэр Д.Энхболор нар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор Голомт банк ХХК-с 89.000.000 төгрөг зээлж, улмаар орон сууцыг болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалахаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг Мандал Даатгал ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, хураамжид 213.828 төгрөгийг төлсөн байна. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Д.Энхболор 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдөр ходоодны хорт хавдар өвчний улмаас нас барсан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч М.Идэрболд Мандал даатгал ХХК-д хандахад тус компани нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан тухай гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж, зохих хариу авчээ.

М.Идэрболд, Д.Энхболор нар нь Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус банкны өмнө хүлээх хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд харин Мандал даатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээгээр даатгуулагч буюу хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид байна. Иймээс даатгалын гэрээний 2.1, 2.2-т зааснаар М.Идэрболд, Д.Энхболор нарын хэн аль нь гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдол бүр нь даатгалын гэрээний зүйл болно.

Талийгаач Д.Энхболорын ходоодны хорт хавдар өвчин 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оношлогдож, тэрээр 10 дугаар сарын 18-ны өдөр яаралтай журмаар мэс засалд орж, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан ба түүнийг үхэлд хүргэсэн уг өвчнийг архаг хууч өвчин гэж үзэх эсэх, хариуцагч даатгалын гэрээний 8.7-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ нь дээрх зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Учир нь Мандал даатгал ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж, энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог нь тогтоогджээ.

Гэнэтийн осол, өвчин-ий  улмаас  нас барах  нь даатгагдсан зүйл ба гэрээний 8.7-д архаг хууч өвчний улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан боловч гэнэтийн өвчлөл, эсхүл архаг хууч өвчин-ий аль алины жагсаалтыг талууд гэрээнд тодорхой зааж тохиролцоогүй байна. Д.Энхболор нь ходоодны хорт хавдар өвчнөөр хожим оношлогдож, уг өвчин түүнийг үхэлд хүргэсэн нь гэнэтийн өвчлөл-ийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна гэрээний энэ нөхцлийн утга санаа ойлгомжгүй байх тул даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасныг зөрчихгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Идэрболд Д.Энхболорын өв залгамжлагчийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч Мандал Даатгал ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Харин тэрээр хамтран зээлдэгч тул зээлийн үлдэгдэл төлбөр 87.014.519 төгрөгийн Д.Энхболорт ногдох хэсэг гэж 47.979.806 төгрөгийг нөхөн төлбөрт шаардсан бөгөөд шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцжээ.

 Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23ы өдрийн 181Ш2019/01211 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08ы өдрийн 1306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Мандал даатгал ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 397.850 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ