Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/00067

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/00067

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

 Үндэслэлгүйгээр авсан 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

/ Хариуцагч Э.У шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

 Нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Э.У холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Э намайг Э.У нь Наадам центрийн 3-р давхарт байдаг оффис дээр хүрээд ир чамтай уулзах хэрэг байна гээд миний бие 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр У оффист очиж уулзтал К гээд ашгаа өгдөг газар байна чи надад итгэ гэж ятгаад өөрийн хүү Я **********тоот дансруу 3 500 000 төгрөг хийлгэсэн. Миний бие тухай үед Э.Уад нэг нутгийн эмэгтэй болохоор нь итгэж найдаад түүний өгсөн хүү Я Хаан банкны **********тоот дансруу мөнгө шилжүүлсэн. Үүний дараа холбоо барихгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сараас хойш холбоо барихаар утас руу залгатал утсыг маань авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байгаа болно. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Э.Уас 3 500 000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э овогтой У миний бие 2022 оны 05-р сарын 19-ний өдөр иргэн Б.Этай Наадам центр дотор дэлгүүрээр явж байхдаа тааралдаж ойр зуур юм ярингаа МN товерт байрлах манай нөхрийн найзуудын түр байрлаж байсан офисст хамтдаа орж ирлээ. Тэр үед миний танил найз Д.О Туркэд 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар ярилцахад Э нь тэр талаар сонирхож асуусны үндсэн дээр тухайн дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. Иймд би нэгдүгээрт иргэн Эгийн нэхэмжлэл дээр дурьдсан байгаагаар хүрээд ир чамтай уулзах хэрэг байна гэж дуудсан гэсэн худал мэдээллийг үгүйсгэж байна. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр би Эгийн дугаар луу миний дугаараас дуудлага сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд нэг ч залгасан тохиолдол байхгүй гэдгээр дуудаж үгүй нь нотлогдож, зүгээр тааралдсан. Харин Э нь зарах бэлэн сүлжээний бараа бүтээгдэхүүнтэй явж байсан тул манай найз бид 2 Эгаас худалдан авалт хийсэн. Өөрөө ч олон янзын сүлжээний бараа бүтээгдэхүүнээ зарах сонирхолтой, офисст дагаж ирсэн нь ойлгомжтой байсан. Хоёрдугаарт тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн Европоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1000 евротой тэнцэх төгрөгийг YSDTE олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу иргэн Эгийн нэр дээр ID код-той картын дансанд хөрвүүлэн шилжүүлэж байршлуулж өгсөн болно. Товчхон хэлэхэд худалдан авалт хийхэд төгрөгийн данснаас шууд дэлгүүрийн данс руу шилжүүлэг хийх боломжгүй тул валют арилжаанаасаа манай хүүгээр шилжүүлж дэлгүүрийн дансанд Евро болгож шилжүүлэн байршуулсан. гуравдугаарт 8 дугаар сараас хойш утас руу залгах болон мессэж бичихээр хариу өгөхгүй байна гэдэг нь бас худал гүтгэлэг. Энэ нь ч бас нотлогдох боломжтой. Мөн чатаар хамгийн сүүлд 9 дүгээр сарын 11-нд хариу тайлбар бичихэд ахин дахин бүдүүлэг үг, хэллэгээр дайрч давшлаад доромжлоод байхаар нь хариу ахин бичилцээгүй болно. Би ч тэр 3 500 000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй. Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд Евро болгон шилжүүлэг хийж өгсөн гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-4/

 

4. Хариуцагчаас теллеграмм дахь мессежийн зураг зэргийг ирүүлсэн./хх-ийн 13-16/

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Т.Я **********тоот дансны 2022.05.19-ний өдрөөс 2022.05.20-ны өдрийн гүйлгээний хуулгыг гаргуулж хэрэгт хавсаргав. /хх-ийн 29-30/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Уянгыг оффист ояиж уулзтал Сгээд ашгаа өгдөг газар байна ч надад итгэ гэж ятгаад өөрийн хүү Я **********тоот данс руу 3 500 000 төгрөг хийлгэсэн. Миний бие тухайн үед Э.Уянгаад нэг нутгийн эмэгтэй болохоор нь итгэж найдаад мөнгөө өгсөн... гэж тайлбарлав.

3. Хариуцагч тал Миний бие 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Этай Наадам центр дотор дэлгүүрээр явж байхдаа тааралдаж ойр зуурын юм ярингаа манай нөхрийн түр байрлаж байсан оффисст хамтдаа очсон. Тэр үед миний танил найз Д.О Т 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар ярилцахад Э нь тэр талаар сонирхож асуусны үндсэн дээр тухай дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. Тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн Еврогоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1000 евротой тэнцэх төгрөгийг USDTE олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу Эгийн нэр дээр ID кодтой картын дансанд хөрвүүлэн шилжүүлж байршуулж өгсөн. Би ч гэсэн 3 500 000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй.Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд Евро болгон шилжүүлэг хийж өгсөн...гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч Н.Дын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Э.У 3 500 000 төгрөгийг, түүний хаан банкны **********тоот данс руу шилжүүлж өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 30/

Дээрх мөнгийг хариуцагч Э.Уянгын хүү Т.Я Хаан банк дахь **********тоот данс руу шилжүүлсэн талаарх асуудлаар талууд маргаагүй ба хариуцагч дээрх мөнгийг хүүгээ гуйж 1000 евротой тэнцэх төгрөгийгU олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу Эгийн нэр дээр ID кодтой картын дансанд хөрвүүлэн шилжүүлж байршуулж өгсөн гэж тайлбарласан.

5. Харин хариуцагч Э.У нь 3 500 000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд Евро болгож шилжүүлэн байршуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүйгээс гадна нотолж чадахгүй байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.У шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Уянгаас 3 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У улсын тэмдэгтийн хураамжинд 70 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ