Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00096

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Тахимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00518 дугаар магадлалтай,

Б.Эгийн нэхэмжлэлтэй

Э.Уд холбогдох

3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Уд холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Уас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00518 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Э.Уд холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь дараах баримтуудаар илэрч байгаа болно. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн эд хөрөнгө нэмэгдсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч СЖкомпанид шилжүүлэхээр 3,500,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, үүнийг хариуцагч нь дээрх дансууд руу шилжүүлсэн байх тул уг мөнгийг шаардах боломжгүй” гэж тайлбарласан гэтэл хариуцагч нь 2022.05.19-ний өдөр 3,500,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авснаар эд хөрөнгө нь нэмэгдэж байна. Хариуцагч нь давж заалдах гомдолд “... нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөг өнөөдрийг хүртэл К компанийн дансанд байгаа...” гэж тайлбарладаг боловч тэр мөнгө нь нэхэмжлэгчийн мөнгө эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь захиран зарцуулах эрхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй “Cancri” гэх цахим сайтын зураг хавсаргасан байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг хүлээн авсан эсэх тал дээр маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь К гэх компанийн дансанд биш Э.У-ын хүү Ялгууны ******* тоот дансруу шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу өөрөөр хэлбэл шаардах эрхгүй гэж тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт зааснаар шаардаж болохгүй тохиолдолд хамаарахгүй байна.

4.3. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдал, харилцаанд буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Тухайлбал: Хавтаст хэргийн 4 болон 31-р талд авагдсан хариуцагч Э.У-ын хүү болох Т.Яы дансны хуулгаар 3,500,000 төгрөг шилжин орсон болох нь нотлогддог. Тухайн мөнгөнөөс 2,600,000 төгрөгийг Т гэх гүйлгээний утгатайгаар 001820004526 гэх данс руу шилжүүлсэн байна. 001820004526 тоот данс нь хэний ямар учиртай данс болох талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байх бөгөөд зөвхөн хариуцагчийн тайлбараар тухайн 2,600,000 төгрөгийг намайг авсан гэж үзэх ямар ч боломжгүй юм. Мөн хэрэв 2,600,000 төгрөгийг би авсан бол үлдэгдэл 900,000 төгрөгийг яах талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт огт өгөөгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/000580 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Эгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

7. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Уд холбогдуулан 3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... би 2022.05.19-ний өдөр У-ын оффист очиж уулзтал “... К гээд ашиг өгдөг газар байна чи надад итгэ” гэж ятгаад өөрийн хүү Т.Яы ******* тоот дансруу 3,500,000 төгрөг хийлгэсэн. ... Үүний дараа холбоо барихгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сараас хойш утас руу залгатал утсаа авахгүй, зурваст хариу өгөхгүй байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Туркэд 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар танил найз Д.Отай ярилцсан. ... Б.Э нь тэр талаар сонирхож асуухад дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. .... тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн еврогоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1000 евротой тэнцэх төгрөгийг USDTE олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэн. Үүний дагуу иргэн Б.Эгийн нэр дээр ID кодтой картын дансанд ... байршуулж өгсөн болно. ... 3,500,000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй. Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд евро болгон шилжүүлэг хийж өгсөн.” гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Б.Э нь 2022.05.19-ний өдөр хариуцагч Э.Уд 3,500,000 төгрөгийг, түүний Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлж өгсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. ... хариуцагч Э.У нь 3,500,000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд евро болгож шилжүүлэн байршуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, нотолж чадахгүй байна. ... талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Уас 3,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн эд хөрөнгө нэмэгдсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч “СЖ” компанид шилжүүлүүлхээр 3,500,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, үүнийг хариуцагч нь дээрх дансууд руу шилжүүлсэн байх тул уг мөнгийг шаардах боломжгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... 2022.05.19-ний өдөр 3,500,000 төгрөгийг хүүгийнхээ дансаар дамжуулан авснаар хариуцагчийн эд хөрөнгө нь нэмэгдэж байна гэсэн үг, ... энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь буруу” гэж дурджээ. Зохигчид Турк улс дахь үнэт эдлэлийн онлайн худалдааны талаар ярилцсан, улмаар хариуцагчийн утасны дугаараар нэвтрэх нэр үүсгэн дэлгүүрийн сүлжээнд аккаунт нээсэн, энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч Э.У-ын хүү Т.Яы дансанд 3,500,000 төгрөг шилжүүлж, 1000 еврод хөрвүүлэх үйлдэл хийгдсэн үйл баримтуудын тухайд адил агуулга бүхий нэхэмжлэл, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Улмаар хэрэгт нэхэмжлэгчийн утасны дугаараар нэвтрэх нэр үүсгэсэн онлайн дэлгүүрийн аккаунтын мэдээллийг хариуцагч хариу тайлбартаа хавсарган шүүхэд ирүүлсэн байх ба эдгээр баримтад зохих журмын дагуу үзлэг хийж бэхжүүлэх хүсэлт гаргах эсэх талаар зохигчоос тодруулах ажиллагааг шүүх хийсэнгүй. Нэгэнт хэргийн зохигчоос өөрийн татгалзал, тайлбараа дэмжин ирүүлсэн баримтын талаар шүүх санаачилгаар тодруулах, эдгээр баримт хэргийн нөхцөл байдалд нөлөөлж болох эсэхийг магадлан анхаарах нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд харшлахгүй.

Хувийн мэдээллээрээ нэвтрэх нэр, нууц үг үүсгэсэн зорилго, аккаунт ашиглалтын байдлыг тодруулж, хувийн болон бусад зорилгоор онлайн худалдан авалт хийсэн эсэх, худалдан авалтад зуучилсан, төлөөлсөн, хамтарсан үйлдэл бий эсэх, эсхүл бусдад мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх харилцаа үүссэн эсэх, эсхүл огт үндэслэлгүй мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн эсэх, эсхүл мөнгө шилжүүлсэн үндэслэл хожим дуусгавар болсон эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоож, үйл баримт, шалтгааныг тодорхойлон эрх зүйн харилцааг дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцээгүй байх ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй байна.

12. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг тодруулж, эрх зүйн харилцааг тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00518 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.21-ний өдөр төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД