Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00518

 

 

 

  2023             03             10                                   210/МА2023/00518

 

 Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.У-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Э.У-тай наадам центрийн 3 дугаар давхарт байрлах оффист 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр очиж уулзахад Канкри гээд ашгаа өгдөг газар байна надад итгэ гэж ятгасан. Тухайн үед нэг нутгийн хүмүүс болохоор итгэж түүний хүү Т.Я-ны 5069308769 тоот дансанд 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлсэний дараа холбоогүй байж байгаад 2022 оны 08 дугаар сард утсаар холбогдох гэтэл утсаа аваагүй, зурвас бичихээр хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Э-тай наадам центр дотор тааралдаж МN товерт байрлах манай нөхрийн найзын түр байрлаж байсан оффисст очсон. Тухайн үед 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар ярилцахад Б.Э сонирхож асуусан учир тус дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. Харин Б.Э нь худалдах сүлжээний бараа бүтээгдэхүүнтэй явж байсан тул манай найз, бид хоёр худалдан авалт хийсэн. Тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн европоор шилжүүлэг хийдэг тул өөрийн хүүг гуйж 1000 евротой тэнцэх төгрөгийг YSDTE олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох Канкри компанийн дансанд шилжүүлж Б.Э-гийн нэр дээр ID кодтой картын данс хөрвүүлэн шилжүүлж байршуулсан. 2022 оны 8 дугаар сараас хойш утсаар холбогдоогүй гэх худал тайлбар гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүдүүлэг үг хэллэгээр дайрч, доромжилсон тул хариу бичээгүй. 3,500,000 төгрөгийг хувьдаа авч ашиглаагүй, үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд евро болгон шилжүүлэг хийж өгсөн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э.У-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-ас улсын тэмдэгтийн хураамжинд 70,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

          4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч тухайн бизнест өөрөө орохыг хүссэн бөгөөд еврогоор шилжүүлэг хийх дансгүй байсан тул манай хүүгээр дамжуулан Канкри компанийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Үүнийг нотлох үүднээс өөрийн хүү Т.Я-ны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөг өнөөдрийг хүртэл Канкри компанийн дансанд байгаа. Нэхэмжлэгч өөрийн цахим ID, дансаар мөнгөн гүйлгээ болон худалдан авсан бараагаа хянах бүрэн боломжтой байхад дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж тул давж заалдах гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Канкри компанийн ID код хэвийн ажиллаж байгаа бол дээрх мөнгийг яагаад гаргаад өгч болохгүй байгаа вэ? Цахим сүлжээ болон өөрийн фейсбүүк хаягаар Канкрикомпанийн хохирогчид гэсэн группэд нэгдсэн. Мөн фэйсбүүк хаягаар зурвас бичихэд намайг блоколсон байсан. Иймд залилангийн шинжтэй гэж үзэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын агуулгын хүрээнд хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2. Нэхэмжлэгч Б.Э-гаас хариуцагч Э.У-д холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчээс “Э.У нь “Канкри” гээд ашгаа өгдөг газар байна гэж ятгаад өөрийн хүү н.Ялгууны данс руу 3,500,000 төгрөг хийлгэсэн. Иймд Э.У-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “Туркд байдаг үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн еврогоор шилжүүлэг хийдэг учраас би хүүгээ гуйж 1,000 евротой тэнцэх төгрөгийг олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох “Канкри” компанийн дансанд шилжүүлж өгсөн. Би 3,500,000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй” гэжээ.

3. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласнаас хамаарч шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн санал болгосноор Cancri Jewerly компанийн маркетингийг ашиглан ашиг олох зорилгоор 3,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг тухайн компанийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан өөрийн хүү Т.Ялгууны депозит  дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Уг дансны хуулгаас үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр 001820004526 тоот болон 5113021788 тоот данс руу 3,247,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгджээ. Энэ нотлох баримтыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй байна. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь уг мөнгийг буцаан шаардах боломжгүй юм. 

Гэтэл шүүх “... хариуцагч Э.У нь 3,500,000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд евро болгож шилжүүлэн байршуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаархи баримтыг ирүүлээгүйгээс гадна нотолж чадахгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн эд хөрөнгө нэмэгдсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч Cancri Jewerly компанид шилжүүлүүлэхээр 3,500,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, үүнийг хариуцагч нь дээрх дансууд руу шилжүүлсэн байх тул уг мөнгийг шаардах боломжгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.   

4. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Э.У-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

        ШҮҮГЧИД                                М.БАЯСГАЛАН

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН