Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

 

 

 

                                    “Э Э П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Э Э П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Д-, Ц.Д- нарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1 400 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 39 500 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э Э П” ХХК-ийн төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, өмгөөлөгч Г.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э Э П” ХХК нь иргэн Ц.Д-тэй 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10/12 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-17041, ХД- 67 дугаар байрны 12 тоот 54 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь уг байрыг хүлээн авч өөрийн ээж болох Ш.Д-ыг оруулсан боловч гэрээний үүргийн дагуу урьдчилгаа 18 000 000 төгрөгийг төлсөн ч гэрээний үлдэгдэл болох 42 170 000 төгрөгийг төлөөгүй учир тус компанийн зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг орон сууцыг чөлөөлүүлсэн. Гэтэл худалдан авагч Ц.Д- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс шийдвэр гарч талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагчид урьдчилгаа 18 000 000 төгрөгийг “Э Э П” ХХК-иас буцаан гаргуулахаар шийдвэрлэж талууд гэрээнээс татгалзсан, хариуцагч нь байрыг чөлөөлж өгөлгүй 79 сарын хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын орон сууцыг ашигласан тул зах зээлийн ханшаар уг орон сууцыг бусдад түрээслүүлэхэд сард 500 000 төгрөг байхаар тооцож, хариуцагчийг 39 500 000 төгрөгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч компани 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Их мөрөн цамхаг” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийн засвар үйлчилгээг тус орон сууцанд хийж гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Ш.Д- нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу 1 400 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Ц.Д-гээс 42 500 000 төгрөг, хариуцагч Ш.Д-оос 1 400 000 төгрөг, нийт 43 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д-, Ш.Д- нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Д- нь 88 настай өндөр насны тэтгэвэрт тал харвасан эмнэлгийн хяналт хүүхдүүдийнхээ асрамжид байдаг. Түүний хүү Д.Ганбат маань Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр 17014, Туул голын гудамж ХД-67 байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг худалдан аваад 2012 оны 12 дугаар сард ээж Долгорыг орон сууцандаа түр оруулсан. Хүүхдүүд нь уг байрны урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож байсан. Би хүний дэмжлэггүйгээр гадаа гарч явж чаддаггүй тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Ш.Д- надаас шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1 400 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй надад төлбөр төлөх чадвар байхгүй, мөн компани өөрөө сайн дураараа гүйцэтгэлийн урамшууллын мөнгийг өгсөн учраас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Дуламсүрэнгийн нөхөр Д.Ганбат нь 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Напока” ХХК-тай 1012 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаа 30 хувь болох 18 000 000 төгрөгийг төлж үлдэх 70 хувь 41 170 000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Гэтэл “Напока” ХХК нь санхүүжилтгүй болсон гээд “Эм эй пи” ХХК нь гэрээгээ шинэчлэх хэрэгтэй гэхэд мөн Д.Ганбатын нэр дээр зээл гарах боломжгүй болсон тул Ц.Д- надтай гэрээ байгуулсан. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүрийг авч хадам ээж Ш.Д-ыг байрандаа оруулсан. Гэрээнд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ бэлэн болмогц өмчлөлийг шилжүүлэн авч улмаар зээлд хамрагдан үлдэгдэл 42 170 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл “Э Э П” ХХК нь надад мэдэгдэлгүй компанийнхаа нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авчихаад хадам ээж Ш.Д-ыг орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хадам ээж Ш.Д-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс албадан нүүлгэн гаргасан тул “Э Э П” ХХК нь гэрээний зүйл болох орон сууцаа эргүүлэн авсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 18 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 3252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 517 магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 959 тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд хариуцагч “Э Э П” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардаагүй болохыг дүгнэсэн байгаа. “Э Э П” ХХК нь 2011 оны 1 дүгээр сараас эхлэн 79 сарын хугацаанд үнэ төлбөргүй орон сууцыг ашигласан гэжээ. Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгч Ц.Д- надад орон сууцны зөвшөөрлийг өгсөн нь манай өмч болно гэж итгэж амьдарч байсан түүнээс хууль бусаар амьдраагүй орон сууцны талбайн хөлс, цахилгаан хэрэглэсэн төлбөрийг төлж байсан. Үлдэгдэл орон сууцны төлбөрийг төлье гэхэд зөвшөөрөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д-оос 1 400 000 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс 11 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э Э П” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 31 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Э П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг, хариуцагч Ц.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 176 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э Э П” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ганболд давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 тоот шийдвэр гарсан хугацаанаас орон сууцыг албадан чөлөөлсөн хугацаа болох 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг тооцож нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэж үзэж байгаа бол гэрээ байгуулсан цаг хугацаа болон гэрээний үр дагавар хэрэгжсэн хугацаа буюу орон сууцыг хүлээн авсан хугацаанаас хохирлыг тооцох ёстой. Хариуцагч Ц.Д- нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээн авч, уг орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашигласан болохыг шүүхээс тогтоосон. Уг хугацаа нь нэхэмжлэгчийн зүгээс "Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу хүлээлгэн өгсөн орон сууцнаас ашиг олох боломжит хугацаа буюу хохирол учирсан нийт хугацаа юм. Тодруулбал 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 56 сарын хугацаанд хариуцагч үнэ төлбөргүйгээр ашигласан. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх хохирлыг 22 сарын хугацаагаар бус 56 сарын хугацаагаар тооцох нь зөв байна. Анхан шатны шүүх хариуцагч нар болох Ц.Д-, Ш.Д- нарыг уг орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа "Хариуцагч 22 сар амьдарсан талаар маргаагүй" гэж дүгнэлт өгч байгааг ойлгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нийт 56 сарын буюу 5 жил гаруй хугацаанд уг орон сууцыг ашигласан. Нэхэмжлэгчийн зүгээс "Улсын комисст хүлээлгэн өгсөн" "ШИНЭ ОРОН СУУЦ"-г 2012 онд хариуцагч Ц.Д-д хүлээлгэн өгсөн. Уг шинэ орон сууцыг хариуцагч нар нь 56 сар ашиглахад анх хүлээлгэн өгсөн "ШИНЭ ОРОН СУУЦ"-ыг буцааж өгөөгүй болох нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, 5 жил ашигласан, хуучин орон сууцыг зарж борлуулахад нэхэмжлэгчид алдагдалтай учир засвар үйлчилгээ хийх нь нотлох шаардлагагүй илэрхий баримт юм. Түүнчлэн, хавтаст хэрэгт нэхэмжлэгч “Э Э П” ХХК-ийн зүгээс хариуцагч нараас орон сууцыг хүлээн авсан даруйд "Их Мөрөн Цамхаг" ХХК-тай "Засвар үйлчилгээ хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, улмаар ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс уг зардал гарах шаардлагагүй байсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, улмаар гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм. Гэтэл шүүхийн зүгээс дахин ямар баримт шаардаад байгаа нь ойлгомжгүйгээр "Нэхэмжлэгчийг нотлоогүй" гэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуулийг буруу хэрэглэж, нэг талыг барьж хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Э Э П” ХХК нь хариуцагч Ц.Д-гээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй 39 500 000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардлага гаргасан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талыг барьж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь Орон сууцны үнэ буурч алдагдалтай байсан гэх үндэслэл байхгүй харин ч илүү үнээр худалдан борлуулах боломжтой байхад зайлшгүй орох ёстой орлого байсан гэж үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гаргуулсанд гомдолтой байна. Шүүхээс хариуцагч Ш.Д-оос нэхэмжлэгч “Э Э П” ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулж, дээрх гэрээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт (хуучин хуулийн) Хууль зүйн Сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот журамд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын 7 хувиар тооцож төлсөн болох нь тогтоогдож байна гээд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учруулсан бодит хохиролд тооцон 1 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (хуучин) 118 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зайлшгүй гарах зардалд эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах тээвэрлэх, шилжүүлэх худалдан борлуулах, эрэн сурвалжлах илгээмж, шуудан холбоо гэх мэт шууд зардалд суутгана гэсэн байхад урамшууллын зардал гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх урамшууллын зардал нь Хууль зүйн яамны сайдын 181 дүгээр тушаалд заасан журмын 3.2-д зааснаар төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд үл хамаарна гэсэн нь зөвхөн шийдвэр гүйцэтгэгчид тохиролцсоноор урамшуулал өгсөн байхад эд хөрөнгөд хохирол учирсан бодит хохирол гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Э Э П” ХХК нь хариуцагч Ш.Д-, Ц.Д- нарт холбогдуулан Ш.Д-оос шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд 1 400 000 төгрөг, Ц.Д-гээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 39 500 000 төгрөг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч бусдын орон сууцыг 79 сарын хугацаанд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Э Э П” ХХК нь хариуцагч Ц.Д-тэй 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10/12 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Э Э П” ХХК Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 17041, ХД 67 дугаар байрны 12 тоот 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар барих, захиалагч тал буюу Ц.Д- 60 170 000 төгрөгийг төлөх, нийт төлбөрийн 70 % буюу 42 170 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гармагц банкны зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Зохигчид орон сууцны урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 30 % болох 18 000 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч байгууллага орон сууцыг 2011 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр ашиглалтад оруулсан, хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан талаар мараагүй. /хх 8-11 дүгээр тал/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 17041, ХД 67 дугаар байрны 12 тоот 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ш.Д-оос албадан гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 190/73 тоот тогтоолоор орон сууцыг Ш.Д-оос чөлөөлж Ц.Д-д хүлээлгэн өгсөн байна.

 /хх 23 дугаар тал/

            Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэрээр “Э Э П” ХХК-аас 18 000 000 төгрөг гаргуулж Ц.Д-д олгохоор шийдвэрлэж, дээрх шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 959 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.

 

            Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээний дагуу хариуцагч тухайн орон сууцыг эзэмшиж байсан, тэдний хооронд үүссэн гэрээний зөрчлийн маргаан нь Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 959 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсныг талууд маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “... нэхэмжлэгч Ц.Д- 79 сарын хугацаанд бусдын орон сууцыг хууль бусаар эзэмшсэнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн үндэслэл заасан байх ба зохигчдын 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг шилжүүлсэн, хариуцагч орон сууцны зээл авч чадаагүйгээс гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байгаагаас үзэхэд нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад байх ёстой хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, хариуцагчид ашиг, давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Улсын Дээд шүүхээр талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдэж тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул уг өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй. Харин 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг чөлөөлсөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа болох 2 сар 15 хоног хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

            Иймд орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашигласан хугацааны төлбөрт 1 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэж заасан бөгөөд “Э Э П” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16/4421 тоот “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулах тухай гэрээг байгуулж, 2013 оны А/181 тоот Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалыг үндэслэн урамшууллыг гэрээний 3.1-д “төлбөр авагч нь гэрээнд тохиролцсоноор төлбөрийн үнийн дүнгээс 7 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ” гэж тохиролцож, мөнгийг авсан байна.

 

            Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд урамшуулалд төлсөн мөнгийг тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

            Хариуцагч байгууллага засварын зардалд 3 000 000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар “Их мөрөн Цамхаг” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тус байгууллагад 3 000 000 төгрөг шилжүүлсэн кассын орлогын ордерын хуулгыг тус тус ирүүлсэн байгаа боловч дээрх баримтаар тухайн орон сууцанд хаана нь ямар хэмжээний засварыг хийсэн болохыг нотлохгүй байна. Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д-оос 1 400 000 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс 1 250 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э Э П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

шийдвэрийн 2 дахь заалтын “... Ц.Д-гээс 176 000 төгрөг гаргуулж ...” гэснийг “... Ц.Д-гээс 34 550 төгрөг гаргуулсугай” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Д-гээс төлсөн 190 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Э Э П” ХХК-ийн 377 450 төгрөг, хариуцагч Ш.Д-оос төлсөн 37 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО