Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00812

 

Эм Эйч Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1093 дугаар магадлалтай,

Эм Эйч Пи ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Долгороос хохиролд 1.400.000 төгрөг, Ц.Дуламсүрэнгээс хохирол 42.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц.Дуламсүрэнтэй 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10/12 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр-17041, ХД-67 дугаар байрны 12 тоот 54 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 60.170.000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь уг байрыг хүлээн авч өөрийн ээж болох Ш.Долгорыг оруулсан боловч гэрээний үүргийн дагуу урьдчилгаа 18.000.000 төгрөгийг төлсөн ч гэрээний үлдэгдэл болох 42.170.000 төгрөгийг төлөөгүй учир тус компанийн зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг орон сууцыг чөлөөлүүлсэн. Гэтэл худалдан авагч Ц.Дуламсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс шийдвэр гарч талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагчид урьдчилгаа 18.000.000 төгрөгийг Эм Эйч Пи ХХК-иас буцаан гаргуулахаар шийдвэрлэж талууд гэрээнээс татгалзсан, хариуцагч нь байрыг чөлөөлж өгөлгүй 79 сарын хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын орон сууцыг ашигласан тул зах зээлийн ханшаар уг орон сууцыг бусдад түрээслүүлэхэд сард 500.000 төгрөг байхаар тооцож, хариуцагчийг 39.500.000 төгрөгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч компани 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Их мөрөн цамхаг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийн засвар үйлчилгээг тус орон сууцанд хийж гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Ш.Долгор нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу 1.400.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 42.500.000 төгрөг, хариуцагч Ш.Долгороос 1.400.000 төгрөг, нийт 43.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшиний шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь Ш.Долгороос шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын төлбөрт 1.400.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Долгорын хүү н.Ганбат нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр туул гудамжийн хд-67 байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар худалдах худалдан авах гэрээ хийж, 2012 оны 2 сард гэрээ өөрчлөгдөн Ц.Дуламсүрэнгийн нэр дээр шилжигдэж ирсэн. Тухайн орон сууц ашиглалтанд орохгүй байж байгаад 2012 оны 12 сарын 15-ны өдөр байрыг хүлээн авч, тэр үеэс уг байранд түр амьдарч бай гэж хэлээд ээж болох Ш.Долгорыг амьдруулсан. Бид урьдчилгаа мөнгийг төлсөн учир та байж болно, үлдэгдэл мөнгийг нь төлнө гэж хэлсэн болохоос хууль бусаар амьдарсан зүйл байхгүй. Байрны мөнгө төлнө, хөөцөлдөнө гэж байтал 2015 оны 10 сард Эм Эйч Пи ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ш.Долгорыг албадан гаргах шийдвэр гарсан хэдий ч хүүхдүүд нь Дээрх байрыг буцаан авч, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хөөцөлдөж байгаа гэсний дагуу амьдарсан. 2017 оны 8 сард орон сууцнаас нүүлгэн гарах шүүхийн шийдвэр гарахад Ш.Долгор тус байранд байгаагүй. Нэгэнт орон сууцнаас нүүлгэн гаргасан учир Ш.Долгорын хүүхдүүд нь урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эм Эйч Пи ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай урамшуулал төлөх гэрээ хийсэн буюу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон тул дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй. Урамшууллын мөнгийг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Хууль зүйн яамны тушаалаар хүчингүй болгосон. Нөгөө талаас тус урамшууллын гэрээнд мөнгө харилцан буцаан авч болно, зөвхөн улсын тэмдэгтийн хураамж, зардлын мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой учраас нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч Ц.Дуламсүрэнгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний төлбөр болон гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн мөн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Ганбат нь 2010 оны 12 сарын 03-ны өдөр ...гэх компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус байрыг 60.170.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 30 хувь болох 18.000.000 төгрөгийг төлж, 70 хувь болох 42.170.000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцсон. Компанитай санхүүжилтгүй болсон тул шинээр гэрээ байгуулах шаардлагатай байна гэсний дагуу Ц.Дуламсүрэнтэй 2012 оны 02 сарын 09-ний өдөр шинээр гэрээ байгуулсан боловч тус гэрээний он, сар, өдөр болон бусад нөхцлийг өөрчлөөгүй байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахыг хүлээж байсан бөгөөд гэрчилгээ гарсан болохыг нэхэмжлэгч тал огт танилцуулаагүй байдаг. 2012 оны 12 сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгч, уг байранд орохоор болоход хариуцагч нь өөрсдөө тухайн үед орон сууцаа харж үлдээхийн тулд хадам ээж Ш.Долгорыг орон сууцанд амьдруулсан байдаг. 2015 оны 10 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргуулах шийдвэр гарсан. Тухайн үед Ц.Дуламсүрэн нь шүүх хуралдаанд Үлдэгдэл төлбөрийг өгье. Гэхдээ яагаад бидэнд мэдэгдэлгүй Эм Эйч Пи ХХК-ийн нэр дээр орон сууцны нэр шилжүүлсэн бэ? гэдгийг олон удаа асуусан боловч дээрх байдлаар нэхэмжлэгч компани хүлээж аваагүй. Ингээд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул Ц.Дуламсүрэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эм Эйч Пи ХХК-ийн нэр дээр шилжсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, үлдэгдэл төлбөр гаргахыг Эм Эйч Пи ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2016 онд гаргасан. Гэвч удаа дараа шаардлага тавихад нэхэмжлэгч компани үнийн дүнгээ ихэсгэж, 32.000.000 төгрөгийг авахгүй, 1.400.000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн. Мөн Ц.Дуламсүрэнгийн биеийн байдал муудсан учир Солонгос улсад явахаар болж, нэхэмжлэлээ татаж авсан. Энэ хооронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 8 сарын 30-ны өдөр Ш.Долгорыг албадан нүүлгэх шаардлага гарч, Эм Эйч Пи ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг эргүүлэн авсан учир өгсөн, авснаа буцаахын тулд урьдчилгаа төлбөрт төлсөн 18.000.000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Эм Эйч Пи ХХК-аас төлбөрийг гаргуулах 2017 оны 11 сарын 01-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 02 сарын 21-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны магадлал, 2018 оны 6 сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Эм Эйч Пи ХХК нь дээрх орон сууцтай холбоотой маргаан дуусан байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр Эм Эйч Пи ХХК-ийн гаргасан нэхэмжлэл дээр 2011 оны 01 сараас хойш улсын комисст актанд оруулсан, 79 сарын хугацааны үнэ төлбөргүй суусан төлбөрийг нэхэмжилсэн нь өөрсдийнх нь нэхэмжлэлийн он, сар өдөртэй зөрүүтэй. Гэтэл түлхүүрийг 2012 оны 12 сарын 15-ны өдөр авсан гэж мөн бичсэн байдаг. Ц.Дуламсүрэн нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй ороогүй, хууль бусаар амьдраагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. 2017 оны 8 сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэлээс шийдвэр гарахад Эм Эйч Пи ХХК-ийн талаас төлөөлөгч Л.Дуламсүрэн гэж хүн байлцсан байдаг. Хүлээж авахдаа орон сууцны эвдрэл, гэмтэл байхгүй талаар акт үйлдсэн байж өнөөдөр учирсан хохирол 3.000.000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Дотоод засал хийлгэсэн гэсэн хирнээ яг ямар засвар хийлгэсэн болохыг тодорхой мэдэхгүй, гаргаж өгсөн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Долгороос 1 400 000 төгрөгийг, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 11 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 31 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Долгороос улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 176 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1093 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Долгороос 1 400 000 төгрөгийг, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 1 250 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтын ... Ц.Дуламсүрэнгээс 176 000 төгрөг гаргуулж ... гэснийг ... Ц.Дуламсүрэнгээс 34 550 төгрөг гаргуулсугай гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Дуламсүрэнгээс төлсөн 190 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийн материалтай танилцаагүй, хэргийн үйл явдал нөхцөл байдалд харанхуй дүгнэлт хийсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэргийн үйл явц, түүний он дараалал, агуулгыг бүрэн хэмжээгээр андуурч хэргийг шийдвэрлэсэн байгаагаас харагдаж байгаа болно. Магадлалд Улсын дээд шүүхээр талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа 2018 оны 6 сарын 15-ны өдөр шийдвэрлэгдэж тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул уг өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй. Харин 2018 оны 6 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг чөлөөлсөн 2017 оны 8 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа болох 2 сар 15 хоног хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Магадлалын энэ хэсгийн дүгнэлтийг ойлгоход үнэхээр бэрх бөгөөд утга агуулгын хувьд маш ойлгомжгүй болсон. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД67 дугаар байрны 12 тоотод байрлах 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн. Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь уг орон сууцыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа хариуцагч Ц.Дуламсүрэнтэй байгуулсан 2010 оны 12 сарын 03-ны өдрийн 10/12 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-ээс Иргэний хуульд заасны дагуу татгалзаж, улмаар бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Дуламсүрэн болон Эм Эйч Пи ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 сарын 03-ны өдрийн 10/12 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад татгалзаж, дуусгавар болгосон гэсэн үг юм. Харин уг орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 8 сарын 30-ны өдөр албадан чөлөөлсөн. Үүнээс дүгнэхэд орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааг Гэрээнээс татгалзсан хугацаа буюу 2015 оноос Орон сууцыг албадан чөлөөлсөн хугацаа буюу 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл тоолох ёстой нь харагдаж байна. Харин давж заалдах шатны шүүх дээрх үйл явдлаас хойш шийдэгдсэн Ц.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, Эм Эйч Пи ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 6 сарын 15-ны өдрийн 959 тоот тогтоолоор гэрээг цуцалсан гэж ойлгож маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм. Гэтэл 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 тоот шийдвэрт Нэхэмжлэгч 18.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа нэмэгдүүлж гэрээнээс татгалзах шаардлага гаргасан боловч өмнө нь гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон байх тул үүнийг тусдаа шаардлагад бус 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна гэж үзэв гэжээ. Өөрөөр хэлбэл 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээр дурдсан орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлүүлэхээр хандахад Гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон гэж шүүхээс үзсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Ийнхүү нэгэнт тогтоогдсон хөдлөшгүй баримтыг давж заалдах шатны шүүх өөрөөр дүгнэж, асуудалд өөрөөр хандаж буй нь маш буруу бөгөөд хэргийг сайн ойлгоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь нэг бүрчлэн үзэж, хэрэгт шүүгч хүний хувьд дүгнэлт өгч чадаагүй нь илэрхий байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ Ц.Дуламсүрэн болон Эм Эйч Пи ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 сарын 03-ны өдрийн 10/12 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06482 тоот шийдвэр гарсан хугацаанаас орон сууцыг албадан чөлөөлсөн хугацаа болох 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцож нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь мөн л буруу байсан. Нэгэнт, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол гэж үзэж байгаа бол гэрээ байгуулсан цаг хугацаа болон гэрээний үр дагавар хэрэгжсэн хугацаа буюу орон сууцыг хүлээн авсан хугацаанаас хохирлыг тооцох ёстой. Хариуцагч Ц.Дуламсүрэн нь 2012 оны 12 сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээн авч уг орон сууцыг 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашигласан болохыг шүүхээс тогтоосон. Уг хугацаа нь нэхэмжлэгчийн зүгээс Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хүлээлгэн өгсөн орон сууцнаас ашиг олох боломжит хугацаа буюу хохирол учирсан нийт хугацаа юм. Тодруулбал, 2012.12.15-2017.08.30 хүртэл нийт 56 сарын хугацаанд хариуцагч үнэ төлбөргүйгээр ашигласан. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх хохирлыг 22 сарын хугацаагаар бус 56 сарын хугацаагаар тооцох нь зөв байна. Иймд тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааг 56 сарын хугацаагаар тооцож, уг хугацааны хохирлыг хариуцагчаар гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Хариуцагч байгууллага засварын зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар Их Мөрөн Цамхаг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 9 сарын 05-ны өдөр тус байгууллагад 3.000.000 төгрөг шилжүүлсэн кассын орлогын ордерын хуулгыг тус тус ирүүлсэн байгаа боловч дээрх баримтаар тухайн орон сууцанд хаана ямар хэмжээний засварыг хийсэн болохыг нотлохгүй юм. гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын комисст хүлээлгэн өгсөн шинэ орон сууцыг 2012 онд хариуцагч Ц.Дуламсүрэнд анх хүлээлгэн өгсөн. Уг шинэ орон сууцыг хариуцагч нар нь нийт 56 сар ашиглахад анх хүлээлгэн өгсөн шинэ орон сууцыг буцааж өгөөгүй болох нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, 5 жил ашигласан, хуучин орон сууцыг зарж борлуулахад нэхэмжлэгчид алдагдалтай учир засвар үйлчилгээ хийх нь нотлох шаардлагагүй илэрхий баримт юм. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-ийн зүгээс хариуцагч нараас орон сууцыг хүлээн авсан даруйд Мөрөн Цамхаг ХХК-тай Засвар үйлчилгээ хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, улмаар ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс уг зардал гарах шаардлагагүй байсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, улмаар гэрээнээс татгалзсанаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК-г засвар үйлчилгээ хийгээгүй гэж үзэхээсээ илүү 56 сарын турш амьдрахдаа хариуцагч нар нь ямар ч доголдол учруулаагүй, засвар хийх шаардлагагүй байсан гэдгээ нотлох баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нараас шаардах ёстой байсан. Гэтэл эсрэгээр нь нэхэмжлэгчээс шаардаж буй нь үнэхээр ойлгомжгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж хариуцагч Ш.Долгороос 1.400.000 төгрөг, Ц.Дуламсүрэнгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнээс татгалзсаны дараа орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол 39.500.000 төгрөг, гэрээний зүйлийн чанар байдлыг муутгаснаас бусдаар засварлуулсны зардал буюу хохирол 3.000.000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх Ш.Долгорт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Ц.Дуламсүрэнд холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Ц.Дуламсүрэнгээс гаргуулсан төлбөрийг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

...56 сарын туршид олох байсан түрээсийн орлого, бусдад төлсөн орон сууцны засварын хөлс 3.000.000 төгрөгийн шаардлагуудыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах-ыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Ц.Дуламсүрэнгээс 39.500.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Энэхүү нэхэмжлэлээс анхан шатны шүүх 11.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 1.250.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангажээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт бүрэн бус, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчснөөс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК ...зохигчийн хооронд 2010.12.03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.Дуламсүрэн 18.000.000 төгрөг төлж, орон сууцыг 2012.12.15-ны өдөр хүлээн авсан, үлдэх төлбөрөө төлөөгүйгээс 2015.10 дугаар сард гэрээнээс татгалзсан, Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргах шийдвэр 2017.08.30-ны өдөр биелэгдсэн, орон сууцыг нийт 79 сар үнэ төлбөргүйгээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тухайн байрлалд байдаг орон сууцыг түрээсэлдэг бусдын жишгээр сарын 500.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон... гэж тодорхойлжээ.

Хэрэгт Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргуулах Эм Эйч Пи ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.21-ний өдрийн 102/ШШ2015/06481 дугаар шийдвэр, Эм Эйч Пи ХХК-с 18.000.000 төгрөг гаргуулж Ц.Дуламсүрэнд олгосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.01-ний өдрийн 3252 дугаар шийдвэр тус тус авагдсан, эдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Зохигчийн тайлбар болон дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл, Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу Ц.Дуламсүрэнд шилжүүлсэн орон сууцаа нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Долгороос, Ц.Дуламсүрэн нь шилжүүлсэн 18.000.000 төгрөгөө мөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Эм Эйч Пи ХХК-с авахаар болсноор талуудын гэрээ дуусгавар болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэхдээ, ...Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн 2015.10.21-ний өдрөөс уг шийдвэр биелэгдсэн 2017.08.30-ны өдөр хүртэл 22 сар хариуцагч Ц.Дуламсүрэн орон сууцыг үнэ төлбөргүй ашигласан нь гэрээнээс татгалзсаны улмаас хариуцагчид учирсан хохирол гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүйгээс гадна шаардлагын бусад хэсэгт огт дүгнэлт өгөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын тухайд ...хууль бусаар орон сууцыг эзэмшснээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, 2 сар, 15 хоногийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх дүгнэлтийг хийхдээ тус шүүх Ц.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй Эм Эйч Пи ХХК-д холбогдох нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.15-ны өдрийн 959 дугаар тогтоол гарснаас хойш орон сууцыг чөлөөлсөн мэтээр үйл баримтын цаг хугацааны дарааллыг алдаатай тодорхойлжээ.

Хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийх нь зөв гэж үзэв.

а/ Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 35.900.000 төгрөгийн хохирол шаардахдаа хугацааг, өөрийн компанийн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн 2011.01.21-ний өдрөөс Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргах шийдвэр биелэгдсэн 2017.08.30-ны өдөр хүртэл 79 сараар тооцсон байна.

Гэрээний дагуу орон сууцыг хариуцагч Ц.Дуламсүрэн 2012.12.15-ны өдөр хүлээн авсан бөгөөд энэ хугацаанаас өмнө буюу 2011.01.21-ний өдрөөс эхлэн хохирол шаардсан үндэслэлээ нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй байх тул мөн хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

б/ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

Эдгээр зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруутайн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсан бол учирсан хохирлоо шаардах эрх үүсдэг байна.

Ц.Дуламсүрэн орон сууцны үлдэх төлбөрийг төлөөгүйгээс талууд гэрээнээс татгалзаж гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдож байгаа боловч үүнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Учир нь өмнөх 2 удаагийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Дуламсүрэн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутайн улмаас нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК гэрээнээс татгалзсан гэх үйл баримтыг тогтоогоогүй, Эм Эйч Пи ХХК нь ...төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж, Ц.Дуламсүрэн ...гэрчилгээг нэр дээр гаргаж өгөөгүй, м.кв-ын үнийг ихэсгэснээс банкны зээлээр төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй гэж тус тус маргажээ.

Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.3-т орон сууцны гэрчилгээ гармагц банкны зээлээр нийт төлбөрийн 70 хувь болох 42.170.000 төгрөгийг төлнө гэж заасан, гэрээний энэхүү зохицуулалтыг Ц.Дуламсүрэнгийн тайлбараас өөрөөр хариуцагч үндэслэл зааж тайлбарлаагүй байна.

Эм Эйч Пи ХХК нь орон сууцны өмчлөгчөөр 2011.04.06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, Ц.Дуламсүрэнд банкнаас зээл олгох нөхцлийг хэрхэн олгосон нь тодорхой бус байх тул орон сууцны үлдэгдэл төлбөр төлөөгүйд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.

 Нөгөө талаар, тухайн орон сууцыг Ц.Дуламсүрэн нь Эм Эйч Пи ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлж шилжүүлэн авсан бөгөөд түүний зөвшөөрлөөр орон сууцанд амьдарч байсан, гэрээний тал бус этгээдэд буюу Ш.Долгорт холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр нь Ц.Дуламсүрэн болон Эм Эйч Пи ХХК-тай байгуулсан гэрээний талаар дүгнэлт хийгээгүй, хийх учиргүй тул, энэ шийдвэр нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх зүйн үр дагаварыг тогтоох боломжгүй юм. Шүүхийн шийдвэрт заагдсан этгээд л шийдвэрийг сайн дураар гүйцэтгэх үүрэгтэй ба Эм Эйч Пи ХХК болон Ц.Дуламсүрэн нар нь гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн талаар маргаантай байсан, гэрээнээс татгалзаж үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь хариуцагч Ц.Дуламсүрэнд холбогдуулж шаардлага гаргаагүй, гэрээгээр шилжүүлсэн 18.000.000 төгрөгийг хэрхэх талаар шийдвэрлээгүйгээс энэ асуудал Ц.Дуламсүрэн шүүхэд хандснаар шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

Дээр дурдснаар 2012.12.15-ний өдрөөс 2017.08.30-ны өдөр хүртэлхи хугацаанд, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсаны улмаас болон татгалзсаны дараа гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүйгээс учирсан хохирол шаардсан нэхэмжлэл үндэслэлгүй.

в/ Үүнээс гадна нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь хохирол-г орон сууцыг бусдад түрээслэх орлогоор тодорхойлсон хэдий ч орон сууцыг бусдад түрээслэн ийм хэмжээний орлого олох бодит боломжтой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

2. Ц.Дуламсүрэн, Ш.Долгорт нарт холбогдох бусад шаардлагын талаар.

Ц.Дуламсүрэнгээс гэрээнээс татгалзсаны хохиролд 3.000.000 төгрөг гаргуулах буюу орон сууцыг чөлөөлснөөс хойш хийгдсэн засварын зардал шаардсныг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Эм Эйч Пи ХХК-ийн гаргасан баримтууд нь хариуцагчийн буруугаас орон сууцанд доголдол бий болж, гэмтсэн, муудсаныг нотлоогүй байна.

Хоёр шатны шүүх Ш.Долгороос хохиролд 1.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ш.Долгорыг орон сууцнаас албадан гаргуулах Эм Эйч Пи ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/06481 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд 1.400.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн энэхүү зардлыг хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

3. Хэдийгээр давж заалдах шатны шүүх хохирол гэж 1.250.000 төгрөгийг хариуцагч Ц.Дуламсүрэнгээс гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ц.Дуламсүрэнгийн овгийн үсгийг С.Дуламсүрэн гэж алдаатай бичсэн байгааг тэмдэглэж, тогтоох хэсэгт зөв бичигдсэн учир шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1093 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Эм Эйч Пи ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 377.450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ