Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/2019/01025

 

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/01025

Улаанбаатар хот

                 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... байрлах Э ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: : ... тоот хаягт оршин суух Ц овогт Ш Д /РД:.../,

 

Хариуцагч: : ...тоотод оршин суух Бн овогт Ц Д  /РД:.../-д нарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1 400 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй 39 500 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч нарын төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь иргэн Ц.Д тэй 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 10/12 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрүэг, 15-р хороо, Үйлдвэр-17041, ХД- 67-р байнрны 12 тоот 54 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь уг байрыг хүлээн авч өөрийн ээж болох Ш.Д  оруулсан боловч гэрээний үүргийн дагуу урьдчилгаа 18 000 000 төгрөгийг төлсөн ч гэрээний үлдэгдэл болох 42 170 000 төгрөгийг төлөөгүй учир тус компанийн зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг орон сууцыг чөлөөлүүлсэн. Гэтэл худалдан авагч Ц.Д  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс шийдвэр гарч талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагчид урьдчилгаа 18 000 000 төгрөгийг Э ХХК-иас буцаан гаргуулахаар шийдвэрлэж талууд гэрээнээс татгалзсан боловч хариуцагч нь байрыг чөлөөлж өгөлгүй 79 сарын хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын орон сууцыг ашигласан тул зах зээлийн ханшаар уг орон сууцыг бусдад түрээслүүлэхэд сард 500 000 төгрөг байхаар тооцож, хариуцагчийг 39 500 000 төгрөгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Улмаар үүнтэй холбоотой буюу тус орон сууцыг нэхэмжлэгч компани 2017 оны 9 сарын 04-ний өдөр И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Ш.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу 1 400 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Ц.Д гээс 42 500 000 төгрөг, хариуцагч Ш.Долгороос 1 400 000 төгрөг, нийт 43 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Д , Ш.Д нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Д нь 88 настай өндөр насны тэтгэвэрт тал харвасан эмнэлгийн хяналт хүүхдүүдийнхээ асрамжинд байдаг. Түүний хүү Д.Ганбат маань Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр 17014, Туул голын гудамж ХД-67 байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг худалдан аваад 2012 оны 12 сард ээж Д  орон сууцандаа түр оруулсан. Хүүхдүүд нь уг байрны урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож хөөцөлдөж байсан байдаг. Гэтэл 2015 оны 10 сард шүүхэд Эм эй пи ХХК нь Ш.Д  албадан гаргуулахаар өргөдөл гаргасан ба манай хүү Д.Ганбат бэр Ц.Д  нар байраа авахаар хөөцөлдөж байгаа гэсээр аргагүй эрхэнд урьдчилгаа мөнгөө буцааж авахаар шүүхийн шийдвэр гаргуулсан гэсэн. Ингээд 2017 оны 8 сард намайг хүүхдүүд маань нүүлгэсэн би хүний дэмжлэггүйгээр гадаа гарч явж чаддаггүй тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Ш.Д надаас шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1.4 сая төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй надад төлөх чадвар байхгүй, мөн компани өөрөө сайн дураараа гүйцэтгэлийн урамшууллын мөнгийг өгсөн учраас гаргуулах үндэслэл тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Д гийн нөхөр Д.Ганбат нь 2010 оны 12 сарын 03-ны өдөр Напока ХХК-тай 1012 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаа 30 хувь болох 18 сая төгрөгийг төлж үлдэх 70 хувь 41 170 000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Гэтэл Напока ХХК нь санхүүжилтгүй болсон гээд Эм эй пи ХХК нь гэрээгээ шинэчлэх хэрэгтэй гэхэд мөн Д.Г  нэр дээр зээл гарах боломжгүй болсон тул Ц.Д  надтай гэрээ байгуулахдаа гэрээний бүх нөхцөлийг хэвээр үлдээж 2012 оны 12 сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүр авч хадам ээж Ш.Д  байрандаа оруулсан. Гэрээнд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ бэлэн болмогц өмчлөлийг шилжүүлэн авч улмаар зээлд хамрагдан үлдэгдэл 42 170 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл Э ХХК нь надад мэдэгдэлгүй компанийнхаа нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авчихаад хадам ээж Ш.Д  орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гарсан. Гэвч Ц.Д  би Баянгол дүүргийн шүүхэд улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгуулах, үлдэгдэл төлбөрийг авах Э ХХК-д даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байрны үлдэгдэл төлбөрийг Э ХХК-д өгье эвлэрье гэж удаа дараа хүсэхэд зөвшөөрөхгүй байсан. Тэгээд би Солонгос улсад эмчилгээнд явах шаардлага гарсан тул нэхэмжлэлээ буцаан татсан. 2017 оны 8 сарын 29-ний өдөр хадам ээж Ш.Д  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс албадан нүүлгэн гаргасан тул Э ХХК нь гэрээний зүйл болох орон сууцаа эргүүлэн авсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 18 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж БГДИХАШШ-ийн 2017.12.01-ний өдрийн 3252 дугаар шийдвэр, НИХДЗШШ-ийн 2018.2.21-ний өдрийн 517 магадлал, УДШ-ийн 2018.6.15-ны өдрийн 959 тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. Дээрх орон сууцтай холбоотой маргаан дууссан, дахин шүүхээр хэргийг хэлэлцэх шаардлагагүй. Улсын дээд шүүхийн тогтоолд хариуцагч Э ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардаагүй болохыг дүгнэсэн байгаа. Э ХХК нь 2011 оны 1 сараас эхлэн 79 сарын хугацаанд үнэ төлбөргүй орон сууцыг ашигласан гэжээ. Гэтэл 2012 оны 12 сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгч Ц.Д  надад орон сууцны зөвшөөрлийг өгсөн нь манай өмч болно гэж итгэж амьдарч байсан түүнээс хууль бусаар амьдраагүй орон сууцны талбайн хөлс, цахилгаан хэрэглэсэн төлбөрийг төлж байсан. Үлдэгдэл орон сууцны төлбөрийг төлье гэхэд зөвшөөрөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,  

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ш.Долгор, Ц.Д  нарт холбогдуулан хариуцагч Ш.Долгороос шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1 400 000 төгрөг, Ц.Д гээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй 39 500 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Ш.Долгороос шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардал 1 400 000 төгрөг гаргуулах, Ц.Д гээс 11 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангаж, илүү нэхэмжилсэн 31 500 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2010 оны 12 сарын 03-ны өдөр 10/12 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД67-р байрны 12 тоотод байрлах 54.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч нь байрны төлбөрт нийт 60 170 000 төгрөг төлөх ба орон сууцны үнийн дүнгийн 30 хувь буюу 18 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт бөгөөд үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-10/,

Дээрх гэрээний дагуу Э ХХК нь уг орон сууцыг 2011 оны 1 сарын 21-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байх ба 2012 оны 12 сарын 15-ны өдөр захиалагч Ц.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД67-р байрны 12 тоотод байрлах 54.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хүлээн авч, хадам эх Ш.Д уг байранд амьдарч эхэлсэн байна.

 

Хариуцагч Ш.Долгорт холбогдох шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 сарын 03-ны өдөр 10/12 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хариуцагч Ц.Д  нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар Ш.Д  орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэлийг Э ХХК шүүхэд гаргасныг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/06481 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Д  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж ХД-67 дугаар байрны 12 тоот 54.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцнаас албадан гаргасугай гэж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 1691 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэрүүд хүчинтөгөлдөр болжээ./хх-ийн 13-19/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Ш.Д сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/10147 тоот захирамж гаргуулж, уг захирамжийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхажиллагааг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 4 сарын 25-ны өдрийн 16/4421 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулж, уг урамшууллын зардалд 1 400 000 төгрөгийг төлсөн байх ба хэрэгт нотлох баримтаар гэрээ, орлогын мэдүүлэгийн баримт зэргийг ирүүлжээ./хх-ийн 22/

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Э ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2/хуучин хуулийн/, Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот журамд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалыг 7%-иар тооцож төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 190/73 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоолоор уг байрыг албадан чөлөөлөх шийдвэрийн дагуу чөлөөлж, мөн өдрийн 190/5 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Э ХХК-д хүлээлгэн өгчээ./хх-ийн 20-23,32/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Ш.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүхийн хүчинтөгөдөр шийдвэрийг албадан биелүүлэхэд 1 400 000 төгрөгийн зардал гаргасныг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан ...эд хөрөнгөд учруулсан бодит хохиролд тооцогдохоор байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.Д д холбогдох шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбогдуулан С.Д  нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 18 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 3252 дугаар шийдвэрээр хариуцагч Э ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д д олгохоор шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болжээ./хх-ийн 24-31/

 

Уг шийдвэрээр нэхэмжлэгч С.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Нэхэмжлэгч нь 18 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа нэмэгдүүлж гэрээнээс татгалзах шаардлага гаргасан боловч өмнө нь гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон байх тул үүнийг тусдаа шаардлагад бус 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна гэж үзэв. гэж дүгнэсэн байна.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 сарын 03-ны өдрийн 10/12 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2015 оны 10 сарын 21-ний өдрийн шийдвэр гарснаар дуусгавар болсон болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн талууд гэрээнээс татгалзсан боловч хариуцагч нь байрыг чөлөөлж өгөлгүй 79 сарын хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын орон сууцыг ашигласан тул хариуцагчаас сарын 500 000 төгрөгөөр тооцож, нийт 39 500 000 төгрөгийг гаргуулна гэсэн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар, хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр зэргээс нэхэмжлэгч Э ХХК нь уг орон сууцыг 2011 оны 1 сарын 21-ний өдөр ашиглалтад оруулж, улмаар 2012 оны 12 сарын 15-ны өдөр захиалагч Ц.Д д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД67-р байрны 12 тоотод байрлах 54.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн ба хариуцагч Ш.Д нь уг байранд 2012 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл амьдарсан болох нь тогтоогдсон байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар нь шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 22 сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашигласан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэснийг зөрчсөн байх ба энэ нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэснээр дээрх хугацааны хохирлыг 11 000 000 /22 сар х 500 000/ төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн ...2017 оны 9 сарын 04-ний өдөр И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 000 000төгрөгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлан уг зардлыг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй.

 

Тодруулбал, хариуцагч тал уг орон сууцанд 22 сарын хугацаанд амьдарсан асуудлаар маргаагүй хэдий ч, засвар хийх зайлшгүй шаардлага үүссэн, түүнийг хариуцагч тал учруулсан гэдгийг баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн хариуцагч Ш.Долгороос 1 400 000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Д гээс 11 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Долгороос 1 400 000 төгрөгийг, хариуцагч Ц.Д гээс 11 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 31 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Долгороос улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг, хариуцагч Ц.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 176 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ