Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
Хэргийн индекс | 148/2020/00342/И/Н |
Дугаар | 148/ШШ2023/00138 |
Огноо | 2023-03-09 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 148/ШШ2023/00138
2023 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 148/ШШ2023/00138 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ дэлхий цамхаг-705 тоотод байрлах, Бүрэн дулаан ХХК /РД: 5523168/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах,
Сэлэнэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд Бүрэн дулаан ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардалд 46.288.396 төгрөг гаргуулах,
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах,
хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Бүрэн дулаан ХХК-ийн дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015-2017 онуудад авлага үүсгэн өгсөн 285.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөг гаргуулах, Сэлэнэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд Бүрэн дулаан ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардалд 46.288.396 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах, хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга xэмжээний тухай 293 дугаар тогтоолын 2 дугаарт Энэ тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2016 онд олгох шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасны санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.*******, Сангийн сайд Ж.******* нарт даалгасугай гээд, дурдсан хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ 500.0 сая төгрөг" гэж,
2. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 338 дугаар тогтоолын 2-т Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр, компаниудад олгох шаардлагатай эрчим хүчний алдагдлын татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.*******, Эрчим хүчний сайд Д.******* нарт даалгасугай гээд, дурдсан 1 дүгээр хавсралтын 5-д Сэлэнгэ аймгийн дулааны станцууд ("Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ) 500.0 сая төгрөг гэж,
3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 338 дугаар тогтоолын 6-д 6.1 энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан эрчим хүчний үйлдвэр компаниудад 2018 онд шаардагдах татаасны тооцоог хянаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгуулан санхүүжүүлэх гээд, уул 1 дүгээр хавсралтын Дулааны станцын алдагдлын татаас" хэсгийн 5-д Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ /Сэлэнгэ аймгийн дулааны станцууд/ 500.0 сая төгрөг гэж, тус тус зааж байсны дагуу Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиудад дээрх 3 оны дулааны алдагдлын татаас 500.0 сая төгрөгөөр төсөвлөгдсөн бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын жил жилийн төсвийн хуваарь батлах тухай тушаалуудаар уг эрчим хүч, дулааны алдагдлын татаасыг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын дансаар дамжуулан олгохоор шилжүүлсэн байдаг юм.
Гэтэл Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГазар нь Сэлэнгэ аймгийн дулааны станцуудын нэг болох Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан ажилладаг *******" ХХК-д хуваарилагдсан 200.000.000 төгрөгөөс:
1. 2016 оны татаасын үлдэгдэл болох 50.000.000 төгрөгийг,
2. 2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 200.000.000 төгрөгийг бүхлээр нь,
3. 2017 онд Сэлэнгэ аймгийн дулааны станцуудад олгосон 500.000.000 төгрөгөөс ******* ХХК-д олгогдох 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 114.285.713 төгрөгийг тус тус хувийн байгууллагад мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн шалтгаар шилжүүлэхгүйгээр өөрийн компанийнхаа хэрэгцээндээ зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж манай компанийг хохироосоор байна.
Хариуцагчийн энэ хууль бус хөрөнгөжилт буюу 2016 оны дулааны алдагдлын татаасын үлдэгдлийн асуудлаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын өрөөнд хуралдаан хийж 2016 оны татаасны үлдэгдлийг олгохоор шийдвэрлэсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байгаа нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандахад 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37 тоот албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/223 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263 тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/1038 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/76 тоот албан бичгүүдээс харагдаж Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын энэ хууль бус хөрөнгөжсөн үйл ажиллагаанаас болж манай компани 2017 онд сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байна.
Иймд Улсын төсвөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцдаг ******* ХХК-д 2016 онд олгосон дулааны алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон дулааны алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгөөр Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үүнийг Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-аас гаргуулах.
Хоёр. Манай компани Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцан байгууллага, албан газруудыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 100 диаметр хос шугам 300 метрийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн нийт 46,288,396 төгрөгийн зардал гаргасан билээ. Уг шугамыг Бугант тосгоны захирагчийн албанд актаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, тус шугамын зардалд орсон 46,288,396 төгрөгийг сум орон нутгийн удирдлагуудад шийдэж өгнө үү гэж уламжилсан боловч өнөөдрийг хүртэл дээрх зардлыг манайд төлөөгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд "*******" ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардал 46,288,396 төгрөгийг мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Энэхүү нэхэмжлэлийг гаргагч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцаж ажилладаг байсан билээ.
Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг тус тус өөрийнх нь дансаар дамжиж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс зайлсхийснээс манай байгууллага 2016-2018 онуудад сар бүр алдагдалтай ажилласан бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр хуримтлагдаж хүнд байдалд ороод байсан аргагүй байдлыг ашиглан аймаг, орон нутгийн тухайн үеийн удирдлагуудтай үгсэн манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг тухайн үеийн бодит үнэлгээгээр худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж манайхаас Сэлэнгэ аймгийн засаг дарга, эрчим хүчний зохицуулах зөвлөлд санал өгүүлж, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний дугаар 09 тогтоолоор ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулж, манай Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг шилжуүлж эрхтэй болчихоод тус зөвлөлийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 168/18 тоот албан бичгийн дагуу дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж хүлээж авчихаад хүлээлцэх акт дээр гарын үсэг зурахгүй, аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд гүйцэтгэлийг танилцуулж, хүлээн авсан эд хөрөнгийн худалдан авах үнийн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлж төсөвт тусгуулахгүй өнөөдрийг хүрч 2018 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ******* ХХК-ийн өмч хөрөнгийг гэрээ хэлцэл хууль, шүүхийн шийдвэргүйгээр ашиглаж байгаа нь манай өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэргүйгээр хэний ч өмчийг хураан авч болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтой гажуудуулсан хэрэг бөгөөд өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.
Иймд 2018 оны 10 дугаар сарын 01- нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын төсөв болон аж ахуйн нэгжүүдээс дулааны төлбөрт авсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төсөвт байгууллагуудын санхүүжүүлсэн 394.942.192 төгрөг, аж ахуйн нэгжүүдээс 55.432.563 төгрөг, нийт 450.374.755/Дөрвөн зуун тавин сая гурван зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг Сэлэнгэ энерго ОНОААТҮГазраас гаргуулан ******* ХХК-д олгуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь манай компаний халаалтын төвийн дулаан хангамжийн шинэ барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бүрэн Дулаан ХХК нь Сэлэнгэ Энергог хариуцагчаар татаж, улсын төсвөөс олгогдсон мөнгийг гаргуулах, Бүрэн дулаан ХХК-ийн өмч болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны шугам, хос шугамыг гаргуулах, Бүрэн дулаан ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж, хууль бусаар хөрөнгөжсөн мөнгийг гаргуулах, энэ тоног төхөөрөмжийг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн шийдвэрээр Бугант тосгонд хүлээлгэн өгсөн гэх бичиг өгсөн. Тэр тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн шугам сүлжээ хаана байгааг хайж явах гэтэл шүүх хүсэлтийг маань хангахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь бичгээр гаргаж өгсөн. Үүний дагуу шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх байх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв.
3. Хариуцагч Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
******* ХХК нь манай Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-аас нэхэмжлэл гаргахдаа: Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 364.285,714 төгрөг, олсон орлого 450,374,755 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн дулааны шугам байгуулахад гарсан зардал 46,288,396 төгрөг, халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөхийг даалгуулах зэрэг нэхэмжпэл гаргасан нь бодит үнэн байдалтай огт нийцэхгүй нэхэмжлэл бөгөөд манай байгууллагаас үндэслэлгүйгээр маш их хэмжээний мөнгө авах гэсэн хуулийн үндэслэлгүй нэхэмжлэл юм.
Бүрэн дулаан ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь халаалтын төвийг анх ямар хууль журмын дагуу ямар эрх бүхий байгууллагын шийдвэр зөвшөөрлийн дагуу барьж ажиллуулах болсон, тус халаалтын төвийг барихад хөрөнгө мөнгийг ямар байгууллага гаргасан, ямар үнэ өртгөөр барьсан тухай санхүүгийн тайлан тооцооны баримт байгаа эсэх, халаалтын төвийг ямар хугацаагаар ажиллуулах зөвшөөрөл авсан, холбогдох гэрээнүүд хийгдсэн эсэх, дулааны алдагдлын татаасын мөнгө улсаас авах тухай хүсэлт гаргаж байсан эсэх, техник эдийн засгийн үзүүлэлтээ улсад өгч байсан эсэх, хэрвээ хүсэлт гаргаж байсан бол дулааны алдагдлын татаасын мөнгийг авах тохиолдолд Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т улсаас олгосон дулааны алдагдлын татаасын мөнгөнөөс ******* ХХК нь шууд авч болно, хувааж авч болно гэсэн гэрээ хийсэн эсэх, Эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол байгаа эсэх ... гэх мэтээр энэ хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг ******* ХХК нь одоог хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд ******* ХХК-ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Манай Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-ын хамт олон иргэд байгууллагыг дулааны эрчим хүчээр хангах үүрэгт ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэхийн төлөө хууль журмын дагуу ажиллаж байна. Манай байгууллага нь санхүүгийн алдагдлаасаа өнөөг хүртэл гарч чадаагүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын хэлтэс, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, Цэнгэг ус ОНӨААТҮГ, Гэрээт нүүрсний уурхай зэрэг байгууллагуудад өр төлбөр ихтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрийг барагдуулах талаар манай байгууллагад шаардлага ирүүлсээр байна.
Тухайлбал: Одоогийн байдлаар манай байгууллагын захиргааны байрны цахилгааныг тасалсан байгаа, ажилтнуудын эрүүл мэндийн даатгал хийгдэж чадахгүй байгаа, зарим ажилтны бие нь өвдөж эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай байхад эрүүл мэндийн даатгал хийгдэхгүйгээс болоод цаг хугацаа алдаж хохирч байгаа зэрэг олон бэрхшээл бидэнд тулгарч байгаа боловч дулаан түгээх үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хичээн ажиллаж байна.
Манай байгууллага нь ийм хүнд нөхцөл байдалд ажиллаж байхад Бүрэн дулаан ХХК нь ямар ч үндэслэлгүйгээр олон зуун сая төгрөгийг манай байгууллагаас гаргуулах гэж нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Иймд Бүрэн дулаан ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын хуулиар төсвийн байгууллагын шугам сүлжээ төсвийн байгууллагын харъяанд явж байгаа. Түр завсар хийсэн юм уу өргөтгөсөн бол хувийн компани үүнийгээ буцаан хүлээлгэж өгөөд хөлс мөнгөө авдаг. Нэхэмжлэгч тал хуулиа ойлгохгүй олон жил ингэж яваад байна гэв.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Бүрэн дулаан ХХК-ийн дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015-2017 онуудад авлага үүсгэн өгсөн 285.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:
Манай Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Монгол улсын эрчим хүчний яамнаас дулааны алдагдлын татаас санхүүжилт авдаг юм. Манай байгуулпага Эрчим хүчний яам, Сангийн яаманд техник эдийн засгийн үзүүлэлт болон санхүүгийн тайланг тогтмол өгдөг бөгөөд манай байгууллагад дулааны алдагдлын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолд заасны дагуу олгодог.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт жил бүр аймгийн хэмжээнд сумдын бэлтгэл ажлыг хангах талаар хурал болдог билээ. Тус хурлаар манай Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т Эрчим хүчний яамнаас олгосон дулааны алдагдлын татаас санхүүжилтээс Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн үйл ажиллагааг дэмжих, өвөлжилтийн бэлтгэлд туслах зорилгоор үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг Бүрэн дулаан ХХК-д 2015, 2016, 2017 онуудад авлага үүсгэж нийт 285.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм.
Манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын байгууллагаас шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтаар Засгийн газрын тогтоолын дагуу Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-т дулааны алдагдлын татаас гэж төрөөс олгосон мөнгийг хувийн компани болох Бүрэн дулаан ХХК-д өвөлжилтийн бэлтгэлд зорилгоор гэсэн үндэслэлээр их хэмжээний мөнгө авлага үүсгэж шилжүүлснийг буруутган зөрчил гэж үзэж анхааруулсан болно. Мөн Бүрэн дулаан ХХК нь Эрчим хүчний яаманд техник эдийн засгийн үзүүлэлт, санхүүгийн тайлангаа өгдөггүй учраас 3асгийн газрын тогтоолд Бүрэн дулаан ХХК-ны нэр байдаггүй бөгөөд дулааны алдагдлын татаас мөнгө Бүрэн дулаан ХХК-д олгодоггүй юм.
Гэтэл Бүрэн дулаан ХХК нь манай байгууллагаас дулааны алдагдлын татаас мөнгө 364.285.714 төгрөг гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байна.
Энэ үндэслэлгүй нэхэмжлэлээс дүгнэлт хийхэд Бүрэн дулаан ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын өвөлжилтийн бэлтгэлийн тухай хурлаас шийдвэрлэсэн, Бүрэн дулаан ХХК-ийн халаалтын үйл ажиллагаанд нь туслах зорилгоор манай байгууллагаас авлага үүсгэн шилжүүлсэн 285.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэсэн байдал харагдаж байгаа тул Бүрэн дулаан ХХК-аас 285,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг доорх үндэслэлээр няцаасан.
Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2016-2018 онуудад Улсын төсвөөс манай компанид хуваарилсан татаасын 2016 оны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 оны татаасын 200.000.000 төгрөг, 2018 оны 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг өөрийнх нь дансаар дамжиж орж ирсэн давуу байдлыг ашиглан манай компанид шилжүүлэхээс зайлсхийснээс манай байгууллага дээрх онуудад сар бүр алдагдалтай ажиллаж санхүүгийн хүнд байдалд орсон юм.
Гэтэл хариуцагч нь хүнд байдалд ороод байсан манай аргагүй байдлыг ашиглан улсын төсвөөс олгогддог татаасыг хэл амгүй авч ашиглах зорилгоор манай халаалтын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг өөртөө авах ажиллагааг төрийн нэр барин зохион байгуулж манай тусгай зөвшөөрлийг цуцлуулж, Бугант тосгоны халаалтын дулаан хангамжийн үйл ажиллагаа ашиглалтыг шилжүүлж авсан атлаа ...дулааны эрчим хүчний барилга, байгууламж, зуух, тоног төхөөрөмжүүд-ийг хүлээж авсан акт, баримт дээр гарын зурахгүй, хүлээн авсан эд хөрөнгийг худалдан авахгүй өнөөдрийг хүрч бидний өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зорчиж, өмчийг маань хууль бусаар ашиглан ашиг, орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа атлаа улсын төсвийн хуваарилалтаар манай олгогдох ёстой мөнгийг хагас дутуу олгосноо өнөөдөр ямар нэгэн тооцоо нийлсэн акт, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илтгэсэн эрх зүйн баримт бичиггүйгээр дан ганцаараа дур мэдэн Авлага үүсгэсэн гэх үндэслэлээр буцаан нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
6. Нэхэмжлэгчээс Бүрэн дулаан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бүрэн дулаан ХХК-ийн дүрэм, Бүрэн дулаан ХХК-ийн салбарын гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 052/2016, 053/2016, 054/2016 дугаар тусгай зөвшөөрлүүд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000325276 дугаар гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Засан даргын тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/37, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 7/223, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 дугаар албан бичгүүд, Бүрэн дулаан ХХК-ийн дулаан алдагдлын татаасын асуудалтай холбоотой хурлын тэмдэглэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/1448 дугаар албан бичиг, Монгол улсын эрчим хүчний яамны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн в/4263, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн в/1038 дугаар албан бичгүүд, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/76 дугаар албан бичиг, түүний хавсралт, Бүрэн дулаан ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17/368, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17/373, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/376, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18/399, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18/400 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18/401 дүгээр албан бичгүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 12 жилийн сургуулийн халаалтын төлбөр хүлээн авч байсан дансны хураангуй, депозит дансны харилцагчийн монгол хуулга, төв уурын зуухны халаалтын шугамын схем зураг М1:600, 2-р зуухны халаалтын шугамын схем зураг М1:300, 3-р зуухны халаалтын шугамын схем зураг М1:300, гэрэл зургууд, техникийн нөхцөл №03, Бүрэн дулаан ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 413 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 168/18 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн акт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн шинэ, хуучин барилгын зураг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазраас эрчим хүчний халаалтын алдагдлын санхүүжилтээр орж ирсэн мөнгөний задаргаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бүрэн дулаан бугант ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны орон сууцны халаалтын алдагдалын 2017 оны 1-р, 2-р, 3-р, 4-р, 10-р, 11-р, 12-р сар, 2018 оны 1-р, 2-р, 3-р, 4-р саруудын тооцоо баримтууд, хариуцагчаас МУ-ын засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаартай Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол, хавсралт, мөн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар тогтоолууд, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар албан бичиг, түүний хавсралтууд, Сэлэнгэ аймгийн аудитын газрын Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2016 оны санхүүгийн тайлан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар албан бичиг, дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/320 дугаар албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын нийт зардлын 2014 оны гүйцэтгэл, 2015 оны ХБГ, 2016 оны санал, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 219, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 206, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 220, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 41, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 319, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 235, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 116, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 173, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 144, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 41, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 189, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 284, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 233, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 151, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 142, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 254, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2016 оны 12, 2016 оны 10, 2016 оны 11, 2017 оны 7, 2017 оны 6, 2016 оны 6, 2016 оны 9, 2016 оны 4 сарын техник эдийн засгийн үзүүлэлтүүд, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын ДЭХ-ний орлогын 2016 оны гүйцэтгэл, 2017 оны ХБГ, 2018-2020 оны санал, улсын төсвөөс 2018 онд олгогдох Эрчим хүчний алдагдал татаас хөрөнгийн санхүүжилтийг авах хуваарь, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын ТЭЗҮ-үүдийн 2015 оны гүйцэтгэл, 2016 оны ХБГ, 2017 оны санал, Монгол улсын Сангийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 104, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 299 дүгээр тушаал, хавсралт, МУ-ын Эрчим хүчний сайдын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/244 дүгээр албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/848 дугаар албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 160 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дүгээр албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ажил хүлээлцсэн акт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар тогтоол, түүний хавсралтууд, Сэлэнгэ-энерго ОНӨААТҮГ, Бугантын уурын зуухны дулааны 2018-2022 оны орлого зэрэг баримтууд шүүхэд гаргасан өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 395 дугаар албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Эрчим хүчний яамны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн в/2897 дугаар албан бичиг, Сангийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 349 дүгээр тушаал, Эрчим хүч, дулааны алдагдлын 2016 оны татаасын хуваарь, төлбөрийн хүсэлт №06, №08, №06, №14, №18, №318, №357, №446, №517, №304, №356, №400, №462, Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тушаал, Эрчим хүч, дулааны алдагдлын 2017, 2018 оны татаасын хуваарь, Монгол улсын Сангийн яамны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/6009 дүгээр албан бичиг, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын дүрэм, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2000 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаар захирамж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар захирамж, Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр албан бичиг, Бүрэн дуаан ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/263, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17/035, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18/399 дүгээр албан бичгүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 965, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 874 дүгээр албан бичиг, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 168/18 дугаар албан бичиг, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламж хүлээлцсэн акт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн шинэ, хуучин барилгын зураг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулааны төвийн барилгын зураг, Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/214, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/195 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7/66 дугаар албан бичиг, Бүрэн дулаан ХХК-ийн дулаан алдагдлын татаасын асуудалтай холбоотой хурлын тэмдэглэл, Монгол улсын Сангийн яамны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/989 дугаартай албан бичиг, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн а/3807, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/3217 дугаар албан бичиг, Эрчим хүч, дулааны алдагдлын татаасын 2015, 2017 оны санхүүжилтийн хуваариуд, Монгол улсын Эрчим хүчний яамны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн в/1468 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/172 дугаар албан бичиг, Монгол улсын засгийн газрын 187, 293, 338 дугаар тогтоолууд болон түүний хавсралтууд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 33, 34, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар албан бичгүүд, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар албан бичиг, хавсралт, Монгол Улсын Эрчим хүчний яамны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн в/4003 дугаар албан бичиг, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн а/2468, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн а/2104 дугаар албан бичгүүд, эрчим хүчний сайдын 2016, 2017 оны төсвийн багцын төсөл, 2017-2018, 2018-2019 оны төсөөөлөл боловсруулсан тухай танилцуулгын холбогдох хэсгүүд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/483 дугаар албан бичиг, түүний хавсралт, мөн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/518, 2018 оны 5 дугаар сарын 10-ы өдрийн 1/694 дүгээр албан бичгүүд, түүний хавсралт, мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/732 дугаар албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/604 дүгээр албан бичиг, түүний хавсралт, Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн. Хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт байхгүй байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь хариуцагч Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд Бүрэн дулаан ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардалд 46.288.396 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах, хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах тус тус нэхэмжлэлийн шаардлагууд, хариуцагч Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Бүрэн дулаан ХХК-ийн дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015-2017 онуудад авлага үүсгэн өгсөн 285.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь өөрийн шаардлагуудыг нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж,
Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь улсын төсвийн хуваарилалтаар манай олгогдох ёстой мөнгийг хагас дутуу олгосноо өнөөдөр ямар нэгэн тооцоо нийлсэн акт, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг илтгэсэн эрх зүйн баримт бичиггүйгээр дан ганцаараа дур мэдэн Авлага үүсгэсэн гэх үндэслэлээр буцаан нэхэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус маргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны дулаан хангамжийг хариуцдаг байсан бөгөөд улсын төсвөөс 2016 онд олгосон дулааны алдагдлын татаасны үлдэгдэл 50.000.000 төгрөг, 2017 онд олгосон дулааны алдагдлын татаас 200.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны алдагдлын 114.285.713 төгрөг, нийт 364.285.713 төгрөгийг Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ нь манай компанид олголгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазраас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний хүрээнд эрчим хүчний үйлдвэр, компанид шаардлагатай татаас буюу дулаан алдагдлын татаасыг Монгол улсын Засгийн газраас жил бүр тогтоолоор баталж, тогтоолын хавсралтад заагдсан аж ахуйн нэгж, компаниудад олгодог байсан болох нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын хавсралт Эрчим хүчний үйлдвэр, компанид шаардлагатай татаасын хэмжээ-нд Сэлэнгэ аймгийн дулааны станцууд /Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ/-500.000.000 төгрөг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралт Эрчим хүчний үйлдвэр, компанид 2017 онд шаардлагатай татаасын хэмжээ-нд Сэлэнгэ аймгийн дулааны станцууд /Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ/-500.000.000 төгрөг, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралт Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2018 онд шаардлагатай татаасын хэмжээ-нд Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ / Сэлэнгэ аймгийн дулааны станц/, Сангийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 349 дүгээр тушаал, Эрчим хүч, дулааны алдагдлын 2016 оны татаасын хуваарь, төлбөрийн хүсэлт №06, №08, №06, №14, №18, №318, №357, №446, №517, №304, №356, №400, №462, Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тушаал, Эрчим хүч, дулааны алдагдлын 2017, 2018 оны татаасын хуваарь, Монгол улсын Сангийн яамны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/6009 дүгээр албан бичиг, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн а/2468, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн а/2104 дугаар албан бичгүүд, эрчим хүчний сайдын 2016, 2017 оны төсвийн багцын төсөл, 2017-2018, 2018-2019 оны төсөөөлөл боловсруулсан тухай танилцуулгын холбогдох хэсгүүд, Монгол улсын сангийн яамны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/989 дүгээр албан бичиг, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн а/3807, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/3217 дугаар албан бичиг, Эрчим хүч, дулааны алдагдлын татаасын 2015, 2017 оны санхүүжилтийн хуваариуд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/483 дугаар албан бичиг, түүний хавсралт, мөн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/518, 2018 оны 5 дугаар сарын 10-ы өдрийн 1/694 дүгээр албан бичгүүд, түүний хавсралт, мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/732 дугаар албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/604 дүгээр албан бичиг, түүний хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 86-82 дугаар тал, 2 дугаар хх-ийн 46-63 дугаар тал, 3 дугаар хх-ийн 2-8 дугаар тал, 4-р хх-ийн 5-18, 167-180 дугаар тал/
Харин Бүрэн дулаан ХХК-д 2016, 2017, 2018 онуудад дулаан алдагдлын татаас хуваарилагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Монгол улсын Эрчим хүчний яамны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн в/1468 дугаар Тайлбар, тодруулга хүргүүлэх тухай албан бичигт ... Сангийн сайдын холбогдох тушаалын хавсралт хэсэгт Сэлэнгэ аймгийн дулааны станцууд гэж заасанд Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу улсын төсвөөс татаас олгож буй станцууд хамаарах тул өдгөө зөвхөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ хамаарч байна... гэсэн байх тул нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд холбосон зардал 46,288,396 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Бүрэн дулаан ХХК нь 46,288,396 төгрөгийн үнэ бүхий, 100 диаметр /хос/, 300 метр дулааны шугамыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЕБСургуулийг төвийн дулаанд холбосон дулааны шугам хүлээлцсэн акт-аар хүлээлгэн өгчээ. /1 дүгээр хх-ийн 114 дүгээр тал/
Улмаар тус дулааны шугамыг хүлээн авсан Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан боловч хариуцагчийг солих хүсэлт гаргаж, Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон хариуцагчийг солиулжээ.
Учир нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Бүрэн дулаан ХХК-ийн Ерөө сумын Бугант тосгон дахь дулаан үйлдвэрлэх -05/2016, дулаан түгээх-053/2016, дулаанаар зохицуулалттай хангах-054/2016 дугаарын, Баруунбүрэн сум дахь дулаан үйлдвэрлэх-055/2016 дугаарын, Сант сум дахь дулаан үйлдвэрлэх-058/2016, дулаан түгээх-059/2016, дулаанаар зохицуулалттай хангах-060/2016 дугаарын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болсонд тооцож, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн шилжүүлжээ. /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар тал/
Гэвч хариуцагч Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр Бугант халаалтын төвийн дулааны хангамжийн үйл ажиллагааг цаашид хариуцан ажиллах боломжгүй тул 2022 оны 5 сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон сумын мэдэлд нь буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Мөн Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Дулааны төвийн халаалтын зуухны тоног төхөөрөмж, барилга байгууламжын ажил хүлээлцсэн акт-аар Ерөө сумын Бугант тосгоны Захирагчийн албанд хүлээлгэн өгчээ. /3-р хх-ийн 241-250, 4-р хх-ийн 1-3 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус 100 диаметр /хос/, 300 метр дулааны шугамыг одоо хэн эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүхээс удаа дараа хангасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албанаас 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаар ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албанд ерөнхий болосролын сургуулийг төсвийн дулааны шугамд холбосон тухай нотлох баримт байхгүй болохыг тодорхойлов. Гэх албан бичгийг ирүүлжээ. /4-р хх-ийн 192 дугаар тал/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээ зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна. Гэжээ.
Бүрэн дулаан ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулаанд 100 диаметр /хос/, 300 метр шугамаар холбохын тулд 46,288,396 төгрөг зарцуулсан байх бөгөөд Ерөнхий боловсролын сургууль нь төрийн өмчийн байгууллага, уг 100 диаметр /хос/, 300 метр дулааны шугмыг тус сургуулийн өмчлөлд шилжүүлж, холбогдох зардал, төлбөрийг харъяалах дээд шатны байгууллага нь хариуцах тул эрх бүхий байгууллагын шийдвэрээр дулааны үйлчилгээ үзүүлж байсан Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төлбөрийг хариуцах этгээд биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Гурав. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах,
хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд
Бүрэн дулаан ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/263 дугаар албан бичигтээ ...манай компанид олгосон дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх 054/2016, 053/2016, 052/2016 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийг хариуцан ажиллуулах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү. гэж Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд ханджээ. /2 дугаар хх-ийн 228 дугаар тал/
Улмаар Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Бүрэн дулаан ХХК-ийн Ерөө сумын Бугант тосгон дахь дулаан үйлдвэрлэх-05/2016, дулаан түгээх-053/2016, дулаанаар зохицуулалттай хангах-054/2016 дугаарын, Баруунбүрэн сум дахь дулаан үйлдвэрлэх-055/2016 дугаарын, Сант сум дахь дулаан үйлдвэрлэх-058/2016, дулаан түгээх-059/2016, дулаанаар зохицуулалттай хангах-060/2016 дугаарын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болсонд тооцож, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн шилжүүлжээ. /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар тал/
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-т Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болог үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.
Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Ерөө сумын Бугант тосгоны халаалтын төвийн дулаан хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтыг тусгай зөвшөөрлийг шилжүүлж, дулаанаар хангахыг даалгасны дагуу 2018-2022 онуудад дулаан дамжуулалтын үйл ажиллагааг шударгаар гүйцэтгэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцсэн байх бөгөөд харин Бүрэн дулаан ХХК болон Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нарын хооронд үүрэг үүсээгүй, хожим ч үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон аливаа хэлбэр байхгүй тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах, хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Бүрэн дулаан ХХК-ийн дулааны алдагдлын татаасын асуудалтай холбоотой хурал 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж, тус хуралдаанаас Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь Сангийн сайдын 2015 оны Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай 21 дүгээр тушаалаар батлагдсан хуваарь мөн аймгийн Засаг даргын орлогчийн Эрчим хүчний яаманд хүргүүлсэн 1/195 тоот албан бичгийн хуваарийн дагуу олгохоор шийдвэрлэжээ. /2 дугаар хх-ийн 244-245 дугаар тал/
Улмаар Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Бүрэн дулаан ХХК-ийн данс руу нийт 9 удаагийн мөнгөн шилжүүлэг хийсэн байх бөгөөд гүйлгээний утга нь халаалтын алдагдлын санхүүжилтийг шилжүүлэв, санхүүжилийн үлдэгдэл, санхүүжилт, дулааны алдагдлын мөнгө зэрэг утгатайгаар шилжүүлсэн байна. /3-р хх-ийн 22-29 дүгээр тал/
Дээрхээс үзвэл Сэлэнгэ энерго ОНӨААТҮГазар нь Бүрэн дулаан ХХК-д 285.000.000 төгрөгийг авлага үүсгэж өгсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй, Сэлэнгэ аймгийн аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2017/45-СТА-ХАК санал дүгнэлт нь сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг нотлох баримт биш байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,778,595 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан Бүрэн дулаан ХХК-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 364,285,714 төгрөгийг гаргуулах, Сэлэнэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд 2018 онд Бүрэн дулаан ХХК-ийн хөрөнгөөр Ерөнхий боловсролын сургуулийг төвийн дулааны шугамд /100 диаметр хос шугам 300 метр/ холбосон зардалд 46.288.396 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжин олсон орлого 450,374,755 төгрөгийг өмчийн эзэн болох Бүрэн дулаан ХХК-д олгуулах, хууль зүйн үндэслэлгүйгээр булаан авч ашиглаж байгаа халаалтын төвийн барилга, байгууламж, шинэ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн хүлээлгэн өгөхийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т даалгуулах тус тус үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон Бүрэн дулаан ХХК-ийн дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015-2017 онуудад авлага үүсгэн өгсөн 285.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Бүрэн дулаан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,778,595 төгрөгийг, хариуцагч Сэлэнгэ энерго олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА