Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1226

 

 

 

 

 

 

 

 

 

                                        С.С-ы нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2019/00819 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч С.С-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-д холбогдох

 

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах, Орон сууц өмчлөх эрхийн 000132023 дугаар бүхий гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаар бүхий 51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Н.Амармэндтэй “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан, хөлслөгчид уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөр 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр очиход Д.Б-ынх гэх айл миний орон сууцанд амьдарч байсан. Би түүнд уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөх талаар 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөхгүй байгаа тул арга буюу тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-ы өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаарт бүртгэлтэй 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Б-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Б- давж заалдах гомдолдоо:

... Миний бие нас өндөр 70 хүрсэн, хууль зүйн мэдлэггүй тул өмгөөлөгч авч хэрэгт хариу тайлбар өгөхөө шүүхийн туслахад өмгөөлөгчтэй оролцоно гэж хэлсэн. Улмаар шүүхийн туслах надаар хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан би сайн ойлгохгүй зурах ёстой юм байх гээд гарын үсэг зурсан. Надад эрх үүргийг танилцуулаагүй зөвхөн гарын үсэг зуруулсан. Мөн шүүх хуралдааны товыг хэлээгүй би өмгөөлөгч аваад шүүхэд очиход болно гэж бодсон.

Ингээд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авч шүүх хурал дээр хариу тайлбар нотлох баримтаа гаргаж өгөхөөр болж 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголын хуульчдын холбооны хуульч өмгөөлөгч Б.Азжаргалтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Б.Азжаргал хэргийн материалтай танилцахаар шүүхэд очиход шүүх хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болсон гэсэн. Шүүхээс анхнаасаа надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийх ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч миний өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж шүүх хуралдаанд мэтгэлцэх, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.С- хариуцагч Д.Б-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... би 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Н.А-тэй “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн, тэрээр орон сууцны хөлс төлөөгүй бөгөөд намайг байрандаа очиход Д.Б-ынх гэдэг айл байсан тул байраа чөлөөлүүлнэ” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 27 тоот 54 м.кв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэгч С.С-ы өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх 4 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч С.С-ы зөвшөөрлөөр түүний өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байгаа болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.С- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн, нэхэмжлэлийн хувийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан байна. Харин хариуцагч Д.Б- хариу тайлбар ирүүлээгүй болно. Шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Б-д 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдсэн, мөн өдрөө хэргийн материалтай танилцуулжээ.

   /хх 7-9, 12-13 дугаар тал/

 

            Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй байх тул “... шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж шүүх хуралдаанд мэтгэлцэх, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдсан хариуцагч Д.Б-ын гомдлыг хангах боломжгүй юм.  

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2019/00819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

     Ц.ИЧИНХОРЛОО